| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/03748/И |
| Дугаар | 210/МА2024/01961 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/01961
2024 оны 11 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/01961
С.С гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04826 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.С гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие А ХХК-д Маркетингийн албаны даргаар 7 сар ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Б/046 дугаар тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.
1.2. Ажил олгогчийн зүгээс ажиллаж байх хугацаанд надад нэг ч удаа албан тушаалдаа тэнцэхгүй тухай анхааруулж хэлж байгаагүй, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгож байгаагүй, түүнчлэн миний мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг хэрхэн тогтоож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа нь тодорхойгүй байна.
1.3. Миний бие 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Б/046 тоот тушаалыг эс зөвшөөрч байгаа тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.
1.4. Дээрх хөдөлмөрийн маргаантай асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, 2024 оны 04 сарын 01-ний өдөр гомдлыг хэлэлцэх хурал болсон боловч ажил олгогч эвлэрээгүй тул шүүхэд хандсан болно гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэл нь нэхэмжлэгч ажилдаа тэнцэхгүй, зан харилцааны хувьд доголдолтой, хэлтсийн ажилчдаа дарамталдаг байдал юм. Хариуцагч компанийн хувьд харилцаа хандлага маш чухал учраас Хөдөлмөрийн гэрээний 3, 4, 5-д тодорхой зааж, энэ талаар ноцтой зөрчил байхаар дурдаж өгсөн байдаг.
2.2. Маркетингийн албаны нэр бүхий 9 ажилтан компанийн Захиргаа хүний нөөцийн албанд 2023 оны 12 сарын 29-ний өдөр С.С гийн зан харилцаа, ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа талаар өргөдөл, гомдол гаргасныг 2024 оны 01 сарын 03, 04-ний өдөр нэхэмжлэгчид танилцуулсан.
2.3. Нэхэмжлэгчид зан харилцаагаа засах талаар удаа дараа аман байдлаар болон мэдэгдэх хуудсаар ажлаас халах тушаал гарахаас 2 cap 10 хоног буюу 70 хоногийн өмнө мэдэгдэж байсан болно.
2.4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл нь 2023 оны 12 сарын 29-ний өдөр ажилчдаас өгсөн өргөдөл, гомдол, мөн нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын өмнөх шүүх хурлын хэлэлцүүлгийн асуулт, хариултаар үгүйсгэсэн нөхцөл байдал үүссэн.
2.5. Компанийн гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С г А ХХК-ийн Маркетингийн албаны дарга ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 24,625,878 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.С д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч А ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 281,079 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа ... Намайг албан тушаалдаа тэнцэхгүй өмнө нь анхааруулж хэлж байгаагүй, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгож байгаагүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт нь ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн үндэслэл бий ... гэж тодорхойлсон байдаг.
4.2. Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг барьж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн түвшин ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр бус харин харилцааны доголдол зөрчил гаргалгүй, ажилчдын нэр хүндийг гутаан доромжлолгүй, манлайлан, хамт олны дунд уур амьсгалыг эвдэлгүйгээр бусдыг үр дүнтэй удирдах шаардлагатай удирдах ажилтны ур чадварыг гаргалгүй хамт олны уур амьсгалыг эвдэж, нийт ажилчдын гаргасан өргөдөлд ажлын байрны дарамт тэвчишгүй орчныг үүсгэсэн нь Хөдөлмөрийн гэрээний 5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг зөрчсөн гэж үзэн ажил олгогчийн санаачлагаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ажил мэргэжилдээ тэнцсэнгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
4.3. Ажилтнуудаас гомдол гаргасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлага С.С тай 2023 оны 01 сард уулзан удирдах албан тушаалтны хувьд доод шатны албан тушаалтнуудтай харилцах, удирдах ур чадвартаа анхаарах, дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг мэдэгдэж, удирдах ажилтны ур чадвараа сайжруулах боломжит хугацаа олгосон боловч нэхэмжлэгч нь доод албан тушаалтнуудтайгаа зүй бус харьцах, ялгаварлан гадуурхах, дарамт шахалт үзүүлсээр байсан тул 2024 оны 02 сарын 16-ны өдөр ажил албан тушаалаас нь чөлөөлсөн болно.
4.4. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 4-т хариуцагч нь ... энэ баримтыг 2024 оны 01 сард захирал С.С д танилцуулж, хуульд заасан боломжит хугацаа олгосон.../ гэж мэтгэлцэх боловч баримтаар нотлоогүй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна ... гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь 2024 оны 01 сард гүйцэтгэх удирдлагатай уулзсан талаараа маргадаггүй.
4.5. Түүнчлэн С.С гийн албаны ажилчдаас 2023 оны 12 сарын 27-ны өдөр гаргасан өргөдөл гомдолтой 2024 оны 01 сарын эхээр С.С нь танилцсан талаар гэрч Г.О нотолдог бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалыг 2 cap 10 хоногийн дараа гаргасан байгаа нь нэхэмжлэгчид хугацаа олгосон болохыг илэрхийлнэ.
4.6. Мөн ҮНДЭСЛЭХ хэсгийн 5-д ...Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам зөрчсөн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэсэн нь хариуцагчийн хэрэгт гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийн зөрүүтэй өгсөн тайлбар зэргээр хангалттай тогтоогдож байна. ҮНДЭСЛЭХ хэсгийн 6-д ... Хөдөлмөрийн тухай хуульд 40.1.4 гэх заалт байхгүй, гэрээнд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 гэх заалт нь хамааралгүй хуулийн заалт гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, тайлбар гаргаагүйг дурдах нь зүйтэй гэсэн байгаа нь хариуцагчийн зүгээс хуучин оны Хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч талтай шинэчлэн байгуулж амжаагүй байгаа талаар дурдсаар байтал энэ мэт гуйвуулж бичсэн үйлдэл нь ойлгомжгүй байна.
4.7. Иймд анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн зөрүүтэй өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ажилчдаас гаргасан өргөдөл гомдол зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул 184/ШШ2024/04826 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, зан харилцаа ёс зүйн доголдолтой ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Б/046 дугаар тушаалын 1 дэх заалтаар Тус компанийн Маркетингийн албаны дарга албан тушаалтай С ын С нь ажил үүрэг гүйцэтгэх явцдаа талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажилтны үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 02 сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2, 23/101 тоот Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1 дахь заалтыг үндэслэн С.С тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
4. Анхан шатны шүүх талууд маргаанд харилцан тохиролцоогүй тул маргаан зохицуулах ажиллагааг дуусгавар болгож тэмдэглэлийг 2024 оны 04 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч С.С д хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч 2024 оны 04 сарын 16-ны өдөр шүүхэд хандсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 07 дугаартай тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 3755 дугаарт бүртгэсэн дардас зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаж шаардах эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зохицуулжээ.
4.2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажилтны гомдлыг шууд шүүхэд эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах боломжтой.
Гэхдээ, ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд уг хугацааг хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүхэд эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах шаардах эрхээ алдсан гэж үздэг.
Дээрх 30 хоногийн хугацаа нь шүүх дүгнэвэл зохих эрх зүйн ач холбогдол бүхий хугацаа гэж үзэх тул хариуцагч байгууллагын 2024 оны 02 сарын 15-ны өдрийн тушаалыг эс зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ хандсан болохыг тодруулах шаардлагатай.
5. Иймд шүүх эрх зүйн ач холбогдол бүхий хугацааг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04826 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР