Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2016/00769

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр              Дугаар 181/ШШ2016/00769          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                       

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байр, 39 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, ОЮ:84081501 тоот регистрийн дугаартай Их тугтан овогт Ончигийн Одонтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-23, UBH центр 1509 тоотод байрлах, 5574765 тоот регистрийн дугаартай Юу би эйч проперти ХХК-д холбогдох

 

Хохирол 541.024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Одонтуяа, хариуцагч Юу би эйч проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Одонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Одонтуяа миний бие 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Юу би эйч проперти ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд зааснаас 5.26 м.кв талбай дутуу олгосны хохиролд нийт 11.900.524 төгрөг нэхэмжилж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Улмаар шүүх хуралдааны явцад хоёр тал хэлэлцэн тохирч миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 4.815.183 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Юу би эйч проперти ХХК 7.085.341 төгрөгийг 2015 ны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн боловч сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Гэвч тус компани хэлэлцэж тохирсон ёсоор төлбөрөө төлөхгүй, шүүхийн шийдвэрийг эс тоож, хууран мэхлэх хувь хүний итгэлээр тоглох ажиллагаа үргэлжилсээр байсан тул арга буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр НШГА-д хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 22-нд мөнгөө авсан. Би холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албатай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд заасан ёсоор шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн 7.5% буюу 541.024 төгрөгийг төлбөрт авсан мөнгөнөөсөө суутгуулсан.

 

 

Хариуцагч тал хугацаа зааж, мөнгийг чинь төлнө гэж худлаа амлалт өгөөгүй бол би эвлэрлийн гэрээ байгуулж 4.185.183 төгрөгнөөс татгалзахгүй байх байсан. Хариуцагчийн буруугаас болсон тул Юу би эйч проперти ХХК-иас 541.024 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Юу би эйч проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Одонтуяа нь манай компанид холбогдуулан орон сууцны талбайн хэмжээн зөрүү төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаж, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр талууд эвлэрч, О.Одонтуяа 4.85.183 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, манай компани 7.085.341 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр болж шүүгчийн захирамж гарсан. 2016 оны 04 дүгээр сарын 21-нд 3.702,36 ам доллар буюу Улаанбаатар хотын банкны бэлэн бус гүйлгээний ханшаар 7.293.649 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2617001560 тоот дансанд шилжүүлсэн. Үүгээр бид О.Одонтуяад үндсэн төлбөрт 7.085.341 төгрөг, улсын тэмдгийн хураамжид 128.315 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 79.993 төгрөгийг тус тус шилжүүлж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Манай компанид түүний мөнгийг зориуд өгөхгүй, хугацаа авах гэсэн санаа байгаагүй. Эвлэрлийн гэрээ байгуулж, бүрэн төлөх чин хүсэлтэй байсан. Бидний хувьд арилжааны хоёр ч банкинд 70.0 орчим тэрбум төгрөгийн зээлтэй, улс орон даяар үүссэн эдийн засгийн хямрал, орон сууц борлогдохгүй байгаа зэргээс шалтгаалан одоо болтол зээлээ төлж чадахгүй, ажилчдын цалинг ч 4 сар тавьж чадахгүй байна. Мөнгө ормогц банк зээлэндээ татчихдаг, дансанд юу ч үлдээдэггүй байсан, энэ учир шалтгаанаа О.Одонтуяад хэлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулна”, 83.2-т “Энэ хуулийн 83.1-т заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан. Дээрх хуулийн заалтын дагуу О.Одонтуяа өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргаж, тухайн байгууллагын хууль, журамд заасны дагуу авах урамшууллын хувь хэмжээг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулж, гэрээний дагуу хөлсөө төлсөн нь түүний өөрийн асуудал, манай компанид огт хамаагүй бөгөөд биднээс энэхүү төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Одонтуяа хариуцагч Юу би эйч проперти ХХК-д холбогдуулан хохиролд 541.024 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Учир нь: О.Одонтуяа Юу би эйч проперти ХХК-ийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээ байгуулж, хариуцагчаас авах төлбөрөөсөө урамшууллын мөнгийг суутгуулж хохирсон гэх үндэслэлээр хохиролд 541.024 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Юу би эйч проперти ХХК эс зөвшөөрч маргаж байна.

 

О.Одонтуяа нь 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Юу би эйч проперти ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхонд 62.56 м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв-ыг 1.880.000 төгрөгөөр тооцож 117.612.800 төгрөгийг гэрээний дагуу төлсөн боловч гүйцэтгэгч Юу би эйч проперти ХХК орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд зааснаас 5.26 м.кв талбайтай орон сууц шилжүүлснээс талуудын хооронд маргаан гарч О.Одонтуяа Юу би эйч проперти ХХК-д холбогдуулан хохиролд 11.900.524 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8208 дугаар шүүгчийн захирамжаар талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч О.Одонтуяа нэхэмжлэлийн шаардлага 11.900.524 төгрөгнөөс 4.085.183 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч  Юу би эйч проперти ХХК 7.085.341 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохирчээ.

 

Хариуцагч Юу би эйч проперти ХХК тохирсон ёсоор 7.085.341 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөөгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас О.Одонтуяа нь албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээ байгуулж, төлбөрийн үнийн дүнгийн 7.5 хувиар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалыг төлөхөөр тохиролцож нийт 541.024 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлсэн тухай баримт, харилцагчийн дансны хуулгын баримт зэргээр тогтоогдож байна.  

 

Хариуцагч Юу би эйч проперти ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгч буюу төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх албанд 541.024  төгрөгийг төлсөн нь хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохирлоо шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Юу би эйч проперти ХХК-иас 541.024 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Одонтуяад олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь: