Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02099

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02 210/МА2024/02099

 

 

Ү.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/03477 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ү.Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.У, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, Х.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд Э ХХК-ийн Бизнес төлөвлөгөөний ахлах мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э ХХК-д Санхүү, эдийн засгийн хэлтэст Санхүү тайлагнал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн Б/72 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд тус тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80.1.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Э ХХК-ийн дүрмийн 7.7.3, 7.7.4, 7.7.11, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.9, 11.4.1, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэн орон тоо хасагдсан, тус ажил, албан тушаалын байр байхгүй болсон тул Ү.Утэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

Э ХХК-ийн бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хүрээнд санхүүгийн тайлан бэлтгэх чиг үүрэг, нэршил өөрчлөгдсөн, Эрдэнэс Монгол ХХК нь дээрх санхүүгийн тайлагнал хийх нь тус компанийн үндсэн ажил, чиг үүрэг болно. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно.

...Э ХХК-ийн зүгээс ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээг огт хийгээгүй болно.

...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2 дахь хэсэгт зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16, А/32 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Э ХХК-ийн 2019, 2020 оны үйл ажиллагаа болон охин компаниудын өнөөгийн байдалд хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн орон тоог бууруулж, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг өөрчлөн зохион байгуулах, салгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг дурдаж, зөвлөмж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоод аудитын хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар Дотоод аудитын дүнгийн тухай тогтоолын хамтаар ирүүлсэн байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар Э ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн компанийн нэгдсэн бодлого, зарчмаар хөгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлийг баталсан. Компанийн шинэчлэн баталсан дүрэмд холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1-д шинэчлэн баталсан дүрэмд нийцүүлэн Э ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийг давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох, нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал нарт даалгасан.

...Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалт болон Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд тус тус баталж, мөрдүүлсэн байна.

...Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/61 дугаар тушаалаар Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Ү.Ут 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах 01/436 дугаартай мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарган өгч баталгаажуулсан.

Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 тоот тушаал гарч Ү.Ут 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг хэрэгжүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д компанийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ажлын байр хасагдсан гэж ойлгох тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол, зөвлөмжүүдэд тус тус заасан байдаг.

Ү.Уийн ажлын байр нь компанийн бүтцэд зайлшгүй байх шаардлагатай эсэх асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу Гүйцэтгэх захирлын тодорхойлох эрх хэмжээ байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг бүхэлдээ шилжсэн зүйл байхгүй, ажлын байрны нэршлийг өөрчилсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1, 81.1.2-д заасныг хэрэгжүүлсэн. Мөн хуулийн 81.3-д заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцээ хийгдсэн. Энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгч байна.

Бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх заалтын аль нэг үндэслэлээр ажил олгогчийн санаачлагчаар ажлаас чөлөөлдөг тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, компанийн бүтцээс Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болж ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу мэдэгдэж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагчаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ү.Уийг Э ХХК-ийн Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 62,222,526 /жаран хоёр сая хоёр зуун хорин хоёр мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Ут олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ү.Уийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Э ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 469,063 /дөрвөн зуун жаран есөн мянга жаран гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...1. Ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэхдээ Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 2.1-т заасны дагуу 45 хоногийн өмнө мэдэгдээгүй гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэж, мэдэгдлийг авсан нэхэмжлэгч холбогдох байгууллагад гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байхад холбогдох хууль тогтоомжуудыг эрэмбэлэхдээ Хөдөлмөрийн хуулийг баримтлаагүй шийдвэрлэсэн нь хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгоогүй.

...Хариуцагч нь бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 61 дүгээр зүйлийн 61.1.3-т заасныг зөрчөөгүй. Гэтэл тус нотлох баримтыг бүрэн, бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр үнэлээгүй байна.

2. Шүүхээс ...нэхэмжлэгч Ү.Уийн урьд эрхэлж байсан Санхүү эдийн засгийн хэлтсийн Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтэн албан тушаал нь Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, аж ахуйн албаны Татвар хариуцсан нягтлан бодогчийн ажлын байртай харьцуулахад ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг давхардалтай, зарим чиг үүрэг төстэй, ажлын байрны зорилго ижил байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарласан.

Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, аж ахуйн албаны Татвар хариуцсан нягтлан бодогчийн ажлын байр нь өмнөх бүтэц буюу Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/61 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцэд Санхүү эдийн засгийн хэлтсийн Татварын бүртгэл, тайлагнал хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн нэршилтэй байсан. Өөрөөр хэлбэл Ү.Уийг ажиллаж байхад байсан албан тушаал төдийгүй, бүх төрлийн татварын тайланг бие даан гаргадаг Ү.Уийг ахалж ажилладаг албан тушаал байсан. Нэхэмжлэгч Ү.Уийн хувьд тухайн ажлын байранд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байсан.

Дээрх хоёр ажлын байрны чиг үүрэг хоорондоо төстэй боловч нэг нь ахлах мэргэжилтэн, нэг нь мэргэжилтэн гэсэн нэршилтэй 2 өөр ажлын байр байсан тул ажил олгогч бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг зохион байгуулалтын бүтцээс хасах шийдвэр гаргасан байдаг. Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтний ажлын байр үгүй болсон тул тухайн орон тооны ажлын байранд ажиллаж байсан Ү.Утэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарт нийцдэг.

Гэтэл анхан шатны шүүх өмнө байсан, одоо ч байгаа албан тушаалыг Ү.Уийн ажлын байр хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарт нийцээгүй төдийгүй, тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтны эрхийг хөндөх шийдвэр болсон.

Талууд дээрх 2 ажлын байрны чиг үүргийн талаар мэтгэлцэж, шүүх хуралдааны явцад Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/61 дугаар тушаал хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдсон тул хэргийг үнэн зөв, эргэлзээгүй шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тус нотлох баримтыг цуглуулахаар 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан боловч шүүх хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл татан буугдсан бөгөөд энэ талаар Улсын бүртгэлийн газраас шүүхийн журмаар лавлагаа гаргуулахад татан буугдсан талаарх лавлагаа дутуу ирсэн байхад шүүх зөвхөн үүсгэн байгуулагдсан нь тогтоогдож байна гэж дүгнэн, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрт заасны дагуу бөөнөөр халах мэдэгдлийг Э ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороонд өгөөгүй гэж ажил олгогчийг буруутган хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж харагдаж байна.

Шүүх хууль зүйн болон бодит үндэслэлд нийцсэн дүгнэлт хийгээгүй тухайд:

...Маргааны гол зүйл нь ажил олгогчийн тушаал байх бөгөөд тушаалын үндэслэлээ ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн байна. Хариуцагч талаас Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т зааснаар орон тоо хасагдсан тухай ТУЗ-ийн шийдвэр, Ажлын байрны хууль зүйн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтуудаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн. Тус нотлох баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэртээ тусгаагүй байдаг. Нотлох баримтад хуульд тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэх, бусад нотлох баримтаар давхар нотлогдож эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэх, тухайн нотлох баримт бусад нотлох баримтаас илүү бодит байдалд нийцсэн эсхүл нийцэхгүй байгаа, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх зэрэг асуудлуудын талаар шүүхийн үндэслэл бүхий дүгнэлт гэж ойлговол зохино. Гэвч ийнхүү үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81.3 дахь хэсэгт заасны дагуу бөөнөөр халах үеийн хэлэлцээ хийгдсэн үйл баримт авагдсан байхад үүнийг үнэлээгүй анхан шатны шүүх дүгнэхдээ хэлэлцээг бүрэн хийсэн гэж үзэхгүй гэсэн нь хуулийн томьёоллоос өөр байдлаар ойлгогдохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.3-т зааснаар холбогдох асуудлуудаар хэлэлцээ хийгдсэн байхыг шаардах ба заавал үр дүнд хүрсэн байхыг шаарддаггүй гэтэл бүрэн хийсэн гэж үзэхгүй гэх дүгнэлт нь хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болохоор байна.

Дээрх үндэслэлээр Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2024/03477 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хавтас хэргийн 76 дугаар талд нэхэмжлэгч Ү.Уийн ажлын байрны тодорхойлолт авагдсан бөгөөд үндсэн 1-10 чиг үүргийн 7 дахь чиг үүргээс бусад 9 чиг үүрэг нь санхүүгийн татвар, тайлантай холбоотой. Нягтлан бүртгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг хэрэгжүүлэгч нь нягтлан бодогч байдаг. ...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нягтлан бодогч тайлан боловсруулна, ахлах нягтлан бодогч санхүүгийн тайланд хяналт тавина, ерөнхий нягтлан бодогч тайланг батлах бөгөөд энэ талаар ажлын байрны тодорхойлолтод заасан. ...1 дүгээр хавтас хэргийн 217 дугаар талд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн лавлагаа Улсын бүртгэлээс ирсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн материалтай танилцсан. Хэргийг шийдвэрлэсэн хуралдаан 2024 оны 09 дүгээр сард болсон гэж үзэхэд 5 сарын хугацаанд ямар нэг хүсэлт гаргаагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй талаар маргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт үндэслэлгүй. 1 дүгээр хавтас хэргийн 221, 2 дугаар хавтас хэргийн 57 дугаар талд 2021-2022 онд батлагдсан хамтын хэлэлцээр авагдсан ба хэлэлцээрийн 2.1-т ажилчид бөөндөө халагдсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэхээр заасан. Шүүх хөдөлмөрийн хууль тогтоомжийн эрэмбийг тогтоосон Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхдээ мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримталсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулаагүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан ажил олгогчийн төлөөлөгч гэх ойлголтыг гаргаж ирэх ёстой. Гэвч үйлдвэрчний эвлэл жилийн дараа татан буугдсан талаар баримт байгаа учир шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, хамтын гэрээний 7.4, 5.2, 8.1-т заасан үндэслэлүүд хууль тогтоомжид нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. ...Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ү.У нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Ү.У нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж Санхүү, эдийн засгийн хэлтэст Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1-д тус тус зааснаар ажлын байр хасагдсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /1хх-ийн 7/

 

Тодруулбал, Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлахдаа нийт ажилтны тоог 70 ажилтан байхаар тогтоож, улмаар Санхүү, эдийн засгийн хэлтсийг Санхүү, хөрөнгө оруулалтын газар болгож нэршлийг өөрчилж, 8 хүнтэй ажиллахаар шийдвэрлэсэн учир тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 тоот тушаалаар батлагдсан орон тоонд нийцүүлэн нэхэмжлэгч Ү.Уийн ажиллаж байсан Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтний орон тоог хассан эсэх нь зохигч нарын маргааны зүйл болжээ. /1хх-ийн 58-69/

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил албан тушаал буюу ажлын байр нь шинэ бүтцээр байхгүй болсон гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохыг ойлгох ба ажил олгогч нь хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж буй ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.

 

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 тоот тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын газрыг 8 ажилтны орон тоотой ажиллахаар баталсан, уг орон тоонд нэхэмжлэгч Ү.Уийн ажиллаж байсан Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтний орон тоо багтаагүй талаар нэхэмжлэгчид 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдэгджээ. /1хх-ийн 77/

 

Гэтэл хариуцагч компанийн шинээр баталсан бүтэц, зохион байгуулалт, орон тоонд багтсан Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, аж ахуйн албаны Татвар хариуцсан нягтлан бодогчийн ажлын байрны чиг үүрэг нь нэхэмжлэгчийн урьд өмнө ажиллаж байсан Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгтэй ижил байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг Татвар хариуцсан нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзвэл нэхэмжлэгч Ү.Уийн хариуцан гүйцэтгэж байсан ажил үүрэг ийнхүү ажлын байрны нэршил өөрчлөгдсөн хэдий ч хэвээр байх тул орон тоо хасагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. /1хх-ийн 76, 2хх-ийн 36-42/

 

Иймд, анхан шатны шүүхийн Ү.Уийн гүйцэтгэж байсан ажил албан тушаалын нэр өөрчлөгдсөн болохоос бүх төрлийн тайланг хууль тогтоомжийн дагуу гаргах үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.2. Хариуцагчийн зүгээс энэхүү Татвар хариуцсан нягтлан бодогчийн ажлын байрыг Ү.Уийг ажиллаж байх үед гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/61 тоот тушаалаар батлагдсан Санхүү эдийн засгийн хэлтсийн Татварын бүртгэл, тайлагнал хариуцсан ахлах мэргэжилтэн гэж байсан, уг ажилтны чиг үүрэг бүх төрлийн татварын тайланг бие даан гаргадаг, нэхэмжлэгчийг ахалж ажилладаг байсан гэж маргадаг боловч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх дээрх үйл баримтыг тодруулах зорилгоор нотлох баримтыг бүрдүүлэхгүй. Учир нь, хэргийн оролцогч нарт өөрт нь байдаг, тэдгээрийн мэдэж байгаа бөгөөд шүүхэд өгөх боломжтой нотлох баримтыг шүүх санаачилгаараа бүрдүүлэх нь зохигч нарын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй тул хариуцагчийн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтыг бүрдүүлэх ёстой байсан гэсэн гомдлыг хүлээн авахгүй.

 

4.3. Зохигчид Э ХХК-ийг хэд, хэдэн ажилтныг ажлаас нь чөлөөлсөн буюу бөөнөөр халсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т зааснаар бөөнөөр халах үед энэ асуудлаар ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлын талаар хэлэлцээр хийх журамтай.

 

Хэрэгт цугларсан ажил олгогч болон ажилтны төлөөлөгч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлийг үзвэл ажлын байр хасагдсан болон орон тоо цөөрсөн гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдөр, халагдах ажилтны тоог багасгах, шилжүүлэх, ажилтныг мэргэшүүлэх гэх зэрэг бөөнөөр халах үеийн асуудлаар хэлэлцээрийг зохих ёсоор хийгээгүйгээс гадна үүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг бүрэн гүйцэд өгөөгүй байна. /1хх-ийн 81-91/

 

4.4. Түүнчлэн Э ХХК нь Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2021-2022/ 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.1-д ...ажилтнуудыг бөөнөөр халах болон шилжүүлэх тохиолдолд аж ахуйн нэгж байгууллага /ажил олгогч/ 45 хоногийн өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэж, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, нийгмийн хамгааллын талаар тусгай гэрээ байгуулж, ... гэсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /1хх-ийн 224-231, 2хх-ийн 60-68/

 

Тодруулбал, хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтны орон тоог цөөрүүлэх болон орон тоо хасах шалтгаанаар ажилтныг ажлаас нь чөлөөлөхөд 30 хоногийн өмнө мэдэгдэх зохицуулалттай боловч ийнхүү бөөнөөр халах тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэхээр хамтын хэлэлцээрээр тохирсон байх тул анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасныг үндэслэн ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэснийг буруутгахгүй.

 

4.5. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар салбар, салбар дундын хамтын хэлэлцээр нь тухайн хэлэлцээрт оролцогчдын төлөөлж байгаа нийт ажилтан, ажил олгогчид хамаарч үйлчлэх тул уг хэлэлцээрт ажил олгогч болон ажилтны төлөөлөгч буюу үйлдвэрчний эвлэл заавал оролцсон байхыг шаардахгүй.

 

Нөгөө талаар ажил олгогч Э ХХК нь үйлдвэрчний эвлэл татан буугдсан, идэвхгүй байсан гэж маргаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ажилтны төлөөлөгч гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгч, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтныг гэж зааснаар нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгч нарт мэдэгдэх боломжтой байжээ.

 

Иймд, нэхэмжлэгч Ү.Уийн гүйцэтгэж байсан ажил албан тушаалын нэр өөрчлөгдсөн, харин ажлын байр хасагдаагүй гэж, мөн ажил олгогч Э ХХК-ийг бөөнөөр халах үеийн зохицуулалтыг зөрчсөн, хамтын хэлэлцээрээр тохирсон эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

Хариуцагч нь анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ү.Уийн ажилгүй байсан хугацааны тооцооллын талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой хэсгийг хөндөхгүй.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/03477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 469,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР