| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0330/Э |
| Дугаар | 344 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 344
-
-
2019 3 22 2019/ШЦТ/344
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Б.Энхбат,
иргэдийн төлөөлөгч Я.Гэрэлт,
хохирогч Я.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгариг,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт О.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808026630912 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автогрейдер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бадрах овогт Очирсүхийн Т /РД:/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч О.Т нь согтууруулах ундааны зүйл зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 14-45 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Я.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэртээ ирсэн чинь эхнэр байгаагүй. Утсаар ярьсан чинь “бааранд байна, айлд байна” гэсэн. Тэгээд би гараад архи уусан. Тэгээд хутгалсан байсан. Өөр юм санахгүй байна. Гэмшиж байна” гэв.
Хохирогч Я.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө бид хоёр согтуу байсан. Одоо биеийн байдал зовиургүй, ажлаа хийгээд явж байна. Гомдол санал байхгүй. Хардалтаас болж ийм асуудал болсон. 22 жил хамт амьдарч байна. Шоронд битгий явуулж өгөөч. Зүйлчлэлийг хөнгөлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808026630912 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Я.Аийн: “2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Тахилтад байх гэртээ унтаж байгаад хүн хашгирах чимээнээр сэртэл нөхөр О.Т хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд О.Т “алнаа” гэж хашгирахаар нь би газар унтаж байгаад босох гэтэл миний аюулхайгаас жоохон доохно хэсэгт барьж байсан хутгаараа хутгалчихсан. Би босоод нөгөө өрөөнд унтаж байсан охин Уранжаргал, түүний нөхөр Арслан нарт энэ тухай хэлсэн. Би өөрийн дүү Батжаргалд хэлээд Гэмтлийн эмнэлэгт очсон. Тэндээсээ цэргийн төв эмнэлэг дээр очиж эмчлүүлсэн. ...Т их хартай, хий хоосон хардалтын улмаас хэрүүл маргаан гарч л байдаг, гэхдээ цохиж зодож байгаагүй. Тэрээр нилээн согтуу байсан. Өөрийн ухаанаа бараг мэдэхгүй болтлоо согтсон байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.
...Нөхөр бид хоёр үл ялих зүйлээс болж хэрэлдэж байгаад нөхөр хоолны шургуулганд байсан хүрэн иштэй хутгаар гэдсэнд хутгалсан. Нөхөр намайг хардсаны улмаас хэрэлдэж байгаад хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-44-48, 176-178/,
Гэрч Г.Арсланбаатарын: “2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө хадам аав болох О.Тынд найз охин Т.Уранжаргалын хамт унтаж байтал шөнө “түг” хийсэн чимээнээр цочиж сэрсэн. Хадам аав О.Т шөнө ухаан алдаж татаад, хэлээ хазаж байсан болохоор хадам аавыг ухаан алдаад уначихлаа гэж бодоод хаалгаар гараад нөгөө өрөөнд орох гэтэл хадам ээж Я.Атай хаалган дээр таарсан. Хадам ээжийн явсан бололтой замаар цус дусаад явсан. Мөн элгээ дарчихсан байсан. Я.А уйлаад бид хоёрын унтаж байсан орон дээр суусан. Цаад том өрөөний буйдан дээр хадам аав О.Т сууж байсан. Би хадам ээжээс юу болсон талаар асууж, хэвлий хавьцаа дараад байсан гарыг нь аваад хартал хутгаар зүссэн бололтой шархнаас цус гарч байсан. Тэгээд эмнэлэг рүү ээжийн төрөл Батболд гэдэг хүн аваад явсан. ...Т дунд зэргийн согтолттой байсан. Цагдаа ирээд аваад явахад бөгсөн доороос нь мах хөшиглөдөг бор иштэй хутга гарч ирсэн. Тухайн хутгыг цагдаа хураагаад явсан” гэх мэдүүлэг /хх-18-19/,
Гэрч Т.Уранжаргалын: “2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө гэртээ ...унтаж байтал шөнө 02 цагийн орчим ээж Я.А миний унтаж байгаа өрөөнд ороод ирэхээр нь сэрсэн. Ээж хэвлий хэсгээ гараараа дарчихсан байсан. Г.Арсланбаатар ээжийн гарыг татаад хартал хэвлий хэсэгт нь зүсэгдсэн бололтой жижигхэн шархнаас цус гарч байсан. Ээж ярихдаа аав чинь намайг хутгаар хатгачихлаа гэж байсан. Тайванжарал согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Тын хажууд орон дээр манай маш хөшиглөдөг бор иштэй хутга байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,
Гэрч Б.Батболдын: “2018 оны 5 дугаар сарын 26-ны шөнө гэртээ унтаж байтал ...Уранжаргал “аав Т ээжийг зодоод гаргаад явуулчихлаа” гэхээр нь би машинаа асаагаад гараад ангийн гэрэлтүүлгээр гэрэлтүүлээд харсан чинь шонгийн модны хажууд А пальто бололтой хувцас өмсөөд энгэрийг нь зөрүүлээд барьчихсан зогсож байсан. Аийг гэртээ оруулаад хувцсыг нь сөхөөд хартал хэвлийн аюулхай хэсэгт зүсэгдсэн бололтой шархнаас цус гарч байсан. Эмнэлэг рүү аваад явтал замдаа А ухаан алдаж унаж байсан. ...А “манай нөхөр Т намайг хүнтэй хардаж зодоод хэвлий хэсэгт хутгалчихлаа, би хүүхдүүдийн өрөөнд хутгалуулчихаад орсон, тэгээд би гараад гүйсэн” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Гэрч О.Ганчимэгийн “...Хэрэг гарсны маргааш өдөр дүү Сайнзаяагаас Т ах эхнэрийгээ хутгалсан гэж утсаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-173/,
Гэрч О.Сайнзаяагийн: “2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Т ахын охин Уранжаргал утсаар яриад “аав ээжийг хутгалчихлаа, ээж эмнэлэг рүү явсан, аавыг цагдаа нар эрүүлжүүлэх рүү авч явах гэж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-175/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.06-ны өдрийн 6766 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Я.Аийн биед хэвлийн хөндийн дотор эрхтэн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөхний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-28/,
Хэргийн задгай материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.20-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: “1.2.3. Я.Алтантуяагийн биед зүүн хөхний дотор гадаргуу, аюулхай мөгөөрс орчимд хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн, элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий шинэ гэмтэл учирчээ. 4. Дээрх гэмтэл нь мохоо хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-168-169/,
Шүүгдэгч О.Тын яллагдагчаар өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 25-ны 18 цагийн орчим ...гэртээ ирэхэд эхнэр А байхгүй байсан. Утас руу нь залгахад “бааранд пиво ууж байна” гэсэн. Дахиад залгасан чинь “айлд байна” гэсэн. Удалгүй А гэртээ ирсэн. Хардалтаас болж муудалцсан. Тэгээд би гэрээсээ гараад Ганзориг гэдэг хүнтэй таараад 2 шил архи хувааж уусан. Гэртээ шөнө ирсэн. Би эхнэр Аийг хутгалсан байна лээ. Энэ талаараа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх байр луу явж байсан...” гэх мэдүүлэг /хх-56-57/,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-155-163/, өвчний түүх /33-40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61/, гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх-67/, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хх-83/, шүүгдэгчийн хүсэлт /хх-93/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншиж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар иштэй, 20см урттай 1 ширхэг хутгыг оролцогчдоор таниулж тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Бусдад төлөх төлбөргүй. Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгч согтуурсан байсан, хоромхон зуур автсан гэх шинж тогтоогдоогүй учир Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд хамаарахгүй. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг заасан байгаа...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Үйлдлийн хувьд гэм буруугүй гэж маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Байнгын гэх байдал тогтоогдохгүй байгаа. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм бурууг анхаарч үзнэ үү. Хардалтын улмаас гэж хохирогч, шүүгдэгч нар хэлдэг. Хардалтын улмаас сэтгэлзүйн хувьд цочрон давчидсан байх боломжтой. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой. Өдөржингөө бухимдаж байгаад эхнэрээ хараад уулзах мөчид цочролд орсон байх боломжтой. Харддаг, хардсан гэж хохирогчийн мэдүүлэг байгаа. Мөн хохирогчийн “Манай нөхрийг битгий явуулаач” гэж байгааг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ..” гэж,
хохирогч “Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Т согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 14 дүгээр гудамж, 45 тоотод эхнэр болох хохирогч Я.Аийг хутгалж, биед нь хэвлийн хөндийн дотор эрхтэн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөхний хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Я.Аийн “...Т нилээн согтуу байсан. ...нөхөр О.Т хутга барьчихсан зогсож байсан. О.Т ...миний аюулхайгаас жоохон доохно хэсэгт барьж байсан хутгаараа хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх-44-48/, гэрч Г.Арсланбаатарын “...Т дунд зэргийн согтолттой байсан. Хадам ээж Я.Аийн явсан бололтой замаар цус дусаад явсан. ...хэвлий хавьцаа дараад байсан гарыг нь аваад хартал хутгаар зүссэн бололтой шархнаас цус гарч байсан. ...Тыг цагдаа ирээд аваад явахад бөгсөн доороос нь мах хөшиглөдөг бор иштэй хутга гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч Т.Уранжаргалын “...Тухайн үед ээж ярихдаа аав /Т/ чинь намайг хутгаар хатгачихлаа гэж байсан. Г.Арсланбаатар ээжийн гарыг татаад хартал хэвлий хэсэгт нь зүсэгдсэн бололтой жижигхэн шархнаас цус гарч байсан. ...Т нэлээд согтолттой байсан. Түүний хажууд орон дээр манай мах хөшиглөдөг бор иштэй хутга байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч Б.Батболдын “...Аийг гэртээ оруулаад хувцсыг нь сөхөөд хартал хэвлийн аюулхай хэсэгт зүсэгдсэн бололтой шархнаас цус гарч байсан. ...“манай нөхөр Т намайг хүнтэй хардаж зодоод хэвлий хэсэгт хутгалчихлаа, би хүүхдүүдийн өрөөнд хутгалуулчихаад орсон, тэгээд би гараад гүйсэн” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч О.Сайнзаяагийн “...Уранжаргал утсаар яриад “аав ээжийг хутгалчихлаа, ээж эмнэлэг рүү явсан, аавыг цагдаа нар эрүүлжүүлэх рүү авч явах гэж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-174-175/, шүүх эмнэлгийн шинжээчийн 6766 дугаар “1.Я.Аийн биед хэвлийн хөндийн дотор эрхтэн гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн цус хуралдалт, зүүн хөхний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-28/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон О.Тын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1 ширхэг хутга зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг О.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” ...үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно. Энэ хэргийн хувьд О.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр эхнэр Я.Ат хөнгөн гэмтэл учруулсан байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийвдэрлэлээ.
Иймд шүүгдэгч О.Тын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Я.Аийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Мөн шүүгдэгч О.Тыг зэвсэг хэрэглэн халдахаас өмнө хохирогч, шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн маргаан болсон, зодолдсон гэх үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.
Хохирогч Я.Аийн хууль бус, зүй бус үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэлзүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-44-48, шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан хөнгөрүүлэх боломжийг харгалзан өмгөөлөгч ийм дүгнэлт гаргаж байгаа. Хохирогч, шүүгдэгч нар гэр бүлийн хүмүүс, хохиролгүй гэж байгааг анхаарна уу. Учирсан хохирол, хор уршиг арилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг оногдуулж өгнө үү” гэж,
хохирогч “Шоронд битгий явуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтуурсан буюу согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй/ болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар 20 см урттай, бор иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт О.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Бадрах овогт Очирсүхийн Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Тыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар 20 см урттай, бор иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Тыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД М.МӨНХБААТАР
Г.МӨНХЗУЛ