Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02000

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/02000

 

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03175 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Ат холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 145,686,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цолмон, Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай ББСБ нь Ц.Атэй 2021 оны 12 сарын 03-ны өдөр 21/2040 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 100,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2,9 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн 2021 оны 12 сарын 03-ны өдөр 21/4036 дугаар Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, тус гэрээгээр Ц.Аийн өмчлөлийн ***** тоот хаягт байрлах Ү-***** улсын бүртгэлийн дугаартай, ***** тоот гэрчилгээтэй, 206 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.2. 21/2040 дугаар Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 06-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байх тул Ц.Аээс үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 42,768,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,899,333 төгрөг мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 18,000 төгрөг нийт 145,686,000 төгрөг гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд ***** тоот хаягт байрлах Ү-***** улсын бүртгэлийн дугаартай, ***** тоот гэрчилгээтэй, 206 м.кв бүхий 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг зээлсэн асуудлаар маргахгүй боловч зээлийн тооцоолол болон буцаан төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

Мөн зээлийн тооцооллыг хэрхэн яаж тооцож нэхэмжилсэн нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар 2021 оны 12 сарын 03-ны өдрийн №21/2040 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт хариуцагч Ц.Аээс 145,686,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.А нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ***** тоот хаягт байрлах, 206 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, Ц.А/РД: ххх/-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /812,719.99+70,200+231,611/ 1,114,530.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Аээс 1,114,530.99 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч нь ... нийт 145,686,000 төгрөгийг нэхэмжилсэн нь зээлийн төлбөрийн тооцооллын хуудас зэргээр нотлогдсон, хариуцагч нь тухайн зээлийн болон хүү тооцсон аргачлалд маргасан боловч тухайн зээлийн гэрээний дагуу шаардаж буй зээлийн үндсэн хүү, болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд зөрчил илрээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 24 сарын хугацаатай байсан буюу 2023 оны 12 сарын 06-ны өдөр дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелүүлээгүй байх тул Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүнээс гадна хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй юм. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.8-д Зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх, өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдсон аливаа зардлыг төлөхөөр гэрээгээр тохирсон, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэснээр шүүхэд хандахад өөрөөс гарсан зардал болох 18,000 төгрөгийг баримтад үндэслэн шаардсаныг хариуцах үндэслэлтэй гэж үзэв.... гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүү 2,455,334 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.2. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцоолол нь үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй бөгөөд нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаанаас, ямар үнийн дүнгээс хэрхэн яаж тооцсон нь ойлгомжгүй байна.

4.3. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гаргаж өгөөгүй, нэмэгдүүлсэн хүүг хэдэн төгрөгөөс, хэдий хугацаанаас эхлэн тооцсон эсэх, хариуцагчийн төлсөн төлөлтийг хасч тооцсон эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр зээлийн хүүгийн тооцоолол гэх хүснэгтийг гаргаж өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр уг тооцоололтой анх танилцсан.

4.4. Талууд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаантай, нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтыг хариуцагч талаас няцааж мэтгэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эргэлзээтэй, ойлгомжгүй тооцооллыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт өгч чадаагүй, эрх тэгш мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03175 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүү 2,455,334 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс нэмэгдүүлсэн хүүг тооцсон бөгөөд нэмэгдүүлсэн хүүг санхүүгийн программ дээр хэрхэн боддог аргачлалын талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Зээлийн тооцооллын хүснэгтийг шүүх хуралдаанаас өмнө нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн, хариуцагч талаас хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан байдаг. Талууд эвлэрэн хэлэлцэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагч талаас санхүүгийн программд хэрхэн нэмэгдүүлсэн хүүг боддог аргачлалын талаар өөрсдөө харсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 145,686,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 12 сарын 03-ны өдөр 21/2040 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 100,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлдүүлэх, Ц.А нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-11-12/

 

Мөн өдөр талууд 21/04036 дугаар Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Аийн өмчлөлийн ***** тоот хаягт байрлалтай 206 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх-13-15/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5. Зээлдүүлэгч нь 2021 оны 12 сарын 06-ны өдөр 100,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна. /хх-16/

 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоос үзвэл зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтөд зээлийн хүүнд 44,000,000 төгрөгийг төлсөн, зээлдэгч нь 2022 оны 01 сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч байгууллага нь харуицагчаас үндсэн зээл 100,000,0000 төгрөг, зээлийн хүү 42,768,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,899,333 төгрөг, нийт 145,668,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

6. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 145,668,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

7. Хариуцагч талын нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эргэлзээтэй, ойлгомжгүй тооцооллыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэтэрсэн хугацааны хүү 2,455,334 төгрөгийг төлөхгүй ... гэсэн гомдлыг хангахгүй.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний 2.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрээгүй, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол тодорхой байх тул нэмэгдүүлсэн хүү 2,455,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.А

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР