Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар    001/ХТ2024/0017

 

 

“Н У и э” ХХК-ийн гомдолтой, Шударга

өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт

холбогдох захиргааны/зөрчлийн

                          хэргийн тухай                       

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   М.Батсуурь  

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа  

Шүүгчид:                      Д.Батбаатар

                                         П.Соёл-Эрдэнэ                                                                        

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж                 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар  сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0748 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0707 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.О, өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, П.Н-Э нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0002361 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Н У и э” ХХК-ийг Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд тогтоолын хавсралтад дурдсан үйлчилгээний чиглэлээр “зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр тогтоосон. Тус компани нь Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс явуулж эхэлсэн байна.

2.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002361 дүгээр шийтгэлийн хуудсаар “Н У и э” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “лоунжийн орлого” болон “сонгон шалгаруулалтын материал борлуулсан үнэ”-ийг хянуулаагүй, зөвшөөрөл аваагүй  зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 258,818 төгрөгөөр торгож, хууль бус орлого 8,627,272 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авсан.

3.Гомдол гаргагчаас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“...“Н У и э” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж Үндэсний хөгжлийн газартай Концессын гэрээ байгуулан ажиллаж байна... Концессын гэрээний 11.4 дэх хэсэг (Орлого)-ийн 11.4.1-д заасны дагуу “концесс эзэмшигч нь Концессын гэрээний хавсралт 2-т заасан “Зохицуулалтгүй төлбөр хураамжийн хувь хэмжээг Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоох” эрхийг олгосон. Концесс эзэмшигч нь “Зохицуулалттай төлбөр, хураамжийн хувь хэмжээнд оруулах аливаа өөрчлөлтийг Концессын гэрээний 26.1 дэх хэсгийн (Нисэх буудлын төлбөр, хураамж) болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ИНЕГ зэрэг холбогдох төрийн эрх бүхий байгууллагаар батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан.

3.2.Хариуцагчаас хууль бус орлого гэж хураахаар шийдвэрлэсэн 8,627,272 төгрөг нь нисэх буудлын үйл ажиллагаа эхлээгүй байх үед буюу 2020 оны 10 дугаар сард түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал худалдан борлуулсан 4,581,818.18 төгрөг болон түрээслэгчээр сонгогдож гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдтэй нэг хүний 50,000 төгрөгийн хураамжтай уулзалт зохион байгуулж олсон 4,045,454.54 төгрөг юм. Уг уулзалтаар түрээслэгч нарт нисэх буудлын үйл ажиллагааны заавар журам зэргийг танилцуулж мэдээлэл хүргэсэн бөгөөд хураасан төлбөрийг уулзалтын ундаа, ус, хоол хүнсэнд зарцуулсан байдаг... Талбай түрээслэгч нарын түрээсийн төлбөрийг албан ёсоор 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцож эхэлсэн. Гэтэл хариуцагч манайхыг өрсөлдөөнд оролцож, монополь үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг буруу хэрэглэсэн. Дээрх сонгон шалгаруулалтын урилга худалдсан үйл ажиллагаа нь нэг удаагийн шинжтэй бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т хамаарахгүй, мөн зохицуулалтгүй бараа бүтээгдэхүүнд хамаарахгүй.

3.3.Манай компаниас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохицуулалтгүй бараа бүтээгдэхүүний үнийг хянуулах хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан, ийнхүү хандсан байтал энэ талаар шийдвэр гаргаж өгөөгүй атлаа шийтгэлийн хуудас ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд нэвтрэн орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байсан аж ахуй эрхлэгчийг монополоор тогтоож, монополоор тогтоогдсон чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй байхад Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэж торгож байгаа нь хуульд нийцэхгүй... 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тус нисэх буудал дээр нэг ч арилжааны нислэг үйлдэгдээгүй... Иймд дээрх хугацааны орлогыг хууль бус орлого гэж үзсэн нь үндэслэлгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэх буудлын үйлчилгээний орлого биш юм... Түүнчлэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас баталсан “зохицуулалтгүй” 12 үйлчилгээний төрөлд хамаарахгүй... Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолд заасан түдгэлзүүлсэн хугацааг хэтрүүлж акт гаргасан нь буруу... Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

4.Хариуцагчаас гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1.“...Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 55 дугаар тогтоолоор даалгасны дагуу шийтгэлийн хуудсыг дахин 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бичиж өгсөн. Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу “Н У и э” ХХК-ийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Тус тогтоолын хавсралтаар тухайн аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг “зохицуулалттай төлбөр хураамжийн төрөл”, “зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрөл” гэж хоёр ангилсан. Шийтгэлийн хуудаст оруулах ёсгүй гэж үзэж байгаа хоёр төлбөр нь 4 дүгээр тогтоолын хавсралтын 2 буюу “зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрөл”-ийн 21-д заасан “Концессын зүйлд хамаарах бусад төлбөр”-т хамаарна. Тендерийн материалын орлого, лоунжийн орлого, пос төхөөрөмжийн түрээсийн орлого, зураг авалтын орлого зэрэг нийт 7 төрлийн орлогууд концессын зүйлд хамаарах бусад төлбөр гэдэг ангилал дотор багтдаг. Иймд тус компанийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хоорондох хугацааг оруулж энэ үед олсон хураамж, лоунжийн хураамжийн орлого 4,045,454 төгрөг, тендерийн материалын орлого 4,581,818 төгрөг, нийтдээ 8,627,272 төгрөгийг хууль бус орлого гэж үзэж хураахаар тооцсон. Энэхүү үнийн дүн өөрсдийнх нь гаргаж өгсөн тооцооллоор тогтоогдсон.

4.2....Уг компани нь зохицуулалтгүй төлбөр хураамжийн орлогод дээрх лоунжийн хураамжийн орлого болон тендерийн материалын орлогыг хамааруулж бүртгэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах хугацаанд ирүүлсэн материалаар тогтоогдсон. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 55 дугаар тогтоолд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу бодит зардалдаа нийцүүлээд үнийн тогтоол, үнийн өөрчлөлтийг манайд хянуулна гэж хуульчилсан. Улсын дээд шүүхээс зөвхөн анхны үнэ, хуучин үнэ, өмнөх үнэ, үнийн өөрчлөлт гэдгийг ялгаж үзэх боломжгүйгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хангуулж байгууллагын анхны үнийг хянах нь зүйтэй гэж дүгнэсэн учраас шүүх дахин дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэж байна. Шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар  сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0748 дугаар шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н У и э” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0002361 дүгээр Шийтгэлийн хуудасны хууль бусаар олсон орлогын 4,045,454.54 (дөрвөн сая дөчин таван мянга дөрвөн зуун тавин дөрөв) төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:  

5.1...Тусгай танхим буюу бизнес лоунжийн орлого нь нислэг үйлдэж эхлэхтэй шууд холбоотой, энгийнээр тайлбарлавал тусгай танхимаар үйлчлүүлэх эрхтэй зорчих тасалбар (бизнес класс) худалдан авсан зорчигчид бизнес лоунжаар үйлчилснээс олсон орлого хамаарахаар байх ба нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлээгүй буюу нислэг үйлдэж эхлээгүй байсан 2020 онд бизнес лоунжийн орлого олно гэсэн ойлголт байхгүй. Уг хураамж нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлүүдийн тусгай танхимын төлбөрт хамаарахгүй байх тул уулзалтын хураамжийн хэмжээг тогтоохдоо хянуулаагүй гэж үзэж гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй тул маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль бусаар олсон орлогын 4,045,454.54 төгрөгт холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ...

5.2.Тендер шалгаруулалтыг сонирхсон этгээдүүдэд тендерийн баримт бичиг, материалыг худалдсаны орлого нь нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх буюу нислэг үйлдэж эхлэхтэй холбоогүй тул тендерийн баримт бичиг, материалыг худалдах үнэ төлбөрийг тогтоохдоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулаагүй гэж хариуцагч үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудасны энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0707 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5, Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг тус тус  баримтлан “Н У и э” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0002361 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

6.1.“Анхан шатны шүүх ...лоунжийн хураамж, уулзалтын хураамжийн үнэ тогтооход зөвшөөрөл аваагүй гэх үндэслэл нь зөрчил биш гэж дүгнэн, шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин маргаан бүхий шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг буруу хэрэглэсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаас үзвэл  ...эрэлт, нийлүүлэлтээс хамаарч үнэ тогтох чөлөөт зах зээлийн зарчим хэрэгжих боломжгүй тул зөвхөн монополь гэж тогтоогдсон зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, түүний өөрчлөлтөд төрөөс хяналт тавьж, хэрэглэгчдийг хохироох, нийгмийн дундаж зардал бага байх боломж алдагдахаас сэргийлэх зорилготой зохицуулалт бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн бүхий л үйл ажиллагааны явцад тогтоосон хураамж, төлбөрийн үнэ, түүний өөрчлөлтийг төрөөс хянах ойлголт биш болох нь харагдаж байна.

6.2.Маргааны тохиолдолд зөрчил гэж үзсэн тусгай танхимын уулзалтын хураамж болон тендерийн материал худалдах үнэ нь монополь байдалтай гэж тогтоогдсон зах зээлд нийлүүлж буй олон улсын “нисэх буудлын үйлчилгээний үнэ”-д хамаарахааргүй. Учир нь “Н У и э” ХХК болон Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр концессын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 16.1.6-д заасан шинэ нисэх буудлын үйлчилгээ явуулах бэлтгэл үе шатанд “түрээслэгчдийг сонгон шалгаруулах” зорилгоор сонирхсон этгээдүүдэд тендерийн баримт бичиг, материалыг худалдах үнэ болон тусгай танхимыг шинэ буудлыг танилцуулах зорилгоор уулзалт хийхэд гарах цай, кофены зардлыг гаргуулсан гэх зөвхөн тухайн уулзалтад оролцох сонирхогч этгээдээс авах төлбөр нь олон улсын нисэх буудлын үйлчилгээг борлуулах үнэд хамаарахгүй, шинэ үйл ажиллагаа эхлэх бэлтгэл үед нэг удаагийн арга хэмжээний төлбөр байна. ...Улсын байцаагч нь дахин шийтгэлийн хуудас гаргахдаа ...Өрсөлдөөний тухай хуулийн дагуу хянуулах үнэд хамаарах олон улсын нислэгийн үйлчилгээ (бараа бүтээгдэхүүн) борлуулж орлого олсон эсэхэд дүгнэлт хийж, мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан эсэхийг тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д нийцээгүй...” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа хяналтын журмаар  гаргасан гомдолдоо:

7.1.“Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 55 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 15-д “Н У и э” ХХК ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьд өөрийн үйл ажиллагааг чөлөөтэй удирдан, үйлчилгээнийхээ үнэ тарифыг тогтоох эрхтэй ч эрхэлж байгаа буюу Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд тодорхой чиглэлээр зүй ёсны монополь байдалтай байгаа тохиолдолд үйл ажиллагаагаа Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцүүлэн төрийн байгууллагын зохицуулалтын хүрээнд явуулах үүрэгтэй” талаар 18, 19, 20, 21, 26, 27, 28-д тодорхой дүгнэсэн байна.

7.2.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 4.2-т “Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ” гэж заасан...”, 4.2.1-д “Үүнээс үзвэл “монополь” байдалтай аж ахуйн нэгж нь тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд буюу тухайн бараа, бүтээгдэхүүн (үйлчилгээ)-ийг нийлүүлэх өөр өрсөлдөгч байхгүйгээс эрэлт, нийлүүлэлтээс хамаарч “үнэ” тогтох чөлөөт зах зээлийн зарчим хэрэгжих боломжгүй тул зөвхөн “монополь” гэж тогтоогдсон зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, түүний өөрчлөлтөд төрөөс хяналт тавьж, хэрэглэгчдийг хохироох (нийгмийн дундаж зардал бага байх боломж алдагдахаас сэргийлэх) зорилготой зохицуулалт бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн бүхий л үйл ажиллагааны явцад тогтоосон хураамж, төлбөрийн үнэ, түүний өөрчлөлтийг төрөөс хянах ойлголт биш болох нь харагдаж байна.” гэж, 4.2.2-т “Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “тухайн бараа бүтээгдэхүүний борлуулах үнэ” гэдгийг аж ахуйн нэгжийн “монополь” гэж тогтоогдсон тухайн зах зээлд борлуулж байгаа тухайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний борлуулах үнэ гэж ойлгохоор байна.” гэж, 5-д “Маргааны тохиолдолд дээрх хуулийн дагуу “тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнэ” гэдэгт “олон улсын нисэх буудлын үйлчилгээ”-ний буюу тухайн үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой тогтоосон үнэ, түүний өөрчлөлт хамаарах тул зөрчил гэж үзсэн тусгай танхимын уулзалтын хураамж болон тендерийн материал худалдах үнэ нь монополь байдалтай гэж тогтоогдсон зах зээлд нийлүүлж буй олон улсын нисэх буудлын үйлчилгээний үнэд хамаарахааргүй...” гэж дүгнэсэн.

7.3.Дээрхээс үзэхэд давж заалдах шатны шүүх нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 55 дугаар тогтоолд тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

8.Гомдол гаргагч “Н У и э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын шатны шүүх хуралдаанд “хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх маргааныг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай  тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

10.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11.Хариуцагч маргаан бүхий акт болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0002361 дүгээр шийтгэлийн хуудсаар “Н У и э” ХХК-ийг “лоунжийн орлого” болон “сонгон шалгаруулалтын материал борлуулсан үнэ”-ийг тогтоохдоо Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хянуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасан “зөрчил гаргасан” гэж буруу дүгнэн, шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

12.Тодруулбал, гомдол гаргагч/нэхэмжлэгч “Н У и э” ХХК нь олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу тус компанийн үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтыг хийх эрхтэй, тухайлбал 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгоно.” Иймд нэхэмжлэгч нь “монополь” байдлаар зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох болон өөрчлөхөд хариуцагч байгууллагаас зөвшөөрөл авах үүрэгтэй.[1]

13.Гэхдээ энэхүү зохицуулалтын хүрээ буюу уг хуулийг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилгоос гадна тухайн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Зохицуулалтгүй төлбөр, хураамжийн төрөл” хэсэгт заасан бараа бүтээгдэхүүн буюу ажил үйлчилгээгээр хязгаарлагдана.

14.Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт нь монополь байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давуу байдлаа шударга бусаар ашиглан бараа бүтээгдэхүүний үнийг хэт өндөр тогтоох, өөрчлөх буюу нэмэгдүүлэхийг хязгаарлах, ингэснээр зах зээлд ноёлох үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зорилготой. Иймд уг зохицуулалтыг хэрэглэх урьдач нөхцөл нь тухайн аж ахуйн нэгж ямар зах зээлд ямар бараа, бүтээгдэхүүний үнийг “монополь” байдлаар тогтоох боломжтой вэ гэдгийг тодорхойлох явдал юм.

15.Нэхэмжлэгчийн тухайд олон улсын “нисэх буудлын үйлчилгээ”-ний зах зээлд “зүй ёсны монополь” байдалтай тул уг үйл ажиллагаатай холбоотой бараа, бүтээгдэхүүний үнийг тогтоох болон өөрчлөхөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авах үүрэгтэй гэж үзнэ. Үүнийг тус газрын 2020 оны 04 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Зохицуулалтгүй төлбөр, хураамжийн төрөл” гэсэн хэсгээс харж болно. Хавсралтад заасан газрын цахилгаан тэжээлийн түрээсийн төлбөр, хамгаалалтын үйлчилгээний төлбөр, зорчигчтой агаарын хөлөг сумалгааны төлбөр, агаарын хөлөг чирэх үйлчилгээний төлбөр зэрэг нийт 21 төрлийн төлбөр хураамж нь “нисэх буудлын үйлчилгээ”-тэй холбоотой, байнгын (орлого олох) шинжтэй ажил, үйлчилгээ байна. Энэ утгаараа тус хавсралтын 8-д заасан “Тусгай танхимын үйлчилгээний төлбөр” болон 21-д заасан “Концессын зүйлд хамаарах бусад төлбөр” гэдэгт мөн шинжийг агуулсан бараа, бүтээгдэхүүн буюу ажил үйлчилгээ хамаарах учиртай.

16.Гэтэл хариуцагч нь нисэх буудлын бэлтгэл ажлын хүрээнд түрээслэгч нартай хийсэн нэг удаагийн уулзалтын хураамжийн орлогыг (“лоунжийн орлого”) “Тусгай танхимын үйлчилгээний төлбөр”-т хамааруулж, гомдол гаргагчийг уг үнийг тогтоохдоо “зөвшөөрөл аваагүй зөрчил гаргасан” гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, “тусгай танхим”-ын үйлчилгээ (VIP) нь нисэх буудлын үйлчилгээний нэг хэсэг гэдэг утгаараа түүгээр үйлчлүүлэх иргэд/зорчигчдын төлөх төлбөрийн хэмжээг тогтоох юм уу өөрчлөхөд хариуцагч байгууллагаас зөвшөөрөл авахаас бус тус танхимд зохион байгуулагдсан нэг удаагийн шинжтэй уулзалт, үйл ажиллагааны хураамж болгоны үнийн талаар зөвшөөрөл авах тухай зохицуулалт биш, энэ нь хуулийн зорилгод нийцэхгүй.

17.Мөн нисэх буудлын барилгад (зорчигч терминалын хэсэгт) худалдаа, үйлчилгээ эрхлэх түрээслэгчдийг сонгон шалгаруулах зорилгоор сонирхсон этгээдүүдэд “тендерийн баримт бичиг, материалыг худалдах үнэ” нь нисэх буудлын үйлчилгээний зах зээлд хэрэглэгч/үйлчлүүлэгч нарт санал болгож буй бараа, бүтээгдэхүүний (ажил үйлчилгээний) үнэ биш тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авах шаардлагагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

18.Анхан шатны шүүх “...(нэхэмжлэгч өөрөө) концессын зүйлд хамаарах аливаа бусад төлбөр хураамж гэсэн хэсэгт тендерийн материалын орлогыг хамааруулан бичсэний дагуу хариуцагч шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, уг орлого нь нисэх буудлын үйл ажиллагаа эхлэх буюу нислэг үйлдэж эхлэхтэй холбоогүй тул... үнэ тогтоохдоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулаагүй нь зөрчилд тооцогдоно...” гэж дүгнэн маргаан бүхий актын холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-ийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

19.Дээр дүгнэсэнчлэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 04 дүгээр тогтоолын Хавсралтаар батлагдсан “Зохицуулалтгүй төлбөр, хураамжийн төрөл” хэсгийн 21-д заасан “Концессын зүйлд хамаарах бусад төлбөр” гэдэгт мөн л нисэх буудлын үйлчилгээтэй холбоотой, байнгын шинжтэй бараа, бүтээгдэхүүн (ажил үйлчилгээ)-ий үнэ хамаарна.

20.Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэхүү маргааны үйл баримт, хууль хэрэглээний тайлбар нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 55 дугаар тогтоолоос ялгаатай талаар үндэслэл бүхий дүгнэсэн байх тул “шүүхүүд Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг зөрчсөн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

21.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0707 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.БАТСУУРЬ

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА

                 ШҮҮГЧИД                                                          Д.БАТБААТАР  

                                                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                           Г.БАНЗРАГЧ 

 

[1]Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “үнийн өөрчлөлт” гэдэгт зөвхөн үнийн өөрчлөлт бус харин “үнэ, түүний өөрчлөлт” хамаарах талаар Улсын дээд шүүхийн (захиргаа) 2022 оны 55 дугаар тогтоолд нэг мөр тайлбарласан.