| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/05440/И |
| Дугаар | 210/МА2024/02100 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/02100
2024 12 02 210/МА2024/02100
Д.Зы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/04244 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Зы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Гд холбогдох,
48,014,696 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний анхны тооцоогоор бол 64,144,576 төгрөг байсан. Хариуцагч нь эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг авсан ба гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5%-ийн алданги төлнө гэж заасан. Ингээд 08 дугаар сарын 01-ний байдлаар 275 хоног хугацаа хэтэрсэн тул алдангид 2,250,000 төгрөгийн хамт 8,250,000 төгрөг гаргуулна.
Дараа нь би, авсан зээлүүдийг нэгтгээд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ хийсэн. Гэрээнд зааснаар мөн оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сар 15 хоногийн хугацаатай 22,000,000 төгрөгийг 0.3%-ийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тал үнийн дүнгийн 10 хувийн торгууль төлнө гэж тохирсон. Сарын 0.3 хувийн хүү 66,000 төгрөг, 10 хувийн торгууль 2,200,000 төгрөг гэж бодоод нийт хүүгийн төлбөрт 1,980,000 төгрөг, торгууль 2,200,000 төгрөг гэж бодсон.
Мөн хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 хоногийн хугацаатай 2,000,000 төгрөг авсан. Д.Гийн найз н.Г гэдэг хүүхэн энэ хоёр нийлээд ..манай найз уул уурхайн компанитай, бид нар зээл гаргуулах гэсэн чинь 14 хоногийн дотор гаргаж өгье гээд 3,000,000 төгрөг хэрэгтэй болсон 2,000,000 төгрөг өгчихөөч тэгвэл бид нар зээлээ гаргахаар таны мөнгийг буцаагаад өгнө гэсэн. Тэгээд би өөрөө төлнө гэж хэлчихээд одоо болохоор төлөхгүй гэж байна.
2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х ХХК-аас Д.Г нь надтай ярьсан. Тэрээр ...би утсаа хаячихаад надад зээлийн эрх нээгдэхгүй байна, Iphone 13 загварын гар утсыг нэр дээрээ аваад өгөөч гээд Х ХХК-иас барьцаалан зээлдэх гэрээгээр Iphone 13 загварын гар утсыг авахуулсан бөгөөд төлбөрт 6,584,696 төгрөг төлсөн.
...Дараа нь хариуцагч тал 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр над руу залгаад ... би, машинаа танд барьцаанд тавьчихъя 5,000,000 төгрөг хэрэгтэй байна, манай найз Заамарт байдаг юм, алт шүүлгээд угаагаад дор нь мөнгө өгдөг хүмүүс байдаг юм, надад ч бас өглөгтэй гээд 5,000,000 төгрөг 5 хоногийн хугацаатай авсан. Энэ хүн тэр үед 8,000,000 болгож өгнө гээд мөнгө авсан. Ингээд өнөөдрийг хүртэл зээл, хүү, торгууль, алданги төлөөгүй байгаа. Иймд, хариуцагчаас нийт 48,014,696 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...6,000,000 төгрөгийг гэрээ хийж дансаараа авсан юм чинь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаатай авсан. Гэрээнд 0.5%-ийн алданги төлнө гэж заасан боловч ...би та хоёрт тусалъя, н.Ц миний дүү байгаа юм, та хоёрын ажлыг дэмжээд хүүгүй зээлье гэж Д.З ах өөрөө хэлсэн. Тэгээд нотариатч хүүгүй гэрээ баталдаггүй гээд 0.5 хувийн алдангитай 20 хоногийн хугацаатай авсан. Би, энэ 0.5%-ийн алдангийг 20 хоногийн хугацаанд тооцдог гэж ойлгосон.
Дараа нь миний бие 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.З ах дээр очиж 5,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж өөрийн дансаараа шилжүүлж авсан.
Утасны лизинг би авахуулсан нь үнэн. ...Би, н.З ахын дансанд сар бүр төлөлтөө хийж байсан боловч сүүлийн 2 сар төлж чадаагүй ...3,000,000-3,500,000 төгрөг хүүтэй төлж дуустал тийм л мөнгө үлдээсэн.
2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөнгө авдаг нь манай найз Заамарт ажил хийдэг юм, тэгээд 5,000,000 төгрөгөөр багаж аваад ирвэл чиний мөнгийг өгнө гэж хэлсэн. Би, н.З ахад 1,000,000 төгрөг нэмээд өгчихье гэсэн болохоос биш 3,000,000 төгрөг нэмж өгнө гэж хэлээгүй.
Миний дансаар 16,000,000 төгрөг н.З ахаас шилжиж орсон. Үүн дээр утасны мөнгө гэж үлдэгдэл 3,000,000-3,500,000 төгрөг байгаа байх, нийт 19,500,000 төгрөгийн тооцоотой.
Тэр 22,000,000 төгрөг бол 6,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөг нэмээд 11,000,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь үүн дээр хүнд өгсөн мөнгөө нэмээд надаар төлүүлэх гээд 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэгэхээр 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2,000,000 төгрөгийн асуудал нь н.З ах надад зээл өгөхгүй, энэ хүн чинь зээл хөөцөлдөж байна н.Гд өгнө гээд түүний данс руу хийсэн болохоос надад өгөөгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гс 45,985,786 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,028,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гс 387,879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний дагуу Д.З ахаас Д.Г надад миний өмчлөлд бэлнээр болон бэлэн бусаар мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлсэн зүйлгүй байхад шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн буюу 22,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзсэнд гомдолтой байна.
...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ баримтуудыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгч хариуцагч нарыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар урьд байгуулсан зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг буюу 22,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний харилцаа болгосон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн байж 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг алданги 2,250,000 төгрөгийн хамт гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 22,000,000 төгрөгийг 0.3%-ийн хүүтэйгээр 2 сар 15 хоногийн хугацаатай, гэрээний үүргээ зөрчвөл 10%-ийн торгуультай зээлсэн гэдэг. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 сар 15 хоногийн хугацаатай.
Мөн зээлийг бэлэн бусаар 5450161548 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлнэ гэсэн. Эндээс үзэхэд тухайн гэрээ хүртэл дүр эсгэсэн, түүний эхнэрт л зориулагдсан гэрээ болох нь харагдана.
Мөн шүүхэд бидний хэн алиных нь дансны хуулга болон гэрээ зэргээс 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Д.Заас Д.Г миний өмчлөлд ямар ч мөнгө шилжиж ирсэн гүйлгээ байхгүй нь тодорхой харагдаж байхад шүүх үүнийг зөв үнэлж дүгнэж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.
Тухайн үед Д.З ахаас би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлж авсан 6,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлж авсан 5,000,000 төгрөг /энэ мөнгийг нэхэмжлээгүй/ нийлээд 11,000,000 төгрөг л байсан. Д.З ахаас түүний дүү гэх н.Ц нь 10,000,000 төгрөг авсан байсан юм билээ. Түүний өр төлбөрийг би хариуцах үүрэггүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.З нь шүүхийн хэлэлцүүлэгт ...миний анхны тооцоогоор 64,144,576 төгрөг байсан. Эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөг авсан, дараа нь би авсан зээлүүдийг нэгтгээд 2022 оны 02 дугаар сарын 26-ны зээлийн гэрээ хийсэн гэсэн тайлбарыг хэлснээр, дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх 6,000,000 төгрөгийг алдангийн хамт гаргасан атлаа дахин 22,000,000 төгрөгт давхар тооцож мөнгө хүүлэгч иргэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлж байгаа нь шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна.
...2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг авахдаа амаар зээлийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан 10%-ийн хүү өгөхөөр, мөн нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэнчлэн 3,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоогүй. ...Энэ 5,000,000 төгрөгийг би хариуцаж төлөх үүрэгтэй, хүлээн зөвшөөрч байна.
Тухайн өдөр хариуцагч би нэхэмжлэгчээс бэлнээр болон бэлэн бусаар огт 2,000,000 төгрөгийг зээлж аваагүй, Д.З ах өөрөө энэ хүн чинь зээл хөөцөлдөж байна гээд н.Ггийн данс руу шилжүүлсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5-д Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Гс нийт 43,473,786.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 4,540,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-т ...Д.Гс 45,985,786 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,028,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж бичигдсэн.
Иймд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/04244 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
6,000,000 төгрөгийг 22,000,000 төгрөгт давхар тооцсон гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагч Д.Г нь надаас 12,000,000 төгрөг зээлж авсан. Дараа нь н.Ц гэх хүнтэй хамт ирээд мөнгө гуйсны дагуу Н.Ц нь 10,000,000 төгрөг зээлсэн. Гэтэл Д.Г тухайн мөнгийг би авсан, төлөх хугацааг хойшлуулаач, н.Цд намайг мөнгөө өгсөн гэж хэлээрэй гэж хэлсэн учраас зээлсэн мөнгөө нийлүүлж тооцоход 22,000,000 төгрөг болсон бөгөөд өгсөн, авснаа нотариатаар батлуулсан. 2,000,000 төгрөгийн тухайд Д.Г найз н.Г гэх хүнтэй ирээд манай найз уул уурхайн компанитай 14 хоногийн дотор зээл гарна, та 2,000,000 төгрөг зээлээч, зээлээ гаргахаар таны мөнгийг буцаагаад өгье гэж гуйсны дагуу зээлсэн. Тухайн үед Д.Гд данс байхгүй, н.Г гэх найзых нь дансанд хийсэн, Д.Г өөрөө мэдэж байгаа. Гэтэл одоо намайг луйварчин мэтээр тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дараа нь мөн утасдаад машинаа танд барьцаанд тавьчихъя 5,000,000 төгрөг хэрэгтэй байна. Манай найз Заамарт байдаг юм алт шүүлгээд угаагаад дор нь мөнгө өгдөг хүмүүс байдаг юм надад ч бас өглөгтэй гээд 5,000,000 төгрөгийг 8,000,000 болгож өгнө гээд авсан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,014,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
3.1. Д.З нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Д.Гтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 6,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, /хх-ийн 6/,
3.2. Мөн зохигчид 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийг 2 сар 15 хоногийн хугацаатай, сарын 0.3 хувийн хүүтэй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар торгууль төлөхөөр тус тус тохиролцсон. /хх-ийн 8/,
3.3. Д.З нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д.Гийн хүсэлтээр 2,000,000 төгрөгийг түүний найз н.Ггийн дансанд шилжүүлсэн. /хх-ийн 10/,
3.4. Түүнчлэн Д.З нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,000,000 төгрөг /2,000,000+3,000,000/-ийг Д.Гийн дансанд шилжүүлсэн /хх-ийн 7/,
3.5. Үүнээс гадна Д.Г нь Д.Заар дамжуулан 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х ХХК-иас 6,354,286.38 төгрөгийн үнэ бүхий Ай фоне 13 промакс маркын гар утсыг худалдан зээлээр авчээ. /хх-ийн 12-15/.
Хариуцагч нь эдгээр зээлээс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6,000,000 төгрөг, мөн нэхэмжлэлд дурдаагүй боловч 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр авсан 5,000,000 төгрөгөөс гадна, мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авсан 5,000,000 төгрөг болон 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 6,354,286.38 төгрөгийн гар утас авсан тухайд маргахгүй гэсэн.
Харин, зохигчид 22,000,000 төгрөг болон 2,000,000 төгрөгийг зээлсэн эсэх талаар маргасан байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь буцаан зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн байх ёстой.
4.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар 22,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк ХХК дахь ....... тоот дансанд шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээний зүйлийг хариуцагчид өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.
4.2 Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа урьд өмнө авсан зээлүүдийг нэгтгээд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэсэн ба тэрээр хариуцагчийн ...өмнө нь авсан 6,000,000 төгрөгөөс гадна нэхэмжлэлд дурдаагүй боловч нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авсан 5,000,000 төгрөгийг нэмээд 11,000,000 төгрөг болсон үүн дээр өөр хүнд өгсөн 10,000,000 төгрөгийг надаар төлүүлэх гээд 22,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн тайлбарыг баримтаар няцаагаагүй.
Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 22,000,000 төгрөгийг хариуцагчид бодитоор хүлээлгэн өгөөгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчээс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг зээлсэн гэж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангана.
Зохигч нарын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.7-д тус тус заасан хүүгийн болон анзын талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5, 282 дугаар зүйлийн 282.1 дэхь хэсэгт тус тус нийцжээ.
Иймд, зээлдэгч Д.Г нь энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Д.Зд үндсэн зээл 11,000,000 төгрөг, 2 сар 15 хоногийн зээлийн хүүнд 82,275 төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотой торгууль 1,100,000 төгрөг, нийт 12,182,275 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ. /11,000,000х0.3%=33,000x2сар=66,000 төгрөг+/1 хоногийн хүү 1,085х15 хоног=16,275 төгрөг/, нийт 2 сар 15 хоногийн хүү 82,275 төгрөг, торгууль 1,100,000 төгрөг /11,000,000х10%=1,100,000/.
5. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Зы нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн 6,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Гс алданги 2,250,000 төгрөгийн хамт нэхэмжилсэн 8,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Учир нь, талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний зүйл болох 6,000,000 төгрөг дээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид өгсөн 5,000,000 төгрөгийг нэмж 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, шүүхээс 11,000,000 төгрөгийг хүү, торгуулийн хамт шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийг 6,000,000 төгрөгийг тусад нь нэхэмжлэх эрхтэй гэж үзэх боломжгүй юм.
Хэдийгээр талуудын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон боловч зохигчид 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа урьд өмнө өгсөн энэхүү 6,000,000 төгрөг болон 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн 5,000,000 төгрөгт тус тус хүү болон алданги тооцсон эсэх талаар гэрээнд тохироогүй байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.
6. Харин хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан баримтаар хариуцагч Д.Г нь ...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 2,000,000 төгрөгийг өөрийн найз н.Ггийн дансаар шилжүүлж авсан нь үнэн гэсэн тайлбараа баримтаар үгүйсгээгүй тул хариуцагчийг нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөгийг авсан гэж дүгнэнэ.
Тодруулбал, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн зөвшөөрсөн этгээдийн дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх тул уг мөнгийг хүлээн аваагүй гэж маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
7. Хэрэгт цугларсан Д.Гийн Гололмт банк ХК болон Хаан банк ХК дахь дансны хуулгаар хариуцагч нь нэхэмжлэгч Д.Зд нийт 7 удаагийн гүйлгээр 2,252,000 төгрөг, мөн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Х ХХК-ийн дансанд 260,000 төгрөг, нийт 2,512,000 төгрөгийг төлсөн байна.
Иймд, хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрийг нэгтгэвэл 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн төлбөр 12,182,275 төгрөг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр авсан 2,000,000 төгрөг болон 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авсан 5,000,000 төгрөгөөс гадна утасны төлбөрт төлсөн 6,354,286 төгрөг, нийт 25,536,561 төгрөгөөс түүний төлсөн 2,512,000 төгрөгийг хасаж, үлдэх 23,024,561 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/04244 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Гс 23,024,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,990,135 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...387,879 гэснийг 273,073 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,023 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР