Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1245

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 27                 Дугаар 1245                                        Улаанбаатар хот

ХХ-ны нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02517 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ны нэхэмжлэлтэй

           Хариуцагч ХХХ, ХХХХ, ХХХХХ нарт холбогдох,

ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ айлын байрны ХХ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түрээсээр олох байсан орлого 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч ХХХ,

Хариуцагч ХХХХ-ийн өмгөөлөгч ХХХ,

Нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХ миний бие ХБНГУ-д байх үедээ ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын хойно байрлах 16 айлын орон сууцны 02 тоот, 20.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг дүү ХХХХ-ын нэр дээр 2006 оны 5 дугаар сарын 25-нд худалдан авсан. Дүү ХХХХ Ирландын нэгдсэн вант улс руу явах болсон тул ээж ХХХХХ-т 2007 оны 10 дугаар сарын 27-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 2011 оны 6 дугаар сарын 28-нд миний нэр дээр шилжин ирсэн. Гэтэл ХХХХ нь тус 16 айлын орон сууцыг бүхэлд нь эзэмшиж, миний улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамч гэж үзэж, миний өмчлөх эрхийг хааж байна. Иймд ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ айлын байрны ХХ тоот, 20.5 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцлөөр хангуулж, өмчлөгчөөр тогтоолгож, түрээсээр олох байсан орлого 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Өмчлөлийн асуудал дээр хариуцагч нар эргэлздэг ч маргаан үүсээгүй. 2006 онд ХХ-ны дүү болон ээж нь эзэмшиж байсан талаар Улсын бүртгэлийн газраас лавлагаа ирүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу олж авсан хууль ёсны өмчлөгч мөн юм. 2006 оноос ашиглаж чадахгүй байна. Орж гарах үүд хаалгыг цоожилсон, манаач ажиллуулсан, цахилгааны холболт байхгүй, ус дулаан байхгүй байна. 2006 онд миний дүү, Х гэгчтэй 80 000 төгрөгний хөлслөх гэрээ байгуулсан байдаг, үүнийг үндэслэж 10 жил түрээслэх боломжтой байсан гэж үзээд түрээсээр олох байсан орлого нэхэмжилж байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хариуцагч нарын асуудлаас болоод хаагдаж, бусад өмчлөгч нарын үйл ажиллагаанаас болоод ХХ-ны эрх хохироод байна. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу олж авсан шударга эзэмшигч мөн юм. Хариуцагч нарын эзэмшил өмчлөлийн 1037.8 м.кв талбайтай маргаагүй, нэхэмжлэгчийн 20.5 м.кв талбай бүхий орон сууц тусдаа тэдний өмчлөлийн талбайд орохгүй, гэвч зөрчигдөж байна, саад хийж байгаа тул өмчилж ашиглаж чадахгүй байгаа. Хариуцагч нар ХХ-ныг өөрийн хөрөнгөө захиран зарцуулах өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 1037.8 м.кв байрыг зоорийн давхартай нь өмчилдөг. 2004 онд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байхад ХХ байхгүй байсан. 2006 онд энэ хүн түрээсэлсэн гэж яриад байна, ийм асуудал байхгүй. 2006 онд Анод банкны барьцаанд байсан байдаг ба тус банкинд 100 сая төгрөг төлөөд энэ байрыг худалдаж авсан. 2005 оноос цахилгаан дулаангүй болсон бөгөөд хүн амьдраагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2 удаа дуудлага худалдаа явуулахад энэ хүн ирээгүй ба энэ байранд 2005 оноос хойш хүн амьдраагүй. Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжийн дагуу өрөндөө авсан. Шүүхээс үзлэг хийхэд ХХ өрөөгөө зааж чадахгүй байсан. Тэр нэг ч удаа надтай уулзаж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэж байхад байрыг түрээслэх асуудал байхгүй. Нэхэмжлэгч гэрчилгээг яаж олж авсан талаар мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар баталгаажин 1037.8 м.кв бүхэлдээ ХХХын хамт миний эзэмшилд байдаг. Энэ хэмжээнээс гадна 20.5 м.кв талбай бүхий байр байгаа гэдгийг бид мэдэхгүй. Би өөрийн хувийг ХХХХХд өгсөн. ХХХын эзэмшил бас байдаг. Иргэний өмчлөх эрхээ хангуулах, олж болох 8 000 000 төгрөг гаргуулах, 16 айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан боловч тухайн нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрсөн байх ёстой. ХХ улсын бүртгэлийн гэрчилгээтэй байгаа ч үнэн зөв байх ёстой. Өмчлөгч ХХХХ ХХХ нар ХХ-ны өмнө ямар үүрэг хүлээсэн бэ гэдэг сонин. Энэ хүний өмнө хуулиар болон гэрээгээр цахилгаан, ус дулаанаар хангах үүрэг хүлээгээгүй. 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгө дуудлага худалдаагаар борлогдоогүй гэх шалтгаанаар төлбөр авагч нарт шилжүүлж өгсөн. Би төлбөр төлөгч ХХХ-аас ХХХХ компаний захирал төлбөртөө авсан юм. Энэ хүний өмчлөлийг хамгаалахын тулд яагаад цахилгаан дулаанаар хангах ёстой вэ. Хэрэгт гэрчилгээний дугаар өөрчлөгддөггүй. Маргаан бүхий объект хэдэн өрөөтэй талаар яригдах ёстой гэтэл үүнээс илүү өрөөтэй байсан. Үзлэгээр хаалга эвдэрсэн гээд байна. Байрны өмчлөгч мөн үү гэдэг эргэлзээ байгаа энэ байр мөн эсэх дээр маргаан байна. ХХХХХХХХХХ дугаартай гэрчилгээ олгогдсон байдаг. Хариуцагч нарт энэ дугаараар олгогдсон. Нэхэмжлэгчид өөр дугаартай олгогдсон энэ үүднээс энэ байр мөн эсэх тодорхойгүй. Тухайн байрны зураг м.км зэрэг нь тодорхой байх ёстой. Олох байсан орлого ХХХХ худалдаж авах үед цахилгаан дулаан байхгүй өрөнд ороод хаагдсан байсан. Гэрээнээс татгалзах эрх байгаа. Энэ хүний өмчлөлийн байр биш байна гэж үзэж байна. Тухайн эд хөрөнгийн өмчлөгч бол өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй. Орон сууц байсан юм бол бусад айлууд худалдаж аваагүй юм бол гэдэг эргэлзээ бүхий асуудал үүсч байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 8 дугаар сарын 18-нд ХХХХэс уг үл хөдлөх хөрөнгийн 67.3 хувийг худалдан авсан бөгөөд тухайн үед ХХХХ, ХХХ нараас өөр өмчлөгчгүй, зөрчилгүй байсан. Энэ 4 жилийн хугацаанд огт нэхэмжлэл гаргаагүй ба 10 жил ямар ч үйл ажиллагаа явагдаагүй, хүн ч амьдраагүй. Гэвч өдийг хүртэл олж авах байсан орлогоо алдаад шүүхэд хандахгүй байсанд их гайхаж байна. Нэхэмжлэгч хаягийн зөрчилтэй байна. Миний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө бол Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 29/2 тоот гэж явдаг, нэхэмжлэгч 16 айлын орон сууц гээд байгаа нь бидэнтэй маргах үндэслэл байгаа эсэхэд эргэлзэж байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгө газрын маргаантай байсан, энэ шийдэгдэж, шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Бидний байр бол худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай, дан ганц орон сууны зориулалттай биш юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүхий 1037.8 м.кв талбайтай орон сууц үйлчилгээний зориулалт бүхий 3 давхар барилгын хууль ёсны өмчлөгч болох иргэн ХХХХ, ХХХ нар нь 2007 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу “ХХХХ” ХХК-ийн өмчлөлөөс өөрсдийн эзэмшилд өрөндөө гаргуулан авч, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХХХХХХХ тоот гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгэгдэн баталгаажсан байна. Гэтэл иргэн ХХ нь тус барилгын 20.5 м.кв 2 тоот орон сууцыг эзэмшиж улмаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч өөрийн эрхээ сэргээлгэх, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба уг барилгыг 2007 оноос өнөөдрийг хүртэл олон удаагийн шүүх хурал болоход хэн ч ямар нэг өмчлөлийн талаар маргаан гаргаж, хандаж байгаагүй бөгөөд уг барилгад орон сууцны зориулалтаар нэр бүхий хүн ч сууж байгаагүй. Энэ барилгыг одоо болтол зориулаптын дагуу ашиглаж чадаагүй цоожтой өнөөг хүрсэн болно. ХХ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс яагаад салгаж өөрийн өмчлөлд бүртгүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь салгаж үл болох эд хөрөнгө байхад бүртгэсэн нь өөрөө хууль бус байх тул гомдлоо хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан гаргах ёстой. Хэрвээ өр авлагатай байсан бол тухайн “ХХХХ” ХХК нь хариуцах ёстой болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ, ХХХ, ХХХХХ нарт холбогдуулан ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ айлын ХХ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түрээсээр олох байсан орлого 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн ХХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213 150 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгчийн өмчлөлийн 20.5 талбай бүхий орон сууц байхгүй гэж мэтгэлцсэн. Шүүх гэтэл хариуцагч нарын дээрх тайлбарыг ямар нэгэн байдлаар няцаасан шийдвэр гаргаагүй. Үүгээрээ нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хөндөж байгаа маргааны зүйлийн талаар тал бүрээс нь бодитой дүгнэж эцсийн шийдвэр гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэвээр байгаа гэж дүгнэж байгаа боловч нэхэмжлэгч өмчийн зүйлээ өөрийн үзэмжээрээ ашиглах, захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалтай байгаа мөн хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны талбай нь өөрсдийнх нь өмчилж байгаа нийт талбайн хэмжээнд багтсан гэж үзэж байгаа тул зайлшгүй нэхэмжлэгчийн хууль ёсны шударга өмчлөгч мөн болохыг тогтоох ёстой байсан боловч шүүх хэт нэг талыг барьж шийдсэн нь үндэслэлгүй байна. Олох байсан орлогын хувьд 8 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Нэхэмжлэгч нь 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ХХХХ, Х нарын хооронд байгуулсан 1 жилийн 960 000 төгрөгийн гэрээг тодорхой үйл баримтыг нотлох, нэг сарын  80 000 төгрөгөөр хамгийн багадаа түрээслэх боломжтой болохыг нотолж гаргасан байхад шүүх дээрх гэрээнд дүгнэлт өгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь маш ойлгомжгүй байна. Энэхүү гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл биш байтал шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нотлох чадвараа алдсан мэтээр хийсвэр дүгнэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас ангид шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч мөн болохыг дүгнэсэн атлаа түүний хууль ёсны өмчөө ашиглаж түүний үр шимийг хүртэх боломж хариуцагч нараас шууд шалтгаалж, алдагдаад байгаад ямар нэгэн дүгнэлтийг шүүх огт өгөөгүй нь нэхэмжлэгчийн өмчийн эрхийг илт хохироож байна. 8 000 000 төгрөгийн хувьд гэрээний үүрэгтэй холбоотой асуудал огт биш бөгөөд зөвхөн нэхэмжлэгч өөрийн өмчийн орон сууцаа эзэмшиж, ашиглаж үр шимийг хүртэх боломжгүй нөхцөл байдал бусад өмчлөгч нараас шалтгаалж олж байсан ашиг, орлогоо нэхэмжилсэн байтал шүүх гэрээний үүрэгтэй хамаатуулсан нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцсэн шийдвэр биш болохыг нотолж байна. Нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн хууль ёсны өмчлөлд байгаа үеийн олж болох ашиг, үр шимийг тодорхойлж нэхэмжилсэн боловч шүүх мөн л нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй ХХХХ-ын ХХд итгэмжлэл өгсөн эсэх асуудлаар дүгнэлт өгсөн нь шүүх хэргийг анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хүсэл зориг байсан эсэхэд нэхэмжлэгч намайг эргэлзэхэд хүргэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ, ХХХХ, ХХХХХ нарт холбогдуулан ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ айлын байрны ХХ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түрээсээр олох байсан орлого 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд харуцагч ХХХХ саад болж байгааг зогсоолгох, эд хөрөнгийг түрээслэн олох байсан орлого 8 000 000 төгрөгийг гаргуулах гэж үндэслэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ХХХ, ХХХХХХ нарыг хариуцагчаар татсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ХХ нь ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХ тоот орон сууцны 20,5 м2 талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч болох нь түүнд 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон ба хариуцагч нар энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

Иймд шүүх нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж буй байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд ХХ нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслэн орлого олох байсан гэдгээ баримтаар нотлоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны     шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 213 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                         ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

       

                                                                                              М.НАРАНЦЭЦЭГ