Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

-

-

     2019           3           28                                         2019/ШЦТ/363         

 

-                                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908009180339 дүгээр хэргийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Магнайн оргил” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавийн 2 дугаар гудамж, 12 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамж, 23 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Жаргалсайханы Б /РД:АЭ87041476/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ж.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 17-23 тоотод түр оршин суух гэртээ 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эхнэр Ц.Дгийн толгой, нүүр, бүсэлхий, гуя, шилбэн тус газруудад цохих болон өшиглөх зэрэг үйлдлүүдээр түүний биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, баруун хацарт язарсан шарх, баруун нүдний доод зовхи, хамар, өвчүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салст, бүсэлхий, баруун шуу, баруун шилбэ, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр, мөн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Утас шидсэн. Цохисон, 2 удаа өшиглөсөн. Хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. Гэм буруутайгаа ойлгож байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 1908009180339 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Дгийн: “2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...19 цагийн үед буцаад гэртээ ирэхэд Б нилээн халамцуу, ганцаараа байж байхаар нь би юм дуугарахгүй байж байсан чинь Б намайг “ямар залуутайгаа уулзаад ирэв” гэхээр нь миний уур хүрээд “зайл архичин минь” гэхэд Б уурлаад “юу гэнээ чи” гээд над руу гартаа барьсан байсан өөрийнхөө хуучин Нокиа маркийн гар утсыг шидээд миний толгойн хэсэгт зөөлөн онохоор нь миний уур хүрээд Бт ойртож очоод нүүрийг нь маажих гээд нэг гараа далайхад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би Бийг өөрөөсөө холдуулах гээд толгой руу нь гараараа түлхэхэд Б миний цээж рүү хоёр гараараа түлхээд би газар хөл алдаад унахад нүүр лүү хөлөөрөө хоёр удаа өшиглөхөөр нь би байрныхаа эзэн эгчийн нэрийг нь хэлээд чангаар дуудахад Б гэрээс гараад зугтсан. Би байрны эгчийн утсаар цагдаад дуудлага өгөөд удаагүй цагдаа нар ирэхэд Б гэртээ орж ирээд цагдаад баригдсан. ...Би Бтай эвлэрсэн. Надад одоо энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.13-ны өдрийн 2191 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Дгийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, баруун хацарт язарсан шарх, баруун нүдний доод зовхи, хамар, өвчүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салст, бүсэлхий, баруун шуу, баруун шилбэ, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-27/,

Шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “Би Ц.Дтэй 2018 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...19 цагийн үед хоёр найз маань манайхаас яваад би гэртээ үлдэхэд удалгүй эхнэр гэртээ орж ирчихээд надад уурлаад юм дуугарахгүй байхаар нь би эхнэрийгээ “хаашаа яваад ирэв” гэж хэд хэдэн удаа асуухад “зайл архичин минь” гэхээр нь миний уур хүрээд гарт байсан Нокиа маркийн гар утсыг эхнэр лүү шидэхэд эхнэрийн толгойн орой хэсэгт зөөлөн оноход эхнэр уурлаад намайг нүүр маажих гээд хоёр гараараа далайхаар нь нүүр лүү нь нэг удаа цохиход эхнэр миний үснээс татахаар нь гараараа цээж рүү нь түлхэж өөрөөсөө жаахан холдуулахад эхнэр газар унахаар нь эхнэрийн нүүрнийх нь хэсэг рүү 2 удаа өшиглөхөд эхнэр юу гэж орилсныг мэдэхгүй байна, чанга орилохоор нь би гэрээсээ гараад яваад дэлгүүр орж тамхи авч татчихаад гэртээ ирэхэд цагдаа нар ирээд намайг барьсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-7-11, 13-16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, “Магнайн оргил” ХХК-ийн тодорхойлолт /хх-53/, цалингийн тодорхойлолт /хх-54/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хэдийгээр хохирогчийн эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл учирсан байгаа боловч уг шарх гэмтлийн улмаас өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон болон шүүгдэгч зодож байгаа үйлдлийнхээ харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн гэх шинж тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Б согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамж, 23 тоотод хамтран амьдрагч Ц.Дг зодож, биед нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, баруун хацарт язарсан шарх, баруун нүдний доод зовхи, хамар, өвчүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салст, бүсэлхий, баруун шуу, баруун шилбэ, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Дгийн “...Б уурлаад ...Нокиа маркийн гар утсыг шидээд уг утас нь миний толгойн хэсэгт зөөлөн онохоор нь, ...Б миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, ...цээж рүү хоёр гараараа түлхээд унахад нүүр лүү хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-21-22/, шүүх эмнэлгийн 2191 дүгээр “1.Ц.Дгийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, баруун хацарт язарсан шарх, баруун нүдний доод зовхи, хамар, өвчүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салст, бүсэлхий, баруун шуу, баруун шилбэ, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжилгээ /хх-27/, шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “...Нокиа маркийн гар утсыг эхнэр лүү шидэхэд толгойн орой хэсэгт зөөлөн оноход ...нүүр лүү нь нэг удаа цохиход ...эхнэр газар унахаар нь нүүрнийх нь хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-34-35/, Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-7-11, 13-16/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Дг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул Ж.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Надад одоо энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-21-22/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх саналтай..” гэж,

шүүгдэгч “Гэм буруутайгаа ойлгож байгаа. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

 Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх чөлөөнд халдсан, хохирогчид хэд хэдэн шарх, гэмтэл учирсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн “Эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэсэн зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэн шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /хх-53, 54/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ж.Бийг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бадмааргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Монгол овогт Жаргалсайханы Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Б урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР