Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0010

 

                                                 “Т” Гишүүддээ үйлчилдэг ТББ-ын

нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн

Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                  Х.Батсүрэн

            Шүүгчид:                                   Г.Банзрагч

       Д.Батбаатар

                                                                  П.Соёл-Эрдэнэ                                                              

          Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

             Нарийн бичгийн дарга:        Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0571 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/625 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 495 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, П.Б, гуравдагч этгээд Б.Т, түүний өмгөөлөгч Ц.С нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 379 дугаартай захирамжийн Ш.Н-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

1.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох;

1.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/417 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох;

1.4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж”-ийн иргэн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

1.5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж-аар иргэн Б.Т-т олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000005161 дугаартай газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар чөлөөлөхийг даалгах.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1. “... Монголын “Т" нь 2005 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 16 жилийн турш тасралтгүй тэргэнцэртэй буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг нийгмийн харилцаанд бусдын адил оролцох эрхийг эдлүүлэх, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгохын төлөө ажиллаж, тэмцсээр ирсэн.

2.2. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төв зам дагуу, явган хүний зам дээр иргэнд газар эзэмшүүлж, явган зорчигч, тэр дундаа тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэнийг явган хүний замаар чөлөөтэй зорчих эрх, ашгийг ноцтой зөрчсөн байна. Улмаар явган хүний зам дээр олгосон газар дээр барилга баригдсан тул тухайн замаар тэргэнцэртэй иргэн явах боломжгүйд хүрсэн төдийгүй, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замын чигийг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бие даан оролцох нөхцөл боломжийг хязгаарласан.

2.3. Тус дүүргийн Засаг дарга хууль тогтоомжийн хэд хэдэн заалтыг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбай дээр иргэнд газар олгосны улмаас тухайн газар дээр баригдсан ул хөдлөх хөрөнгө нь явган хүн, тэргэнцэртэй иргэн болон бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг ноцтой хөндсөн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга иргэн Б.Т-т газар эзэмших эрх олгосон акт нь Монгол Улсын Үндсэн хуулиас авхуулаад холбогдох бусад хууль тогтоомжуудыг дараах байдлаар илт зөрчсөн.

2.4. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2,  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын 9 дүгээр зүйлийн 9.1, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-д заасан хуулийн заалтуудыг тус тус илт зөрчсөн нь харагдаж байна.

2.5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийн Ш.Над холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэн Ш.Н нь 2005 оны 5-р сарын 15-ны өдөр газар эзэмших тухай хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан байдаг. Улмаар 2006 оны 12-р сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нь 379 дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамж гаргасан. Тус захирамжаар “Иргэн Ш.Н, С.Б, А.С, Г.О нарт 18 дугаар хороо худалдаа үйлчилгээний зориулалтаар тус тус 0,006 га газар олгох”-оор шийдвэрлэсэн байдаг. Захирамжид газрын байршлыг тодорхой заагаагүйн улмаас газрыг явган хүний зам дээр олгосон байдаг. Газрын эрх дээр үндэслэн тус газар дээр үйлчилгээний зориулалттай 1 давхар сэндвичэн барилга баригдсан ба тус барилга нь явган хүний замыг хаахын зэрэгцээ харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч замыг бүхэлд нь хааж баригдсан.

2.6. 2019 онд тус газрын эзэмшигч С.Б нь “С” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, үйлчилгээний газрын гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгүүлсэн ба уг ажлын хүрээнд явган зам болон харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч замыг чиглэлийг өөрчилсөн. Ийнхүү дүүргийн Засаг дарга нь газрын байршлыг тодорхой заахгүйгээр газар олгох шийдвэр гаргасны улмаас явган хүний зам талбай дээр газар олгогдож, тус замаар зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөтэй, тэгш, хүртээмжтэй зорчих боломжийг хязгаарлагдахад хүргэсэн тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12-р сарын 26-ны өдрийн 379 дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийн Ш.Н-д холбогдох хэсгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

2.7. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн Ширнэн овогтой Н-д олгосон 0135433 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: иргэн Ш.Н нь 2005 онд 80 м.кв газар эзэмшихээр хүсэлт гаргасан ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамжаар Д төвийн урд байршилд 0,006 га буюу 60 м.кв газрыг иргэн Ш овогтой Н-д олгосон. Тус захирамжид газрын байршлыг тодорхой заагаагүйн улмаас явган хүний зам дээр иргэнд газар олгогдоход хүрсэн. Цаашлаад дээрх захирамжийг үндэслэн 2007 оны 10-р сарын 8-ны өдрийн ........... дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Гэрчилгээгээр Иргэн Ш.Н-д 130 м.кв газар олгогдсон нь дээрх 379 дугаартай "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийг ноцтой зөрчиж 70 м.кв-аар илүү газар олгосон байдаг. Явган зам дээр газар олгосон буюу явган хүний зорчих зайг газар эзэмших эрх олгосон актад дурдсанаас 2 дахин хэтрүүлж газрын эрх олгосон гэрчилгээ нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус захиргааны акт тул тус актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ач холбогдолтой байна.

2.8. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Дээрх газар эзэмшүүлэх тухай 379 дүгээр захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан болох дүүргийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч нар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн захирамжийг үндэслэн шинээр олгохдоо тус дүүргийн засаг дарга олгосон байдаг. Энэ нь дүүргийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд байхгүй асуудлаар шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болохыг тодорхой харуулдаг.

2.9. Мөн 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 12.8.2-д “орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих” гэж заажээ. Гэтэл дээрх захирамжаар иргэн Ш.Н-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар олгосон нь газар дээр хууль тогтоомж зөрчиж үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө баригдах үндэслэл болсон. Маргаан бүхий 130 м.кв газар дээр 129,96 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө баригдсан ба хэрэгт авагдсан газрын хянан баталгаанаас үзэхэд тус барилга нь сууриараа 145 м.кв буюу гэрчилгээнээс 15 м.кв илүү ашиглалттай болох нь харагддаг.

2.10. Мөн энэхүү газар нь анх олгосон хэмжээнээс даруй 70 м.кв илүү гэрчилгээ авсны дээр, газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь 15 м.кв илүү ашиглалттай байгаагаас үзэхэд явган зорчигч /явган хүн, тэргэнцэртэй хүн, харааны бэрхшээлтэй хүн/-ын зорчих талбайг 85 м.кв-аар бууруулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар дээр буюу тухайн газар дээр сууриараа бүрэн бэхлэгдсэн үл хөдлөх хөрөнгө дээр үзлэг хийсэн. Үзлэгийн баримтаас харахад: Хот байгуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн дэд бүтцийн байгууламжид саадгүй хүрэх нөхцөлийг хангах төлөвлөлтийг гүйцэтгэхдээ төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан норм ба дүрэм, журамд заасныг баримтална” гэж заасан.

2.11. Явган хүний зам, талбайн төлөвлөлт техникийн шаардлага MNS6808:2019 гэх стандарт бий. Тус стандартад нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа дурдаж буй чөлөөтэй зорчих талаар тодорхой стандарт шаардлагуудыг тавьсан байдаг. Тухайлбал, тус стандартын 4.5.4-д явган хүний замын хамгийн бага өргөнийг хот суурин газарт 1500 мм буюу 1,5 м байхаар заасан. Мөн явган зорчигчийн дундаж биеийн хэмжээ болон алхахад шаардлагатай хазайх өргөнийг тооцож эргономик хэмжээг гаргасан байдаг. Энэ эргономик хэмжээгээр тэргэнцэртэй болон явган алхаж буй хүний харилцан чөлөөтэй зорчих боломжит эргономик зайг 1,5 метр, хоёр тэргэнцэртэй хүний зөрөх буюу зэрэгцэн явах зайг 1,8 метр, таягтай хүн зорчиход шаардлагатай дундаж эргономик зайг 1,2 метрээр тогтоосон.

2.12. Мөн гар ажиллагаатай тэргэнцэртэй хүний маневр хийх зайг 1,5 метрийн диаметртай, автомат удирдлагатай тэргэнцэртэй иргэний зорчих зайг 1,8 метрийн диаметртай байхаар заасан. Гэтэл үзлэгийн үеэр барилга болон цахилгааны шонгийн хоорондох зай 1,08 метр болох нь харагддаг. Тэргэнцрийн хэмжээ багтах зай гэдгээр чөлөөтэй зорчих боломжийг тодорхойлох учиргүй. Цахилгааны дамжуулах төмөр том шонгийн дэргэдүүр стандарт хангаагүй, нарийн зай талбайгаар төмөр тэргэнцэртэй иргэд бороо орж байхад зорчсоны улмаас үүсэх эрсдэлийн шинж чанар ч мөн их бөгөөд дээрх стандартад заасан зай талбайд л гагцхүү чөлөөтэй, тэгш, хүртээмжтэй байх талаар ойлголт яригдах юм.

2.13. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж заасан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 8-р сарын 2-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Д үйлчилгээний төвийн урд талын талбай гэх байршилд 3187.82 м.кв талбайг нийтийн эдэлбэр газраар тогтоосон. Тус газрын зургийг хэргийн материалд ирүүлсэн байх ба тус нийтийн эдэлбэрийн газрын дөрвөн захын цэгийг ногооноор заасан. Энэ нийтийн эдэлбэрийн газар дээр гагцхүү явган зорчигчийн өргөн зам болон авто зогсоол л байдаг. Маргаан бүхий газар дээр сууриараа бүрэн бэхлэгдсэн үл хөдлөх хөрөнгө болон тус газар нь дээрх нийтийн эдэлбэрийн газрын үргэлжлэл дээр байгаа болох нь зургаас тодорхой харагддаг.

2.14. Өөрөөр хэлбэл тус газраар дайран шулуун явсан явган замын үргэлжлэл нь нийтийн эдэлбэрийн газарт багтсан байна. Энэ нийтийн эдэлбэрийн газар дээр тэргэнцэртэй, хоёр суга таягтай болон бусад зорчигч чөлөөтэй зорчих боломжтой болохыг энд дурдах нь зүйтэй. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2007 оны 10-р сарын 8-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон ......... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон газар нь тус гэрчилгээний үндэслэл болсон 2006 оны 12-р сарын 26-ны өдрийн 379 дугаар эдэлбэрийн Газрын Д захын цэгийг ногооноор заасан. Энд нийтийн шийдвэрийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон захирамжид дурдсан хэмжээнээс 70 м.кв талбайгаар хэтрүүлэн газар олгосон ба энэ нь явган хүний зорчих зам талбайг хязгаарлахад хүргэж, явган зорчигч тус зам дээр саадгүй, чөлөөтэй зорчих боломжийг хязгаарлажээ.

2.15. Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2018 оны 9-р сарын 3-ны өдрийн А/417 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох: ... дээр дурдсан үндэслэлээр иргэн Ш.Н-д олгосон газар эзэмших эрхийн зөвшөөрөл нь хууль бус байсан ба уг зөвшөөрлийг үндэслэн гарсан захиргааны акт буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль бус /илт хууль бус байх шинжийг агуулсан/ захиргааны акт байсан.

2.16. Ийнхүү хууль бус захиргааны акт буюу хууль бус эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн захирамж нь эрх зүйн үндэслэлгүй захирамж бөгөөд анх 60 м.кв газар олгохыг зөвшөөрсөн газар дээр 130 м.кв газар эзэмшүүлж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн хариу тайлбар:

3.1. “... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар иргэн Н-д  худалдаа үйлчилгээний зориулалтаар анх 130 м2 газрыг эзэмшүүлж, тус газар дээр үл хөдлөх эд хөрөнгө баригдаж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .......... дугаар гэрчилгээ нь 2008 оны 06 сарын 27-ны өдөр олгогдсон байна.

3.2. Иргэн Ш.Н нь 2012 оны 8 сарын 02-ны өдөр Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, дүүргийн Засаг даргын 2012 оны 05 сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, Худалдаа үйлчилгээний зориулалтаар ............. нэгж талбарын дугаартай 130м2 газрын 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн ........... гэрчилгээ олгож, 2012 оны 5 сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч нь явган хүний зам анхнаасаа байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн газрыг анх олгоход явган хүний зам байгаагүй бөгөөд хажуугаар өнгөрөх зам нь 2 эгнээтэй зам байсан гэх одоо 4 эгнээ болж, өөрчлөгдсөн. Дараа нь газар эзэмшигчийн газрыг тойруулан явган зам тавигдсан гэх мөн иргэн Ш.Н нь 2006 оны 05 сарын 15-нд газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа газрын тухай хуульд заасны дагуу хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хийлгэж өгсөн энэ зурагт талбайн хэмжээ 130 м2 гэж тэмдэглэгдсэн.

3.3. Газар эзэмшигч Ш.Н нь газар эзэмших эрхээ С.Б-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн А/417 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргаж буй  2006 оны 379, 2018 оны А/417 дугаартай захирамжууд нь дараагийн захирамжаараа хүчингүй болсон, иймд энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй...

3.4. ... Уг газрыг эзэмшиж байсан С.Б-ын хүсэлтээр газар эзэмших эрхийг иргэн Тэнгист 2021 оны 10 сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар шилжүүлсэн, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай тайлбар гаргана.

4. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. “... Б.Т миний бие нь нь шударга өмчлөгч бөгөөд С.Б гэх хүнээс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий газарт байрлалтай 129.96 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтай үйлчилгээний газрыг худалдан авч, 2019 оны 08 дугаар сарын газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд албан ёсоор гаргаад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний нэр дээр гэрчилгээ гарч, газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийн доорх газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ...

4.2. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасан. Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас захиргааны актыг цуцалсан, хүчингүй болгосон ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Мөн бусад байдлаар хэрэгжсэн зүйл байхгүй” гэв.

5. Хэргийн нөхцөл байдал:

5.1. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Над тус дүүргийн 18 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.006 га газар эзэмших эрхийг олгохоор шийдвэрлэсэн, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 130 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, маргаан бүхий газар нь одоогийн Сонгинохайрхан дүүргийн ....... дүгээр хороо, ......... гудамж, ......... өргөн чөлөө, Д үйлчилгээний төвийн урд байршилтай, түүнчлэн тус газар дээр баригдсан 129,96 м.кв талбайтай нэг давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэгдэж, Ш.Н-д үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

5.2. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж, мөн даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаар захирамжийн хавсралтын 7-д маргаан бүхий газрын эзэмших эрхийг С.Б-д, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар Б.Тт тус тус шилжүүлсэн, 2006 оны 379 дүгээр захирамжийн Ш.Н-д холбогдох хэсэг, 2018 оны А/417 дугаар захирамжийн С.Б-д холбогдох хэсгүүдийг дараагийн захирамжуудаар тус тус хүчингүй болгосон байна.

5.3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж-аар иргэн Б.Т-т олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээний .......... дугаартай газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар чөлөөлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

6.1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 38.4-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Тт холбогдох хэсгийг  энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж;

6.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Т-т холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж;

6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ГҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийн Ш.Н-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож;

6.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж-аар иргэн Б.Тт олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээний ............ дугаартай газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар чөлөөлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

6.5. “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлийг үндэслэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгч Т ГҮТББ-ын шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэгэнт хүчингүй болсон актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3.-д заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

6.6. Маргаан бүхий газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 захирамжаар Ш.Н эзэмших эрхтэй болсноос хойш газар эзэмших эрхийг С.Б, улмаар Б.Т-т шилжүүлэх бүрд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас тухай бүр захирамж гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захирамжуудыг тус тус хүчингүй болгосон, эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх боломжгүй болсон. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэгэнт хүчингүй болгосон захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гарган маргах боломжгүй, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 440 дүгээр, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 262 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын агуулгыг ...хүчингүй болсон захиргааны актыг нэхэмжлэгч анхнаасаа хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргах боломжгүй, ... энэ агуулгаараа захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн татгалзана... хэмээн тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудлаар гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.7. Гуравдагч этгээдээс “...манай газрын хойгуур тэргэнцэртэй хүн зорчих боломжтой, түүнд нь зориулж явган хүний замаас буулгасан налуу замыг үл хөдлөх эд хөрөнгийн хажууд хийсэн байгаа...” гэх боловч маргаан бүхий газрын хойд талд явган хүн биш авто машин зорчиход зориулагдсан авто зам байх бөгөөд явган зорчигчид, тэргэнцэртэй хүн зорчих өөр зам байхгүй, гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нийтээр ашигладаг зам, талбайд хамаарч байна. Энэ нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/68 дугаар тушаалаар батлагдсан Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага MNS 6808:2019 стандартад заасан зөвхөн явган зорчигчид ашиглах зориулалттай, авто зам болон бусад хэсгээс хашлагаар тусгаарлагдсан, тэргэнцэртэй хүн саадгүй зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн чөлөөтэй зорчих боломжтой зам байх шаардлагад нийцэхгүй, тэргэнцэртэй хүний явган хүний замаар чөлөөтэй зорчих эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоод байна.

6.8. Маргаан бүхий газарт нийтээр ашиглаж буй явган хүний зам баригдахаас өмнө Снгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар Ш.Н-д уг газрын эзэмших эрхийг олгосон, мөн Засаг даргаас дараа, дараагийн захирамж гарган газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргасан, эрх бүхий этгээдээс тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт тооцох талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байх тул нийтийн эдэлбэр газарт газар эзэмшүүлсэн бус, харин бусдын эзэмшилд олгогдсон газарт нийтээр ашиглах явган хүний зам баригджээ.

6.9.  Гэхдээ Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д, 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах-аар тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн тодорхой нэг газрыг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр олгох, эсхүл бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газрыг цаашид нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэр гаргах эрх нь захиргааны эрх хэмжээний асуудал бөгөөд энэ тохиолдолд бусдын эзэмшилд олгогдсон газарт нийтээр ашиглах явган хүний зам барьсан атлаа эрх бүхий этгээдээс ямар нэг шийдвэр гаргаагүй орхигдуулсан байна.

6.10. Иймд бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтээр ашиглах зам талбайн хэлбэрээр ашиглахаар шийдвэрлэсэн бол Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах гэж заасан нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих зэргээр шийдвэр гаргах ёстой байхад тус нөхцөл байдлыг харгалзахгүйгээр газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас гаргасан, үүний улмаас явган хүний замаар зорчих тэргэнцэртэй иргэдийн эрх зөрчигдөхөд хүрчээ.

6.11. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: гээд 38.3.2.-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; гэж, 38.4.-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж заасан нь хүсэлтэд хавсаргасан баримт нь бүрэн байвал эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай биш, тухайн шилжүүлэхийг хүссэн газар нь бусдад шилжүүлэх боломжтой газар мөн эсэхийг хянах үүргийг хуулиар Засаг даргад хүлээлгэсэн гэж үзнэ.

6.12. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.Тт шилжүүлэх үед явган хүний зам баригдсан байсан учраас дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийг үндэслэн нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих, эсхүл цаашид бусдад эзэмшүүлнэ гэж үзсэн бол явган хүний замыг өөр газарт төлөвлөх талаар холбогдох ажиллагааг тус тус хийх үүрэгтэй атал аль алийг нь хэрэгжүүлээгүй байна.

6.13. Иймд дээрх нөхцөл байдлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас нэг мөр тогтоож, маргаан бүхий актыг бодит байдалд нийцүүлэх шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч уг асуудлыг судалсны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.

6.14. Шүүх хуралдаанд Т ГҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж-аар иргэн Б.Т-т олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээний .......... дугаартай газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар чөлөөлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэжээ.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал: анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ, дараах дүгнэлтийг хийсэн:

7.1. “... Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 126 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоож хавсралтаар баталсан байх бөгөөд тус хавсралтад Сонгинохайрхан дүүргийн ...... дүгээр хороо, ......... өргөн чөлөө, Д үйлчилгээний төвийн урд талын талбай хэсгийн 3187.82 м.кв газар”-ыг Нийтийн эдэлбэр газраар тогтоосон байх хэдий ч 2006 онд тус газар эзэмших эрхийг иргэн Ш.Н-д эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгож, тухайн байршилд 2008 онд нэг давхар сэндэвчин барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байх бөгөөд тус барилга нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй талаар Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21/838 дугаар албан бичигт дурдсан байгаагаас үзэхэд маргаан бүхий газрын эзэмших эрх нийтийн эдэлбэр газраар тогтоож, явган хүний зам тавигдахаас өмнө хэдийн үүссэн гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

7.2. ... Хариуцагч болон гуравдагч этгээдээс Тэргэнцэртэй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн урд байрлах гэрлийн шонг зөөвөрлөх эсхүл урдуур нь тойруулан гаргах байдлаар явган хүний замыг Тэргэнцэртэй иргэд зорчиход саадгүй бөгөөд холбогдох стандартад нийцүүлэх замаар дахин тохижуулах боломжтой.

7.3. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэсний дагуу гуравдагч этгээдэд нөхөн олговор олгох замаар маргаан бүхий газрыг солих буюу эргүүлэн авах эрх хэмжээг /захиргааны байгууллагад/ хуулиар олгосон байх тул талуудын гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй.

7.4. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

7.5. Харин хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг харгалзах ба нэгэнт одоогийн нөхцөл байдалд тодорхойлогдсоноор гуравдагч этгээдийн газар, өмчлөл бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь төв замын хажуу талын явган хүний замтай давхцаж байгаа байдлыг нягтлан шалгаж, энэ байрлалд цаашид байрших боломжтой эсэхэд дүгнэлт хийх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэр гаргах нь зүйтэй байна.

7.6. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ... нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлоо дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнтэй холбогдох дүгнэлтийг болон нэгэнт хүчингүй болсон захирамжуудын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

7.7. Мөн нэхэмжлэгч буюу гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын үндсэн зорилго нь өөрийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэх тул 2022 онд маргаан бүхий асуудлаар шүүхэд хандсантай холбогдуулан гуравдагч этгээдээс гаргасан “нэхэмжлэгч “Т” ГҮТББ нь нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авахгүй боломжгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Манай холбооны гишүүдээс хаана, ямар эрх ашгийг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирсэн цагаас тухайн гишүүнийхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж эхэлдэг болохоос гадуур яваад энд бидний эрхийг зөрчсөн байна гэж хайгаад явдаггүй байгаа” гэх тайлбар үндэслэлтэй” гэжээ.

8. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1. “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу тус захиргааны хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. (Учир нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн 220200494 дугаартай хэрэгт ажиллагаа явуулж байгаа тул уг хэргийг шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна) гэх хүсэл, мөн гуравдагч этгээдээс уг хүсэлтийг дэмжиж тус эрүүгийн хэргийг хэнд холбогдуулан газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлын аль нь болохыг шалгаж тодруулсны дараа уг хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж хүсэлт гаргасан боловч, газартай холбоотой маргаан шийдвэрлэх гэж байгаа гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй.

8.2. Маргаан бүхий газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000738096 дугаар гэрчилгээг Ү-2201020524 дугаарт бүртгэж гэрчилгээг 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон байгаа.

8.3. Иймд, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх” шийдвэрлэхээр заасан мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж зааснаар үл хөдлөх хөрөнгө газартай салшгүй холбоотой гэдгийг анхаарч үзсэнгүй.

8.4. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 -т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжийг шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.5. Эрүүгийн хэрэг үүссэн мөн шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд иргэн Тэнгис нь тухайн газар, үл хөдлөх хөрөнгийг 140 сая төгрөгөөр худалдаж авсан, тус үл хөдлөх хөрөнгө болон газар нь банкны барьцаанд байгаа банкны эрх ашиг хөндөгдөж байгаа талаар ярьсан.

8.6. Шүүх бусад этгээдийн (банк)-ны эрх ашиг хөндөгдөж байгаа талаар тодруулахгүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан үүргээ хэрэгжүүлсэнгүй.

8.7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар, Анхан шатын шийдвэрийн үндэслэл: Иймд бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтээр ашиглах зам талбайн хэлбэрээр ашиглахаар шийдвэрлэсэн бол Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах гэж заасан нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих зэргээр шийдвэр гаргах ёстой байхад тус нөхцөл байдлыг харгалзахгүйгээр газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас гаргасан.

8.8. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл: Нөгөөтэйгүүр, захиргааны байгууллагад Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэсний дагуу гуравдагч этгээдэд нөхөн олговор олгох замаар маргаан бүхий газрыг солих буюу эргүүлэн авах эрх хэмжээг хуулиар олгосон байх тул талуудын гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь энэ талаар анхан шатны шүүхээс “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.Т-т шилжүүлэх үед явган хүний зам баригдсан байсан учраас дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийг үндэслэн нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих, эсхүл цаашид бусдад эзэмшүүлнэ гэж үзсэн бол явган хүний замыг өөр газарт төлөвлөх талаар холбогдох ажиллагааг тус тус хийх үүрэгтэй атал аль алийг нь хэрэгжүүлээгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

8.9. Хариуцагчийн татгалзал: 1. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг нь Засгийн газар, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээнд хамаарах заалт атал дүүргийн Засаг даргын эрх хэмжээнээс хэтрүүлсэн дүгнэлт хийж (нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих, эсхүл цаашид бусдад эзэмшүүлнэ гэж үзсэн бол явган хүний замыг өөр газарт төлөвлөх) гэж хуулийг буруу тайлбарласан. 2. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн нөхөн олговор олгох асуудлыг мөн л Засгийн газар шийдвэрлэхээр хуульд заасан байна. 3. Маргаан бүхий газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000738096 дугаар гэрчилгээг Ү- ........... дугаарт бүртгэж гэрчилгээг 2008 оны 06 сарын 27-ны өдөр олгосон байгаа. Дээрх бүртгэлтэй холбоотой Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн 220200494 дугаартай хэрэгт ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хууль бусаар гуравдагч этгээд нь олж авсан тохиолдолд төрөөс нөхөн олговор олгох шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй юм. 4. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэтэрхий нэг талыг баримталж, хуулийг буруу тайлбарлаж, шийдвэр магадлал гаргажээ.

8.10. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эсвэл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж, тогтоол гаргаж өгнө үү” гэв.

9. Гуравдагч этгээд Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бичгээр гардаж авсны дараа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай энэхүү асуудлын талаар уулзалт зохион байгуулах талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай уулзаж чадаагүй явж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж шийдвэрлэсний дараа уулзалт зохион байгуулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн учир арга буюу магадлалд гомдол гаргаж байна.

9.1. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч “Т” ГҮТББ-ын эрхийг зөрчиж байгаа явган хүний зам дээр баригдсан шонгийн модыг зайлуулах ажиллагаа явагдаж байгаа. Харин энэхүү ажил үйлчилгээ нь нийслэлээс зохион байгуулаад байгаа юм уу, дүүргээс зохион байгуулж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

9.2. Магадлалын үндэслэх хэсэгт “... 2.8. Нөгөөтээгүүр, захиргааны байгууллагад Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэсний дагуу гуравдагч этгээдэд нөхөн олговор олгох замаар маргаан бүхий газрыг солих буюу эргүүлэн авах эрх хэмжээг хуулиар олгосон байх тул талуудын гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ” гэжээ.

9.3. Гуравдагч этгээд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр төрийн байгууллагаас шийдвэр гаргаж байвал би түүнийг нь хүлээн зөвшөөрч болно. Гэтэл надаас нэг ч удаа тухайн газрын нөхөх олговрын талаар санал аваагүй байж, урьдчилсан тохиролцоо хийгээгүй байж газар эзэмших эрхийг минь хүчингүй болговол би яах вэ гэдэг асуудал надад тулгарч байна. Энэ асуудлыг  шийдвэрлэхдээ гуравдагч этгээд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчихгүйгээр шийдвэрлэж өгөөч ээ.

9.4. Мөн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр баталгаажсаны дараа миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, надад нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хохироох асуудал гарч магадгүй байгаа учраас гомдол гаргаж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/625 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

10. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 495 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-д 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг цахимаар танилцуулжээ. Мөн гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Нэг. Шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлд дүгнэлт хийхдээ 2006 онд маргаан бүхий актаар иргэн Ш.Н-д анх үүссэн 130 м.кв газар эзэмших эрх, 2012 онд уг эрхийн хугацааг сунгасан болон 2018, 2021 онд газар эзэмших эрх иргэн С.Буянтогтох, Б.Т нарт тус тус шилжсэн нь нэхэмжлэгч “Т” ТББ-ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар дүгнэлт хийлгүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

14. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар маргаан бүхий газар эзэмших эрх анх үүссэн, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2018 оны А/417 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг иргэн С.Б-д, 2021 оны А/622 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг иргэн Б.Т-т тус тус шилжүүлсэн, уг газар дээр баригдсан 129,96 м.кв талбайтай нэг давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2008 онд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

15. Нэхэмжлэгч “Т” ТББ-аас дээрх актуудыг “хууль бус байсан болохыг тогтоолгох”, “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “... Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар хориглосон хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар олгосон”, “ ... явган хүний зам дээр газар олгосон, ... Явган хүний зам, талбайн төлөвлөлт техникийн шаардлага MNS6808:2019 гэх стандарт зөрчигдсөн”, “... нийтийн эзэмшлийн газрыг эзэмшүүлсэн, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн .......-р хороо Д үйлчилгээний төвийн урд талын талбай гэх байршилд 3187.82 м.кв талбайг нийтийн эдэлбэр газраар тогтоосон”, “... тухайн газраар тэргэнцэртэй иргэн явах боломжгүйд хүрсэн, ...  харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замын чигийг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бие даан оролцох нөхцөл боломжийг хязгаарласан” гэх зэрэг агуулгаар тайлбарласан.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх”-ээр, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ ... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд /-ээс/ ...  нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 3.1.9-т “... захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг /тус тус ойлгох/”-оор тус тус заажээ.

17. Түүнчлэн мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна: 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх; 18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тусгайлан зохицуулсан байна.

18. Үүнээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх үнэлэхдээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эрх зүйн байдлыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч этгээдээс өөрийн субьектив эрх зөрчигдсөн гэж маргасан, эсхүл нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй эсэхийг шүүх тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт хийх ёстой.

19. Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Д төв”-ийн урд талд байршилтай 130 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч “Т” ТББ-аас шүүхэд маргахдаа “... нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаагүй” болохоо өөрөө тодорхойлсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж зөрчигдсөн байдлаа өөрөө шүүхэд тодорхойлон мэдүүлэх үүрэгтэй, энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... -/ыг/ хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн /талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлох/” гэж заажээ.

20. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Т” ТББ нь 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага”-аар улсын бүртгэлд бүртгэгдсэн, 5 гишүүнтэй, эцсийн өмчлөгчөөр 1 иргэн бүртгэгдсэн хуулийн этгээд байх бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3/-т “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг .../ойлгох/”-оор заасан тул маргаан бүхий актуудын улмаас тус төрийн бус байгууллагын гишүүн 5 хүний ямар субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж буй талаар нэхэмжлэгч шүүхэд тодорхойлох, энэ хүрээнд шүүх дүгнэлтээ хийх үүрэгтэй.

21. Нэхэмжлэгч “Т” ТББ-ын тэргүүн Б.Ч-оос олгогдсон итгэмжлэлийн дагуу тус төрийн бус байгууллагыг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “... Монгол Улсын хэмжээнд байгаа нийт тэргэнцэртэй иргэдийн болон харааны бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан” гэх агуулга дурдагдсан боловч тухайн хуулийн этгээдэд нийт “тэргэнцэртэй иргэд”-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх, эсхүл аль нэг гишүүнийг шүүхэд төлөөлөх эрх олгогдсон талаар төлөөлөл, итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.

22. Түүнчлэн, шүүхээс хийсэн үзлэгээр явган хүний зам нь маргаан бүхий газарт баригдсан гуравдагч этгээдийн өмчлөлийн барилгын урд талаар тавигдсан, уг явган хүний замын голд шонгийн мод байршиж байгаа нь тогтоогдсон, “уг модыг зайлуулах, зөөвөрлөн өөр газарт байрлуулах ажиллагаа явагдаж байгаа” талаар гуравдагч этгээд, хариуцагч нараас шүүхэд тайлбарласан, нэхэмжлэгчээс уг шонгийн модыг зайлуулсан эсэхээс үл хамаарч “газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хүсэлтэй” гэх хэдий ч Сонгинохайрхан дүүргийн .....-р хороо Д үйлчилгээний төвийн урд талд байршилтай маргаан бүхий 130 м.кв газар эзэмших эрхийг тусгайлан зааж хүчингүй болгуулахаар маргаж буй бодит үндэслэл буюу уг 130 м.кв газрыг хэн нэг этгээд эзэмшиж ашиглаж байгаа нь тус төрийн бус байгууллагын гишүүн “тэргэнцэртэй” хэн нэг иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн ямар байдлаар хөндөж зөрчиж буй талаар баримт гаргаж шүүхэд маргаагүй байна.   

23. Иймд, шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар маргах” эрхийн агуулга, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах агуулгыг буруу тодорхойлсон, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч “Т” ТББ-ын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.  

24. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... маргаан бүхий газар нь анхнаасаа явган хүний зам байгаагүй, ......... өргөн чөлөөний тэр хэсгийн төв зам нь анх газар эзэмших эрх олгогдох үед 2 эгнээтэй зам байсан, одоо 4 эгнээ болж өргөссөн, сүүлд тохижилтын явцад газар эзэмшигчийн газрыг тойруулан явган зам тавигдсан” үйл баримт тогтоогдсон, хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй, шүүхүүд энэ талаар тодорхой, нэг ижил дүгнэлтүүд хийсэн атлаа “... бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтээр ашиглах зам талбайн хэлбэрээр ашиглахаар шийдвэрлэсэн бол Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах гэж заасан нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих зэргээр шийдвэр гаргах ёстой” гэж буруу дүгнэлт хийжээ.

25. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж тус тус заасан нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эсхүл нийтийн эдэлбэрт авах асуудлаар “санал гаргах”, “газар эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах”-аар шийдвэр гаргах эрхийг захиргаанд олгосон агуулгатай буюу захиргааны байгууллагын өөрийн шийдвэрлэх, шийдвэр гаргах эрх хэмжээ /сонгох боломж/-нд хамаарах зохицуулалт байна.

26. Тодруулбал, энэ маргааны тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Д төв”-ийн урд талд байршилтай 130 м.кв газрыг нийтийн эдэлбэрт ашиглах талаар санал гаргах, газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах эсхүл гаргахгүй байх эрхийг хуулиар олгосон гэж үзнэ.

27. Гэтэл шүүхээс “бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтээр ашиглах зам талбайн хэлбэрээр ашиглах шийдвэр гаргах ёстой” гэж, ийнхүү шийдвэр гаргаагүй бол гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүчингүй болох агуулгатай дүгнэлт, шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарласан, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэснийг тайлбарлан хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шүүхийн шийдвэрийн төрлийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

28. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

29. Хяналтын шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Сонгинохайрхан дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Д төв”-ийн урд талд маргаан бүхий газарт явган хүний зам талбайг тохижуулах, явган хүний зам дээр баригдсан шонгийн модыг зайлуулж зорчих хэсгийг чөлөөлөх болон Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдээс санал гаргах, холбогдох үйл ажиллагаа явуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 46 дугаар зүйлийн 46.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0571 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/625 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд Б.Т-ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН          

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ          

   Д.БАТБААТАР

                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ