Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

   2019           3           15                                             323           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808054580116 дугаар хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөх монгол групп” ХХК-д туслах дохиочин ажилтай, ам бүл 3, эгч, ахын хамт оршин суух, Хөвдүүд овогт Тунгалагийн Х /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Т.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Отгон- Эрдэнэтэй “тээврийн хэрэгсэл барьж явах үедээ урдуур хурдтай явлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 1808054580116 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Онийн: “2018 оны 11 сарын 23-ны өдөр 19 цагийн орчим ажлаа тараад харих гээд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 39 дүгээр гудамжинд ...явж байсан чинь урдаас их хурдтай нэг автомашин гараад ирсэн. Би хажуу тал руугаа дараад зогсоод, цонхоо буулгаад харсан чинь манай гудамжинд байдаг Тамир гэх залуу найзуудтайгаа явж байсан. Тамир автомашинынхаа цонхыг буулгаад намайг “яаж яваад байгаа ал вэ” гэсэн. Би “чи өөрөө яаж яваад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Тамирын найз гэх 2 залуу автомашинаас буугаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тамир цааш хашаа руугаа орж автомашинаа байрлуулчихаад буцаж ирсэн. Тамирын найз Х миний уруул хэсэг рүү мөргөсөн. Би шүдээ дараад доош тонгойсон чинь манай найз Бат-Өлзий ирж салгасан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-9/,  

Гэрч А.Бат-Өлзийн: “...Би гэрээсээ гараад Онийн урдаас алхаж байсан чинь гудамжинд автомашиныхаа аваарыг асаасан 2 хүнтэй маргалдаад зогсож байсан. Би очоод “яасан, юу болсон юм бэ” гэсэн чинь нэг танихгүй залуу нь намайг “яасан ахын дүү, чамд ямар хамаатай юм” гэсэн. Би “чи одоо яаж яриад байгаа юм бэ” гэсэн. Тэгсэн цаанаас нь 2 залуу ирээд Онийг хэл амаар доромжилж байгаад хоорондоо маргалдсан. Тэр 2 залуу Онийг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.11.28-ны өдрийн 14035 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Онийн биед дээд уруулын язрал, цус хуралт, 3 шүдний сулрал, дээд буйлны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5.6. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 9. Цаашид 3 шүдний сулрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-19/,  

Шүүгдэгч Т.Х-ны яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ...автобусаны буудал орж Мөнхтуяаг аваад харих гээд явж байхад урдаас О автомашинтайгаа их хурдтай гарч ирсэн. О Тамирыг “чи яаж яваад байгаа юм бэ” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн Мөнхтуяа, Бадрах, Өнөмөнх 3 автомашинаас буугаад үлдсэн. Тамир бид 2 автомашинаа хашаандаа оруулж байрлуулчихаад буцаад очсон чинь О намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Онийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-26-30/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, хохирогчийн “Гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-54/, шүүгдэгчийн “300.000 төгрөг өгсөн, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-55/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн “Хөх Монгол групп” ХХК-ийн тодорхойлолт зэргийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Онийг зодож, биед нь дээд уруулын язрал, цус хуралт, 3 шүдний сулрал, дээд буйлны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Онийн “...Х миний уруул хэсэг рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-7-9/, гэрч А.Бат-Өлзийн “...О ...2 хүнтэй маргалдаад зогсож байсан. ...Онийг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/, шүүх эмнэлгийн 14035 дугаар “1.О.Онийн биед дээд уруулын язрал, цус хуралт, 3 шүдний сулрал, дээд буйлны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.5.6.Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-19/, шүүгдэгч Т.Х-ны яллагдагчаар өгсөн “...би Онийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-26-30/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Хгийн хохирогч О.Онийг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Онийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-9/, мөн “...Х уучлалт гуйсан. Одоо надад гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт /хх-54/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгч ажил эрхэлдгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч “Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахиж хууль бус үйлдэл хийхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан хүний эрх, эрх чөлөөнд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Т.Хг 480.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөвдүүд овогт Тунгалагийн Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хг 480.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Х урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР