Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

-

     2019           4           04                                         2019/ШЦТ/384         

 

-                                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908010870393 дугаар хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 425 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2000 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Бөх овогт Бадрахын Б /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 21-17 тоотод гэртээ хамтран амьдрагч М.Бийг “бусадтай нийлж зодох гэлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Сард 900.000 төгрөгийн цалин авдаг. Гэм буруугаа ойлгосон. Тогуулиа төлнө” гэв.

 

Эрүүгийн 1908010870393 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Бийн: “Миний бие Бтой ...2018 онд нэг гэрт орцгоосон. 2019 оны 02 дугаар сарын 10-ны 20 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ...ортол Б, найз Алдар, түүний эхнэр Чанцалтай хамт 0,75 литрийн хэмжээтэй архи уугаад дуусчихсан дахиад нэг шилийг задалчихсан сууж байсан. Би хоол цай хийж өгөөд байтал гаднаас Бын найз Бал нэг шил архи барьж орж ирсэн. Бал Б 2 хоорондоо хөөрөг, машинаас болж маргалдаж эхэлсэн. Барицалдаж аваад Б Балыг газар унагаахаар нь би Быг татаж салгаад “болиоч” гэтэл “чи яахаараа Балтай нийлж намайг зодох гэлээ” гээд над руу дайрсан. Толгойн баруун тал руу гараараа 2 удаа, зүүн тал руу 1 удаа цохихоор нь би зугтаагаад зуухны хажуу тал руу ороод тонгойх гэтэл миний эрүү рүү өшиглөсөн. Дараа нь үсдэж чирээд шилэн хүзүүнээс базаад боож “ална” гэхээр нь би зугтаачихсан. Хойноос хөөгөөд барьж аваад эргэж гэрт оруулахаар нь Балыг өмнөө гаргаад “энийгээ аваач ээ” гэхэд Бал яаж ч чадахгүй байхаар нь буцаад гараад гүйх гэтэл Б өмнө гарч ирэхээр нь түлхээд, гарч зугтаагаад найз Байгалмаагийн гэрт очиж хонсон. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид 2 эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-15-17/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.02.14-ний өдрийн 2198 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Бийн биед хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын өнгөц шарх, доод уруулын цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зүүн сарвууны цус хуралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүуд байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-19/,  

 Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 21-17 тоот гэртээ байтал гаднаас хамт ажилладаг Алдар, эхнэрийн хамт ирсэн. Нэг шил архи задалж ууж байтал мөн хамт ажилладаг Бал орж ирэхдээ нэг шил архитай ирснийг нэмж ууцгааж байтал эхнэр Б ажлаасаа ирж дахин хоол цай болж байх үед би Балтай автомашин ярьж байгаад “чи машинаа засаад унаж чадахгүй” гэж хэлснээс болж бид хоёр маргалдаж, барьцалдаж авах үед эхнэр дундуур орж ирээд намайг хориглоод байхаар нь би эхнэрийг “чи намайг Балтай нийлж зодох гээд байгаа юм уу” гэж хэлэн түлхэж унагааж байгаад эрүүнд нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, дахин нэг өшиглөх үед гуянд нь таарсан. Бал намайг “боль” гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн М.Бийн өргөдөл /хх-5/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-28-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хх-33/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-52/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-53/, дансны хуулга /хх-54-55/, “Баянзуух Ц.Т” ХХК-ийн тодорхойлолт /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /хх-61-65/, хохирогчийн хүсэлт /хх-69/, шүүгдэгч Б.Бын өргөдөл /хх-70/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 21 дүгээр гудамж, 17 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч М.Бийг зодож, биед нь хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын өнгөц шарх, доод уруулын цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зүүн сарвууны цус хуралт, баруун гуяны цус хуралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Бийн “...Б ...толгойн баруун тал руу гараараа 2 удаа, зүүн тал руу 1 удаа цохихоор нь би зугтаагаад зуухны хажуу тал руу ороод тонгойх гэтэл миний эрүү рүү өшиглөсөн. Дараа нь үсдэж чирээд шилэн хүзүүнээс базаад “ална” гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-15-17/, шүүх эмнэлгийн 2198 дугаар “1. М.Бийн биед хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын өнгөц шарх, доод уруулын цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зүүн сарвууны цус хуралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүуд байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-19/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...би эхнэрийг ...түлхэж унагааж байгаад эрүүнд нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, дахин нэг өшиглөх үед гуянд нь таарсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн М.Бийн өргөдөл /хх-5/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-28-29/, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид 2 эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-15-17/, “...гомдол санал, нэхэмжлэл байхгүй...” гэх хүсэлт /хх-69/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Төлөх төлбөргүй, эрхэлсэн ажилтай, хувьдаа эд хөрөнгөтэй, тодорхой орлоготой, гэртээ ганцаараа ажилтай тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгосон. Торгуулиа төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд архидан согтуурсан, согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан зүй бус авирлан хохирогчийн эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна. Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу шүүгдэгчийн зүй бус үйлдлийг таслан зогсоож салгах гэсэн хохирогчийн үйлдэлд дургүйцэн, улмаар хохирогчийн толгой руу 3 удаа цохиж, эрүү рүү 1 удаа өшиглөсөн, үсдэж чирсэн, “ална” гэж заналхийлсэн, түүнчлэн зугтаахад хөөн барьж гэрт оруулан дайрсан зэрэг үйлдэлд оногдуулах улсын яллагчийн 500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн хөрөнгө /тодорхой эд хөрөнгөтэй/, цалин хөлс /сарын цалин 900.000 төгрөг гэх/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Бод 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөх овогт Бадрахын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 900.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР