Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/02119

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/02119

 

 

,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03831 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,т холбогдох,

2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ,,,, ,,,,,,, дугаар анхны дуудлага худалдаа явуулах, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,,,,,,, ,,,,,,,,, дүгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дүгээр шийдвэрээр хариуцагч ,,,,,,,,, ХХК-иас 2,564,766,588 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх баримт бичигтэй танилцахад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэснийг зөрчсөн байсан.

Иймд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ,,,, ,,,,,,, дугаар тогтоол, мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,,,,,,, ,,,,,,,,, дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,, ХХК-иас 2,564,766,588 төгрөг гаргуулж ,,,,,,,,,,-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 37.9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 810 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг битүүмжлэн, хурааж, шинжээч томилоход 2,013,798,400 төгрөгөөр үнэлсэн.

2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах орон сууц нь 69,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон боловч төлбөр төлөгч 69,000,000 төгрөгийг төлсөн тул Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг сэргээх тогтоол хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ,,,, ,,,,,,, дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,,,,,,, ,,,,,,,,, дүгээр Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн ,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ,,,, ,,,,,,, дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах, мөн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,,,,,,, ,,,,,,,,, дугаар бүхий хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмаар явагдаагүй гэх үндэслэлээр хариуцагч ,,,,,,,т холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ,,,, ,,,,,,, дугаар анхны дуудлага худалдаа явуулах, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,,,,,,, ,,,,,,,,, дүгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12,,,,,, дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00692 дугаар тогтоолоор ,,,,,,,,, ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2,564,766,588 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 13,051,982 төгрөгийн хамт гаргуулж ,,,, ХХК-д олгож шийдвэрлэсэн.

Мөн уг шийдвэрт барьцааны зүйл болох ,,,,,,,,,,,ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, ,,,,,, тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, 810 м.кв зоорьтой 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, ,,,,,, тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 819 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 122 тоотод байрлах 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан.

 

3.1. Дээрх шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох ,,,,,,,,,,,ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, 03 дугаар сарын 17-ны өдөр хураасан.

 

3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураасан хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр ,,,,,,,, ХХК болон ,,,,,,, ХХК-ийг томилсон.

Шинжээч ,,,,,,,, ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгыг, газрын хамт 1,911,544,000 төгрөгөөр, ,,,,,,, ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2 өрөө орон сууцыг 102,,,,,,,4,400 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Төлбөр төлөгч ,,,,,,,,, ХХК-ийн дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02633 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2023/00270 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгожээ.

 

3.3. ,,,,,,,,,,,ын өмчлөлийн дээр дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ,,,, ,,,,,,, дугаар тогтоолын дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч уг ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсний дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/54, 4/46 дугаар тогтоолоор 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,,,,,,, ,,,,,,,,, дүгээр тогтоолоор 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд ,,,,,,,,,,,ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг оруулсан байна.

 

3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Албадан дуудлага худалдаагаар орсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох ,,,,,,,,,,,ын зүгээс анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахдаа энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй, дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй гэх үндэслэлийг зааж дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

 

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг.

 

4.2. Хариуцагч байгууллага нь хуульд заасан дээрх шаардлагыг хангасны үндсэн дээр анхны болон хоёр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Учир нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ,,,, ,,,,,,, дугаар тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2-153/11099, 2-153/11100 дугаар албан бичгээр Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст шуудангаар хүргүүлсэн, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө энэ талаар Өнөөдөр сонины 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Пүрэв гарагийн №061, 062 (7620, 7621), 2023 оны 05 дугаар сарын ,,,,,,-ны өдрийн Пүрэв гарагийн №112 (7661) дугааруудад нийтэд мэдээлсэн бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримт тогтоогдоогүй, харин хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,,,,,, дугаар зүйлийн ,,,,,,.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон байх тул нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03831 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ