Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/01423

 

“Н” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар шийдвэр,

           Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

           “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Д.Од холбогдох           

           Үндсэн нэхэмжлэл: 5.000 ам.доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулах 

           Сөрөг нэхэмжлэл: барьцааны гэрээг дуусгавар болгох, барьцааны эд зүйлийг чөлөөлүүлэх  

           Хариуцагч Д.Огийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

    “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Н ХХК 1999 оноос хойш албан ёсоор оюутан сурагчдыг гадаадад сурч боловсрох, ажиллах боломж олгож зуучлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаадад суралцахаар болсон оюутан Монголдоо заавал буцаж ирэх үндэслэл болгож үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлага үүсдэг. Гэрээгээр гадаадад суралцдаг оюутан, соёлын солилцооны хөтөлбөрөөр явахдаа хугацаандаа буцаж ирэхгүй байх, гадаад улсын хууль дүрмийг зөрчиж харлаж, визний зөрчил гаргах, гэмт хэрэгт орооцолдох нь зуучлагч “Н” ХХК-ий үйл ажиллагаа хэвийн явуулахад хортой нөлөөтэй ба гадагш сурах чин хүсэлтэй дараагийн хүүхдүүд гадаадад суралцах боломж алдагддаг.Мөн гадаадын харилцагч байгууллагууд итгэл алдарч хамтран ажиллахаас татгалзах үр дагавартай. Л.Болор нь 2007-03-06-ны өдөр Англи улсад суралцуулах тухай 07/04 тоот гэрээ байгуулж, 2007-03-26-ны өдөр 07/06 тоот барьцааны гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу Англи улсад суралцсан. Гэрээний дагуу Монголдоо ирж барьцаагаа чөлөөлүүлэх үүрэгтэй байсан. Нэгэнт гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийг чөлөөлж өгөх боломжгүй юм. Барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоот орон сууцны өмчлөгч Д.О барьцаа хөрөнгөөрөө 5.000 ам.долларыг барагдуулах үүрэгтэй.  Хэрэв Л.Болор  гэрээгээ зөрчөөгүй бол манай компани Английн хамтрагчийнхаа итгэлийг алдахгүй олон Монгол залуус Англид сурч боловсрох эрх нээлттэй байх байсан. Өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгө бүртгэлтэй байгаа бөгөөд гэрээ зөрчсөн этгээдүүд үүргээ биелүүлэхгүй  тул  5.000 доллар буюу 12.490.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний төрсөн охин Л.Болор 2007 онд “Н” ХХК-ийн шугамаар Англид  Leicester Square сургуульд 6 сарын хугацаатай суралцахаар болсон. Монгол Улсад эргэн ирэх баталгаа болгож 5.000 ам.долларын үүрэгт  миний өмчлөлийн  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 22 дугаар байрны 91 тоотын 2 өрөө байрыг барьцаалсан. Н ХХК-тай 2007-03-26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. Барьцааны гэрээндээ 6 сарын сургалтын хугацаагаа дуусгаж, эх орондоо ирээгүй, сургалтанд хамрагдаагүй, визний зөрчил гаргах болон үлдсэн ямар ч тохиолдолд эрэн сурвалжлах болон Монгол Улсад албадан ирүүлэх ажиллагаанд гарсан хохирол зардлыг барьцааны хөрөнгөнөөс гаргуулахаар тохиролцсон.  Л.Болор  тус сургуульд 6 сар суралцаж төгссөн бөгөөд сургалт нь 2007-07- 02-ноос эхлэн 2008-01-18-нд дууссан тул визээ сунгуулах зайлшгүй нөхцөл үүссэн. Үүнийгээ “Н” ХХК-ний шугамаар захирлын дүү Д.Ариунбатад мэдэгдэж, барьцааны гэрээний 1.2-т зааснаар нэг удаа визээ сунгуулан суралцсан. Сургуулиа төгсөөд 2008 оны 7 дугаар сард ирсэн ба ирсэн тухайгаа Н ХХК-д мэдэгдэж, барьцааны гэрээний 3.2-т заасны дагуу байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр хандсан боловч барьцааг чөлөөлж өгөөгүй. Бидний хооронд байгуулсан барьцааны гэрээ дуусгавар болсон. Миний охин Л.Болор нь Англи улсын болон Монгол Улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, заасан сургуульд суралцсан, визний зөрчил гаргаагүй, нэг удаа визээ 6 сараар сунгасан. “Н” ХХК-д ямар нэгэн эдийн болон эдийн бус хохирол учруулаагүй. Эдгээр нь Л.Болорын гадаад паспортын хуулгаар тогтоогдож байхад  надаас 12.490.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.  Визний хугацаа дуусч, байгаа ч хичээл дуусах болоогүй, хугацаагаа дахин сунгах талаар тухайн үед  Ариунболд захирлын дүү Ариунбаттай утсаар ярьж мэдэгдсэн. Виз гарсан боловч би 2008 оны 07 дугаар сард өөрийн биеэр  ирж Ариунболд захиралтай уулзсан. Энэ компанид ямар нэгэн хохирол учруулаагүй, ямар нэг зөрчил гаргаагүй. зардал чирэгдэл учруулаагүй. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...барьцааны гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

       Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: “... Зохих ёсоор үүргээ гүйцэтгэж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

        Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07/06 тоот  гэрээг дуусгавар болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоотод байрлалтай Д.Огийн өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өмчлөгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 176.560 төгрөг, Д.Огаас төлсөн 70.200 төгрөгийг төсвийн хэвээр үлдээж, “Н” ХХК-с 70.200 төгрөг гаргуулан Д.Од олгож шийдвэрлэжээ. 

        Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

        Хариуцагч Д.О хяналтын гомдолдоо: Л.Болор нь хариуцагч компанитай 2007.03.06-нд Англи улсад суралцах гэрээг хийсэн ба үргэлжлүүлэн 2007.03.26-нд миний нэр дээрх орон сууцыг барьцаа болгон гэрээ хийж явсан. Гэрээнд зааснаар бол визний хугацаа дууссан тохиолдолд эх орондоо ирэх нөхцөлийг тодорхойлж өгсөн байдаг. Гэтэл охин маань тус сургуульдаа 06 сарын хугацаатай суралцаад нэгэнт харь улс руу явсан зорилго сурах байсан учраас визээ дахин сунгуулж 06 сар үргэлжлүүлэн сурсан. Охин маань хугацаандаа сургуулиа төгсөж ирээд “Нью Линк” Интэрнэшнл” ХХК-ийн байранд очин барьцааны гэрээгээ дуусгахаар очсон боловч чөлөөлж өгөөгүй юм. Энэ талаар холбогдох дүүргийн шүүхэд хандсан боловч хаяг нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан. Гэтэл нэхэмжлэгч компани өөрөө намайг шүүхэд өгч миний нэр дээрх байрнаас 12.490.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсаныг анхан шатны хүлээн авч үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй шийдсэн. Миний охин Л.Болор нь гэрээгээ зөрчсөн асуудал байхгүй, барьцааны гэрээний 1.2-т ...суралцагч ... дахин нэг удаа 6 сарын хугацаатай визээ сунгах боломжтой гэсэн ба визээ яаж сунгах талаар гэрээнд тодорхой тусгаагүй учраас өөрөө хөөцөлдөн сунгасан. “Нью Линк Интэрнэшнл” ХХК-д ямар ч хохирол учраагүй, хохирсон гэдэг талаараа нотолж чадаагүй, яг ямар зорилгоор мөнгө авах гээд байгаа нь ойлгомжгүй. Барьцааны гэрээний 2.2т “...суралцагч Англи улсад суралцах гэрээний 3.2 заалтыг биелүүлсэн тохиолдол барьцааны гэрээг цуцалж эд зүйлсийг барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй гэсэн ба Англи улсад суралцах гэрээний 3.2 заалтыг зөрчөөгүй биелүүлсэн. “Нью Линк Интэрнэшнл” ХХК олон жил хаана байгаа нь мэдэгдэхгүй явсаар гэнэт мөнгө нэхсэн нь Иргэний хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Яагаад үнэхээр гэрээг зөрчсөн гэж үзсэн юм бол тухайн үед нь холбогдох байгууллагад хандаж болоогүй юм бэ, гэрээ өөрөө тодорхой бус байгаа юм. Давж заалдах шатны шүүх ...Гэрээнүүдийг зохигчдоос хуулбарлан ирүүлсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрээний талууд гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй харагдахгүй гэсэн байна. Гэтэл тус гэрээг нэхэмжлэгч тал гаргаж өгөхдөө нотариатаар батлуулсан байсан ба эх хувь байсан болоод нотариатаар баталсан гэж үзэж байна. Бидэнд байгаа хуулбар ч яг адилхан гарын үсэг зурагдаагүй хэрэгт байгаа л хувь байгаа. Хэрэг энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд буцлаа гээд дахин гарын үсэг зурагдаж гэрээг засварлах боломжгүй, анхнаасаа л хайнга гэрээ юм.  ...Тэр байтугай миний охиныг Англи улсад очиход компанийг төлөөлөх ямарч хүн тосож аваагүй, маш хэцүү байдалд орж байсан зэрэг нь анхнаасаа зохион байгуулалтгүй ашиг хонжоо олох гэсэн санаатай байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй гэсний хувьд: хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын ...одоог хүртэл барьцаанд байгаа ...гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай лавлагаа байгаа тул заавал хавсаргах шаардлагагүй юм. Иймд ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Н ХХК 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хандан Д.Огаас 5000 ам.доллар буюу 12.490.000 төгрөг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг Н ХХК Д.Отай эсвэл түүний охин Л.Болортой байгуулсан нь тодорхойгүй, гэрээний хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

      Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг  буруутгах үндэслэлгүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

      Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахдаа шаардлагатай гэж үзвэл нотлох баримтын жинхэнэ эхийг гаргуулан авч нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийвэл  зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Хариуцагч Д.О хяналтын журмаар гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1326 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ