| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0545/Э |
| Дугаар | 537 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 537
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Д.Агар,
Хохирогч Т.Я, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,
шүүгдэгч И.с, түүний өмгөөлөгч Г.Тулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903001850163 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт И С, Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг Гурван булаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймаг Гурван булаг сум 4 дүгээр багт оршин суух хаягтай, одоогоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 12-154 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РД:,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Т.Санжаадорж нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Энхжин” худалдааны төвийн урд замд Тоёота Приус маркийн 22-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: ...г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар, зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Янжинсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.с мэдүүлэхдээ:
2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг “Энхжин” худалдааны төвийн урд замаар баруунаасаа зүүн чигт явж байхад ногоон гэрэлтэй байсан, зорчих хэсэг рүү буюу гарц руу ороход улаан гэрэл ассан. Урдаас хойшоо чиглэлтэй нэг хүн гарч ирсэн, би автомашинаа зогсоох гэсэн боловч цагаан шугам давсан байсан тул зогсоогүй, хохирогч миний машины баруун талын хойд дугуйнд дайрагдсан .
Хохирогчид 470.000 төгрөгийг эмчилгээ эм тариа ор хоногийн төлбөрт өгсөн. Гэм буруугийн тал дээр маргахгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно. Гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Янжинсүрэн мэдүүлэхдээ:
2019 оны 2 дугаар сарын 19-нд зам хөндлөн гарч яваад мөргүүлсэн. 3 сар өвчтэй байгаа ажил хийх боломжгүй болсон. Би гэмтэл аваад эдгэрээгүй байгаа, энэ хүнд гомдолтой байна. Энэ хүн надад 470.000 төгрөгийг өгсөн. Би 2 байгууллагад ажилладаг байсан. “Эвон Монгол Корпораци” ХХК-нид 800.000 төгрөгийн цалинтай, “Шүтээн шороо” ХХК-нид 800.000 төгрөгийн цалинтай байсан. Гэмтсэнээс хойш ажлаа хийж чадаагүй тул 3 сар ажилгүй байсан хугацааны цалинд 4.800.000 төгрөг, эмийн төлбөр, эмчилгээний төлбөрт 1.300.000 гаруй төгрөг, мөн хамгийн анх 260.000 төгрөгийг баримт гаргаж өгсөн байгааг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирол болон дахин орох хагалгааны төлбөрийг цаашид нэхэмжилнэ. Хохирлын төлбөрт 495.986 төгрөгийг баримт гаргаж өгсөн байгаа, энэ төлбөрийг Санжаадорж төлж барагдуулсан. Одоогоор ажилдаа арай л ороогүй байна. Нийт 6.195.660 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Т.Янжинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 40 минутийн орчим Сонгинохайрхан дүүргийн “Энхжин” худалдааны төвийн урд гарцаар зам хөндлөн урдаасаа хойш гарах гэж гэрэл дохио хүлээж байгаад ногоон өнгийн гэрэл асахаар нь зам хөндлөн гарахаар алхаад замын зорчих хэсэг рүү ортол баруунаас зүүн гар тийш явж байсан саарал өнгийн машин гэнэт гарч ирээд мөргөсөн...Би ногоон гэрлээр гарч байсан учраас баруун гар талаас ямар нэг машин ирээд мөргөчихнө чинээ санаагүй...Зүүн талын хөлний шагай мултарч савхан хоёр яс цуурсан байна гэсэн. Би гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо хэвтэрт байгаа. 2-3 cap болж байгаад ажпаа хийж болох байх гэж байсан...Цалин болон хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Гомдолтой байна...гэжээ. /хх-23-26/,
Иргэний хариуцагч Ж.Цагаанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 02 дугаар сарын 19-ний өглеө 11 цаг өнгөрч байхад над руу залгаад осол хэрэг гарсан талаар хэлсэн. Тэгээд би хүн шүргэчихлээ гээд залгаад уйлаад байсан ба би тэр дор нь гэмтэл рүү яваад очсон. Тэгтэл нэг эмэгтэйг мөргөсөн байсан...гэжээ. /хх-35/,
Гэрч Б.Цэцэгээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Энхжин” худалдааны төв орж хоол хүнсний зүйл аваад 12 цагийн үед гараад замын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гарах гээд явган хүний гэрэл дохиог хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарах гэтэл саарал өнгийн Приус маркийн 22-83 УБЦ улсын дугаартай машины жолооч явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг мөргөсөн...би өөрийн 96460086 дугаарын утаснаас 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгэхэд мөргөсөн машины жолооч залуу машиныхаа жолооч талын суудлаас бууж ирээд тэр мөргүүлсэн эмэгтэй хүнд “таныг би гэмтлийн эмнэлэг хүргээд өгье” гэж хэлэхэд нь тэр эмэгтэй “би босож чадахгүй байна, чи явган хүний ногоон гэрлээр орж намайг мөргөлөө” гэж хэлээд уйлаад байсан. Удалгүй цагдаа ирээд, дараа нь түргэн тусламж ирээд тэр эмэгтэйг авч явсан...тэр эмэгтэйг явганы гарц дээр алхаад явж байхад нь тэр машин ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй яваад мөргөхөд нь харсан...гэжээ. /хх41-42/,
Шинжээч эмч С.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Үзүүлэгчийн овгийн эхний үеийг буруу бичиж бичлэгийн алдаа хийсэн. Т. Янжинсүрэнгийн биед зүүн шилбэ ясны битүү хугарал, мултрал гэмтэл нь машинд мөргүүлэх үүсэх боломжтой...гэжээ. /хх-47/,
Шүүх эмнэлгийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №2589 дугаар акт:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн шагайн үеэр хэлбэр алдагдсан, хаван хавдартай, өвчин эмзэглэлтэй, яс хавирах чимээтэй, мултралыг засаж бэхэлгээ хийв. Цээжний эгц болон хажуу рентген зургаар уушиг нэвчдэст өөрчлөлтгүй. 2 талд уушигны зураглал олширсон, уг өргөссөн. Хавирганы яснууд гэмтэлгүй.
ДҮГНЭЛТ:
1. Х.Янжинсүрэнгийн биед зүүн шилбэ ясны битүү хугарал, мултрал зэрэг гэмтэл тогтоогдлоо.
5. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
6. ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
7. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-46/,
2019 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн Мөрдөгчийн №123 дугаар магадлагаанд:
1. Явган зорчигч Т.Янжинсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Т.Приус маркын 22-83 УБЦ дугаартай авто машины жолооч Ичинноровын Санжаадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.
4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов гэжээ. /хх-71/,
Шүүгдэгч И.с мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Тухайн өдөр би Булган аймгийн Гурванбулаг сум явах гээд эхнэр Ж.Цагаанцоожын эзэмшлийн 22-83 УБЦ улсын дугаартай саарал өнгийн Тоёото Приус 20 маркийн машиныг гэрээсээ унаад эхнэрийгээ ажил дээр нь буулгаад цаашаа “ТЭЦ-4” урд талын замаар яваад “Энхжин” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талаас зүүн зүгт 2 дугаар эгнээгээр явж байхдаа тэнд хүлээж байсан хүмүүсийг замын хойно байгаа эсэхийг хараад анхаарлаа саринуулаад хойшоо хараад явж байхад ногоон гэрэл солигдоод улаан гэрэл ассаныг хараагүй явган хүний гарц руу орсон байсан. Тэгээд хүмүүс гарцаар явж байхын хараад зүүн дараад гарах гэтэл тэр хүний хөлөн дээгүүр нь миний унаж явсан машины хойд дугуй гарсан байна лээ. Ингээд би машинаа замын баруун тал руу зогсоогоод нөгөө хүн дээрээ машинаасаа гүйж очиход нөгөө хүн тэр гарцан дээр уйлаад сууж байсан...Тодорхой хэмжээнд эмчилгээний зардал болох 470.000 төгрөгийг төлсөн...байгаа...гэжээ. /хх-78-79/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-9/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-10-11, 18-20/, явган зорчигч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-12-13/, “Сансит капитал” ББСБ-ын тодорхойлолт /хх-30-32/, хохирлын тооцоо /хх-108-113/, цалин олгох хүснэгт /хх-115-126/, хохирлын баримтууд /хх-131-132/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-65-68/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч И.сид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч И.с нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энхжин” худалдааны төвийн урд замд Тоёота Приус маркийн 22-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: ...г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар, зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Янжинсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Янжинсүрэнгийн өгсөн “...Энхжин худалдааны төвийн урд гарцаар зам хөндлөн урдаасаа хойш гарах гэж гэрэл дохио хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарахаар алхаад замын зорчих хэсэг рүү ортол баруунаас зүүн гар тийш явж байсан нэг саарал өнгийн машин гэнэт гарч ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-23-26/,
Иргэний хариуцагч Ж.Цагаанцоожийн өгсөн ”... Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өглеө 11 цаг өнгөрч байхад над руу залгаад осол хэрэг гарсан талаар хэлсэн...нэг эмэгтэйг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-35/,
Гэрч Б.Цэцэгийн өгсөн “...саарал өнгийн Приус маркийн 22-83 УБЦ улсын дугаартай машины жолооч явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-41-42/,
Шинжээч эмч С.Одончимэгийн өгсөн “...Т. Янжинсүрэнгийн биед зүүн шилбэ ясны битүү хугарал, мултрал гэмтэл нь машинд мөргүүлэх үүссэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-47/,
“...Янжинсүрэнгийн биед зүүн шилбэ ясны битүү хугарал, мултрал зэрэг гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2019 оны 02 дүгээр сарын 26-ны өдрийн №2589 дугаар дүгнэлт /хх-46/,
“...Т.Приус маркын 22-83 УБЦ дугаартай авто машины жолооч Ичинноровын Санжаадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх №123 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-71/,
Шүүгдэгч И.сийн яллагдагчаар өгсөн “...ногоон гэрэл солигдоод улаан гэрэл ассаныг хараагүй явган хүний гарц руу орсон байсан. Тэгээд хүмүүс гарцаар явж байхын хараад зүүн дараад гарах гэтэл тэр хүний хөлөн дээгүүр нь миний унаж явсан машины хойд дугуй гарсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-78-79/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд шүүгдэгч И.с нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: ...г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар, зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Янжинсүрэнг мөргөж, уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч И.сийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.Янжинсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.сийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж ямар орлого олдог болох нь тодорхойгүй зэргийг харгалзан шүүгдэгч И.сид дээрхи зүйл, хэсэгт заасан хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч И.с нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхтэй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.
Хохирогч Т.Янжинсүрэн “Эвон Монгол Корпораци” ХХК-нид 800.000 төгрөгийн цалинтай, “Шүтээн шороо” ХХК-нид 800.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан, гэмтсэнээс хойш ажлаа хийж чадаагүй тул 3 сар ажилгүй байсан хугацааны цалинд 4.800.000 төгрөг, эмийн төлбөр, эмчилгээний төлбөрт 1.300.000 гаруй төгрөг, мөн хамгийн анх 260.000 төгрөгийг баримт гаргаж өгсөн байгааг, нийт 6.195.660 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргалаа.
Хавтас хэргийн 110-111-р талд авагдсан 260.000 төгрөгийн хохирлын 18 ширхэг баримтаас зарим баримт нь уншигдах боломжгүй байх тул 238.425 төгрөгийн баримт хуулийн шаардлага хангасан, гэмтлээс шалтгаалан 3 сар ажилгүй байсан хугацааны цалин болох 4.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч “Шүтээн шороо” ХХК-нид 800.000 биш 600.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэх баримт авагдсан тул ажилгүй байсан хугацааны цалинд 4.200.000 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 32 ширхэг баримт бүхий хохирлын үнийн дүнгээс 756.320 төгрөгийг, нийт 5.194.745 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас баримт нь бүдэг, уншигдахгүй байгаа, шатахууны төлбөр зэргийг буюу 1.000.915 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хавтас хэргийн 131-132-р талд авагдсан баримт бүхий хохирлыг шүүгдэгч И.с төлж барагдуулсан талаар хохирогч мэдүүлсэнийг дурдаж, мөн хохирогч нь сэтгэл санааны хохирол болон дахин орох хагалгааны төлбөр, эмчилгээгээ цаашид нэхэмжилнэ гэсэн тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй байх ба шүүгдэгч И.сийн жолоочийн үнэмлэх ирээгүй болно.