| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 500/2017/0007/Э |
| Дугаар | 257 |
| Огноо | 2017-04-13 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 257
Г.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн прокурорын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.Бат-Эрдэнэд холбогдох 201626012682 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тайчууд овгийн Гооройн Бат-Эрдэнэ, 1964 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17 дугаар гудамж, 244 тоотод оршин суух,
- 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1751 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр 1 жилийн хорих ял,
- 2000 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 127 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр 2 жил хорих, 1751 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг хорих ялд багтааж, 1999 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд багтааж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- 2001 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, 127 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр 1 жил 6 сар хорих, 1751 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр 500.000 төгрөгөөр торгох, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан торгох, хорих болон эд хөрөнгө хураах ялыг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өршөөн хэлтрүүлсэн,
- 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, 127 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр 1 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн 1751 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан эд хөрөнгө хураах ялыг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өршөөн хэлтрүүлж, оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/, /РД: ПМ64051814/,
Г.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос авто засвар, барилгын материалын дэлгүүрийн гадаа иргэн Л.Ганбаатартай Цоож гэх хүний нүүрсийг буулгаж өгнө, өгөхгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар боож унагаан, зүүн хөлийг нь мушгиж хугалан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэстэй гэж үзлээ.
1. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд яллагдагчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст Г.Бат-Эрдэнийг урьд 3 удаагийн ял шийтгэлтэй гэж бичигдсэн, харин прокурорын яллах дүгнэлтэд түүнийг 4 удаагийн ял шийтгэлтэй гэжээ. Г.Бат-Эрдэнэ урьд хэдэн удаа ял шийтгэгдсэнийг зөв тогтоох, шаардлагатай зарим баримтыг хэрэгт цуглуулах замаар хувийн байдлыг тогтоох шаардлагатай байна.
2. Хохирогч Л.Ганбаатар 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн мэдүүлэгтээ “...Цоож гэдэг хүний нүүрсийг Бат-Эрдэнэ бид хоёр хагалж буулгах гээд тохирсон байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ өнөөдөр Цоожийн нүүрсийг буулгаж яах юм гэж хэлэхээр нь би заавал буулгаж өгье гэсэн чинь Бат-Эрдэнэ явахгүй гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн...” гэж,
Г.Бат-Эрдэнэ яллагдагчаар “...Бид хоёр нүүрс буулгана, буулгахгүй гэж маргалдаагүй. Маргааш нь буулгаж өгье гэж өдөр нь бид хоёр хоорондоо ярилцаж байсан...” гэж тус тус мэдүүлжээ. Иймд нүүрс зардаг Цоож гэх хүнээс Г.Бат-Эрдэнэ, Л.Ганбаатар нар тухайн гэмт хэрэг гарсан өдөр түүний нүүрсийг буулгаж өгнө гэж тохирсон байсан эсэхийг тодруулах, Г.Бат-Эрдэнийн үйлдэл гудамж, талбай, олон нийтийн газар болсон байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн эсэхийг тогтоосны эцэст хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай.
3. Хохирогч Л.Ганбаатараас “...Бат-Эрдэнэ газар унасан байхад зүүн хөлийг мушгиад хугалсан...” гэж, яллагдагч Г.Бат-Эрдэнээс “...Ганбаатарын хөлийг мушгисан зүйл байхгүй, сугадалцсан явж байгаад давхралдаж унасан...” гэж зөрүүтэй мэдүүлсэн байна. Иймд шинжээчээс давхралдаж унах үед хохирогч Л.Ганбаатарын биед уг гэмтэл учрах боломжтой эсэхийг тодруулах. Мөн мөрдөн байцаагч 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Л.Ганбаатарын биед үзлэг, шинжилгээ хийх, шинжээч томилох тухай тогтоол гаргасан байх ба Л.Ганбаатарын биед шинжилгээ хийсэн шинжээч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15581 тоот дүгнэлтдээ “мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол”-оор дүгнэлт гаргасан мэтээр зөрүүтэй бичигдсэн.
4. Тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн төлөөлөгч эмчилгээ чанарын албаны дарга Р.Гантуяаг тогтоосон байх ба иргэний нэхэмжлэгчид эрх, үүргийг танилцуулаагүй, иргэний нэхэмжлэгч хэнээс юу нэхэмжилж байгаа нь тодорхой бус, энэ талаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн талаар тайлбар аваагүй зөрчлийг арилгах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Прокурор М.Амарзаяа бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичив.
1. Г.Бат-Эрдэнийн ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгахад, Улсын Ерөнхий прокурорын Эрүүгийн хэргийн төв архиваас 1999, 2000, 2001, 2004 онд тус тус ял шийтгэгдсэн талаарх тогтоолуудын хуулбаруудыг гаргаж өгсөн. Дээрх тогтоолуудад үндэслэн яллах дүгнэлтэд 4 удаагийн ял шийтгүүлсэн гэж бичсэн. Иймд ял шийтгэгдсэн эсэх нотлох баримтыг орхигдуулсан, шаардлагатай бичиг баримтыг дутуу авч, Г.Бат-Эрдэнийн хувийн байдлыг дутуу шалгасан гэсэн заалт үндэслэлгүй байна.
2. Гэмт хэрэг үйлдэгдэх үед хэн нэгэн гэрчийн этгээд ялангуяа Цоож гэх хүн байгаагүй ба хохирогч, яллагдагч нар нь Цоож гэдэг хүний нүүрсийг буулгах асуудал яригдсан талаар хэн аль нь мэдүүлсэн. Гэтэл хэргийн үйл баримтаас яг ямар үйл баримтыг гэрчээр нотлуулах нь ойлгомжгүй байх ба хэрэг гарах цаг хугацаанд “хохирогч, шүүгдэгч нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэн эсэх”-ийг тогтоолгох зорилгоор мэдүүлэг авахуулах заалт чиглэл өгсөн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “...шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана...”, 246.2 дахь хэсэгт “...шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй...” гэж заасан байхад “Г.Бат-Эрдэнийн үйлдэл гудамж талбайд, олон нийтийн газар болсон байх бөгөөд...” гэсэн дүгнэлт хийж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт “...мэдүүлэгт нь ноцтой зөрөө байвал сэжигтэн, яллагдагчаас бусад урьд байцаагдсан этгээдүүдийг... мөрдөн байцаагч нүүрэлдүүлэн байцаах эрхтэй...” гэж заасан байх тул хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцааж, мэдүүлгийн зөрүүг гаргах хууль зүйн зохицуулалт байхгүй. Мөн хохирогч Л.Ганбаатар “Бат-Эрдэнэ газар унасан байхад миний хөлийг мушгиж хугалсан” гэж үйлдлийг нотолж мэдүүлснээс гадна, гэрч Ц.Пагамын “...Ганбааг нэг эрэгтэй хүн боож унагааж... нэг хөлөөс нь чирч давхиад... хөлөөс нь чирээд мушгиад байсан хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг, шинжээчийн 15581 дугаар дүгнэлтэд “Л.Ганбаатарын биед учирсан гэмтэл нь ...хөших, мушгих үед үүссэн байх боломжтой” гэснээр давхар нотлогдож байх тул шинжээчээс мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэв шүүхэд эргэлзээ төрвөл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байсан.
4. Дүүргийн Мөрдөн байцаах тасгаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Л.Ганбаатарын биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын талаарх баримтыг гарган өгөх талаар албан бичгийн дагуу тус эмнэлгээс өвчтөн Л.Ганбаатарт хийгдсэн эмчилгээний зардалд 633.114 төгрөгийг нэхэмжилсэн албан бичиг ирүүлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх байцаан шийтгэх ажиллагаанд тус төвийн эмчилгээ эрхэлсэн Р.Гантуяаг иргэний нэхэмжлэгчээр томилж өгөх хүсэлтийг ирүүлсэн.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд хохирол учирсан бол... прокурор... тэдэнд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “...Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо ... прокурор... тогтоол ... гаргана...” гэж заасны дагуу прокурорын тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Р.Гантуяаг тогтоосон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4 дэх хэсэгт заасан эрх, үүргийг тайлбарлан өгч тогтоолтой танилцуулан гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргасан байна. Мөн иргэний нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тодруулан асуух боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Яллагдагч Г.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт нь “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.
Г.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос авто засвар, барилгын материалын дэлгүүрийн гадаа иргэн Л.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, боож унагаан, зүүн хөлийг нь мушгиж хугалан, Л.Ганбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийх шаардлагагүйн дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу хэргийн хэмжээний дотор хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Хавтаст хэрэгт авагдсан 1999, 2000, 2001, 2004 онуудад ял шийтгүүлсэн гэх таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолуудыг үндэслэн прокуророос Г.Бат-Эрдэнийг 4 удаагийн ял шийтгэлтэй гэж яллах дүгнэлт үйлджээ.
Гэтэл 2000 оны 226 дугаар, 2001 оны 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолууд, 2004 оны 280 дугаар шийтгэх тогтоол нь нэг хэргийн тогтоолууд байна. Үүнээс 2000, 2001 онуудын таслан шийдвэрлэх тогтоолуудыг ямар шалтгааны улмаас хүчингүй болгосон талаарх магадлал, тогтоолууд хэрэгт авагдаагүй байна. Гэвч эдгээрийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос цуглуулан, хэрэгт нотлох баримтаар өгөх боломжтой юм.
Түүнчлэн шүүгчийн захирамжид “хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай” гэснийг хүлээн авах шаардлагагүй бөгөөд тухайн асуудлыг харж гэрчилсэн Ц.Пагам болон хохирогчийн мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн сэдэлтийг тогтоох боломжтой байна.
Иймд прокурор М.Амарзаяагийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.