| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/02040/И |
| Дугаар | 210/МА2024/01962 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/01962
2024 оны 11 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/01962
Л ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/03330 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,673,501,139.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэннасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Л ХХК нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр NM-А2230(БГ/2206) дугаар бүхий Дизель түлш худалдах худалдан авах гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, улмаар 2023 оны 04 сарын 26-ны өдрийг дуустал нийт 15,515,237,823.72 төгрөгийн 3,312,060 литр дизель түлш нийлүүлсэн.
1.2. Мөн талууд 2023 оны 10 сарын 02-ны өдөр LE-NM-2023/09 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-г шинээр байгуулж, тус гэрээний дагуу манай компани нь Б аймгийн О суманд байрлах Ц уурхайд MNS216:2006 стандартад нийцсэн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон.
1.3. Худалдагч нь NМ-А2230(БГ/2206) дугаар гэрээнд заасан үүргээ биелүүлж нийт 6,214,918,800 төгрөгийн 1,823,430 литр дизель түлш нийлүүлсэн боловч худалдан авагч нь гэрээнд заасны дагуу шатахууныг нийлүүлснээс хойш 60 хоногийн дотор, LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу шатахууныг нийлүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй хойшлуулсаар байна.
1.4. 2023 оны 10 сарын 04-ний өдөр талууд тооцоо нийлсэн ба тухайн өдрийн байдлаар 2022 оны 04 сарын 22-ны өдрийн NМ-А2230(БГ/2206) дугаартай гэрээний дагуу дизель түлшний үлдэгдэл төлбөр 2,787,212,963.60 төгрөг, алданги 1,736,675,488 төгрөг, нийт 4,523,888,451 төгрөг, харин LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр нь 1,131,670,379.90 төгрөг, нийтдээ 5,655,558,831.25 төгрөг байсан. Тооцоо нийлснээс хойш хариуцагч 2,316,977,160 төгрөгийн төлбөрийг төлж 5,013,515,522 төгрөгийг үлдэгдэлтэй байна.
1.5. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 400,014,382 төгрөгөөр багасгаж, 4,673,501,139.78 төгрөгийг хариуцагч Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Манай компани нэхэмжлэгчтэй 2022 оны 04 сарын 22-ны өдөр NM-A2230(br/2206) дугаар Дизель түлш нийлүүлэх гэрээ-г 1 жилийн хугацаагаар байгуулсан.
2.2. Талууд 2023 оны 10 сарын 04-ний өдрийн байдлаар 2,787,212,963.60 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Түүнчлэн акт үйлдэхдээ А2230(БГ/2206) тоот гэрээний алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөг байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг зөрчсөн. Тодруулбал, NM-А2230(БГ/2206) тоот гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,787,212,963.60 төгрөг байх ба алданги үндсэн үүргийн 50 хувь болох 1,393,606,481.8 төгрөгөөс хэтэрч болохгүй байхад талууд 1,736,675,488 төгрөгөөр алдангийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг илтэд зөрчсөн тул алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөгөөр тогтоосон хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Нэхэмжлэгчээс 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 03-ны өдрийн хооронд авсан шатахууны LE-NM-2023/09 тоот гэрээг 2023 оны 10 сарын 02-ны өдөр нөхөн байгуулсан ба 2023 оны 10 сарын 04-ний өдрийн байдлаар нийт 1,131,670,379.90 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо мөн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.
2.4. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлийн зарим хэсгийг өөрчилж, ... LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр 1,131,670,379.90 төгрөг, алданги 400,611,314.48 төгрөг, нийт 1,532,281,694.38 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.5. Учир нь 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн талуудын хооронд бараа болон бүтээгдэхүүн худалдан авах үйл явц эхэлж, 2023 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилсэн ба бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, 2023 оны 10 сарын 02-ны өдөр бараа болон бүтээгдэхүүн худалдан авах LЕ-NМ-2023/09 тоот гэрээг нөхөн байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүйн дээр тооцоо нийлсэн актаар тухайн гэрээнд алданги төлөхөөр харилцан тохироогүй.
2.6. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 10 сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актын үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой хэсэг нь хүчинтэй үлдэх тул хариуцагч нь А2230(БГ/2206) тоот гэрээний төлбөрт 2,787,212,963.60 төгрөг, LE-NM-2023/09 тоот гэрээний төлбөрт 1,131,670,379.90 төгрөг буюу нийт 3,918,883,343.5 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгчид Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т зааснаар уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрх үүснэ.
2.7. Манай компани нэхэмжлэгчийн шаардах эрх бүхий 3,918,883,343.5 төгрөг, сүүлд худалдан авсан түлшний үнэ 1,277,377,160 төгрөг, нийт 5,196,260,503.5 төгрөгийг төлөхөөс тооцоо нийлсний дараа төлсөн 2,316,977,160 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,879,283,343.5 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэлийн үндэслэл өөрчилж, багасгасан шаардлагаас үлдэх 1,794,217,796.28 төгрөгт холбогдох хэсэг нь илт үндэслэлгүй тул холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас 4,673,501,139.78 төгрөгийг гаргуулж, Л ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,225,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 23,525,455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийн зүгээс Л ХХК-аас 2022 оны 04 сарын 22-ны өдрийн NM-А2230(БГ/2206) дугаар Дизель түлш худалдах худалдан авах гэрээ-ний дагуу болон 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд бичгийн гэрээгүйгээр дизель түлш худалдан авсан гэдэгт, мөн 2023 оны 10 сарын 04-ний өдөр байгуулсан тооцоо нийлсэн актаар баталгаажсан NМ-А2230(БГ/2206) дугаар бүхий гэрээний үлдэгдэл төлбөр 2,787,212,963.60 төгрөг, 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан дизель түлштэй холбоотойгоор хожим нөхөн байгуулсан LE-NM-2023/09 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 1,131,670,379.90 төгрөг гэдэгт маргадаггүй.
4.2. Харин тооцоо нийлсэн актад алдангийг буруу тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг илт зөрчсөн байх тул алдангийн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой хэсгийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т заасны дагуу шаардах эрхтэй.
4.3. Түүнчлэн хариуцагч нь нийт 3,918,883,343.5 төгрөгийг төлөх үүрэгтэй ба талууд харилцан тохиролцож, хөрөнгө оруулалт 2024 оны 05 сараас эхлэн орж эхэлснээр төлбөр гүйцэтгэх манай саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн хугацааг хойшлуулснаар нэхэмжлэгч нь мөн хугацаанаас өмнөх хугацаанд анз шаардах эрхгүй гэх үндэслэлүүдээр алдангийг эс зөвшөөрч маргасан.
4.4. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 08 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлийн зарим хэсгийг өөрчлөхдөө ... LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр 1,131,670,379.90 төгрөг, алданги 400,611,314.48 төгрөг, нийт 1,532,281,694.38 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж алданги нэмж тооцсон.
4.5. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 сарын 04-ний өдрийн тооцоо нийлэх акт нь хавтаст хэргийн 21 дүгээр талд нотлох баримтаар авагдсан бөгөөд уг актыг үзвэл талууд тухайн гэрээнд алданги төлөхөөр харилцан тохиролцоогүй гэдгийг, тооцоо нийлсэн акт үйлдсэнийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан Тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзэн алданги шаардах эрхгүй гэдгийг, мөн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн LE-NM-2023/09 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ хожим нөхөн байгуулагдсан гэдгийг хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан худалдан авалтын тооцооны актаас харж болно. Энэ гэрээний худалдан авалтын үйл явц 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс эхэлж, 2023 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилсэн ба бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. LE-NM-2023/09 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ нь хожим нөхөн байгуулагдсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангаагүй болохыг тус тус шүүх анхаарч үзсэнгүй.
4.6. Уг маргаанд хариуцагч талаас төлбөр төлсөн талаарх бүхий л баримтаа шүүхэд гаргаж, нэхэмжлэгчид нийт 2,370,337,160 төгрөг төлсөн болохоо баримтаар нотолсоор байтал анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас амаар гаргасан тайлбараар хариуцагчийн бичгийн нотлох баримтыг үгүйсгэсэн нь нотлох баримтыг үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил болсон.
4.7. Манай компани нь 2023 оны 12 сард багтаан хөрөнгө оруулалт татаж, орж ирсэн санхүүжилтээр компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үүссэн өр төлбөрийг барагдуулах зэрэг олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч өөр өөр улсад оршин байгаа олон тооны хөрөнгө оруулагч нараас хамтын шийдвэр гаргахад багагүй хугацаа шаардагдсанаас бидний төлөвлөсөн хугацаанд хөрөнгө оруулалт шийдвэрлэгдээгүй нь өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэсэн.
4.8. Бид энэ тухайгаа нэхэмжлэгч Л ХХК-д удаа дараа тайлбарлаж байсан бөгөөд уг үүсээд буй асуудалтай холбоотойгоор талууд 2024 оны 01 сарын 10-ны өдөр уулзаж, 2024 оны 01 сард 500,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд, төлбөр төлж эхлэх хугацааг 2024 оны 05 cap хүртэл сунгахаар тохиролцсон. Үүнийг нотлох зорилгоор хариуцагч нь шүүхэд Н ГХОХХК-аас Л ХХК-д хүргүүлсэн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Санал хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 01 сарын 10-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 11-ний өдөр 400,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн. /ХХ-ийн 45-48 тал/
4.9. Мөн хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор Л ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал н.Э тай гар утсаар харилцсан зурвас болон цахим шуудангаар харилцсан зурвасуудыг хуулбараар гарган өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу үзлэг хийлгэж, нотлох баримтаар бэхжүүлүүлэхээр хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс энэхүү хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн.
4.10. Уг баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэгдэж авагдсан тохиолдолд Л ХХК нь төлбөр төлж эхлэх хугацааг 2024 оны 05 cap хүртэл хойшлуулсан гэдэг нь нотлогдохоос гадна нэхэмжлэгч нь мөн хугацаанаас өмнөх хугацаанд анз шаардах эрхгүй буюу хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байсан гэдэг нь нотлогдох байсан боловч анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлаа нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг ноцтой зөрчиж, хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгоод зогсохгүй энэхүү татгалзалд үндэслэл бүхий ямар ч дүгнэлт хийлгүйгээр төлбөр төлөх хугацааг 2024 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн үндэслэлээр 2 гэрээний алдангид нийт 1,794,217,796.28 төгрөгийг тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
4.11. Ийнхүү шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэснээрээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.4, 222 дугаар зүйлийн 222.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдийн зохицуулалтуудыг уг маргаанд зөв тайлбарлан хэрэглэх үндэслэлийг үгүйсгэж, хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.
4.12. Хариуцагчийн зүгээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран оролцож байгууллагынхаа эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2024 оны 08 сарын 21-ний өдөр хууль зүйн туслалцаа авах гэрээг өмгөөлөгч Г.Д тай байгуулсан. Өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан даруйдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн материалтай танилцан шаардлагатай баримт материалыг байгууллагаас шаардан авч нэмэлт хариу тайлбар бэлтгэн нотлох баримтын хамт шүүхэд гарган өгсөн.
4.13. Мөн өмгөөлөгч Г.Д нь 2024 оны ээлжийн амралтаа биечлэн эдэлж амжаагүй байсан тул 2024 оны 09 сарын 02-ны өдрөөс эхлэн ажлын 12 хоног ээлжийн амралтаа биечлэн эдлэхээр болсон тухайгаа шүүхэд мэдэгдэж хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн тус хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулан дараагийн шүүх хуралдааныг товлохдоо өмгөөлөгчийн ээлжийн амралттай байх хугацаанд буюу Монгол Улсад байхгүй үеийг тааруулан 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 11 цагт товлосон ба өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байдаг.
4.14. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т хууль зүйн туслалцаа авах..., шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү эрхийнхээ хүрээнд хариуцагчийн зүгээс 2024 оны 09 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар биечлэн оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх мөн л үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж, өмгөөлөгчийн эзгүйд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн туслалцаа авах боломжийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3, 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн зүгээс гаргаж байгаа тооцоо нийлсэн актын алданги бодсон хэсэг Иргэний хуульд заасан 50 хувиас хэтэрсэн учраас алданги шаардах эрхгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж давж заалдах гомдолдоо дурдаж байна. Нэхэмжлэгч тооцоо нийлсэн актыг үндэслэн алданги нэхэмжлээгүй.
5.2. Үндсэн 2 гэрээнд заасны дагуу алданги тооцох заалтууд хүчин төгөлдөр. Энэхүү гэрээний заалтыг хүчингүй болгосон, талууд алданги шаардах эрх сунгасан, шаардах эрхийг байхгүй болгосон, гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болгосон зүйл байхгүй. Үндсэн гэрээнд алданги тооцсон заалт хүчин төгөлдөр бус гэсэн маргаан байдаггүй бөгөөд энэхүү гэрээний дагуу шаардаж байна. Ингэж шаардахдаа нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөж гаргаж, үндсэн төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2 дахь гэрээг 2023 оны 12 сарын 02-ны өдөр нөхөж хийсэн тул алданги тооцох үндэслэлгүй гэж байна. 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс өмнөх хугацаа хэтэрсэн үүргийн гүйцэтгэлд огт алданги шаардаагүй.
5.3. 2023 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 6.5-д ...энэ заалт гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд хэзээнээс алданги тооцох талаар 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс эхлэн харилцан тохирсон. Тиймээс 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу алданги тооцсон бөгөөд өмнө нь бичгээр байгуулагдаагүй гэрээнээс алданги тооцоогүй.
5.4. Тооцоо нийлсэн акт нь шинээр ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй. Нягтлан бодох бүртгэлийн хувьд хийгдэж байгаа баримт. Өөрөөр хэлбэл, 2 үндсэн гэрээний үүргийг баталгаажуулж байгаа баримт бөгөөд талуудын хооронд шинээр эрх үүрэг үүсгэн баримт биш. Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээ нь тусдаа гэрээ. Хэрвээ гэрээ байгуулах тохиолдолд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Иргэний хуульд заасан заалтууд тооцоо нийлэх гэрээнд үйлчлэх ёстой. Энэ нөхцөл байдлаар тооцоо нийлсэн акт нь тооцоо нийлсэн гэрээний шинж чанар агуулаагүй, шинээр эрх үүрэг үүсгэхгүй.
5.5. Төлбөрийг 2024 оны 01 сараас 05 сарыг хүртэл хойшлуулах санал тавьсан. Манайхаас төлбөр төлөх хуваарь, нөхцөлөө харилцан тохиролцъё гэдэг хариу өгсөн бөгөөд үүнтэй холбоотой гэрээ хийгдээгүй. Талууд үндсэн гэрээг өөрчилсөн тохиолдолд гэрээ байгуулах ёстой. Гэрээ хийгдээгүй тул зөвхөн нэг талын санаачилгаар хугацаа сунгагдсан гэж үзэх хууль зүйн боломжгүй. Хариуцагч ямар нэгэн байдлаар үндсэн тооцоотой холбоотой маргадаггүй. Нэхэмжлэгч тал ч гэсэн үндсэн үнийн дүнд маргадаггүй.
5.6. Хариуцагч тал үзлэг хийлгэх хүсэлтдээ цахим шуудангаа хэвлэж хавсаргасан. Тухайн цахим шуудангаар хугацааг сунгасан талаар нотлох шаардлагатай тул цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Талууд гэрээ байгуулсан эсэх талаар шүүх тодруулж, гэрээ байгуулаагүй, мөн үүгээр хугацааг сунгасан эсэх талаар нотлох нь хэрэгт ач холбогдолгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5.7. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийг ээлжийн амралттай байх хугацаанд хурал зарласан гэж байна. Хариуцагч талаас нийт 5 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 3 дахь удаагаа шүүх хуралдаан хойшлуулахдаа хариуцагч өмгөөлөгч авч, тус өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүхээс олгож, дараагийн шүүх хуралдааныг товлохдоо талуудаас асууж товлосон. Шүүх хуралдаан болох үед хариуцагчийн өмгөөлөгч ээлжийн амралттай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Ингээд тухайн шүүх хуралдааныг дахин хойшлуулахдаа шүүх хуралдааны товыг утсаар болон мессежээр мэдэгдсэн. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах бүхий л боломжийг олгосон. Мөн шүүх хуралдааны товыг боломжит бүх арга хэлбэрээр мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Н ГХОХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,673,501,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үндсэн төлбөрийг зөвшөөрч маргаагүй, харин алдангийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/16958 дугаар захирамжаар хариуцагч Н ГХОХХК-аас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг хүсэлтэд дурдсан үйл баримт нь хэрэг маргаанд хамааралтай эсэх нь тодорхойгүй байна, хүсэлтэд хавсаргасан баримтад тухайн асуудлыг тохирсон гэх, алдангийг шийдвэрлэсэн гэх үйл баримт тусгагдаагүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.
3.1. Хариуцагч талын харилцсан буюу үзлэг хийлгэх хүсэлтэд дурдсан Э /Erdenetuya/ нь нэхэмжлэгч Л ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал гэж 2022 оны 04 сарын 22-ны өдөр NM-А2230(БГ/2206) дугаартай Дизель түлш худалдах, худалдан авах гэрээ-нд гарын үсэг зурсан байна.
Хариуцагч талын татгалзлын үндэслэл нь ... гэрээний хугацааг сунгасан ... гэж тайлбарлаж, уг үйл баримтыг нотлох зорилгоор хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй атлаа шүүгчийн захирамжаар ... хүсэлтэд хавсаргасан баримтад тухай асуудлыг тохирсон гэх, алдангийг шийдвэрлэсэн гэх үйл баримт тусгагдаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмаар үзлэг хийх ажиллагааг явуулж нотлох баримтыг баримтжуулаагүй атлаа нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын агуулгаар дүгнэлт өгч байгаа нь буруу.
3.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.
Гэтэл гэрээний үүргийг хойшлуулсан эсэх, гэрээний хугацаа хэтэрсэн эсэх үйл баримтыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул уг хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу болжээ.
3.3. Анхан шатны шүүх 2024 оны 09 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийг ээлжийн амралттай гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, улмаар мөн өдрийн 181/ШЗ2024/00020 дугаар шийтгэвэрээр торгуулийн арга хэмжээ авч, шүүх хуралдааныг 2024 оны 09 сарын 11-ний өдөр зарлажээ.
Шүүх хариуцагч талыг өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангасан байх тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн талаар гомдлыг хангах үндэслэлгүй.
4. Иймд шүүх хэргийн оролцогчийн тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/03330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,525,455 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР