Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/02123

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 06 210/МА2024/02123

 

 

 

Ё.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 104/ШШ2024/00491 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ё.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э, А.Т нарт холбогдох,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.240.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Б, хариуцагч Б.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, хариуцагч нартай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 76.22 м.кв талбайтай орон сууцыг 2,000,000 төгрөгөөр тооцож 152,400.000 төгрөгөөр худалдахаар болсон. Хариуцагч нарт банкны зээлийн нөхцөлөөр 1,800,000 төгрөгөөр тооцож 137,160,000 төгрөгийн зээл гарах байсан учир зөрүү болох 15,240,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сард багтааж өгнө гэсэн ба Хаан банкны зээлээр надаас худалдан авсан. Гэвч хариуцагч нар 2023 оны 11 дүгээр сард зөрүү мөнгөө өгөх байсан боловч өгөлгүй 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг өгсөн. Иймд, харилцан тохиролцсон хүрээнд үлдэгдэл мөнгөө удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл өгөөгүй байх тул үлдэгдэл 7,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч Ё.Быг таньдаг бөгөөд нэг удаа орон сууцыг очиж үзэхэд түүний асуудалгүй гэсэн үгэнд нь итгэсэн. Тухайн үед орон сууц тавилгатай байсан учир суудлыг нь анзаараагүй. Нэг л удаа үзээд шууд банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн. Анх орон сууцыг 1 м.кв талбайг 1,950,000 төгрөгөөр худалдаж авна гэж ярилцаад банкнаас 137,200,000 төгрөгийн зээл авч 1,400,000 төгрөг үлдсэн гэж бодож байтал улирал солигдож өвөл болоход байрны цонхны булангууд нь цантаад, цонхнууд нь овойж мөстөөд уг мөснүүд нь цонхоо дагаж урссан. Нэхэмжлэгч нь орон сууцыг гал тогооныхоо тавилгыг дагалдуулж өгнө гэж байсан атлаа тавилгаа аваад явчихсан. Тэрээр надад гал тогооны тавилгаа 4-5 сая төгрөгөөр худалдаж авах юм уу гэхэд нь хүний хуучин юм хэрэггүй гэж хэлээд өгөөд явуулсан. Би, байрны үлдэгдэл мөнгөний зөрүүндээ уг тавилгаа авчихаж байгаа юм байна гэж ойлгосон. Түүний дараа мөстөх асуудлууд гарч ирэхэд нь харзнасан боловч бороо ороод эхлэнгүүт ус урсаад байхын аргагүй болсон учир засвар хийсэн.

Байрны үлдэгдэл мөнгө миний тооцоогоор 3,400,000 төгрөг байгаа. Гэтэл би байрандаа худалдаж авснаасаа хойш засвар хийсэн, одоо хүртэл тэр хоёр цонхоо сольж чадаагүй байна. Бид 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд нэхэмжлэгчийг байраа суллаж өгөөч гэхэд байр суллах боломж байхгүй, тавилгаа тавих газар алга гэх шалтгаанаар суллаагүй. Байр суллаж өгөөгүй байх хугацааны зээлийг бид төлсөн учир үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Т, Б.Э нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Бод олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т, Б.Э нараас 130,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Бод олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд хийсэнд тооцохоор хуульчилсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хариуцагч А.Т нь гэрээнд заасан 137,160,000 төгрөгийг л төлөх үүргийг хүлээсэн. Энэхүү төлбөр бүрэн төлөгдсөн. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 7,240,000 төгрөгийг төлөх талаар хэлцэл байгуулсан эсэх нь бичгээр нотлогдоогүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хэлцлийг бүртгүүлээгүй байх тул хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймээс анхан шатны шүүхээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,240,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх эрх үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Иймд, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 104/ШШ2024/00291 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ё.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Миний хувьд худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа хариуцагч нарт итгэж аман байдлаар тохиролцсон боловч хариуцагч нар нь үлдэгдэл мөнгөө өгөөгүй буюу гэрээ хийж тохирсны дагуу 2023 оны 11 дүгээр сард үлдэгдэл мөнгө болох 16,000,000 төгрөгийг надад өгнө гэсэн боловч тухайн хугацаанд өгөөгүй, 2024 оны 02 дугаар сард 8,000,000 төгрөгийг өгсөн. Хэрэв би уг мөнгийг авах ёсгүй байсан бол хариуцагч нар нь над руу 8,000,000 төгрөгийг байрны мөнгө гэх утгаар явуулах шаардлагагүй байсан. Миний зүгээс хариуцагч нартай анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө 2 удаа очиж уулзаж үлдэгдэл мөнгөө авах талаар хэлсэн боловч бид хоорондоо тохирч чадаагүй учир шүүхэд гомдол гаргасан ба тухайн гомдолдоо бидний хооронд болсон харилцан яриа, мессеж, хариу мессеж зэрэг зүйлүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн би хариуцагч талаас мөнгө авах ёсгүй байсан бол шүүхэд хандахгүй байсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ё.Боос хариуцагч Б.Э, А.Т нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаар Ё.Б нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б.Э, А.Т нартай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, .... дугаар байр, ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн хэдий ч талуудын гэрээний үнийн талаарх тохиролцоог зөв тогтоогоогүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заажээ.

 

Зохигчдын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д ... Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 137,160,000 төгрөгөөр худалдахаар тохиров гэснээс үзвэл талууд анхнаасаа энэхүү орон сууцны үнийг тогтоохдоо талбайн хэмжээг үндэслэл болгож 1 м.кв талбайг 2,000,000 төгрөг буюу 152,400,000 төгрөг гэж тохироогүй, харин нийт 137,160,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирчээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс зохигч нарын харилцан бичсэн зурваст үзлэг хийсэн баримтаар худалдагч Ё.Б нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дутуу төлсөн гэх 15,240,000 төгрөгөөс гадна нэмж 2,404,000 төгрөгийг худалдан авагч Б.Э, А.Т нараас шаардаж байсан байна.

 

Анхан шатны шүүх гэж нэхэмжлэгчийн тооцоолж шаардсан уг 17,644,000 төгрөгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрөөгүй байхад тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 152,400,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй байна.

 

Иймд, худалдан авагч Б.Э, А.Т нарыг 76.22 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр тооцож 152,400,000 төгрөгийг худалдагч Ё.Бод төлөх үүрэг хүлээсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлнэ.

 

Хэрэгт цугларсан баримтаар Б.Э, А.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа 76.22 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 1,950,000 төгрөгөөр тооцон 148,629,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон ба үүнээс банкны зээлээр 137,160,000 төгрөгийг нэхэмжлэгч Ё.Бод төлсөн бөгөөд хожим 8,000,000 төгрөгийг төлж одоо 3,469,000 төгрөг үлдсэн гэснийг нэхэмжлэгчийн зүгээс 145,160,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Энэ тохиолдолд нэгэнт худалдан авагч нар худалдах, худалдан авах гэрээний үнийг 148,629,000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарласан тул гэрээний үнийг 148,629,000 төгрөгөөр тооцох нь талуудын зарчимд нийцнэ.

 

5. Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг энэхүү орон сууцыг 4-5 сая төгрөгийн үнэтэй тавилгын хамт 148,629,000 төгрөгт оруулан тооцож худалдан гэсэн боловч тавилгыг авч явсан болон орон сууцыг засварлахад 1,225,790 төгрөгийн зардал гарах тул 3,469,000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.

 

Гэвч зохигч нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд худалдагч нь 4-5 сая төгрөгийн үнэ бүхий тавилгыг худалдан авагч нарын өмчлөлд гэрээний үнийн дүнд оруулж шилжүүлэх талаар тухайлан тохироогүй, мөн орон сууц доголдолтой болох нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээний анхны үнийг бууруулах талаар шаардлага гаргаагүй тул дээрх татгалзлыг хүлээн авахгүй.

 

Талуудын тохиролцсон дүн болох 148,629,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 145,160,000 төгрөгийг хасч тооцоход 3,469,000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байна.

 

Иймд, хариуцагч нараас төлөөгүй 3,469,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,771,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 104/ШШ2024/00491 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.Э, А.Т нараас 3,469,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,771,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,454 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.МАНДАЛБАЯР