Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02021

 

 

       2024           11           22                                                210/МА2024/02021

 

Ш.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03233 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.Жын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Хд холбогдох

11,842,090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие өөрийн хөрөнгө болох 8 ханатай гэрээ Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат хаягт байрлах хүү У.Аын зусланд барьж амьдардаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Х хашаандаа гагнуур хийж байгаад гал алдаж өнжмөл шар өвс шатаж түймэр тавьсан. Түймэр нь салхины нөлөөгөөр газар авч миний гэр түймэрт өртөж шатсан. Нийслэлийн онцгой байдлын гаргасан дүгнэлтээр иргэн Б.Хг буруутайд тооцож 11,842,090 төгрөгийн шийтгэлийн хуудас оногдуулсан.

Иймд Б.Хгоос миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Э.Тгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 007226 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч зохих журмын дагуу гомдол гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0102 дугаар захирамжаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон, өнөөдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр байгаа. Намайг гэм буруутайд тооцсон эрх бүхий этгээдийн ямар нэгэн шийдвэр байхгүй.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Хгоос  11,842,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Жын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хгоос улсын тэмдэгтийн хураамжид 204,423 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жд олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүхээс хариуцагч Б.Хг зөрчлийн хэрэг үйлдсэн байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас уг асуудлыг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хариуцагч Б.Хд хариуцлага оногдуулах боломжгүй учраас хохирлын асуудлыг шийдвэрлэх агуулга бүхий үнэлэлт, дүгнэлтийг хийсэн. Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг үүсмэгц хөөн хэлэлцэх хугацаа зогсдог. Уг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх нь буруу үнэлэлт, дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан маргааны хэргийн харьяалал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасанд хамаарахгүй. Гэвч хариуцагчийн зүгээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Уг нөхцөл байдал нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаа сунгах тухай тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, шийтгэврийн хуудас зэргээс харахад анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

4.3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь зөрчлийн хэргийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа Нийслэлийн онцгой байдлын гал түймрийн улсын байцаагч хохирол, хор уршгийн нөхцөл байдалд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна гэсэн. Зөрчил гэх асуудалд хэн гэм буруутай, ямар хэмжээний хохирол учирсныг тогтоосон эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр байхгүй. Мөн галын улсын байцаагч нь Ш.Жд учирсан хохирлыг тогтоох ажиллагааг дахин явуулаагүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шийтгэлийн хуудас зэрэг бусад баримтуудаар хариуцагчийг өөрийн биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй гэдгийг тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад маргаж буй зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр авагдаагүй. Анх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсэгт зааснаар Д.Ө, Б.Х нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, мэдүүлэг авсан. Мөн зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудсыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн онцгой байдлын газарт шилжүүлэхэд улсын байцаагчийн зүгээс ямар нэгэн ажиллагааг явуулаагүй. Анхан шатны шүүхээс хэн нэгэн этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн эсэхийг тогтоох эрх хэмжээг хуулиар олгоогүй.

4.4.Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Дамно” ХХК-аар шинжээчийн дүгнэлт гаргуулж, хохирлыг үнэлгээг 11,842,090 төгрөгөөр тогтоосныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хохиролтой холбоотой үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй, хууль бус гэх үндэслэлээр зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүхээс эсрэгээр нь үнэлж, хохирол учирсан байна гэж шийдвэрлэсэн тул үндэслэлгүй байна.

Мөн улсын байцаагчийн зүгээс хэргийн үйл баримт тогтоож, талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэж, Д.Ө эсхүл Б.Х гэм буруутай эсэхийг тогтоох ёстой. Гэм буруутай этгээдийг тогтоож, дахин хэргийн үйл баримтад шинжээч томилж, хохирлын хэмжээг тогтоолгож, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч Б.Х нь зусландаа гагнуурын ажил хийлгэж байгаад гал алдсан үйл баримт тогтоогдсон. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс галын аюулгүй байдлыг ханган ажиллаж чадаагүй өөрийн буруутай үйлдлээс болж гал алдсан талаар мэдүүлсэн.

5.2.Хариуцагчийн зүгээс галын аюулгүй байдлаа хангаж ажиллаж чадаагүй боловч хохирлын хэмжээ өндөр байна гэж маргадаг. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа үнэлгээ гаргуулж, “Дамно” ХХК-аас 11,842,090 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоож, хариуцагчийг 100,000 төгрөгөөр торгосон. Б.Х нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэх боловч уг ажиллагааг хохирогч Ш.Жд мэдэгдээгүй. Гэвч захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр зөвхөн хохирлын хэмжээг дахин тогтоолгох үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн онцгой байдлын газарт хэргийг буцаасан боловч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээгүй.

5.3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь Э.Ттэй холбогдоход тухайн газарт ажиллахгүй байгаа учраас мэдэхгүй, мөн зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг.

5.4.Ш.Ж нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн асуудал тодорхой болсон. Хариуцагчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хүчингүй болгосон учраас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэж тайлбарладаг. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй. Хариуцагч нь хохирлын үнэлгээ 11,842,090 төгрөгийг өндөр байна гэх боловч дахин шинжээч томилуулах, үнэлгээтэй холбоотой хүсэлт гаргаж байгаагүй. Мөн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлүүлж, өөрийг нь буруутай гэж тогтоосон тохиолдолд хохирлыг нөхөн төлнө гэж тайлбарладаг ч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй гэдгийг мэдэж байх ёстой. Зөрчил хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн учруулсан гэм хорын хохирлыг арилгуулах боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ш.Ж нь хариуцагч Б.Хд холбогдуулан гэм хорын хохирол 11,842,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1.2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хадатын аманд шар өвс шатаж байна гэх дуудлагын дагуу дүүргийн онцгой байдлын хэлтсийн ажилтнууд очиж галыг унтраасан байх ба уг асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газраас 2202000275 дугаар зөрчлийн хэрэг үүсгэж шалгажээ. (хх 102)

а.Уг зөрчлийн хэрэгт гэрч Б.Х “...Би 2022.05.03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн хашаандаа гарааш барих гээд ... Ө-гийн хамт гагнуур хийгээд 4 шон гагнасан ... гэнэт гал гарч байна гээд Ө ах хэлэхээр нь би гараад харахад манай хашааны урд талаар дээш уул руу шар өвс шатаад гал гарч байсан...”,

хохирогч Ш.Ж “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... над руу залгаад зуслангийн газарт гал гарч манай монгол гэр галд өртөж шатсан байна гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд намайг аваад цагдаагийн байгууллагад ирж байна. Миний монгол гэр Увс аймгийн хийц загвартай 8 ширхэг бургасан ханатай, 88 ширхэг бургасан уньтай, дотроо иж бүрэн тавилгатай гэр байсан...” гэж тус тус мэдүүлсэн байна. (хх 88-92)

б.Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 171/4 дугаар дүгнэлтэд “...ил галын улмаас гал гарсан нь үндэслэлтэй, гал түймрийн голомт нь тухайн гагнуур хийж байсан хэсгээс үүсвэрлэн гарч шатах материалаар цааш тархсан...” гэж дүгнэжээ. (хх 7-9)

в.Мөн “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд галын улмаас учирсан хохирлыг 11,842,090 төгрөгөөр тогтоожээ. (хх 103-116)

г.Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0072266 дугаар шийтгэлийн хуудсаар хариуцагч Б.Хг галын аюулгүй байдлыг хангаагүй буюу Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “галын аюулгүй байдлын хууль зөрчих” зөрчил гаргасан үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, хохирол 11,842,090 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. (хх 6)

3.2.Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0102 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Э.Тгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0072266 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгож, Б.Хгийн гаргасан гомдлыг хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Э.Т зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

а.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...100,000 төгрөгийн торгуулийн шийтгэлийн хувьд хүлээн зөвшөөрье, харин хохирол гаргуулах 11 сая төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж эвлэрэх саналтай... гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлын хэмжээг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой...” гэж тайлбарлажээ. Түүнчлэн тухайн шүүхэд Б.Х нь “...Зөрчлийн тухай хуулийн 5.14-р зүйлийн 1-т заасан зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрнө...” гэсэн тайлбар бичгээр гаргажээ.

б.Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Ш.Жыг оролцуулаагүй байх ба хохирол нөхөн төлбөрийн хэмжээг дахин бодитой тогтоох ажиллагааг хохирогчтой холбогдон явуулах тухай тайлбарыг хариуцагч Э.Т гаргасан хэдий ч уг зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдээгүй байна. (хх 16-18, 62-64, 71)

4.Дээрх баримтуудыг харьцуулж дүгнэхэд, хариуцагч Б.Х нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хадатын аманд байрлах зуслангийн хашаандаа гагнуур хийсний улмаас гал гарч нэхэмжлэгч Ш.Жын монгол гэр тавилга, эд хогшлын хамт шатсан болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Б.Х нь улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хүчингүй болсон үндэслэлээр түүний гэм бурууг эрх бүхий албан тушаалтан тогтоогоогүй гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь, Б.Х нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, улсын байцаагч гагцхүү хохирлыг дахин тогтоох үндэслэлээр түүний нэхэмжлэлийг зөвшөөрч, шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэжээ.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 16.2.1-д зааснаар аливаа иргэн нь ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй.

Иймээс хариуцагч Б.Хг тус хуульд заасныг зөрчиж, ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангах үүргээ биелүүлээгүй буюу гал гарахаас урьдчилан сэргийлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйгээс гал гарсан буруутай гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч Ш.Ж нь галын улмаас түүний өмчлөлийн монгол гэр, тавилга, эд хогшил шатсаны хохирлыг 11,842,090 төгрөгөөр тодорхойлохдоо “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтийг үндэслэжээ.

Хэргийн баримтаар 2202000275 дугаар зөрчлийн хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0102 дугаар захирамж гарснаас хойш Нийслэлийн онцгой байдлын газраас хохирол тогтоохоор нэмэлт ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байх хэдий ч энэ нөхцөл байдал нь хохирогч Ш.Жын галын улмаас өөрт учирсан хохирлоо барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

“Дамно” ХХК-ийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтад хамаарах бөгөөд уг нотлох баримтыг хариуцагч тал баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх журамтай.

Уг дүгнэлтэд “Дамно” ХХК нь Сангийн яамнаас олгосон 140600033 тоот хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй талаар тусгагдсан ба дүгнэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлжээ.

6.Иймээс хариуцагч Б.Х нь хуульд заасан ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангах үүргээ биелүүлээгүйгээс гал гарсан бөгөөд уг галын улмаас нэхэмжлэгч Ш.Жын эд хөрөнгө шатаж 11,842,090 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм хорын хохирол 11,842,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд  хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг дүгнэж нэхэмжлэгчид учирсан хохирол, түүний хэмжээг тогтоох үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д  зааснаар тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл холбогдох улсын байцаагчаас маргаан бүхий зөрчлийн асуудлаар дахин захиргааны акт гаргаагүй нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хохирлоо арилгуулахаар шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

            8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 204,423 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧИД                                            Э.ЭНЭБИШ

                                                                                                    Д.ЗОЛЗАЯА