Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

   2019           3           07                                             289         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Х.Наранзул, Ж.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Ө.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Ө.Цацал-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803010160041 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ангит тэмээчин овогт Өнөрсайханы Ц /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэссо” ХХК-ийн баруун замд Б.Баярболдын эзэмшлийн Тоёота Приус маркийн 60- 49 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Наранбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаа тараад төв зам руу нийлэх замд явцад эргэтэл хүн харагдсан. Би тулаад зогссон. “Зүгээр үү” гээд компанийн хамгаалалтын ажилтнаас тусламж гуйсан. Би өөрөө 103 дуудсан. 1.300.000 гаруй төгрөг өгсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа. Баримтаар гарсан зардлыг төлнө. Манай гэрийнхэн эмнэлэг дээр очиж эргэж байсан. Ах нь намайг элдвээр хэлэхээр нь айгаад очоогүй. Санамсар болгоомжгүйгээс болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Ялыг минь хөнгөлж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Маш их гомдолтой байна. Эм, тарианы мөнгө хэрэгтэй байна. Манай нөхөр эрүүл мэндээрээ хохирсон, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Ажил хийх чадваргүй болсон. Би өөрийн 2 сарын цалин, өмгөөлөгчийн зардал гээд 9.700.000 төгрөг нэхэмжилж байна. Манайх 5-8 насны 2 хүүхэдтэй. Шүүгдэгчээс 1.370.000 төгрөг төлсөн. Эм, тариа авч өгч байсан. Хохирлоо төлүүлэхийг хүсэж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

 

Эрүүгийн 1803010160041 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Наранбатын: “2018 оны 12 дугаар сарын 05-ны орой хүүхдээ цэцэрлэгээс хүү Чингүүнийг аваад гэр лүүгээ “Тэсо” ХХК-ийн баруун талын замаар явж байтал намайг машин мөргөсөн. Би тухайн үед ухаан алдсан, бас юу болсныг мэдэхгүй байна. Хоёр хөл алхахаар өвддөг, найгаад уначих гээд байдаг. Зүүн гар мэдрэмжгүй, ганцаараа явахаар толгой эргээд уначих гээд нүд харанхуйлдаг. ...Цаашид эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нын: “2018 оны 12 дугаар 05-ны өдөр 19 цагийн үед харихад эзэнгүй байсан. Нөхөр лүүгээ залгахад утсаа аваагүй. Том хүүхдээ очиж авчихаад нөхөр лүүгээ дахин залгахад цагдаа аваад “нөхөр чинь осолд орчихсон байна” гэж хэлсэн. ...Одоо гарсан эмчилгээний зардал цаашид гарах зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.17-ны өдрийн 93 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Наранбатын биед баруун дагз яс, суурь ясны шугаман хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнд эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэжээ /хх-36/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.01.23-ны өдрийн 261 дүгээр дүгнэлтэд: “1. Б.Наранбат нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. 2. Б.Наранбатын дээрх өвчин нь 2018.12.05-ны өдөр буюу зам тээврийн осол болсон өдрөөс эхэлсэн байна. 3. Уг өвчин нь авто ослын улмаас үүссэн сэтгэцийн олдмол эмгэг болно. 4. Б.Наранбатын уг өвчин нь бүрэн эмчлэгдэх эсэх нь цаашид дэглэм, эмчилгээ, эмчийн хяналтаас шалтгаалдаг болно. 5. Б.Наранбат нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 6. Б.Наранбат нь урьд өмнө нь эмнэлгийн хяналтанд байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Харин авто машины осолд орсноос хойш гэмтэл болон мэдрэлийн эмчийн хяналтанд байгаа гэх амбулаториор эмчлүүлэгчдийн карт байна” гэжээ /хх-71-75/,

Иргэний хариуцагч Б.Баярболдын: “Т.Приус-11 маркийн 60-49 УНД улсын дугаартай автомашин миний өөрийн машин. Ерөнхийдөө эхнэр Ө.Цацрал-Эрдэнэ бид хоёр ээлжлэн унадаг. Би нэрийг нь шилжүүлж өгөөгүй байгаа. ...Бодит учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч М.Отгонбаатарын: “Би тухайн үед ажил дээрээ харуул хамгаалагч хийж байсан. 18 цагийн үед хоолонд яваад ирж байсан чинь жолооч эмэгтэй “надад туслаарай” гээд уйлчихсан урдаас хүрээд ирсэн. “Яасан бэ” гэтэл “би хүн мөргөчихлөө” гэсэн. Машиныг нь харсан авто угаалгын залуучууд хүнийг нь өргөөд босгох гэтэл боломжгүй байсан. Гаднаас нь харахад архи үнэртэж байсан. Мөн толгой нь цустай байсан. Тэгээд би 103 болон 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-33/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.01.11-ний өдрийн 28 дугаар дүгнэлтэд: “1. T.Prius маркийн 60-49 УНД улсын дугаарын автомашиныг жолоодож явсан Ө.Цацрал-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Наранбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэжээ /хх-88/,

Шүүгдэгч Ө.Цацрал-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би нөхөр Б.Баярболдын эзэмшлийн Т.Приус маркийн 60-49 УНД дугаарын автомашиныг жолоодон 2 настай охин Үйзэнмаагийн хамт 18 цаг өнгөрч байхад ажлынхаа хашаанаас дөнгөж гараад замд нийлэх гэж байхдаа урдаас ирж байсан нэг машиныг өнгөрөөгөөд замд нийлэхдээ явган зорчигч Б.Наранбатыг мөргөж зам тээврийн осол гаргасан. ...Осол гарах үед үзэгдэх орчин харанхуй, хязгаарлагдмал байсан. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-103-104/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-10/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, гэрч Б.Мөнхзулын мэдүүлэг /хх-30/, гэрч Г.Амарсанаагийн мэдүүлэг /хх-31/, шинжээчийн 12941 дүгээр дүгнэлт /хх-69/, оношилгооны төлбөр төлсөн баримт /хх-79/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 9 дүгээр дүгнэлт /хх-80-86/, шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /хх-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-116/, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын албан бичиг /хх-118, 119/, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан бичиг /хх-120, 125/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-126, 145/, иргэний нэхэмжлэл, хохирлын баримтууд /хх-127, 128-150/, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-154/, яллах дүгнэлтийн хавсралт /хх-158/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн хохирогчийн иргэний нэхэмжлэл, түүнтэй холбоотой хохирлын нийт 25 хуудас баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин хэрэгт авагдсан шүүгдэгч Ө.Цацал-Эрдэнийн 2018.12.27-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-29/-ийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах, хохиролд 9.731.639 төгрөг гаргуулах саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа “Шүүгдэгч гэм буруутай. Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөн. Хохирогчийн буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Нэг ч төгрөг төлөөгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасныг анхаарна уу...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч Х.Наранзул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хохирогчийн буруутай үйлдлийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа. Хохирогч үүргээ биелүүлээгүй, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд гарчихсан бол ийм асуудал болохгүй байсан. Хохирогч, түүний цалинтай холбоотой мөн цалинтай чөлөө авсантай холбоотой нотлох баримтууд авагдаагүй байна. Өмгөөлөгчийн хөлс төлөгдөх зардал биш. Хохирлын баримтууд хуулийн шаардлага хангаагүй, мөн нотлогдохгүй байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Тэсо” ХХК-ийн баруун замд иргэн Б.Баярболдын эзэмшлийн Тоёота Приус маркийн 60-49 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Наранбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Наранбатын “...”Тэсо” ХХК-ийн баруун талын замаар явж байтал намайг машин мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-18-19/, шүүх эмнэлгийн 93 дугаар “1.Б.Наранбатын биед баруун дагз яс, суурь ясны шугаман хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнд эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугаланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-36/, шүүх сэтгэц эмгэг судлалын 261 дүгээр “1.Б.Наранбат нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. 2.Б.Наранбатын дээрх өвчин нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу зам тээврийн осол болсон өдрөөс эхэлсэн байна. 3.Уг өвчин нь авто ослын улмаас үүссэн сэтгэцийн олдмол эмгэг болно. 5. Б.Наранбат нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх-71-75/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нын “...нөхөр лүүгээ залгахад цагдаа утсыг нь аваад “нөхөр чинь осолд орчихсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23/, гэрч М.Отгонбаатарын “...жолооч эмэгтэй “надад туслаарай” гээд уйлчихсан урдаас хүрээд ирсэн. ...“би хүн мөргөчихлөө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-33/, Тээврийн цагдаагийн албаны 28 дугаар дүгнэлт /хх-88/, шүүгдэгч Ө.Цацрал-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...ажлынхаа хашаанаас гараад замд нийлэх үедээ явган зорчигч Б.Наранбатыг мөргөж зам тээврийн осол гаргасан...” /хх-103-104/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Цацал-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс явган зорчигч Б.Наранбатыг мөргөж хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.01.11-ний өдрийн 28 дугаар дүгнэлтэд “...2. Явган зорчигч Б.Наранбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэсэн тул явган зорчигч буюу хохирогч Б.Наранбатыг үүргээ биелүүлээгүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал дээрх шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч Б.Наранбатыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэсэн боловч уг дүрмийн 5 дугаар бүлэгт болон 5.12-т заасан явган зорчигчид хориглосон заалтын аль хэсгийг хэрхэн зөрчсөн талаар тодорхойгүй, ойлгомжгүй байх тул үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн 28 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтыг дээрх үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа тул шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлаагүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Наранбатын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Д.Наас “Ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс, эмчилгээний зардалд нийт 9.731.639 төгрөг нэхэмжилнэ” гэснээс шүүх хэрэгт авагдсан баримтуудаар эмчилгээнд 2.111.098 төгрөг, хууль ёсны төлөөлөгчийн 2 сарын цалин 2.306.000 төгрөг буюу нийт 4.417.098 төгрөг тогтоогдсон гэж үзлээ. Үүнээс шүүгдэгчийн бэлэн өгсөн гэх 200.000 төгрөгийг хасч, үлдэх 4.217.098 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд бүрэн төлж барагдуулжээ.  Иймд шүүгдэгч Ө.Цацал-Эрдэнийг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой, мөн хохирогч Б.Наранбатын цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ө.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилээр хасаж, 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа “Хохирол төлөгдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг анхаарна уу. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломжтой. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Ял шийтгэлийн талаар мэдэхгүй” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,  1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүйгээр үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байгаа, нотлох баримт бүхий хохирол төлөгдсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эмэгтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, 2 настай хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Ө.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүүхэдтэй болох нь төрсний бүртгэлийн лавлагаа /хх-154/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно...” гэж заасныг баримтлан түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Цд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь зүйтэй гэж шүүх үзэв.    

Шүүгдэгч Ө.Цацал-Эрдэнийн жолоочийн В ангиллын 680450 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Цацал-Эрдэнийн урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ангит тэмээчин овогт Өнөрсайханы Цацал-Эрдэнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ө.Цацал-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Цд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч Ө.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Ө.Цацал-Эрдэнийн жолоочийн В ангиллын 680450 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь цаашид гарах эмчилгээтэй болон хохирогч Д.Наранбатын цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нын өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цд 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Л.БААТАР