Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2016/1018/З |
Дугаар | 285 |
Огноо | 2017-04-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 285
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Н-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Н миний бие 2000 оноос эхлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст зөвлөх, хэлтсийн даргын үүрэгт ажлыг төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр 16 жил зүтгэж 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан. Төрийн алба хашиж ирсэн жилүүдэд ажил төрлийн болон хувь хүний хувьд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж төрийн албыг цалгардуулаагүй, ямар нэгэн шийтгэл, зэмлэл хүлээж байсангүй. Харин төрийн төлөө албан үүргээ үнэнч шударга үр бүтээлтэй гүйцэтгэж, Улсын Их Хурлын гадаад харилцааг хэрэгжүүлэхиин төлөө үнэнчээр хөдөлмөрлөсөн. Энэ талаарх баримтууд миний хувийн хэрэгт бий. 2005 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Алтан гадас одон, 2015 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2012 онд Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнагдсан нь намайг хэрхэн ажилласныг тодорхойлно.
Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байтал 2016 оныы 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц 652 дугаар захирамж гарган намайг ажлаас халсан юм. Эл захирамжийг гаргах асуудлаар эрх бүхий албан тушаалтнууд надтай уулзаагүй, ямар нэгэн ажилд томилох талаар мэдэгдээгүй, дээрх захирамжийг надад гардуулан өгөөгүй атлаа миний ажлыг Ш.Н хэмээх иргэнд хүлээлгэн өгүүлсэн. Үндсэндээ миний ажлыг захирамж нэрийн дор булаан авсан. Би энэ албанд заавал ажиллах ёсгүй, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг ёс зүй, хууль зүйн хэм хэмжээний дагуу ажлаа хүлээлгэн өгч 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажилгүй, орлогогүй нэгэн болсон.
Намайг ажлаас халсан 652 дугаар захирамжийг Улсын Их Хурлын Тамгын газар 16 жил алба хашиж байсны хувьд хувиараа олж танилцахад “өөр албан тушаалд шилжин ажиллах болсон тул Ц.Н-г ажлаас чөлөөлсүгэй’’ гэж дурджээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримталсан байна. Миний хувьд эл захирамж Төрийн албаны тухай хуулийг илтэд зөрчиж, Ц.Н миний төрд алба хаших, хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэж үзэж байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс намайг ямар нэгэн ажилд ажиллуулъя гэсэн санал энэхүү захирамж гарталх хугацаанд болон өнөөдөр ч ирээгүй. Ийм нөхцөлд Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга захирамжиндаа “өөр албан тушаалд шилжин ажиллах болсон” хэмээн дурдсанд гайхаж, эргэлзэж байна. Ийм нөхцөл байдал үүссэн бол надтай уулзаж, ямар албан тушаалд шилжүүлэн томилж байгаагаа танилцуулж, саналыг минь авах зэргээр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмыг баримтлах нь тодорхой байсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын Тамгын газар хуульд захирагдах, хууль дээдлэх ёстой.
Төрийн албаны тухай хуулийн 24, 25, 26-д заасан журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч Ц.Н намайг хохироосонд гомдолтой байна. Би ажлаас халагдах ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажлаас чөлөөлөгдөх, өөр ажилд шилжих хүсэлт, өргөдөл гаргаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж, намайг ажилгүй, орлогогүй болгов.
Дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц Монгол Улсын хуулийг илтэд зөрчиж, миний эрхэнд хууль бусаар халдсан юм. Эл байдлын талаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Улсын Их Хурлаас баталсан журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь юуны өмнө тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Түүнийг ажлаас чөлөөлөх, халах, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах асуудал Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой. Үүний дагуу гомдлыг захирааны хэргийн шүүхэд гаргасан. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 652 дугаар захирамж нь захиргааны акт мөн тул энэ хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн юм. Энэ хэргийн хариуцагч нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т гомдлын шаардлагад дурдагдсан этгээд хариуцагч байхаар заасан байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал болон Гадаад харилцааны яамны сайдын үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл зөвшилцөх зохицуулалтыг зааж өгсөн. Гэтэл зөвшилцөх асуудал яриагүй байж нэг өдөр гэнэт ажлыг нь хүлээлцэн авч, захирамж гаргасан байдаг. Түүнээс өмнө нэхэмжлэгчид сэлгэн ажиллуулах журмын дагуу төслийн зөвлөхөөр ажиллуулах боллоо гэсэн бол өөр хэрэг юм. Нэхэмжлэгчийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халчихаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сайд нэхэмжлэгчтэй уулзсан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн төрийн албан хаагчийг төрийн албан шилжүүлэн ажиллуулахаар зохицуулсан. Далайд гарцгүй орнуудын зөвлөхийн ажил нь төрийн алба биш юм. Маргаан бүхий захирамж нь төрийн албанаас гадуур хөдөлмөрийн харилцааг зохицуулсан байна. Хэрэв хариуцагч нэхэмжлэгчийг төрийн албанд мэргэжил, мэргэшлийн хувьд тэнцэхгүй гэж үзсэн бол Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25, 26 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэх ёстой байсан. Цаг хугацааны дарааллын хувьд хариуцагчаас өөр ажилд шилжих болсон тул гэсэн үндэслэлгүй зүйл захирамждаа дурдаад, Гадаад харилцааны яаманд албан бичиг хүргүүлээд, түүнийхээ дагуу Гадаад харилцааны яамнаас нэг уулзах гэсэн тийм л зүйл болсон.
Нэхэмжлэгч 30 жил төрийн албанд зүтгэж, үйл ажиллагаагаа сайн хэрэгжүүлсэн байхад нэг өдөр юу ч биш болгож байна. Төр өөрийнхөө төлөө зүтгэсэн хүнийг ингэж халж байхаар зүгээр хэдэн сар хорьсон нь дээр байдаг болов уу гэсэн бодол төрж байна. Маргаан бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 652 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчтай холбоотой бусад хуулийг мөн зөрчиж гарсан шийдвэр юм. Захирамжид ажил хүлээлгэн өгөх хугацаа, цалингийн асуудал зэргийг тооцоогүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд үр дүнгийн гэрээг хөдөлмөрийн контракт гэж бичсэн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан асуудлыг шийдэж өгөөгүй. Энэ бүх нөхцөл байдлаас авч үзвэл Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 652 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт мөн бөгөөд захирамжид дурдсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг илтэд зөрчсөн захирамж байна. Иймд маргаан бүхий захирамжийг илт хууль бусд тооцож, нэхэмжлэгчийг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст эргүүлэн тогтоох шаардлага гаргаж байна.
2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 6 сар ажлын 15 хоногийн цалин болох 10.514.442 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь нэхэмжлэгч нь сард 1.573.620 төгрөгийн цалин авдаг байсан. Дундаж цалинг бодохдоо дээрх цалингийн хэмжээг 22 өдөрт хуваан бодож гаргасан. Дээрхээс үндэслэн ажлын 15 хоногийн цалинг бодоход 1.092.273 төгрөг байна. Иймд дээрх ажилгүй байсан цалинг Улсын Их Хурлын Тамгын газраас гаргуулах хүсэлтэй байна.
Мөн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тооцсон байдлаар бичихийг ажил олгогчид даалгахийг хүсч байна.
2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойших гарсан албан бичиг, баримтууд нь өнөөдрийн хэлэлцэгдэж буй хэрэгт хамааралгүй тул хэрэгт авагдсан баримтаас хасуулах хүсэлтэй байна. Учир нь цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл хамааралгүй байна. Мөн энэ асуудал нь төрийн албан хаагчийг төрийн нэг албан байгууллага болон дотооддоо сэлгэн ажиллуулах талаар яригдаж буй асуудал юм. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчийг төслийн хөлсөөр ажилладаг ажилтан болгох гээд байгаа тул хэрэгт хамааралгүй баримтыг нотлох баримтаас хасах эсвэл шүүх үнэлэхгүй байх асуудлыг шүүх шийдэж өгнө үү. Эцэст нь шүүх хууль дээдлэх зарчмын дагуу асуудалд хандаж өгнө үү гэж хүсч байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэммжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэх, улмаар түүнд нийцүүлэн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг зохих ажил, албан тушаалд томилох зорилгоор зарим ажилтантай биечлэн уулзсан байдаг. Үүнд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тухайн үед Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Н-тай уулзан “Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэж байгаа тул цаашид гадаад харилцааны чиглэлээр өөр байгууллага, албан тушаалд шилжин ажиллах талаар” Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоо хийсэн. Уг тохиролцоогоор Ц.Н нь Гадаад харилцааны яаманд зохих ажилд шилжин ажиллахыг зөвшөөрсөн болно.
Харилцан тохиролцсон ёсоор Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжаар Ц.Н-г Гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүнийг Гадаад харилцааны яаманд зохих ажилд томилон ажиллуулах хүсэлтийг мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14/513 тоот албан бичгээр Гадаад харилцааны сайд Ц.М-д хүргүүлсэн байдаг. Үүнээс үзвэл Ц.Н-н “надтай уулзаж, харилцан тохиролцоогүй, ямар нэгэн ажилд ажиллуулах талаар санал тавиагүй" гэх агуулга бүхий нэхэмжлэлийн үндэслэл нь бодит үнэнд нийцэхгүй байна. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Ц.М Ц.Н-тай биечлэн уулзаж, тодорхой ажлын санал тавьсан төдийгүй, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар Ц.Н-г Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх төслийн зөвлөхөөр томилсон Иймд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Ц.Н-г ажлаас чөлөөлөх тухай” 2016 онд 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч Ц.Н-н Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэл: “Ц.Н-тай 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэж байгаа тул цаашид гадаад харилцааны чиглэлээр өөр байгууллага, албан тушаалд шилжин ажиллах талаар” харилцан тохиролцоо хийсэн тухайд:
Миний бие Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, түүнд нийцүүлэн Тамгын газрын удирдах албан тушаалтныг зохих ажил, албан тушаалд томилох зорилгоор Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдтэй 2016 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд биечлэн уулзсан. Тухайлбал, 9 дүгээр сарын 26-ны өдөр Хууль зүйн үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга П.А, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Д нарын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх зөвлөлийн 6 гишүүнтэй, мөн сарын 27-ны өдөр Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн дарга Б.Т, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Н нартай тус тус уулзсан.
Дээрх уулзалтуудын гол зорилго, сэдэв нь Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багт ажиллах эсэх, хэрэв боломжгүй гэж үзэж байгаа бол цаашид хаана, ямар ажил, албан тушаалд ажиллах хүсэл сонирхол байгааг тодруулах, улмаар харилцан тохиролцоо хийх явдал байсан. Миний бие Ц.Н-тай хийсэн уулзалтын эхэнд удирдлагын бүрэлдэхүүнийг өөрчлөх бодолтой байгаагаа дуулгасан. Түүний хариуд Ц.Н: “Би мэдэж байгаа. Зөвлөлийн гишүүд 100 хувь солигдож байгаа. Тантай миний өмнө уулзсан дарга нараас сонссон. Миний хувьд татгалзах зүйл байхгүй. Энд нэг албан тушаалд хэтэрхий удсан байна, одоо ажлаа өөрчлөх цаг нь болсон. Харин намайг яах бодолтой байгаа бол гэхэд гадаад харилцааны чиглэлээр Гадаад харилцааны яамны харьяа шилжүүлэн ажиллуулахаар ярьж болох юм” гэхэд Ц.Н: “Тэгвэл ч болж байна. Ямар ч асуудал алга. Би ажлаа өгнө.” гэж хэлээд гарсан.
Энэхүү уулзалтыг ганцаарчилсан байдлаар явуулсан тул ямар нэгэн байдлаар тэмдэглэл гэх зүйл хөтлөөгүй, аман тохиролцоо хийсэн. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “...төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.” гэж заахдаа “харилцан тохиролцоо”-г бичгээр үйлдсэн байх шаардлага тавиагүй. Энэ ч утгаар нь “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолын 6, 10 дахь заалтаар зөвхөн “зөвшөөрөл, хүсэлт”-ийг бичгийн хэлбэртэй байх ёстой гэжээ. Ийнхүү хуулиар тусгайлан шаардлага тогтоогоогүй тул Ц.Н-тай хийсэн харилцан тохиролцоог бичгийн хэлбэрээр хийх шаардлага байгаагүй.
Харин өмнө дурдсан уулзалтын үр дүн, харилцан тохиролцоог үндэслэн миний бие зохих шийдвэрүүдийг гаргасан болно. Үүнд, “Ц.Н-г ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652, мөн өдөр гаргасан “Тамгын газрын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай” 653 болон “Ажилд томилох тухай” 654 дүгээр захирамж тус тус хамаарна. Эдгээр захирамжаас 2016 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд миний зүгээс хэн гэдэг албан тушаалтантай уулзаж, ямар тохиролцоонд хүрсэн болохыг харьцуулан дүгнэх бүрэн боломжтой. Жишээ нь, “Тамгын газрын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны дүгээр сарын 27-ны өдрийн 653 дугаар захирамжаар тухайн үед Хууль зүйн үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.А, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Д нарыг албан тушаалаас нь чөлөөлж, “Ажилд томилох тухай” 654 дүгээр захирамжаар П.А-г Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөхөөр, Ж.Д-г мөн албаны редакцийн ахлах зөвлөхөөр тус тус томилсон.
Ц.Н-н хувьд өөр байгууллага, албан тушаалд шилжин ажиллахаар болсон, түүнтэй холбоотой шийдвэр гаргах хуулийн үндэслэл өөр тул түүнийг ажлаас чөлөөлөх захирамжийг тусад нь гаргасан. Мөн миний бие тохиролцоогоор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайдад 09 дүгээр сарын 05-ны өдрийн 14/513 тоот албан бичгээр хандсан, улмаар Гадаад харилцааны яамнаас Ц.-г ажилд томилсон шийдвэр гарсан байсан. Эдгээр баримт нь талуудын хооронд “өөр байгууллага, албан тушаалд шилжин ажиллах талаар харилцан тохиролцоо” хийсэн болохыг хангалттай нотолно. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан.
Ц.Н-г өөр ажил, албан тушаалд шилжүүлэх албан ажлын зайлшгүй шаардлага байсан эсэх тухайд: Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаа нь Улсын Их Хурлын гадаад харилцааны асуудлыг эрхлэн явуулдаг онцлогтой. Улсын Их Хурлын гадаад харилцаанд баримталж байгаа бодлого, хүрсэн төвшин, гадаад, дотоод орчны төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээг шинээр төлөвлөх зайлшгүй шаардлага бий болсон. Түүнчлэн гадаад харилцааны талаар баримтлах бодлогын хувьд нэгдсэн ойлголттой, удирдлагын төвшинд харилцан хүндэтгэсэн, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллах нь албан ажлын зайлшгүй шаардлага төдийгүй төрийн албаны үндсэн зарчим байдаг. Дээр дурдсан албан ажлын зайлшгүй шаардпагыг Ц.Н хүлээн зөвшөөрч миний биетэй харилцан тохиролцсон нь маргаангүй юм. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 134 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан “Гадаад харилцааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт”-д тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн чухал шаардлагыг “Олон улсын харилцааны болон гадаад албаны ажилтан” байна гэж заасан. Ц.Н нь 1987 онд ОХУ-ын Эрхүүгийн Багшийн их сургуулийг “Орос хэл-утга зохиолын багш” мэргэжлээр төгссөн. Эзэмшсэн мэргэжпийн хувьд тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн чухал шаардлагыг хангахгүй байсан.
Ц.Н-т ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулсан баримтын тухайд: Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 657 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болон өөр ажилд томилогдсон ажилтнуудын ажлыг хүлээлцэх комиссыг Хуралдаан зохион байгуулах хэлстийн дарга Н.Ц-р ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг комисс нийт 23 ажилтны ажлыг зохих журмын дагуу баримт үйлдэн хүлээлцүүж, тайлан гаргасан байна.
Уг тайланд хавсаргасан баримтаас үзэхэд Ц.Н нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд холбогдох 117 хуудас баримт бичиг, 4828 цахим мэдээллийг Ш.Н-д хүлээлгэн өгч, холбогдох баримтад гарын үсгээ зуржээ. Ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа мэдээгүй буюу ажлаас чөлөөлсөн захирамжтай танилцаагүй хүн ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн байж таарахгүй тул холбогдох баримтыг энэхүү тайлбарт хавсарган хүргүүллээ.
Түүнчлэн хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээллийг тодруулах зорилгоор “Ажил хүлээлцүүлэх комисс байгуулах тухай” УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 657 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт ажилласан Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн ахлах референт С.Т, мөн хэлтсийн референт Д.Н нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлттэй байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримталсан. Улсын Их Хурлын Тамгын газраас Гадаад харилцааны яам руу сэлгэн ажиллуулах болсон. Нэхэмжлэгч сэлгэн ажиллуулах гэж байгааг мэдсэн байна. Сэлгэн ажиллуулах талаарх тодорхой тохиролцоог Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргатай хийгээгүй учраас хийх гээд уулзсан байна. Хэрэв нэхэмжлэгч мэдээгүй, тохиролцоо хийгдээгүй бол тушаал гаргах шаардлагагүй байсан. Тушаал цаг хугацааны хувьд наана, цаана гарсан асуудлаар шүүх дүгнэхгүй байх гэж бодож байна. Нэхэмжлэгч нь Гадаад харилцааны яам руу өөрийн сэлгэн ажиллуулах гэж байгааг мэдсэн боловч яг ямар ажилд сэлгэн ажиллуулах гэж байгааг мэдээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яамны сайдтай уулзаж, ярилцсан байна. Ийнхүү ярилцахдаа нэхэмжлэгч Гадаад харилцааны яамны сайдад тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн боловч томилох боломжгүй, Далайд гарцгүй орнуудын зөвлөхөөр ажиллах саналыг сайд тавьсан болох нь Гадаад харилцааны яамны сайдын гэрчээр асуугдсан мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн сэлгэн ажиллахаар очсон байгууллагаас өөрт нь таалагдаагүй ажлын байр санал болгосноос үүдэн нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан байна. Сэлгэн ажиллах саналыг хамтарсан тушаалаар баталсан. 2013 оны хамтарсан журмаар сэлгүүлэн ажиллах санаачлагыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга гаргах эрхтэй байна. Дээрх журмаар нэхэмжлэгч нь 2 жилийн дараа төрийн албанд эргэн ажиллах эрх нь нээлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн асуудал харагдахгүй байна. Анх нэхэмжлэгч нь тохиролцоогүй, сэлгэх асуудлыг мэдээгүй гэж байсан боловч өнөөдрийн тайлбараар сэлгэх асуудал яригдсан, уулзсан, Гадаад харилцааны яаманд орох гэж байгаагаа мэдсэн, очиж Гадаад харилцааны яамны сайдтай уулзсан, санал болгосон албан тушаал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, цаашдын карерт нь нийцэхгүй байсан нөхцөл байдал байсан учраас нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан гэдэг нь харагдаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны актын гүйцэтгэлийг захиргааны байгууллага хариуцана. Хариуцагчийн хувьд дээрх сэлгэн ажиллуулах журмын дагуу шилжүүлгийг хийсэн байна. Харин сэлгэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийг хүлээн авч буй байгууллага нь ажиллах ажил, албан тушаалаар хангах үүргийг хүлээсэн байна. Тэр үүргийг биелүүлэхгүй байгаа Гадаад харилцааны яамны шийдвэрт гомдох ёстой биш үү. Гэтэл сэлгэн ажиллуулахаар шилжүүлсэн ажил нь таалагдахгүй болонгуут анхнаасаа намайг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь буруу юм гэдэг байдлаар тайлбар хийж болохгүй. Шүүх бодит нөхцөл байдлыг авч үзэх ёстой. Сэлгэн ажиллуулах журмыг санаачилсан хүний хувьд нэхэмжлэгч нь хаана ажиллах гэж байснаа мэдэж байсан байна. Хэрэв зөвшилцөлд хүрээгүй бол нэхэмжлэгч нь гомдлоо бичгээр гаргах ёстой гэдгийг мэдэж байсан байна. Гэтэл ийм зүйл болоогүй. Сэлгэн ажиллуулах талаар тохиролцоо бол хийгдсэн. Хүлээн авч буй байгууллага нь сэлгэн ажиллуулах журмын дагуу эрх зүйн байдлын дордуулахгүйгээр ажиллуулах нөхцөлөөр хангаагүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан байна. Иймд жинхэнэ хариуцагч нь Гадаад харилцааны яам байна. Хэрэв нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй бол шүүх жинхэнэ хариуцагчийг татах эрхтэй. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга захирамждаа нэг, хоёр жил сэлгэн ажиллуулах талаар тусгаагүй нь журмаар зохицуулагдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Төрийн байгууллага хоорондын харилцан баталсан журмын дагуу шилжүүлэн авч буй байгууллага нь цалин хөлс, төрийн албаны зэрэг дэвийг дордуулахгүйгээр томилон ажиллуулах үүрэгтэй байна. Сэлгэн ажиллуулах санаачлагыг гаргасан, мэдэгдсэн, түүний дагуу нэхэмжлэгч нь хаана сэлгэн очих гэж байгаагаа мэдсэн, Гадаад харилцааны яаманд очиж сайдтай уулзсан боловч албан тушаалын тохиролцоо хийгдээгүй байна. Эцэст нь нэхэмжлэгчид тааламжгүй нөхцөл байдал үүссэний улмаас анхнаасаа намайг шилжүүлсэн нь буруу байна гэдэг байдлаар хандаж байгаагаас үзвэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй байна. Нэгэнт тодорхой журмаар сэлгэн ажиллуулах харилцааг зохицуулж байгаа тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн захирамжид нэхэмжлэгчийг тэр албан тушаалд хэдэн жил томилон ажиллуулах талаар дурдаагүй нь маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны актад тооцуулах үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Ц.Н-г өөр албан тушаалд шилжэн ажиллах болсон тул Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалаас 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгчээс Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хянаад 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1161 тоот албан бичгээр “...Ц.Н-г ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийн нэг дэх хэсэгт Ц.Н-г өөр албан тушаалд шилжин ажиллах болсон талаар заасан боловч Ц.Нmнь өөр албан тушаалд томилогдоогүй байх тул гомдолтой асуудлыг шийдвэрлэн, хэрхэн шийдвэрлэсэн талаараа Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэх” талаар хариуцагчид хандаж, энэхүү албан бичгийн хувийг Ц.Н-т хүргүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Ц.Н-г ажилд томилуулахаар Гадаад харилцааны сайд Ц.М-д хандан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14/513 тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийн дагуу Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар Ц.Н-г 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх төслийн зөвлөхөөр томилж, түүнтэй зохих журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулахыг тус төслийн зохицуулагч Э.О-т даалгаж, түүний цалинг зохих журмын дагуу төслийн төсвөөс олгохыг тус төслийн нягтлан бодогч Б.М-д зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу харилцан тохиролцоо хийж, Ц.Н- Гадаад харилцааны яаманд зохих ажилд шилжин ажиллахыг зөвшөөрсөн гэж тайлбарладаг атлаа Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны актын гүйцэтгэлийг захиргааны байгууллага хариуцана. Хариуцагчийн хувьд дээрх сэлгэн ажиллуулах журмын дагуу шилжүүлгийг хийсэн байна. Харин сэлгэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийг хүлээн авч буй байгууллага нь ажиллах ажил, албан тушаалаар хангах үүргийг хүлээсэн байна.” гэж маргадаг.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.” гэж шилжүүлэн ажилуулах талаар, харин мөн зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэж сэлгэн ажиллуулах талаар хуульчилсан бөгөөд энэ нь тус тусдаа өөр эрх зүйн үр дагавар бүхий зохицуулалтууд юм.
Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолд Хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “... зөвшөөрсөн ...” гэдгийг албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байна.
Мөн хэсэгт заасан “...сэлгэн ажиллуулж...” гэдгийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох гэж ойлгоно гэж тайлбарласан байгаагаас үзвэл энэхүү ойлголтууд нь өөр өөр нөхцөл шаардлагаар бий болж байна.
Хариуцагч Ц.Н-г төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа сэлгэн ажиллуулах талаар тайлбарлан маргаж байгаа нь ойлгомжгүй юм.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 650 дугаар захирамжаар Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг шинэчлэн баталж, уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан бөгөөд Гадаад харилцааны хэлтэс хэвээр байна. Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 651 дүгээр захирамжаар Тамгын газрын орон тоог шинэчлэн баталжээ. Уг захирамжийн хавсралтаар Улсын Их Хурлын Тамгын газрын орон тоог баталсан бөгөөд Гадаад харилцааны хэлтэс нь хэлтсийн дарга, зөвлөх, референт, шинжээчдээс бүрдэхээр байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангасан зохицуулалт юм.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан албан ажлын зайлшгүй ямар шаардлагыг үндэслэн өөр албан тушаалд буюу Гадаад харилцааны яаманд албан бичиг хүргүүлэн түүнийхээ дагуу Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх төслийн зөвлөхөөр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэдийгээр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах А.Н-с “...2016 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Тамгын газрын бүтцийн шинэчилсэн төслийг танилцуулах, ажилтан албан хаагчдыг байршуулан томилох асуудлаар...Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Н-тай уулзаж, өөр ажилд томилон ажиллуулах асуудлыг нэг бүрчлэн ярилцсан, шилжин ажиллахаар болсон” гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Д-с тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08/2123 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар болон Гадаад харилцааны сайд Ц.М-с 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар тохирсон гэх боловч Ц.Н- энэ талаар зөвшөөрдөггүй, өөрөөр хэлбэл түүний саналыг сонсоогүй, хүсэл сонирхолыг бүрэн дүүрэн харгалзаж үзээгүй бөгөөд цаг хугацааны дарааллын хувьд хариуцагчаас өөр ажилд шилжих болсон тул гэж үзээд, Гадаад харилцааны яаманд албан бичиг хүргүүлэн түүнийхээ дагуу Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх төслийн зөвлөхөөр томилсон байгаа нь ойлгомжгүй юм.
Иймд Ц.Н-г Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байжээ.
Түүнчлэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар Ц.Н-г 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх төслийн зөвлөхөөр томилж, түүнтэй зохих журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулахыг тус төслийн зохицуулагч Э.О-т даалгаж, түүний цалинг зохих журмын дагуу төслийн төсвөөс олгохыг тус төслийн нягтлан бодогч Б.М-д зөвшөөрсөн байгаас үзвэл өөр албан тушаал шилжүүлсэн ажил нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, цалинг төслийн төсвөөс олгохоор заасан байгаагаас үзвэл төрийн алба гэж үзэхээргүй байна. Учир нь хариуцагчаас гаргасан маргаж буй актад Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “…төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаас үзвэл шилжүүлэн ажиллуулж буй албан тушаал мөн адил төрийн алба байна гэж үзэхээр байх тул Ц.Н-н төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн байна.
Иймд үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл байгаагүйн дээр төрийн өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Илт хууль бус акт гарсан цагаасаа үйлчлэлгүй, нэхэмжлэгч нь Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Ц.Н-г ямар албан ажлын зайлшгүй шаардлага үндэслээд, ямар тохиролцоо хийгээд, ямар төрийн байгууллагад шилжүүлэн ажиллуулсан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар түүнийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах хуульд заасан үндэслэл байгаагүй байна.
Иймд Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байх тул албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага мөн л үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Н- нь Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар төсвийн шууд захирагчтай 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр 2014 онд 95 А, 2015 оны гэрээний биелэлтийг үнэлгээг үндэслэн Тэргүүн түшмэлийн тэргүүн зэрэг олгох саналтайгаар тус тус дүгнэгдэж, хэрэгт авагдсан түүний мэргэжлийн болон мэргэшил дээшлүүлсэн диплом, сертификатуудаас үзэхэд түүнийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах үндэслэл байгаагүй байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын санхүүч ахлах нягтлан бодогчоос тус газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Н нь үндсэн цалин нэмэгдлийн хамт 1.573.620 /нэг сая таван зуун далан гурван мянга зургаан зуун хорин/ төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон байна.
Тэрээр 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн ба Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний цалингийн картад зааснаар тооцож үндсэн цалин 961.461.00 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 192.292.20 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 307.667.52 төгрөг, нэг сарын цалин 1.461,420 төгрөг, ажлын 22 хоногт хуваан нэг өдрийн цалин 32.151.240 төгрөг буюу ажилгүй байсан 6 сар 18 хоногийн цалин 6.430.248 төгрөгийг Улсын Их Хурлын Тамгын газраас олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилгүй байсан дээрх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Ц.Н-г Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар эргүүлэн тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийн хүртэл цалингүй байсан 6 сар 18 хоногийн цалинг гаргуулан олгож, энэ хугацааны Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА