Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

-

-

     2018           3           13                                           309         

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808051251577 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 3, эмээ, авга ахын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Онгон овогт Дашпэлжээгийн Г /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ред Рок” нэртэй зочид буудлын текний ард байсан иргэн Б.Зийн гар цүнх, хэтэвч, бэлэн мөнгө, мөнгөн гинж, бугуйн цаг, бичиг баримт зэргийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 489.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Намайг Сүлдээ гэж дууддаг. Би нэрээ солиулж байсан. 2 сарын хугацаанд хохирлоо төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808051251577 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Зийн: “Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Ред рок” нэртэй зочид буудалд ресепшин хийгээд байж байтал манай найз Янсангийн найз гэх Сүлдээ хочтой үл таних залуу ирээд манай найз залуутай уулзаж байгаад 22 цагийн үед гарч яваад эргээд 04 цагийн үед орж ирээд “намайг гар утсаараа яриулаач” гэхээр нь яриулаад байж байтал гаднаас Янсан орж ирэхээр нь би ор засаад унтах гэж байхад Сүлдээ үүдэнд сандал дээр сууж байсан. “Чи явахгүй юм уу” гэхэд “Одоо ингэсгээд явлаа” гэж хэлэхээр нь би Янсангийн хамт унтаад 2018 оны 10 дугаар сарын 31-ний 7 цагийн үед хүн “бичиг баримтаа авъя” гэж сэрээхэд би бичиг баримтыг нь өгөх гэтэл тухайн хүний бичиг баримт хийсэн цүнх алга болсон байсан. ...Миний алдсан цүнхэнд түрийвч, түрийвч дотор 170.000 төгрөг, бугуйн цаг, мөнгөн гинж, бас манай зочид буудалд үйлчлүүлсэн хүмүүсийн бичиг баримт болох 5 ширхэг иргэний үнэмлэх, 2 ширхэг жолооны үнэмлэх, 2 ширхэг гадаад паспорт зэрэг байсан. ...Би буудалд хоносон 8 хүний бичиг баримтуудын үнийг өөрөөсөө өгсөн. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-9-10, 11, 46-48/,

Гэрч Б.Янсангийн: “Би “Ред рок” бааранд зөөгч хийдэг. Урьд шөнө би 03 цаг хүртэл ажиллаад буудал руу найз охин З дээр ороход урьд өмнө манай бааранд зөөгчөөр ажиллаж байсан Сүлдээ гэж залуу орж ирээд Зээс юм асуугаад утсаар нь яриад байсан. Бид хоёр 4 цагийн үед текний араар орж унтсан. Сүлдээ гэж залуу үүдний текний хажуу талын сандал дээр суугаад үлдсэн. Сүлдээг би зүс мэддэг болохоор арай хулгай хийчихгүй байлгүй гэж бодсон. Өглөө боссон чинь З “хамаг юм алга болчихсон байна” гэсэн. Камераа шүүж үзсэн чинь Сүлдээ гэж залуу бид хоёрыг унтаж байх хооронд текний араар гараа оруулж байгаад эхлээд хайрцган дотор байсан орлогоны мөнгө, Зийн цүнхийг аваад гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-12/,

Гэрч Д.Отгончимэгийн: “Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр ...”Ред рок” нэртэй буудалд хоногоор өрөө авсан. Ресепшин охин “та маргааш гарахдаа бичиг баримтаа аваарай” гээд миний гадаад паспортыг авч үлдсэн. Өглөө нь буудлаас гарахдаа “бичиг баримтаа авъя” гэсэн чинь “шөнө хулгайч орж ирээд хамаг юмаа алдчихлаа, таны бас бичиг баримт чинь хамт байсан хулгайд алдчихлаа, балай юм боллоо” гэж хэлсэн. Би тэр охиноос бичиг баримтаа шаардаж байгаад “угаасаа хулгайд алдчихсан юм чинь чи ядаж бичиг баримт захиалах мөнгө өг” гээд хэд хоногийн дараа гадаад паспортны мөнгө гээд 32.000 төгрөгийг гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч С.Энхчимэгийн: “...Тэгээд орой нь уг буудалд өрөө авч хоносон. Ресепшин нь миний цахим үнэмлэхийг аваад “маргааш өглөө гарахдаа аваарай” гэсэн. Өглөө нь буудлаас бичиг баримтаа авах гэхэд “манайд хулгай ороод таны бичиг баримтыг алдчихлаа” гэсэн. Тэр эмэгтэй намайг “та хэд хоногоос бичиг баримтаа авчих, цагдаа нар олоод өгчих байх” гэсэн. 3, 4 хоногийн дараа миний бичиг баримтны мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-15/,

 “Дамно” ХХК-ийн 2019.01.16-ны өдрийн СХ3-19-038 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 489.500 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-59-60/,

Шүүгдэгч Д.Ггийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...“Ред Рок” нэртэй зочид буудал дээрх ажил дээр нь Янсангийн найз эмэгтэй Зийн хамт гурвуулаа хоёр ширхэг 2 литрийн шар айраг, нэг ширхэг 0.75 литрийн архи хувааж уугаад унтацгаахаар болсон. Янсан, З хоёр текний доор хамт унтаад би хажууханд нь сандал дээр сууж байгаад гэртээ харьж унтъя гэж бодоод гарахдаа текний тавиур дээр нэг эмэгтэй хүний, хар өнгийн гар цүнх байхаар нь аваад гарчихсан. Гараад цүнхийг уудалж үзээд олигтой юм байхгүй байхаар дотроос нь юм авалгүй “Хөх чоно” паабын ойролцоо нэг газар хаячихаад гэртээ харьж унтсан. Надад мөнгө байдаггүй, таксины мөнгө байгаа байх гэж бодоод аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-42-44/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-56/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, дансны хуулга /хх-67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-70/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргаж өгсөн “Хохирлын 489.500 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж хохиролгүй болгоно” гэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Ред рок” нэртэй зочид буудлын текний ард байсан иргэн Б.Зийн гар цүнхтэй эд зүйлс болох хэтэвч, бэлэн мөнгө, мөнгөн гинж, бугуйн цаг, бичиг баримтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 489.500 төгрөгийн хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Зийн “...Сүлдээ үүдэнд сандал дээр сууж байсан. ...бичиг баримт, эд зүйлстэй цүнх алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-9-10, 11, 46-48/, гэрч Б.Янсангийн “...Сүлдээ гэж залуу үүдний текний хажуу талын сандал дээр суугаад үлдсэн. ...өглөө боссон чинь З “хамаг юм алга болчихсон байна” гэсэн. Камераа шүүж үзсэн чинь Сүлдээ бид хоёрыг унтаж байх хооронд текний араар гараа оруулж байгаад эхлээд хайрцган дотор байсан орлогоны мөнгө, Зийн цүнхийг аваад гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Д.Отгончимэгийн “...Ресепшин охиноос “бичиг баримтаа авъя” гэсэн чинь “шөнө хулгайч орж ирээд хамаг юмаа алдчихлаа, таны бас бичиг баримт чинь хамт байсан хулгайд алдчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч С.Энхчимэгийн “...буудлаас бичиг баримтаа авах гэхэд “манайд хулгай ороод таны бичиг баримтыг алдчихлаа” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-15/, “Дамно” ХХК-ийн СХ3-19-038 дугаар “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 489.500 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-59-60/, шүүгдэгч Д.Ггийн яллагдагчаар өгсөн “...текний тавиур дээр нэг эмэгтэй хүний, хар өнгийн гар цүнх байхаар нь аваад гарчихсан...” гэх мэдүүлэг /хх-42-44/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Д.Ггийн “Ред рок” нэртэй зочид буудалд байхдаа хохирогч Б.Зийн эд зүйл бүхий цүнхийг хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зт 489.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хохирол төлөгдөөгүйн зэрэгцээ шүүгдэгч нь хохирлоо 2 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Д.Ггээс 489.500 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.З /Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 14 дүгээр гудамж, 15б тоотод оршин суух, РД-ДР94080203/-т олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Г нь тогтсон ажилгүй, гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг ойлгож гэмшээсэй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргахгүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, цэргийн алба хаасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /танилын харилцааг далимдуулан хохирогчийн эд зүйлийг хулгайлсан, хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 489.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

Мөн шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.   

Шүүгдэгч Д.Ггийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас 96 /ерэн зургаа/ цагийг хасахаар шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Онгон овогт Дашпэлжээгийн Гг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ггийн урьдчилан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 96 /ерэн зургаа/ цагийн ажлыг хасаж тооцсугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ггээс 489.500 төгрөгийг 2 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.З / /-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Гд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР