Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 264

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Э, С.О, С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Нийслэлийн Боловсролын газар

Гуравдагч этгээд: “Р” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн С.Э, С.О, С нарт холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжийн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” 

Гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын бие даасан шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, С.О, С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нэхэмжлэгч С.Э-н өмгөөлөгч Г.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А гуравдагч этгээд Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: “…Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дугаар захирамжаар С-т Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *-н 11-1г тоот 700 м.кв, С.Э-т *-н 11-1в тоот 700 м.кв, С.О-д *-н 11-1д тоот 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000518352, 0005183351, 000518353 тоот гэрчилгээг олгосон болно.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар өмчлүүлж, С.Э-т Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *-н 11-1в 700 кв.м гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-2201029778 дугаарт бүртгэж гэрчилгээг, С.О-д 11-1д 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г- 2201029779 дугаарт бүртгэж гэрчилгээг, С-т Хангайн 11-1г 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-2201029780 дугаарт бүртгэж гэрчилгээг тус тус олгосон.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын орлогч дарга н.Э 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 513769 тоот албан бичгээр Нийслэлийн Боловсролын газарт "Манай газарт хандаж ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 640 хүүхдийн сургуулийн газрын талбайн хэмжээг нэмж баталгаажуулах тухай хүсэлтийг Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн тул нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хянагдаж байна. Мөн тус байршилд өмчлүүлсэн 3 иргэний газар өмчлөх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжаар хүчингүй болсон болно. Хуулбарыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргад, “Т" ХХК-д тус тус хүргүүлжээ. 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын орлогч дарга С.Э 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9/4555 тоот албан бичгээр С.Э нарын 3 иргэнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо *-н 11 дүгээр гудамж 1в, 1г, 1д тоот хашааны газрыг сургуулийн барилга барих газартай давхцуулж өмчлүүлсэн тул хүчингүй болгохыг хүссэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01/1127 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжаар  хүчингүйд тооцсон болно гэж мэдэгдсэн. 

Бидний эрх ашгийг хамгаалахаар хууль зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа Өмгөөллийн “А" ХХН-өөс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 25 тоот албан бичгээр иргэн С.Э, С.О, С бидний өмчлөх эрхийг зөрчиж, барилгын ажил эхлүүлэхгүй байхыг мэдэгдсэн боловч үл тоомсорлон, улмаар гүйцэтгэгч "Х" ХХК уг газрыг тэгшилж, “Т" ХХК-ийн хамгаалалтын албаны 20 гаруй залуучууд манай гэрийг хүчээр нурааж өөр газарт хурааж, өмчлөх эрхэнд хүчээр бүдүүлгээр халдсан. "Х" ХХК-иас манайд ирүүлсэн бичигтээ "Тус компани нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Р” ХХК-тай 35/16 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс барьж эхлэн 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор 280 хүүхдийн цогцолбор барилгыг бүрэн хүлээлгэн өгөх ёстой" гэжээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Э 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9/4555 тоот албан бичгээр С.Э нарын 3 иргэнд мэдэгдэл өгөхөөс урьд энэ ажлыг нууцаар хуувилдан зохион байгуулсан болох нь тус компанийн албан бичгээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны орлогч дарга Т.Э бидэнд жилийн дараа мэдэгдэж байгаа нь бас л нууц хувилдаан болсныг харуулж байна.

Нийслэлийн Боловсролын газарт нэмж олгосон 1915 м.кв  газрын гурван иргэний газарт оногдож байгаа хэсэгт сургууль цэцэрлэг барихаар төлөвлөөгүй. Нийслэлийн орлогч дарга Э-н бичиг, М-н бичиг, У-н бичиг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Б-н бичгээс энэ газар дээр юм төлөвлөөгүй гэдэг нь тодорхой байгаа. Энэ цэцэрлэг 0.63 га газар дээр баригдах ёстой байсан. Сургуулийн барилга доод талд нь баригдах ёстой байсан. Анх төлөвлөлт хийхдээ энэ гурван иргэний газрыг оруулахгүйгээр төлөвлөсөн байсан. 1915 м.кв газрыг нэмж оруулж олгосон нь “Т” ХХК өгсөн газраа буцааж авах санаа байна. Нэхэмжлэгч гурван иргэний эрх ашиг хөндөгдөхгүйгээр барилгыг жаахан баруун тийш нь болгоод барих боломжтой байсан. Архитектор төлөвлөлтийн даалгавар 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гарсан. 2015 онд өмчилж авсан гурван иргэний газрыг архитектор төлөвлөлтөд оруулахгүйгээр төлөвлөж болох байсан. Гуравдагч этгээд 2015 онд барилга барих гэрээ байгуулсан. 2014 онд “Т” ХХК сургууль цэцэрлэг бариулах гэж шилжүүлсэн газар гурван иргэний газартай ямар ч хамааралгүй гэдэг нь ирүүлсэн зураг дээрээс тодорхой харагдана. Төлөвлөөгүй байсан нь нотлогдоод байгаа. Нэхэмжлэгч гурван иргэнийг газраа өмчилж аваагүй байхад нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Т” ХХК-иас Ерөнхий төлөвлөгөөний газар луу, Өмч газрын алба руу явуулсан 2 албан бичиг дээр “Т” ХХК уг газрыг худалдаж авсан гэсэн байгаагаас үзэхэд “Т” ХХК-ийн урьдаас төлөвлөсөн нөлөөлөл гэж үзэж байна. 

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрөөс үнэ төлбөргүй өмчлүүлсэн газраа тэрбумаар үнэлнэ үү, 2 тэрбумаар үнэлнэ үү, 10.000 төгрөгөөр үнэлнэ үү өөрөө шийд гээд төр иргэндээ нэг удаа үнэгүй өмчлүүлсэн. Тэрний дагуу л бид нэг удаа өмчилж авсан юм. Тиймээс нэг удаа олдсон боломжоо бидэнд хэрэггүй гэхгүй. Нийслэл харилцан тохиролцоод боломжтой гэвэл тохиролцож болно. Өөр газар өмчлөх боломжгүй. Ийм байршилтай газар олдохгүй. Би ** дугаар хороо, * дугаар хороо байхаас нь эхлээд энэ газарт амьдарч байна. Ганц олдсон боломж л гэж үзэж байна.

Бидний хувьд ярилцаж байгаад хоорондоо харилцан тохиролцох бололцоо боломж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Барилга хот байгуулалтын сайд * барилгыг хашаа байшингаар сольё гэж нэг хэсэг яригдсан юм. Бидний зүгээс Сонгинохайрхан дүүрэг ачаалал ихтэй, хүүхэд ихтэй учраас дан хувийнхаа эрх ашгийг бодох биш үнэхээр хашаа байшингаар орон сууц солих боломжтой юм бол сольё л гэж санал гаргасан.  “Т” ХХК Нийслэлийн Боловсролын газарт 1 тэрбум төгрөгний газар өгсөн гэж мэдэгдэл хийсэн. 1 айлын газрыг 90 сая төгрөгөөр худалдаж авсан юм байна лээ. Тэгээд манай газрыг өөрийн эзэмшлээс өгсөн газартайгаар нийлүүлээд 1 тэрбумаар үнэлсэн байсан тул тэр үнэлгээгээр тооцож 1 айлын газрыг 3 өрөө байраар солих санал тавьсан. 

2006 оноос Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо байх үеэс эхлэн амьдарсан, 2007 онд ** хорооны 11 дүгээр гудамж гэж хороо хуваагдсан. Тэр үеэс эхлээд энэ газарт оршин сууж, амьдарч байгаа. *-н 11-1 тоот гэдэг хаягийг 2009 онд авч байсан. Мөн 2014 онд *-н 11-1 в, г, д гэсэн тоот хаягийг авч газар эзэмшиж, одоог хүртэл оршин сууж амьдарч байгаа. “Т” ХХК 2012 оноос Э компанийн газрыг худалдаж авч байна гэж яригдаж байгаад 2013 оноос барилгын үйл ажиллагаа эхлүүлсэн байгаа. Материалаас харахад 2014 онд газраа авсан байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамж хууль бусаар гарснаар бидний Үндсэн хуульд заасан "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй..." болон Иргэний хуулийн 100 дугаар зүйлд "...иргэн өмчлөгч... байна", мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгосон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн заалтуудыг үндэслэн дараах шаардлагыг гаргаж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийг С.Э, С.О, С нарт холбогдох хэсгийг, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжийн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцсан хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамж хуульд нийцсэн. Нэхэмжлэгч нарын өргөдөл, түүнийг шалгасан карт зэрэг эзэмшүүлэх материалууд нь бүрэн хангагдсан. Эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас иргэн хүн хохирох ёсгүй. Тушаалын үндэслэлүүдийг хуульд нийцсэн гэж үзэж байна. А/353 дугаар захирамжийг хүчингүй болгосноо нэхэмжлэгч нарт огт мэдэгдээгүй. Захиргааны  хэрэг үүссэнээс хойш хариуцагч янз бүрийн тайлбар хийдэг. Давхацсан газар гээд байгаа. Давхцал гэдэг ойлголт байхгүй. Бүрдэл дутуу материалаар газар олгосон гэдэг. Бүгд хуулийн дагуу тогтоогдоод өмчлүүлсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын А/496 дугаар захирамж захиргааны илт хууль бус шийдвэр. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар агуулгын хувьд илт алдаатай. Давхацсан, бичиг баримт дутуу, хороо нь биш, төлөвлөсөн байсан газар гэх мэтээр үндэслэлгүй тайлбарладаг. Тиймээс агуулгын хувьд алдаатай. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Иргэний хуулийг ноцтой зөрчсөн тул илт хууль бус акт учраас гарсан өдрөөсөө хүчингүй. Үүний тодорхой жишээ нь захирамжаар хүчингүй болгосон ч өмчлөх эрх хүчингүй болоогүй. Энэ илт хууль бус акт өнөөдөр ч үйлчлэхгүй байх ёстой. А/496 дугаар захирамж хууль бус акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад өгсөн тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/452 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газарт 3095 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлж улмаар талбайн хэмжээг нэмэгдүүлэн нийслэлийн Засаг даргын 2015 оны А/597 дугаар захирамжаар 5010 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/990 дүгээр захирамжаар 11310 м.кв болгон нэмэгдүүлэн олгосон байна.

Нэхэмжлэгч иргэдийн тухайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгож, нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Тус иргэдийн өмчилсөн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах зорилгоор 640 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн байтал төлөвлөгөөг зөрчин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тухайн иргэдэд газар эзэмших эрх олгосон ба уг шийдвэр нь хууль бус захирамж тул иргэдийн газар өмчлөлийг хүчингүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжаар дээрх иргэдийн газар өмчилсөн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч иргэдэд газар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг зөрчиж тухайн иргэдийн бичиг баримтын бүрдлийг дутуу шалгаж өмчлүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн байна. 

Дүүргийн Газрын албаны, Засаг даргын саналыг авсны үндсэн дээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулдаг. Дүүргийн Засаг дарга хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2 дээр ерөнхий төлөвлөгөөний төслийн дагуу мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу түүнд нийцүүлж дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дараа нь батлуулдаг. Нэг ёсондоо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа тэрэнд нийцүүлээд дүүрэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлуулдаг. Тэгэхлээр Сонгинохайрхан дүүргийн *, ** дугаар хороонд шинээр иргэнд газар эзэмшүүлэхээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, харин сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Дүүрэг бол энд нийцүүлээд *, ** дээр бас л шинээр эзэмших эрх олгохгүй байх ёстой.

Гэтэл дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцээгүй, иргэдэд газар эзэмшүүлэхээр тусгагдсан харагдаад байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “... нийслэлийн ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” заасан байхад нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй, сургууль цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан байхад дүүргийн Засаг дарга иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших эрх олгосон нь хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дүгээр захирамж хуульп үндэслээгүй эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл ямар үндэслэлээр газар эзэмшүүлж байгаагаа хуульд үндэслээгүй. Энэ захирамж дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсвэл тухайн дүүргийн Засаг даргын газартай холбоотой эрх хэмжээг заасан зохицуулалт огт баримтлаагүй учраас энэ захирамж хууль бус байсан тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, Нийслэлийн Боловсролын газраас мөн нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлсэн 2015 оны 3 сарын 16-ны өдрийн бичиг, 2015 оны 4 сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгүүд байдаг. Эдгээр бичгүүдийг цаг тухайд нь судлаад үндэслэлтэй шийдвэрлээгүйгээс маргаан үүссэн байна. Дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг үндэслэж гарсан газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуульд нийцүүлэн залруулах боломжоор хангаж өгөх талаар шүүхээс анхаарч өгөхийг хүсье. 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага тухайн газрын бүсчлэл орон сууцны бүс байна гээд төлөвлөсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө дээрх ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн гэж үзэж байна. Харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө хуульд болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагад нийцээгүй,  мөн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцээгүй байх тул дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэж иргэдэд газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг хууль бус болохыг тогтоогоод хууль бус захирамжийг үндэслэж гаргасан захирамжуудыг үндэслэж гаргасан актуудыг хуульд нийцүүлэн засаж дахин шинэ захиргааны акт гаргах боломжоор нь хангаж өгөхийг шүүхээс хүсч байна. Төр хэрвээ энэ газрыг чөлөөлж авна гэх юм бол анх өмчлүүлсэн үнээрээ нөхөн олговортой эргүүлэн авах боломж байгаа. Тэрнээс биш яг энэ хэлсэн үнээр нь авъя гэсэн асуудлыг яриагүй. Нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа учраас энэ асуудлыг нэхэмжлэгч нар ойлгох хэрэгтэй.  

Нэхэмжлэгчээс санал ирүүлсэн байдаг. Манай зүгээс өөр газрыг өмчлүүлэх  боломжтой талаар санал тавьсан. Гэтэл нэхэмжлэгчээс ирүүлсэн санал бол хэтийдсэн санал байсан. 700 мкв газрыг өөрсдөө 100 сая төгрөгөөр үнэлээд, * хороололд 3 өрөө байраар буюу 3 иргэний газарт тус бүр 3 өрөө гурван орон сууц авах саналтай байгаагаа ирүүлсэн. Үүнийг Засаг даргад танилцуулахад боломжгүй, шүүхийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн " гэжээ.

Гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлагад бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/990 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороонд төрийн өмчийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих зориулалтаар 11310 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Нийслэлийн Боловсролын газартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон ба Газрын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан газар эзэмших эрх зүйн харилцаа үүссэн. 

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 72 хувьтай байна. Өнөөгийн байдлаар нийслэлийн төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706 хүүхэд хамрагдаж, бүлэг дүүргэлт 44,5 хүүхэд байгаа нь боловсролын стандарт зөрчигдөж багш, ажиллагсдын ажлын ачаалал 2 дахин нэмэгдэж сургалтын чанар, хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. 

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн эрэлт хэрэгцээг хангахад нийт 162 цэцэрлэг шаардлагатай байгаа ба 240 орны хүчин чадалтай нэг цэцэрлэг барихад ойролцоогоор 2,5 тэрбум төгрөг шаардагдаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 225 сургуульд 233545 хүүхэд суралцаж байна. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 43 сургууль 40-өөс, 10 сургууль 50-аас дээш хүүхэдтэй хичээллэж байгаагаас 35 сургуулийн нийт 9980 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа нь сургалтын орчин нөхцөл хангагдаагүй, нийслэлийн 152 хорооны 3 хороо тутмын нэг нь буюу 9 дүүргийн 59 хороо төрийн өмчийн сургуульгүй байгаа нь хүүхдүүд аюул осолгүй сурч боловсрох эрх зөрчигдөж, хүн ам эрчимтэй өсөж буй нийслэл хотод цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хүүхэд бүрийг сургуульд 1 ээлжээр хамруулахад 960 хүүхдийн суудалтай 69 сургууль шаардлагатай байгаа ба 960 хүүхдийн суудалтай нэг сургууль барихад ойролцоогоор 6 тэрбум төгрөг шаардагдаж байна.

Сонгинохайрхан дүүрэг нь сургуулийн өмнөх насны 31770 хүүхэд, сургуулийн насны 55646 хүүхэд байгаа ба 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 66 хувь, ерөнхий боловсролын сургуульд хамрагдалт 79 хувьтай байна. Тус дүүргийн * дугаар хороонд “С хороолол” баригдаж ашиглалтанд орсноор ерөнхий боловсролын *, ** дугаар сургуулийн ачаалал нэмэгдэж гурван ээлжээр хичээллэж байна. Ирэх хичээлийн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын ** дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байна. Мөн тус хороонд байрлах 125 хүүхдийн хүчин чадалтай ** дүгээр цэцэрлэгт 274 хүүхэд, 380 хүүхдийн хүчин чадалтай ** дүгээр цэцэрлэгт 640 хүүхэд хамрагдаж байгаа нь хүчин чадлаасаа даруй 2 дахин их хүүхэд байна.

Тус дүүргийн * дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга баригдсанаар дээрх 2 сургууль 2 ээлжинд шилжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт нэмэгдэж, сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг болох юм.

Иймд Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд манай байгууллагад олгосон сургууль, цэцэрлэгийн зориулалттай газар эзэмших эрхийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү

Өмчлөх эрхийг хүчингүй болгох захирамж нь өөрөө 2015 оны 6 сарын 10-ны өдөр А/496 дугаар захирамж одоогоос 2 жилийн өмнө гарч байсан. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн юм уу гэж хараад байна. 2016 оны 6 дугаар сараас хойш 2 сарын дараа өргөдөл гаргаад байна. Ер нь бол Захиргааны актад гомдол гаргах эрх нь 1 сарын дотор гомдол гаргах хуулийн зохицуулалттай. Үүнийг анхаарч үзэх байх. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй болсноос хойш гаргасан” гэжээ. 

Гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбар, түүний үндэслэл: “... Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу “Р" ХХК нь Монгол Улсын Засгийн газартай “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ" байгуулж, Нийслэлийн нутаг дэвсгэрт 72 ширхэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга байгууламж барих болсон билээ.

Улмаар гэрээнд "... 1.13.1 Эрх бухий этгээд болон зохицуулах байгууллагуудын үүрэг: д. Төслийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг Хөгжлийн банкаар гүйцэтгүүлэх тухай баталгааг гаргах асуудал дээр дэмжлэг үзүүлнэ;Улаанбаатар хотын захиргаа 72 цогцолбор барих газрын бүхий л асуудлыг хариуцаж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;

е. Барилга байгууламжийн эхний үе шатны ажил эхлэхээс өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 1-ний дотор 30 цогцолбор барих газрыг Концесс эзэмшигчид хүлээлгэн өгсөн байх;

ж. Чөлөөлсөн газарт барилга байгууламж барих явцад газрын маргаан элдэв бэрхшээл гаргахгүй байх талаар зохих арга хэмжээ авах;...” гэж заасны дагуу гэрээний нөгөө тал “Эрх бүхий этгээд” буюу Засгийн газрын зүгээс цогцолбор барих газрын асуудлыг шийдвэрлэхээр болсон билээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газарт бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 11310 м.кв газар эзэмших, ашиглах эрхийг олгож шийдвэрлэсэн билээ. Нэгэнт газрын асуудал шийдвэрлэгдсэн учир манай байгууллага Концессын гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт бага сургууль, цэцэрлэг барих ажлыг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Х” ХХК-тай 35/16 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажилд нь оруулсан. Иймд гуравдагч этгээдийн хувьд бага сургууль, цэцэрлэг барих газар олгосон асуудал нь хууль зүйн дагуу хийгдсэн гэж үзэж буй тул иргэн С.Э, С.О, С нарын шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү

Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулж дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө гарах ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, дүүргийн Засаг даргын нэр бүхий гурван иргэнд газар олгосон захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.

2014  онд газар эзэмшилд авахаасаа өмнө зөвшөөрөлгүй буюу нийтийн эзэмшил газарт хашаа барьж улмаар захирамжлах эзэмших асуудлаар хөөцөлдөж шийдүүлсэн байдаг. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эзэмших захирамж гаргуулж аваад 2015 онд жил хүрэхгүй хугацаанд өмчлөх захирамжаа гаргуулсан байдаг. Яагаад ийм хурдан хугацаанд захирамж гаргуулсанг ойлгохгүй байгаа. Засаг дарга Ч гэдэг нөхрийн хайхрамжгүй хууль бус үйл ажиллагаанаас болж өнөөдөр ийм маргаантай болсон гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Ер нь нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж Сонгинохайрхан дүүргийн бага сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүрэлцэхгүй байгаа олон хүмүүсийн эрх ашгийг хүндэтгэж нэхэмжлэгч тал нааштай хандаж хариуцагч талтай тодорхой хэмжээгээр зохицох боломжийг шүүх хангаж өгөөч ээ. Тухайлбал хариуцагч тал Нийслэлийн Засаг даргын зүгээс энэ газартай холбоотой захирамжуудыг  зөвтгөх боломжоор нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Нийслэлийн боловсролын газрын бие даасан шаардлага, түүний үндэслэлд: “...Сонгинорхайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар нэр бүхий 3 иргэнд газар эзэмшүүлсэн. Гэвч тус газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй байхад хууль зөрчин газар эзэмшүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу дээрх захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаж байна.

Төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа : “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрхтэй байдаг. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6/5 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан.

Дээрх төлөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн *-** дугаар хороонд 2014 онд 50 га хэмжээтэй газарт 750 нэгж талбарт иргэнд газар эзэмшүүлэхээр тусгагджээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу иргэн С.Э, С.О, С нарт газар эзэмшүүлсэн байна. 

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э, С.О, С нар нь “газар өмчлүүлсэн шийдвэрийг хууль бусаар хүчингүй болгосноор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн С.Э, С.О, С нарт холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжийн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, харин гуравдагч этгээд Нийслэлийн боловсролын газар  нь “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй, сургууль, цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөгдсөн газарт иргэдэд эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байх тул дор дурьдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн нэхэмжлэгч С.Э, С.О, С нарт холбогдох хэсгийг газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалган, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/597, 2015 оны А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч С.Э, С.О, С нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар Нийслэлийн Засаг дарга нь “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж”, 21.2.3-т зааснаар “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр шийдвэрлэх”- ээр байна. 

Харин дүүргийн Засаг дарга нь мөн зүйлийн 21.5.1-д зааснаар “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд санал өгч”, 21.5.2-т зааснаар “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж”, 21.5.3-т зааснаар “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад буюу нийслэлийн Засаг даргын мэдэж шийдвэрлэх хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газраас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар тус тусынх нь мэдэж шийдвэрлэх газрын хил заагийг тодорхой байхаар хуулиар иинхүү тогтоож өгчээ. 

Өөрөөр хэлбэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд газар зохион байгуулалтыг хэрхэн хийх саналаа дүүрэг бүрийн Засаг дарга (газрын асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг Газрын алба) боловсруулан хүргүүлснийг нийслэлийн Засаг дарга (мөн хэрэгжүүлэгч агентлаг Газрын алба) нэгтгэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж батлуулдаг, нийслэлийн газар зохион байгуулалтын энэ төлөвлөгөөнд нийцүүлэн дүүргийн Засаг дарга /Газрын алба/ дүүргийнхээ газар зохион байгуулалтын  төлөвлөгөөг боловсруулан дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа өргөн мэдүүлж батлуулдаг. Дээрх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, мөн тухайн жилийн нийслэлийн болон дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор батлагдсан байршил, хэмжээний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт нийслэлийн Засаг дарга, үүнээс бусад буюу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдоогүй, холбогдохоор төлөвлөгдөөгүй газарт дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэдэг.    

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс ирүүлсэн тайлбараар  тус хүрээлэнгээс “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулан Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан байх бөгөөд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөн хүрээлэнгээс боловсруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор баталсан байна. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 03 дугаар тогтоолоор хороодын ачаалал, хүн амыг тэнцвэржүүлэх зорилгоор тус дүүргийн * дугаар хороог хувааж ** дугаар хороог шинээр нэмж байгуулан хороодын хилийн заагийг тогтоожээ.  

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ирүүлсэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн иж бүрдэл Архитектур орон зайн төлөвлөлтийн үндсэн зураг , Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын тайлбараас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн *, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх маргаан бүхий газрын байршилд орон сууцны хорооллын бүс буюу төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбогдсон өндөр, дунд, нам давхруудын нийтийн, нам давхрын тохилог орон сууцны хорооллуудыг нийгмийн дэд бүтцийн хамт шинээр, дахин төлөвлөж хөгжүүлэн, шинэчлэн сайжруулах бүс байхаар, инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгджээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/26 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 102-т Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд Х гудамжинд бага сургуулийн зориулалтаар 0.6 га газар Нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэхээр баталжээ. 

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6/5 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа тус дүүргийн ** дугаар хороонд Х гудамжинд иргэнд ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэхээр баталж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсний дотор ** дугаар хороо Х гудамж 11-1, 11-1в, 11-1д хаягаар С.О, С, С.Э нарт тус бүр 700 м.кв газар эзэмшүүлсэн нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөнөөс бусад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх гэсэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2, 21.5.3 дахь заалтуудтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийцүүлээгүйгээс нийслэлийн Засаг даргын мэдэж шийдвэрлэх байршилд дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн нь хууль зөрчжээ. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 03 дугаар тогтоолоор хороодын ачаалал, хүн амыг тэнцвэржүүлэх зорилгоор тус дүүргийн * дугаар хороог хувааж ** дугаар хороог байгуулсан ба дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ** дугаар хороонд Х гудамжинд иргэнд газар эзэмшүүлэхээр баталсан байхад  дүүргийн Засаг дарга ** дугаар хорооны хилийн заагийг давуулан * дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлжээ. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн хороодын хил заагийн зургаас  үзэхэд мэдээллийн санд нэгж талбарын 18636311190249 дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч С.О-т эзэмшүүлсэн /улмаар өмчлүүлсэн/ *-н 11-1 г тоот 700 м.кв газрын баруун тал хэсэг нь * дугаар хороонд, зүүн тал хэсэг нь ** дугаар хорооны нутаг дэвсгэрт, мөн мэдээллийн санд нэгж талбарын 18636311191267 дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч С.Э-т эзэмшүүлсэн /улмаар өмчлүүлсэн/ Хангайн 11-1в тоот 700 м.кв газар бүхэлдээ * дугаар хорооны нутаг дэвсгэрт оржээ. 

Тус дүүргийн 23 дугаар хорооны өрхийн бүртгэлээс үзэхэд  ** дугаар хорооны *-н 11-1в, 11-1г, 11-1д хаягаар ямарваа өрхийн бүртгэл хийгдээгүй, харин *-н 11-1 тоот хаягт С.О, түүний эхнэр С.Э нар, мөн *-н 11-1 тоот хаягт С.О, *-н 11-1 тоот хаягт Л.А, түүний эхнэр С нар тус бүртээ өрхийн бүртгэлтэй оршин сууж байна. Тодруулбал нэхэмжлэгч нар эзэмшсэн болон өмчилсөн *-н 11-1в, 11-1г, 11-1д хаягт оршин суух бүртгэлгүй, тухайн хаягт амьдарч байгаагүй, харин С.Э, С.О нар *-н 11-1 тоот хаягт оршин суудаг өрхийн болон хаягийн бүртгэлтэй, нэхэмжлэгч С *-н 11-1 тоот хаягт өрхийн бүртгэлгүй ч  иргэний үнэмлэх дээрх бичилтээр *-н 11-1 тоотод хаягийн  бүртгэлтэй байна. 

Тэдгээр нэхэмжлэгч нар амьдарч буй газрын эзэмших эрхээ баталгаажуулах бус харин амьдарч буй газрынхаа залгаа баруун тийш ** болон * дугаар хорооны нутаг дэвсгэрт дамнуулан шинээр кадастрын зураг хийлгүүлэн газар эзэмших хүсэлт гаргасан байх агаад ** дугаар хорооны Засаг дарга тэдгээрийн газар эзэмших хүсэлт гаргасан өргөдөл дээр С.Э нь *-н 11-1в тоотод, С нь *-н 11-1г тоотод, С.О нь *-н 11-1д тоотод оршин суудаг хэмээн хаягийг тодорхойлсон, мэдээллийн санд кадастрын зургууд нь энэ хаягаар бүртгэгджээ.  Энэ талаар ** дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Д.Ч гэрчээр мэдүүлэхдээ “...*-н 11-1 тоотод С.О-нх /түүний эхнэр С.Э/, Л.А-нх, С. О-нх, ... гээд 2 байшин, 3 гэртэй 5 өрх байсан. *-н 11-1в, 11-1г, 11-1д тоотод кадастрын зураг хийлгэсэн газар нь налуу овгор, товгор газар байсан. Хойд болон баруун хойд талаараа шон зоож тал хашаалсан байсан. С.О манайх олуулаа, дүү нартаа нэмээд энэ газрыг эзэмшихийг хүсч байгаа гээд хаяг авахаар Засаг даргад хүсэлт гаргаад хэсгийн ахлагч би очиж үзээд кадастрын зураг хийлгэсэн газраа тал хашаалсан талаар хэлээд Засаг дарга өөрөө газар дээр нь очиж үзээд *-н 11-1в, 11-1г, 11-1д тоот хаяг өгсөн” гэжээ.

Улмаар дээрх иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар тэдгээрт эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлж, иргэд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус бүртээ авчээ. 

“Т” нь өөрийн барьж буй С орон сууцны цогцолбор хороололд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдах болсонтой холбогдуулан мэдээллийн санд нэгж талбарын 18636311005211 дугаарт бүртгэгдсэн өөрийн эзэмшлийн 53300 м.кв газраас 3095 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх, мөн нэмэлтээр айл өрхүүдээс худалдаж авсан гэх 1915.5 м.кв газар, нийт 5010.1 м.кв газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 4/014 тоот  албан бичгээр гаргаж, 3094.7 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг  2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Боловсролын газартай байгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2/1972 тоот  албан бичгээр “... 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдах болсонтой холбогдуулан “Т” ХХК-ийн 3094.7 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт эзэмших эрх шилжүүлэх, мөн “Т” ХХК-ийн чөлөөлүүлсэн гэх 1915.5 м.кв газар нийт 5010.1 м.кв газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх” хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад, нийслэлийн Боловсролын газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/293 тоот  албан бичгээр нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус гаргажээ. 

Дээрх хүсэлтүүд, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар  “Т” ХХК-ийн эзэмшлийн 53300 м.кв газраас 3095 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмших эрх шилжүүлж, мэдээллийн санд нэгж талбарын 18636311124240 дугаарт бүртгэгджээ. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар “Т” ХХК-иас Нийслэлийн Боловсролын газарт бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмших эрх шилжүүлсэн мэдээллийн санд нэгж талбарын 18636311124240 дугаарт бүртгэгдсэн 3095 м.кв газар нь нэхэмжлэгч 3 иргэнд нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар өмчлүүлсэн газартай давхцалгүй байсан нь кадастрын зургаар тодорхой байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар С.Э нарын 3 иргэнд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Х гудамж 11-1, 11-1в, 11-1д тоотын тус бүр 700 м.кв газрыг өмчлүүлсэн ба ийнхүү өмчлүүлэхээс өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Боловсролын газраас 1/293 тоот албан бичгээр нийслэлийн Өмчийн харилцааны газарт, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2/1972 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан “ ... “Т” ХХК-ийн чөлөөлүүлсэн гэх 1915.5 м.кв газрыг ... нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх” хүсэлтийг тавьж байсан, мөн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаас 1в/2720 тоот  албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад “1915 м.кв газарт 3 айлд эзэмшүүлэхээр олгосон байна, ... газрыг чөлөөлж өгөхийг хүсэж” хандсан байдаг. 

С.Э нарын 3 иргэнд Сонгинохайрхан дүүргийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн /өмчлөх хүсэлтээ 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан/  газруудыг чөлөөлүүлэхээр Нийслэлийн Боловсролын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухнааны яамнаас дээрх хүсэлтүүдийг гаргаж байсан бөгөөд Нийслэлийн Боловсролын газрын сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нэмж эзэмшихийг хүссэн 1915 м.кв газар нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо *-н 11-1д тоот газартай 210 м.кв, *-н 11-1г тоот газартай 460 м.кв, *-н 11-1в тоот газартай 397 м.кв хэмжээгээр тус тус хамаарч байхад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг дарга, газар эзэмших, өмчлөх хүсэлтийг хүлээн авч хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгах, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжтой эсэхийг тогтоох чиг үүрэг бүхий нийслэлийн Газрын алба дээрх хүсэлтүүдийг шалгаж тухай бүрт нь шийдвэрлээгүй буруутай байна. 

Ийнхүү нийслэлийн Боловсролын газрын гаргасан газар эзэмших хүсэлт, С.Энарын гаргасан газар өмчлөх хүсэлтийг шалгаж тухай бүрт нь шийдвэрлээгүйгээс “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр орон сууцны бүсээр төлөвлөгдсөн, тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/26 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бага сургуулийн зориулалтаар Нийслэлийн Боловсролын газар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн газарт, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилд ... нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ... нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг ... дүүрэг тус бүрээр хэлэлцэн батлах эрхтэй”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаарх зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах хүсэлтийг хүлээн авна”, 21 дүгээр зүйлийн 21.1-д  “тухайн иргэн газар өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг тус тус зөрчин иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.  

Нэхэмжлэгч С.Э нар тухайн газраа өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр авсан байхад “Т” ХХК 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/069 тоот  албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4/070 тоот   албан бичгээр нийслэлийн Засаг даргад, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4/082 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус “1915 м.кв газрыг чөлөөлж өгөхийг хүсч” хандсан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1а/4078 тоот  албан бичгээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, мөн өдрийн 1а/4079 тоот  албан бичгээр нийслэлийн Засаг даргад, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 346 тоот   албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/358 тоот  албан бичгээр Нийслэлийн Засаг даргад тус тус хандаж, 3 иргэнд өмчлөлийн газрыг чөлөөлж, нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэхийг хүсчээ. 

Дээрх хүсэлтүүдийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Э нарын 3 иргэний газар өмчилсөн шийдвэрийг хүчингүй болгож, тэдгээр иргэдийн өмчилсөн газрын тодорхой хэсгийг хамруулан 1915 м.кв газрыг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газарт сургуулийн зориулалтаар 3095 м.кв газар дээр нэмж нийт 5010 м.кв газрыг эзэмшүүлжээ. 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн мэдээллийн сангийн 2014 он болон 2017 оны зурган мэдээллийг давхцуулсан зургаас үзэхэд нийслэлийн Боловсролын газарт олгогдсон дээрх газар нь мэдээллийн санд нэгж талбарын 18636311194228 дугаартай бүртгэгдсэн нэхэмжлэгч С.О-н өмчлөлийн *-н 11-1д тоот газартай 210 м.кв хэмжээгээр, нэгж талбарын 18636311190249 дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч С-н өмчлөлийн *-н 11-1 г тоот газартай 460 м.кв хэмжээгээр, нэгж талбарын 18636311191267 дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч С.Э-н өмчлөлийн *-н 11-1в тоот газартай 397 м.кв хэмжээгээр тус тус давхцалтай  байна. 

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны даргаас Нийслэлийн Засаг даргын орлогчид хандсан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 310 тоот, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоос Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандсан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02-04/3435 тоот албан бичгээр гаргасан “Засгийн газрын коцессын гэрээгээр баригдах 72 ширхэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороонд 640 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөнтэй холбогдуулан 2013 оны А/424 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлсэн 0.63 га газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн эзэмшүүлэх” хүсэлтийн дагуу  2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар Нийслэлийн Боловсролын газарт 2015 оны А/597 дугаар захирамжаар эзэмшиж байсан 5010 м.кв газар дээр 2013 оны А/424 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлсэн 6300 м.кв газрыг шилжүүлэн нэмж нийт 11310 м.кв газар эзэмшүүлж, мэдээллийн санд нэгж талбарын 18636311135280 дугаарт кадастрын зургийг бүртгэж , гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ. 

 “Т” ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4/09 тоотоор шүүхэд ирүүлсэн тайлбартаа “сургууль баригдах болсонтой холбогдуулан 5010 м.кв газрыг шилжүүлэн өгсөн бөгөөд энэ газарт ** дугаар хороо *-н 11-1в, 11-1г, 11-1д тоот хаягт байрлах газрууд хамаарахгүй” гэсэн хэдий ч “Т” ХХК-ийн “айл өрхүүдээс худалдаж авч чөлөөлж, шилжүүлсэн гэх 1915 м.кв газарт нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар болох *-н 11-1в, 11-1г, 11-1д тоот хаягт байрлах газрууд хамаарч байсан, дээрх хэмжээгээр давхцалтай болох нь мэдээллийн сангийн архивын зургийг агаарын зурагтай давхцуулан өнгөөр ялгасан кадастрын зургаас  тогтоогдож байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Э нарын 3 иргэний газар өмчилсөн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Маргаан бүхий уг захирамжид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл буюу иргэнд газар өмчлүүлэх талаарх зохицуулсан заалтуудыг мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 буюу “газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох” заалтыг баримталж, захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “1 дүгээр хавсралтад заагдсан иргэдэд газар өмчлүүлсэн”, 2 дахь заалтаар “2 дугаар хавсралтад заагдсан 8 иргэнд илүү газрыг үнээр нь өмчлүүлсэн”, 3 дахь заалтаар “өмнө өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон, болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 760 өрхийн бүртгэлийг 3 дугаар хавсралтаар өөрчилсөн”, 4 дэх заалтаар “энэ захирамж гарсантай холбогдуулан 4 дүгээр хавсралтад заагдсан захирамжуудын холбогдох хавсралтад дурдагдсан 798 өрхийн газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосны дотор 4 дүгээр хавсралтын 694, 695, 696 дугаарт нэхэмжлэгч С.Энарын 3 иргэний *-н 11-1в, 11-1г, 11-1д тоот хаягт байрлах газрыг “газар олголттой давхцсан гэсэн үндэслэл” заасан , ямар шийдвэрийг хүчингүй болгож буй нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох талаарх хуулийн аливаа заалт баримтлаагүй, хуульд үндэслээгүйн дээр 3 дахь заалтаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 760 өрхийн бүртгэлийг 3 дугаар хавсралтаар өөрчилсөн атлаа 4 дэх заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан 4 дүгээр хавсралтад 798 өрхийн газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн С.Э нарын газар өмчилсөн шийдвэрийг хүчингүй болгосон гэх атлаа тэдгээрт газар өмчлүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон талаар захирамж, түүний хавсралтад дурьдаагүй, харин 2015 оны 35 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт гэж уг хэрэгт хамааралгүй өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах тухай захирамжийг хүчингүй болгосон мэтээр дурьджээ.

Түүнчлэн захирамжид “газар олголттой давхцсан” гэсэн үндэслэл заасан ч нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн газар нь сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн газарт хамаарснаас биш тэдгээрт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх үед маргаан бүхий газар нь өөр этгээдэд, тухайлбал Нийслэлийн Боловсролын газарт олгогдоогүй байсан тул газар олголттой давхцсан гэх эрх зүйн үндэслэл байгаагүй юм.  

Энэхүү шийдвэрийг гаргахаас өмнө газар өмчлөгч иргэдэд мэдэгдээгүй, тайлбар аваагүй төдийгүй газар өмчилсөн шийдвэрийг хүчингүй болгосон гэх шийдвэрийг тухайн үед тэдэнд танилцуулаагүй, хүргүүлээгүйгээс эрх нь зөрчигдсөн этгээдэд сонсгох, тайлбар гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргах эрхийг хууль бусаар хязгаарлажээ. 

Дээр дурьдсанаар нэхэмжлэгч С.Э нар тухайн газраа өмчлөх эрхээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар улсын бүртгэлд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэгэнт бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулсан байх тул газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 9/4316 тоот албан бичгээр улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн ч энэ нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаах үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл эдгээр иргэдийн өмчлөлд маргаан бүхий газар бүртгэлтэй хэвээр байна, энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7/11944 тоот албан бичгээр лавлагаа ирүүлжээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд эрхийн улсын бүртгэлийг хаах үндэслэлийг 23.1.1-д “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан”, 23.1.2-т “эрхийн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгдийн хүсэлтээр нэг өмчлөгчид шилжсэн, 23.1.3-т “шүүх арбитрын шийдвэр гарсан” гэж хуульчилсан, дээрх шийдвэр эдгээр үндэслэлд хамаарахгүй.   

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/990 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн нэгж талбарын 18636311135280 дугаартай 11310 м.кв газарт 640 хүүхдийн суудалтай бага сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг барих Архитектур төлөвлөлтийн 2016/10-10 дугаар даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дарга 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр олгож , барилгажих талбайн схем зургийг баталсан, уг зургаар нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын талбай дээр дурьдсанаар хэсэгчлэн давхцалтай  ба зурагт заасан байршлаар цэцэрлэгийн барилга суурийн ажил, 1 дүгээр давхрын цутгалтын ажил хийгджээ. 

Гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын  “... * дугаар хороонд “С хороолол” баригдаж ашиглалтанд орсноор ерөнхий боловсролын *, ** дугаар сургуулийн ачаалал нэмэгдэж гурван ээлжээр хичээллэж байна. Ирэх хичээлийн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын ** дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байна. Мөн тус хороонд байрлах 125 хүүхдийн хүчин чадалтай ** дүгээр цэцэрлэгт 274 хүүхэд, 380 хүүхдийн хүчин чадалтай ** дүгээр цэцэрлэгт 640 хүүхэд хамрагдаж байгаа нь хүчин чадлаасаа даруй 2 дахин их хүүхэд байна” гэх тайлбараас тус хороонд сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байгаан зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдож, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газар,  “Р” ХХК хооронд “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга байгууламжийг тоног төхөөрөмжийн хамт барих, шилжүүлэх төрлөөр байгуулж, энэ хүрээнд “Р” ХХК “Х” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороонд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх 35/16 тоот гэрээ 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулан барилгын ажил дээрх байдлаар явагдаж байна.

Нэхэмжлэгч нар итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, татгалзах, эвлэрэх эрх олгосон ба хэдийгээр “нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжийн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  шаардлагаасаа татгалзаагүй ч шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын агуулга хүсэл зоригоо нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нийтийн ашиг сонирхлыг харгалзан газраа нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн өгөх талаар хариуцагчтай харилцан тохиролцох хүсэлтэй байгаа” хэмээн илэрхийлсэн, дээр дурдсанаар тухайн байршилд цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүйгээс цэцэрлэг сургууль барих зайлшгүй шаардлагатай байгаа нийтийн ашиг сонирхлыг, мөн барилгын ажил явагдаж тодорхой хэмжээний төсөв зарцуулагдсан зэргийг харгалзан  нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжийн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах  шаардлагыг хангахгүй шийдвэрлэлээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдоогүй ч шүүх хуралдаанд тайлбартаа “Нийслэлийн Засаг даргын захирамжийг залруулах боломж бололцоогоор хангаж өгөх талаар шүүхээс анхаарч өгөхийг хүсье. Манай зүгээс газрыг сольж өөр газрыг өмчлүүлэх  боломжтой талаар санал тавьсан. Гэтэл нэхэмжлэгчээс 700 мкв газрыг өөрсдөө 100 сая төгрөгөөр үнэлээд, * хороололд 3 өрөө байраар буюу 3 иргэний газарт тус бүр 3 өрөө гурван орон сууц авах саналтай байгаагаа ирүүлсэн. Үүнийг Засаг даргад танилцуулахад боломжгүй гэсэн.” хэмээн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах талаар нэхэмжлэгч талтай тохиролцох боломжтой тухайгаа илэрхийлсэн, түүнчлэн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авахтай холбоотой хуулиар тогтоосон журам нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн нэхэмжлэгч С.Э, С.О, С нарт холбогдох хэсгийг газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2-т зааснаар өмчийн газрыг нь сольж, өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй газар өмчлүүлэх, эсхүл газрынх нь үнийг төлж эргүүлэн авах зэрэг газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах хууль зүйн боломжууд байх бөгөөд эдгээр нь хуулиар тогтоосон журмын дагуу тодорхой хугацаа, талуудын тохиролцоог шаардаж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасан үндэслэлээр улсын чанартай барилга байгууламж барих болсон үндэслэлээр иргэнд өмчлүүлсэн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авч болох бөгөөд энэ шийдвэрийг мөн зүйлийн 32.2-т зааснаар Монгол Улсын Засгийн газар гаргахаар байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгчээс тодорхойлсон хариуцагчид холбогдуулан хэргийг шийдвэрлэх тул Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэх асуудлыг дүгнэх боломжгүй байна. Харин ийнхүү газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах талаар өмчлөгтэй сольж олгох газрын байршил, хэмжээ, төлөв байдал, чанар, газрын үнэ, нөхөх олговрын хэмжээ буюу хохирлын талаар урьдчилан тохиролцох үүрэг нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу нийслэлийн Газрын алба, өөрөөр хэлбэл хариуцагч нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагт байх тул тухайн асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан болно. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийг эрх нь зөрчигдсөн газар өмчлөгч нарт тухайн үед мэдэгдээгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хүлээн зөвшөөрсөн ба тэдэнд хаяглагдсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9/4555 тоот албан бичгээс захирамжийн талаар мэдэж, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргаж, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна. 

Сонгинохайрхан дүүргийн 2014 оны А/214 дүгээр захирамжийн С.Э, С.О, С нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай Нийслэлийн Боловсролын газрын бие даасан шаардлагын тухайд:

Дээр дүгнэсэнчлэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийцүүлээгүйгээс нийслэлийн Засаг даргын мэдэж шийдвэрлэх байршилд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны А/214 дүгээр захирамжаар С.Э С.О, С нарт ** дугаар хороо *-н 11-1в, 11-1г, 11-1д тоот хаягт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.5.2, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг зөрчсөн байх хэдий ч уг захирамжаар тухайн иргэдэд газар эзэмшүүлэх үед буюу 2014 онд Нийслэлийн Боловсролын газарт маргаан бүхий газрыг эзэмшихтэй холбоотой эрх үүсээгүй байсан, өөрөөр хэлбэл энэ газрын эзэмших эрхийн талаар маргах эрхгүй байсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр Нийслэлийн Боловсролын газрын гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дүгээр захирамжийн С.Э, С.О, С нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11. 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.3, 21.2.4, 21.5.2, 21.5.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 20 дугаар зүйлийн 20.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 36 дугаар зүйлийн 36.1 хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн нэхэмжлэгч С.Э С.О, С нарт холбогдох хэсгийг газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлаар тохиролцох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/597, 2015 оны А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч С.Э, С.О, С нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дүгээр захирамжийн С.Э, С.О, С нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Нийслэлийн боловсролын газраас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА