Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

-

-

     2019           3           18                                         2019/ШЦТ/329         

 

-                                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908000060202 дугаар хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, оршин суух,

урьд Эрдэнэт хот дахь сум дундын шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 60 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн, Сартуул овогт Орсоогийн М /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төв дотор иргэн З.Баярсайхантай маргалдаж, улмаар түүн рүү чиглүүлэн гэрлийн суурь авч шидэхэд цаад талд нь явж байсан иргэн Д.Огийн духанд онож, биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ажлаасаа чөлөө авсан байсан. Ээжийн 21 хоног болсон юм. Манай үүдэнд гэрлийн суурь байхаар нь шидсэн чинь хохирогч охины духанд оносон. Баярсайханаас “автобусны мөнгө байна уу” гэхэд “байхгүй” гэсэн. Хохирогчийг огт хараагүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Баярсайхантай маргалдаагүй. Хохирогчийг огт хараагүй. Хэл амаар доромжилсон нь үнэн. Сард 350.000 төгрөгийн цалин авдаг. Торгох ялыг зөвшөөрнө. Өөрийн болчимгүй үйлдлээс болж ийм асуудал боллоо. Дахин хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 1908000060202 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Огийн: “2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон худалдааны төвд 18 цагийн орчим явж байсан. В1 давхар буюу тээш хадгалах давхарт явж байхад гэрлийн суурь үл таних хүн баруун дух, хөмсөгний дээд тал руу шидсэн. Духнаас цус гарсан. Миний дух руу гэрэл шидсэн хүн ирээд “яана аа, хүнтэй андуурчихлаа” гэж хэлсэн. “Ядаж миний цусыг арчих алчуур өгөөч, одоо тэгээд яах юм бэ” гэж хэлэхэд “хажуу талд аптек байгаа” гээд аптек руу дагуулж орсон. ...Тэр ах ирээд надад мөнгө байхгүй шүү, цагдаа надад нөлөөлөхгүй, эсвэл чи миний хоолойг хэрч гэсэн Дунду зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Гэрч З.Баярсайханы: “2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...18 цагийн үед М нилээн согтуу ирсэн. Эхнэр нь “гэртээ харья” гээд авч явах гэтэл “явахгүй” гээд надаас “2000 төгрөг өгчих, явлаа” гэсэн. Би “мөнгө байхгүй, эхнэртэйгээ харь” гэтэл өрөөнийхөө үүдэнд байсан гэрлийн суурийг шидэх гэж байгаад би булттал миний ард явж байсан хүүхний толгой руу шидсэн. Нөгөө хүүхэн яг манай үүдэнд толгойгоо хагалуулсан. М “өө харлаа, хүн рүү юм шидчихлээ” гэсэн. Нөгөө хүүхний дух хавьцаа ярагдаад цус гарсан байсан. Тэгээд би Мд хандаж “өө чи яаж байгаа юм бэ, одоо наад хүнийхээ толгойг боолгож өг, сорвины тос авч өг” гээд Мөнхжаралд 10.000 төгрөг өгсөн. Намайг архины мөнгө өгөөгүй гээд уурлаад над руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-16/,

Гэрч Г.Цэцгээгийн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед ярихад согтуу байсан болохоор нь санаа зовоод авах гээд очсон. ...Мыг авч гараад явж байтал буцаж “өрөөнөөс юм авна” гээд өрөө рүүгээ явсан. Би дагаад ортол үл таних эмэгтэй духаа барьсан цус гарсан байсан. “Яасан, юу болсон бэ” гэж асуухад “тантай хамт явж байгаа хүн гэрлийн суурь шидчихлээ” гэж хэлсэн. Нөхөр М согтуу байсан учраас гэр лүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-17/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.12.20-ны өдрийн 448 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.О-н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/,

 Шүүгдэгч О.Мын яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...16 цагийн үед хамт ажилладаг хүмүүстэйгээ архи уусан. Найзтайгаа 0.33 литрийн архи уугаад 18 цагт ажил дээрээ цүнхтэй багажаа авах зорилготой очсон. Ажлын байрны хаалганы үүдэнд өдрийн шилний суурь хэвтэж байхаар нь уурлаад хажуу талд түлхүүр хувилдаг Баярсайхан гэх залууд хандаж “хогоо ав” гээд уг гэрлийн суурийг шидэхэд Баяраа бултаад ард талд нь явж байсан барааны захаас буюу ертөнцийн зүгээр баруун талд явж байсан хүүхний духыг оноод цус гарсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас түлхүүр хувилдаг залуугаас 10.000 төгрөг зээлээд нөгөө охин дээр очоод “ахыгаа уучлаарай, хүнтэй андуурчихлаа, чамд сорвины тос, шархны лент авч өгье” гээд аптек руу дагуулж орсон. ...Хохиролд 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-40/, “Үнэнч” ХХК-ийн тодорхойлолт /хх-41/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /хх-43-44, 45-47/, хохирогчийн хүсэлт /хх-54/, шүүгдэгчийн хүсэлт /хх-55/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.М согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” худалдааны төвийн байранд гэрлийн суурь шидэж, хохирогч Д.Огийн биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Огийн “...гэрлийн суурь үл таних хүн баруун дух, хөмсөгний дээд тал руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-14-15/, гэрч З.Баярсайханы “...М нилээн согтуу ирсэн. Үүдэнд байсан гэрлийн суурийг шидээд би булттал миний ард явж байсан хүүхний толгой руу шидсэн. Нөгөө хүүхэн яг манай үүдэнд толгойгоо хагалуулсан...” гэх мэдүүлэг /хх-16/, гэрч Г.Цэцгээгийн “...үл таних эмэгтэй духаа барьсан цус гарсан байсан. “Яасан, юу болсон бэ” гэж асуухад “тантай хамт явж байгаа хүн гэрлийн суурь шидчихлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүх эмнэлгийн 448 дугаар “1.Д.О-н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-21/, шүүгдэгч О.Мын яллагдагчаар өгсөн “...шилний суурь хэвтэж байхаар нь уурлаад хажуу талд түлхүүр хувилдаг Баярсайхан гэх залууд хандаж “хогоо ав” гээд уг гэрлийн суурийг шидэхэд Баяраа бултаад ард нь явж байсан хүүхний духыг оноод цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Мын гэрлийн суурь шидэж хохирогч Д.Огийн толгойд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...М гэх хүнээс 150.000 төгрөг эмчилгээний зардалд авсан болно. Ямар нэг гомдол саналгүй болно...” гэх хүсэлт /хх-54/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч шууд санаатай үйлдлээр гэрлийн суурь шидсэн. Бусдад төлөх төлбөргүй. “Үнэнч” ХХК-д ажилладаг боловч цалингийн тодорхойлолт өгөх боломжгүй гэсэн. Өдөр өдөрт нь орлогоосоо хамаараад цалинг өгдөг. Доод тал нь 300.000 төгрөг олдог гэж захирал нь хэлж байсныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрнө. 5 сарын хугацаанд төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, шууд бус санаатай үйлдэгдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 150.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлсийг үндэслэн шүүгдэгч О.Мд 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Орсоогийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 470.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР