| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/01977/И |
| Дугаар | 210/МА2024/02052 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/02052
2024 11 27 210/МА2024/02052
Д.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/03458 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-нд холбогдох,
Гэрээний үүрэгт 50,223,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие М ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ..... дүүргийн 10 дугаар хороо, ... апартмент-2 хотхон, Д блок, 1 дүгээр орц, 11 дүгээр давхар, 1102 тоот хаягт 45.4 мкв 2 өрөө орон сууцыг 81,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг төлөөд сар бүр 642,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 33,0482,000 төгрөгийг төлсөн. Гэтэл тус компани гэрээний 2.2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ зөрчиж одоог хүртэл 5-6 давхар хүртэлх багана босгоод ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байна. Бид 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэж, тус компани миний төлсөн төлбөрийг надад 180 хоногт багтаан буцааж өгнө гэсэн боловч одоог хүртэл буцааж өгөөгүй.
Иймд, гэрээний 5.14-т заасны дагуу алданги ...16,741,000 төгрөгийг энэхүү компанид төлсөн 33,482,000 төгрөгийн хамт нийт 50,223,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М ХХК нь хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 41,099,155 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,123,845 төгрөгийг хэрэгсэхгүй болгож
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 363,445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Орон сууц захиалан бариулах гэрээний ...5.14 дэх хэсэгт Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэж тохирсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэгт заасан гэрээгээр орон сууц хүлээлгэн өгөх хугацаа 2022 оны 4 дүгээр улирал байх тул үүнээс хойш гэрээ цуцлагдах хүртэлх 455 хоногт ногдох алдангийг тооцох бус гэрээний 5.14-т заасан хүлээлгийн 180 хоногийг хасаж 275 хоногийн 4,603,775 төгрөгийн алдангийг бодох нь үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч Д.Б нь хамгийн сүүлийн төлбөрийн төлөлт нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бөгөөд үүнээс хойш гэрээ цуцлагдах хүртэл буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Тус гэрээний 3.2.2-т зааснаар Хэрэв захиалагч тал төлбөрийн нөхцөлийн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тус гэрээний 2.2.8-т зааснаар хоног тутамд 0.05 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан тул 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн төлөлт буюу 30 хоног байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь 642,000 төгрөгийг сард төлдөг байснаас хоёр сарын төлөлт төлөөгүй нь 30 хоногийн 19,260 төгрөгийг хариуцагч буюу М ХХК-иас хасаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байсан.
Иймд, дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 41,099,155 төгрөгөөс 180 хоногийг алданги буюу 3,013,380 төгрөгийг, нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги 19,260 төгрөг, нийт 3,026,640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Орон сууц захиалах гэрээний 2.2.1-т ...орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэж заасан. М ХХК ...4 дүгээр улиралд байрандаа орно. Та сар болгон орон сууцны төлбөрөө төлөх хэрэгтэй гэхэд нь итгэж Д.Б нь гэрээ байгуулсан. Тэрээр 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тогтоосон хугацаанд сар бүр орон сууны төлбөрийг төлдөг байсан. Хүлээлгийн 180 хоног байна гэж захиалагчийн хүлээх үүрэг болон төлбөр төлөх нөхцөлд байхгүй, гэрээний 2.6-д ...орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй бол 0,05 хувийн алданги төлнө гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. ...Хариуцагч төлбөрийн ерөнхий нөхцөлд заагаагүй зүйл заалтыг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Маргаан бүхий орон сууц одоог хүртэл ашиглалтад ороогүй. Мөн Д.Бг орон сууцаа авъя гэхэд М ХХК-ийн зүгээс ...танд байр өгөхгүй, мөнгийг чинь өгч болно гэсэн тул орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан бөгөөд уг компани гэрээний эх хувийг буцаан авсан. Энэ асуудлыг хурлаар хэлэлцүүлээд шийдвэрлэнэ гэх хариулт өгч байсан боловч гэрээний төлбөр өгөөгүй. 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн мөнгө 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүчинтэй байтал 30 хоногийн алданги төлөх ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М ХХК-нд холбогдуулан орон сууцыг гэрээнд зааснаар 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулаагүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, улмаар төлбөрт шилжүүлсэн 33,482,000 төгрөг, алданги 16,741,000 төгрөг, нийт 50,223,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Хэрэгт цугларсан баримтаар талууд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр хариуцагч М ХХК нь ..... дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... Апартмент-2 хотхон, Д блок, 1 дүгээр орц, 11 дүгээр давхар, 1102 тоот хаягт байрлах 45.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж нэхэмжлэгч Д.Бд хүлээлгэн өгөх, тэрээр орон сууцны төлбөрт 81,720,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 79-83/
Зохигчид Д.Б нь М ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 13,482,000 төгрөг, нийт 33,482,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаангүй. /хх-ийн 3-23/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Мөн зохигчдын алдангийн талаарх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.6 дахь тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцжээ.
4. Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/08475 дугаар захирамжийн дагуу хариуцагчийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан хэдий ч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Түүнчлэн шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-ийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн 33,482,000 төгрөг, алданги 16,741,000 төгрөг, нийт 50,223,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар маргаагүй гэж үзнэ.
Иймээс хариуцагч нь алдангийн талаар анхан шатны шүүхэд маргаагүй атлаа энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангахгүй орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.
5. Мөн зохигч нарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-т Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэсэн тохиролцоо нь хариуцагч тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг шаардах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлажээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна... гэж, 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна гээд 202.2.12-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан гэж тус тус заасан.
Иймд, хариуцагч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулах үүргээ зөрчсөн байж нэхэмжлэгчийн алданги шаардах эрхийг 180 хоногоор хойшлуулсан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байх тул уг тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж дүгнэнэ.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр алдангид 19,260 төгрөгийг төлөх ёстойг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох тухай давж заалдах гомдол нь үндэслэлгүй.
Учир нь, Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй учир төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
7. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/03458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М ХХК-ийн төлсөн 136,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР