Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 144

 

Ч.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Ч.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Ч.Э-д холбогдох 2030003120334 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Ч.Энхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Орлой овогт Ч.Э нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Эг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 151 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Ч.Э нь оршуулгын зардал 11,300,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

шүүгдэгч Ч.Эгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,745,000 төгрөгийн үнэлгээ бүхий, 13-84 СҮА улсын дугаартай “Тоёота Карина” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд оногдуулсан 5 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эгийн цагдан хоригдсон 151 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эгийн цагдан хоригдсон 158 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Эгийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай магадлалын зарим үндэслэл, заалтыг эс зөвшөөрч, шүүх Эрүүгийн хуулийг буруу /зөрүүтэй/ хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Тарган цагаан” гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим 13-84 СҮА улсын дугаартай “Карина” маркийн авто машин жолоодож яваад Т.Быг дайрч алсан гэмт хэрэгт холбогджээ.

Гомдлын үндэслэл:

Энэ хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй асуудлаар шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс Улсын дээд шүүхэд өмнө хоёр удаа гомдол гаргасан боловч гомдлыг авч хэлэлцэхээс татгалзсан бөгөөд мөн үндэслэлээр 3 дахь удаагаа гомдол гарган хүргүүлж байна.

Нэг.Шүүх Эрүүгийн хуулийг буруу /зөрүүтэй/ хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд:

Шүүх Ч.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан шүүх Эрүүгийн хуулийг буруу /зөрүүтэй/ хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэл болно.

Шүүхийн практикт алив гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооход анхаарах гол асуудал бол гэмт хэрэг гарах үеийн орчин нөхцөл, хохирогч, холбогдогчийн хоорондын харилцааны шинж чанар, санааны чиглэмж, хандлага, гэмт хэрэг үйлдэж байх цаг үеийн гэмт этгээдийн зан үйл, сэтгэл хөдлөлийн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал ямар байсныг гүйцэт тогтоож, тэдгээр нөхцөл байдлыг хооронд нь жишиж харьцуулан дүгнэсний эцэст гэм буруугийн хэлбэрийг бодитой тогтоох ёстой билээ.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.Э тухайн хэрэг учрал болох үед хөдөө малчны хотонд шөнийн цагаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөснөөс хадам ахыгаа дайрч амь насыг хохироосон нь тогтоогдсон хэдий ч хэрэг учрал болохын өмнө болон тухайн үед хэрүүл маргаан үүсгэх, хэл амаар доромжлох, зодоон хийх зэрэг ямар нэг таагүй нөхцөл тэдний хооронд үүсээгүй, тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн хэргийн зүйлчлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүх гэм буруугийн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үл харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “Эгийн зүгээс ...өмнө нь хүн байгаа тохиолдолд машинаа хөдөлгөх нь хүнийг дайрах, гэмтэл учруулах, амь нас хохироох боломжтойг урьдчилан мэдсэн буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байсан атлаа машиныг хөдөлгөж байгаа нь тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг хэрэгсэл болгон ашигласан гэж үзэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд огт нийцээгүй байна.

Шүүгдэгч Ч.Э 5 удаа яллагдагчаар өгсөн мэдүүлгээ шүүх хуралдаанд тодотгон “Би хэргийн үйл явцыг хэт согтсоноос мэдэхгүй, зарим зүйлийг сайн санахгүй байна, байцаагчийн асуултад заавал хариулах ёстой гэж ойлгосноос тухайн үед ийнхүү мэдүүлэг өгсөн. Машин гэрэлтэй байсан эсэхийг санахгүй байна, Б ах согтуу байж машин барьж хэрэггүй гэж машины хажуугаас хэлэх шиг болохоор нь буцааж машинаа байрлуулахаар хөдөлгөх гэтэл осол болсон” /2хх, хуудас 79/ хэмээн мэдүүлсээр байхад шүүх түүний мэдүүлгүүдээс зөвхөн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг онцгойлон үнэлж дээрх дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг зөрчин шүүх зөвхөн яллагчийн байр сууринаас хэргийг шийдвэрлэсэнд туйлаас гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр, шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч...ийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т “яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа ...шүүгдэгчийн ...гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг тус тус зөрчсөн учраас шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

Ийнхүү хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтооход бичиг үсэг огт мэдэхгүй Ч.Эгийн мөрдөн байцаалт болон болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрүүтэй мэдүүлгээс өөр нотлох баримт тухайн хэрэгт авагдаагүй бөгөөд түүний энэхүү мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтоож буй нь Эрүүгийн хуулийн шударга ёсны болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэм буруугүйн зарчимд огтхон ч нийцээгүй.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг хэрэглэх болон нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй байвал Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмууд, УИХ-аар соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцийн үзэл баримтлалыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн практикт нэгэнт тогтсон нь хууль хэрэглээний үнэт өв, эрхэм соёл юм.

Шүүгдэгч Ч.Э анх гэрч, яллагдагчаар байцаагдахдаа огт боловсролгүйн улмаас айж балмагдан өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулж өгсөн мэдүүлгээ анхан болон давж заалдах шатны шүүхийн тус бүр гурван удаагийн шүүх хуралдаанд өөрөөр тайлбарлаж мэдүүлсээр байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болох шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг огт харгалзан үзэлгүйгээр зөвхөн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхүйц ганц баримт болох яллагдагчаар өгсөн түүний мэдүүлгийг нотолгоо болгож, түүнийг бусдыг санаатай алсан хүнд гэмт хэрэгт буруутгах, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох зарчим”, мөн хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”-д тус тус нийцээгүй.

Яллах, цагаатгах талын нотлох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан үндэслэл бүхий саналыг адил тэгш харьцуулан үзэлгүйгээр Ч.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг тогтоолынхоо тодорхойлох хэсэгт ишлэл болгон авч өөрийг нь яллах буюу түүнийг бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт, шаардлагуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

а/. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримт шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, ...-ийн шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэснийг,

б/. Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэснийг тус тус зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалт, шаардлагууд нь бүхэлдээ яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугийн шинж, хэлбэрийг тогтоох, шийдвэрлэхэд нэгэн адил хамааралтай. Гэтэл Ч.Эгийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэх иргэдийн төлөөлөгчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг үл хэрэгсэн зөвхөн яллах чиг үүргээ хэрэгжүүлсэн прокурорын дүгнэлт саналыг үндэслэн бусдыг санаатай алсан хүнд гэмт хэрэгт түүнийг буруутган шийдвэрлэсэнд гомдолтой.

Ч.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйн зарчмыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг хүссэн өмгөөлөгчдийн саналыг ямар үндэслэлээр няцааж буйг тогтоол, магадлалдаа нарийвчлан заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй гэх дүгнэлтэд хүргэж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Гэм буруугаа хүлээж, хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, бусдад хор уршиг учруулсандаа гэмшин харамсаж буй миний үйлчлүүлэгч хөдөөгийн бичиг үсэг мэдэхгүй малчин залуу Ч.Эд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн гурван өөр зүйл, хэсгээр зүйлчлэн шийдвэрлэж ирснийг тунгаан үзэж, хуульд нийцсэн мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Иймд миний гомдолд дурдсан хуулийн үндэслэлүүдийг хянан үзэж Ч.Эд холбогдох Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай магадлалыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ СүхБ аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Тарган цагаан” гэх газарт 13-84 СҮА улсын дугаартай “Карина” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Т.Быг дайрч алсан гэмт хэрэгт холбогджээ. Сүхбаатар аймгийн прокурорын газраас анх хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Ч.Эг тухайн зүйл, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг гэж дүгнэн хэргийг буцаасан. Прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба шүүх Ч.Эг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх санаатай үйлдэгдсэн хүн амины гэмт хэрэг гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан ба сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Ч.Эг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр өмгөөлөгчдийн гаргасан гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ийнхүү анхан шатны шүүх нь шүүхийн нэг бүрэлдэхүүнээр Ч.Эд холбогдох хэргийг 3 удаа хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 10.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэсэн 3 өөр зүйл заалтаар, гэм буруугийн болгоомжгүй болон санаатай гэсэн хоёр өөр хэлбэрээр дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь шүүхийн хууль хэрэглээний байдалд эргэлзээ төрүүлж, хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Харин давж заалдах шатны шүүх хэргийг нэг бүрэлдэхүүнээр 3 удаа хэлэлцэхдээ санаатай гэмт хэрэг гэж дүгнэн, анхан шатны шүүхэд чиглэл өгөх, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцох, шууд нөлөөлөх байдлаар шийдвэрлэж ирсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй тул хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх, зүйлчлэлийг зөвтгүүлэх зорилгоор хяналтын гомдол гаргалаа.

Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох хэсэгт “...нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёота карина” загварын 13-84 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон бие засаад дөнгөж боссон амь хохирогчийн хажууд очиж, зогсож байснаа тоормос гишгэсэн хөлөө авч дайрсан үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэж дүгнээд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг 5 жил 4 сарын хорих ялаар шийтгэсүгэй ... ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй..., цагдан хоригдсон 158 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж шийдвэрлэжээ.

Ч.Э, талийгаач Б нар нь садан төрлийн холбоотой, өмнө нь болон хэрэг гарсан өдөр тэдний хооронд хэрүүл маргаан үүсгэх, зодолдох зэрэг ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй, түүний амь насыг хохироох санаа зорилго, хүсэл эрмэлзэл, сэдэл төрөх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч “хажууд дуугарах шиг болсон”, “цонх цантай байсан учраас харагдаагүй” гэж мэдүүлсээр байхад “тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг хэрэгсэл болгон ашигласан”, “хүний амьд явах эрхэд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл” хэмээн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн” гэж дүгнэсэн нь гэмт хэргийн санаа зорилго, сэдэл, гэм буруугийн хэлбэр, тухайн хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэнийг харгалзалгүй хэргийн бодит байдал, үйл баримтад буруу дүгнэлт хийснээс хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох буюу хэргийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг алдагдуулж байна.

Өмгөөлөгчдийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар хууль зүйн үндэслэл бүхий хэд хэдэн саналыг тавьдаг боловч шүүх магадлалдаа энэхүү саналын үндэслэлийг ямар үндэслэлээр няцааж байгаагаа дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 40.5 дугаар зүйлийн 3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 тоот магадлалд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Эд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц хэмжээнд авагдсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 багийн нутаг “Тарган цагаан” гэх газарт 13-84 СҮА улсын дугаартай “Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Т.Быг дайрч алсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг. Шүүгдэгч Ч.Эгийн гэмт үйлдлийн хувьд хохирогч Т.Быг алах үйлдэл санаатай хийсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ... гэж заасан ба шүүгдэгчийн үйлдлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Ч.Энхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн “Тарган цагаан” гэх газарт нутаглах өөртэй нь төрөл садангийн холбоотой Т.Бын гэрт зочлон архи ууж, улмаар шөнийн 03 цагийн үед Т.Бтай хамт бие засахаар гарахдаа өөрийн эзэмшлийн 13-84 СҮА улсын дугаартай “Тоёота Карина” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Т.Быг мөргөн дайрч амь насыг нь хохироосон үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин шүүх хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч Ч.Эг гэм буруугийн санаатай хэлбэрээр амь хохирогч Т.Быг тээврийн хэрэгслээр дайрч алсан гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэв.

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой билээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсч, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн хувьд тухайн үйлдлийн улмаас бусдын амь нас хохирч болно гэдгийг урьдчилан мэдэж, тийм үр дагаврыг бий болгохгүй гэж тооцсон боловч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний амь насыг хохироосон, эсхүл хүний амь нас хохирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь хохироосон байдаг ялгаатай шинжийг харгалзан гэм буруугийн хэлбэрийг тогтооно.

Шүүгдэгч Ч.Эд холбогдох хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Ч.Э нь амь хохирогч Т.Быг сайн таньж мэдэх, садан төрлийн холбоотой бөгөөд тэдний хооронд урьдын өш хонзон, таарамжгүй харилцаа байгаагүйгээс гадна тухайн өдөр Ч.Э, түүний эхнэр Д.Б, амь хохирогч Т.Б, түүний эхнэр Д.М нар хамтдаа архи уух үед тэдний дунд ямар нэгэн хэрүүл маргаан, таарамжгүй харьцаа бий болоогүй талаар шүүгдэгч Ч.Э, гэрч Д.Б, Д.М нар харилцан зөрүүгүй мэдүүлжээ.

Түүнээс гадна шүүгдэгч Ч.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа  иргэн Б.Цэндбаярын нэр дээр бүртгэлтэй, 2019 онд худалдан авсан гэх “Тоёота Карина” загварын автомашиныг жолоодон Т.Бын гэрт очиж, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд шөнийн 3 цагт Т.Бын хамт бие засахаар гарахдаа гэрийн гадна байсан өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг тодорхой бус шалтгаанаар асаан хөдөлгөж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд жорлонгийн хажууд зогсож байсан Т.Быг мөргөж дайрсны улмаас тэрээр хүндээр гэмтэж нас барсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон бөгөөд энэхүү хэргийн үйл баримт, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцаа, хувийн байдлаас дүгнэж үзэхэд Ч.Э нь амь хохирогч Т.Быг алах зорилгоор тээврийн хэрэгслээр түүнийг зориуд мөргөж дайрсан гэж дүгнэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт байхгүй, Ч.Э нь хохирогчийг санаатай алсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын өгсөн мэдүүлэг нь таамагласан шинжтэйгээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар Ч.Эгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Ийнхүү шүүгдэгч Ч.Эг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар өмгөөлөгч Д.Гансүх, Ч.Энхцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдол, мөн энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг тус тус хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Эд холбогдох хэргийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүний гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар 4 жил хорих оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заасан үндэслэлээр өршөөн хэлтрүүлж, Ч.Эг даруй суллаж,  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Эгийн 13-84 СҮА улсын дугаартай “Тоёота Карина” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сүхбаатар аймгийн прокурорын газраас Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Орлой овогт Ч.Эг хүний амь нас болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Ч.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй”,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Эд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай”,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өршөөн хэлтрүүлсүгэй”,

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “13-84 СҮА улсын дугаартай “Тоёота Карина” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Ч.Эд буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж,

 тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1.1, 1.2  дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгдэгч Ч.Эг даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

   Б.БАТЦЭРЭН

   Б.ЦОГТ

   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН