| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0298/Э |
| Дугаар | 371 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803009750034 дүгээр хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Урианхай овогт Батбилэгийн Н /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20 цаг 00 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт “Улаанбаатар буян” ХХК-ийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд замд Toyota Estima маркийн 50-78 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс “Хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан Б.Элбэгдоржийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Сэлэнгэ аймгаас Улаанбаатар луу явсан. Баянчандманиас би өөрөө машинаа барьж явсан. Гэрлээ хол дээр нь тавьж явсан. Урдаас машин ирэхээр нь гэрлээ шилжүүлээд буцаагаад хол дээр нь тавьсан. Гэтэл мотоцикл гарч ирээд мөргөөд зогссон. Тэгээд цагдаа дуудсан. Цаг агаар хэвийн байсан. Гэрэлтүүлэггүй зам байсан. Даваан дээр 60-70 км/цаг-ийн хурдтай гарч ирсэн. Мотоциклийн гэрэл хараагүй. 500-600 метрийн урд байсан машины арын улаан гэрэл харагдаж байсан. Зогсоох арга хэмжээ авсан. Маш их харамсаж байна. Уучлалт гуйя” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 24-нд хүүхдээ тосохоор гэрээсээ гарсан. Гомдолтой байна. Архи дарс уудаггүй хүн байсан. Цаашид харж үзнэ гээд байгааг нь тусгаж өгнө үү. Хохирлоо барагдуулж авсан. Сэтгэл санааны хохирлыг барагдуулах боломжгүй. Шүүгдэгчийг хорих саналгүй” гэв.
Эрүүгийн 1803009750034 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.ын: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад над руу 94702979 дугаараас залгасан. “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Улаанбаатар буян” ХХК-ийн зүүн хойд замд зам тээврийн осол гарсан байна, яаралтай ир” гэж хэлсэн. Ирэхэд “Эстима” маркийн автомашины урд хэсэг нь эвдэрсэн байдалтай, мотоцикл хаана байсныг би анзаараагүй. Талийгаач зорчих хэсэг дээр дээшээ харсан байдалтай нүүр, гар хэсэг болон гарнаас нь цус гарсан, хөл нүцгэн оймстой харагдсан. Тэгээд цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Талийгаачийг шинжилгээний автомашин ирээд аваад явсан. 2010 онд “Хурд мотоциклийг 1 сая төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/,
Гэрч Х.Ганхуягийн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө ...зүс таних Нтай тааралдаад “хот явна” гэхээр нь хамт явсан. ...20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Улаанбаатар буян” ХХК-ийн хойд талын зам дээр явж байтал эсрэг талаас машины гэрэлд гялбаад урд явж байсан мотоциклийг харалгүй мөргөж осол гарсан. Би жолоочийн хажууд сууж, унтаагүй зам харж явсан. Н наашаа явж байхдаа зам бартаа ихтэй байсан учраас удаан явж байгаад тэр хэсэгт бартаа арилаад тууш зам руу орсон чинь нилээд хурдан яваад эхэлсэн. Удалгүй эсрэг талын машины гэрэлд гялбаад өмнө явж байсан мотоциклийг хараагүй мөргөсөн. Би бас эсрэг явж байсан машины гэрэлд гялбаад хараагүй тулаад ирэхэд мотоцикльтой хүн явж байна гэж харсан. Тэр зүйл маш богино хугацаанд болсон. Н бас тулаад л мотоциклтой хүнийг харсан байх. Тухайн үедээ зогсох үйлдэл хийсэн эсэхийг мэдэхгүй, тэр мотоцикл ар талдаа ямар ч гэрэлгүй явж байсан. Ныг хэдэн км/цаг-ийн хурдтай явж байсныг мэдэхгүй хараагүй...” гэх мэдүүлэг /хх-38/,
Гэрч Б.Бат-Оргилын: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20 цаг 07 минутанд жижүүрийн утсанд 61-ийн гарамын ар талд Дархан явдаг зам дээр “автомашин, мотоцикл хоёр мөргөлдсөн, нэг хүн ухаангүй байна” гэсэн дуудлага ирсэн. 20 цаг 15 минутанд дуудлагандаа гарсан. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Улаанбаатар буян” ХХК-ийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замд дуудлагын дагуу очиход зорчих хэсгийн баруун гар талд 50 орчим насны эрэгтэй хүн хоёр гутал нь байхгүй, тоос шороо болсон байдалтай, баруун чихнээс нь цус гарсан хэвтэж байсан. Амьсгал зүрх судсыг шалгаж үзэхэд зогссон, амыг ялимгүй доош дарж үзэхэд амнаас нь цус гоожсон, ямар ч хариу урвалгүй нас барсан байсан тул энэ талаар цагдаад хэлээд гадуур хувцсаар нь дээд хэсгийг нь бүтээгээд дараагийнхаа дуудлаганд явсан...” гэх мэдүүлэг /хх-40/,
Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.12.03-ны өдрийн 2614 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Элбэгдоржийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Б.Элбэгдорж нь сээрний нугалам хугарч нугас дарагдсан, элэг, дэлүү язарсан, их бага тархины аалзан хальсан дор цус харвасан зэрэг хавсарсан амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүрсэн байна. 3. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу ирүүлсэн байна. 4. Цус нь АВО-н системээр ОI-р бүлэгтэй байна. 5. Б.Элбэгдоржийн бие цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. 6. Дээрх гэмтлүүдийг авсан даруй шууд үхэлд хүрсэн байна. 7. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой” гэжээ /хх-49-51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.12.20-ны өдрийн 46 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota ESTIMA маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Автомашины эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. 3. Автомашинд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй. 4. Нөлөөлөхгүй. 5. Автомашины тоормос шингэн дамжуулгатай, ABS системтэй байна. 6. Автомашины тоормосны механизм ажиллаж байна. 7. Тухайн автомашин тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно” гэжээ /хх-75-85/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.12.19-ний өдрийн 26 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн Хурд маркийн, LXYPCKL06B0354071 тоот арлын дугаартай, улсын дугааргүй мотоцикл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Уг мотоциклд урд хоёр амортизатор, баруун, зүүн урд дохионы гэрэл, хойд гэрлүүд, зүүн толь, түлшний сав, суудал, зай хураагуур, арал, зүүн талын хөлийн гишгүүр, ачааны тулгуур, зүүн хойд амортизатор, хойд дугуйн шаврын хаалт, хойд дугуй, обод, урд тоормос, тоормосны базуур, урд дугуй зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна. 3. Хойд гэрэл байхгүй, баруун урд дохионы гэрэл байхгүй, урд дугуйн барбан элэгдсэн гэмтэл ашиглалтын явцад, бусад эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байна. 4. Хойд гэрэл байхгүй гэмтэл нь харанхуй, үзэгдэлт хангалтгүй үед бусад хөдөлгөөнд оролцогч нарт тухайн тээврийн хэрэгслийн овор хэмжээг харах боломжийг хязгаарлах нөлөө үзүүлэх үндэслэлтэй. 5. Урд, хойд тоормос механик дамжуулгатай. 6. Урд дугуйн барбан ашиглалтын явцад их элэгдсэн, тоормос барихгүй, хойд дугуйн тоормос ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийг тодорхойлох боломжгүй. 7. Шинжилгээнд ирүүлсэн Хурд маркийн, LXYPCKL06B0354071 тоот арлын дугаартай мотоцикл өөрөө явах боломжгүй тул мөр үүсэх эсэхийг туршиж тогтоох боломжгүй” гэжээ /хх-86-100/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018.12.27-ны өдрийн 872 дугаар дүгнэлтэд “1. “TOYOTA ESTIMA” маркийн 50-78 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Н нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан жолооч Б.Элбэгдорж нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-102-103/,
Шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн: “Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ маш тодорхой ярьсан байгаа. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-112-113/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6, 12-20/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-25/, хохирлын баримтууд /хх-117-144/, иргэний нэхэмжлэл /хх-115-116, 145/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-146/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-149/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-151/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн тухай, шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт 2 хуудас баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гялбаанд орж байгаа бол эсрэг жолоочид гэрлээ анивчуулж мэдэгдэх, гялбаанаас хамгаалах шил зүүх, түүнчлэн хурдаа багасгах ёстой. Хэргийн нотлох баримтуудаас харахад хурд тохируулаагүй, хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа. Мотоцикл гэрэлтүүлэггүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. 12.536.000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Мотоциклийн үнэ 1.600.000 төгрөг нэхэмжилсэн. Үнэлэх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. 8.000.000 төгрөг өгсөн байна. 4.536.000 төгрөгийг гаргуулах саналтай” гэж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн мэдүүлгээс даваа өөд 60-67 км/цаг-ийн хурдтай гарсан бол уруудахдаа илүү хурдтай явсан байх боломжтой” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруутай болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Замын хөдөлгөөний дүрмийн 1 заалт, хохирогч 2 заалт зөрчсөн байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй тул хохирлын талаар маргаагүй. Тиймээс маргахгүйгээр хохирлыг төлөхөөр шийдсэн. Харилцан тохиролцоод 12.500.000 төлөхөөр тохиролцсон” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, “Улаанбаатар буян” ХХК-ийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд замд “Toyota Estima” маркийн 50-78 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөнөөс “Хурд” маркийн улсын дугааргүй /бүрэн бус/ мотоциклийг хамгаалах малгай өмсөлгүй жолоодож явсан Б.Элбэгдоржийг мөргөж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.ын “...хэргийн газар дээр ирэхэд Эстима маркийн автомашины урд хэсэг нь эвдэрсэн. Талийгаач зорчих хэсэг дээр дээшээ харсан байдалтай нүүр, гар хэсэг болон гарнаас нь цус гарсан байдалтай, хөл нүцгэн оймстой харагдсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2614 дүгээр “...2. Б.Элбэгдорж нь сээрний нугалам хугарч нугас дарагдсан, элэг, дэлүү язарсан, их бага тархины аалзан хальсан дор цус харвасан зэрэг хавсарсан амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүрсэн байна. 3. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу ирүүлсэн байна. 6. Дээрх гэмтлүүдийг авсан даруй шууд үхэлд хүрсэн байна. 7. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой” гэх шинжилгээ /хх-49-51/, гэрч Х.Ганхуягийн “...Н ...нилээд хурдан яваад эхэлсэн. ...эсрэг талын машины гэрэлд гялбаад өмнө явж байсан мотоциклийг хараагүй мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-38/, гэрч Б.Бат-Оргилын “...дуудлагын дагуу очиход зорчих хэсгийн баруун гар талд 50 орчим насны эрэгтэй хүн хоёр гутал нь байхгүй, тоос шороо болсон байдалтай, баруун чихнээс нь цус гарсан хэвтэж байсан. Амьсгал зүрх судсыг шалгаж үзэхэд зогссон, амыг ялимгүй доош дарж үзэхэд амнаас нь цус гоожсон, ямар ч хариу урвалгүй нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-40/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 26 дугаар “1.Шинжилгээнд ирүүлсэн “Хурд” маркийн, LXYPCKL06B0354071 тоот арлын дугаартай, улсын дугааргүй мотоцикл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. ..3. Хойд гэрэл байхгүй, баруун урд дохионы гэрэл байхгүй, урд дугуйн барбан элэгдсэн гэмтэл ашиглалтын явцад, бусад эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байна. 4.Хойд гэрэл байхгүй гэмтэл нь харанхуй, үзэгдэлт хангалтгүй үед бусад хөдөлгөөнд оролцогч нарт тухайн тээврийн хэрэгслийн овор хэмжээг харах боломжийг хязгаарлах нөлөө үзүүлэх үндэслэлтэй. 6.Урд дугуйн барбан ашиглалтын явцад их элэгдсэн, тоормос барихгүй, хойд дугуйн тоормос ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-87-89/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 872 дугаар “1. TOYOTA ESTIMA маркийн 50-78 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Н нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.“Хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан жолооч Б.Элбэгдорж нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;/ Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;/ в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-102-103/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6, 12-20/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-25/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Нын “Toyota Estima” маркийн 50-78 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хойд гэрэл байхгүй мотоциклийг мөргөснөөс хамгаалах малгайгүйгээр жолоодож явсан Б.Элбэгдоржийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байх тул Б.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Элбэгдоржийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оюунчимэг нь оршуулгын зардалд нийт 12.536.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч тал хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Харин мотоциклийн үнэ 1.600.000 төгрөг нэхэмжилнэ, мөн гэм хорын асуудлаар /хүүхэд сургуульд орох үед болон бусад үед шүүгдэгчийг туслах дэмжүүлэх талаар/ буюу “Цаашид харж үзнэ гээд байгааг тусгаж өгнө үү” гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн хувьд дараах байдлаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас эвдэрч гэмтсэн мотоцикл нь 1.600.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хэдэн оны, хэзээ худалдаж авсан гэх зэрэг шалгуур нөхцлийг тогтоолгосны дараа, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Замын хөдөлгөөний дүрмийг хоёулаа зөрчсөн гэдэг нь тогтоогдсон. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн, 0-4 насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /аюул саад тохиолдоход тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон, амь хохирогч бүрэн бус буюу хойд гэрэлгүй мотоцикл жолоодсон, мөн хамгаалалтын малгай өмсөөгүй/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохирсон, оршуулгын зардал төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Хорих саналгүй” гэх хүсэлт/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж буй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Нт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж байна.
Хэрэгт хураагдж ирүүлсэн шүүгдэгч Б.Нын жолоочийн BCDE ангиллын 661151 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Н урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Урианхай овогт Батбилэгийн Ныг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, нэг хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Нт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт хураагдан ирүүлсэн Б.Нын жолоочийн BCDE ангиллын 661151 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оюунчимэг гэм хорын хохиролтой холбоотой болон мотоциклийн үнэтэй холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР