Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

-

-

     2019           4           04                                         2019/ШЦТ/385         

 

-                                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908005680249 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тугчин овогт Пүрэвийн Д /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч П.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-45 тоотод байрлах өөрийн гэртээ “миний үгийг тоодоггүй” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин болох 20 настай эмэгтэй Д.Гг онц харгис хэрцгийгээр гараараа болон халуун тогооны залгуураар толгой, мөн, нуруу хэсэг рүү нь олон удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь “дух, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алимны салст, 2 хацар, эрүүний баруун зүүн булан хэсэг, баруун мөр, зүүн дал, сээр нуруу, баруун чихний дэлбээ, баруун хөхлөг сэртэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Охин Г 8, 9 дүгээр ангидаа ээжтэйгээ таарахгүй байсан. Тэгээд хамаатныхаа айлд байлгасан. Гадуур их тэнэдэг гээд болисон. Оюутан болж хотод ирээд манай ээжтэй цуг байсан, таарахгүй байна гээд байсан. Тэгээд гэртээ ирсэн. “Тэнээд байна” гэж намайг хэлэхээр би том болсон, эрх чөлөөтэй хүн гэхээр нь би уурлаад буруу зүйл хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 125.000 төгрөг өгсөн” гэв.

 

Эрүүгийн 1908005680249 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Ггийн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 3 хоног ажил дээрээ хоносон. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...19 цагийн орчим гэртээ ирсэн. Аав Д согтуу унтаж байсан. Ах Базаргүр 21 цагийн орчим “заал авч тоглоно” гэж хэлээд гараад явсан. Аав удалгүй сэрсэн ба архи нь гараагүй босож ирсэн. Надад “би уг нь хоол хийсэн юм, та нар ч идэхгүй л байх даа” гэж хэлсэн. Мөн “та нар намайг хайрладаггүй, миний дүү нар намайг хайрладаггүй, намайг тоодоггүй” гэж хэлээд над руу орилоод байхаар нь би “би угаасаа байр түрээслэх гэж байгаа” гэж хэлсэн. Аав “чи энд бай чамайг гарах юм бол ална шүү” гэж хэлсэн. Би гэрээс гарах гэтэл намайг цохих гээд дайрсан. Би өөрийгөө хамгаалсан. Сүүлдээ би дийлэхгүй болсон. Аав миний толгой, шанаа руу гараараа 4 удаа цохисон. Үснээс татаж газар унагаад миний нүүр лүү гараараа олон удаа цохисон. Би нүүрээ хамгаалаад доош хараад хэвтсэн чинь хоёр чих, мөр, толгой руу олон удаа гараараа цохисон. Тухайн үед миний ухаан балартаад эхэлсэн. Намайг цохиод л байсан. Үснээс татаж босгоод унинд хавчуулсан байсан халуун тогооны цахилгааны утас аваад миний толгой, нуруу, гар хэсэг рүү олон удаа ороолгож зодсон. Би ааваас “би ахиж таны үгнээс гарахгүй, үгэнд чинь орж байна, одоо явахгүй” гэж олон удаа гуйсан боловч намайг ороолгоод зодоод байсан. Тэгж байгаад болиод намайг “чи одоо унт” гэхээр нь би газар зассан орон дээрээ очоод хөнжлөө толгой дээгүүрээ бүтээгээд хэвтсэн чинь аав ахиж ирээд хөнжил хуулаад нөгөө халуун тогооны залгуураар ахиад миний нуруу руу цохисон. Би хэдэн удаа цохисон гэдгийг нь санахгүй байна. Аав болиод орон дээр хэвтсэн. Тэгснээ гэрлээ унтраасан. Хэвтэж байгаад босож ирээд “аав нь охиноо арай хэтрүүлчихлээ, өвчин намдаах эм байхгүй байна, чи архи уух уу” гэж надаас асуусан. Би “та хүн мөн үү” гэж хэлсэн. Тэгтэл аав гэрээс гарч уутанд цас хийж авчраад намайг “жин тавь” гэсэн. Би тэрүүгээр нь жин тавьж байхад аав орон дээрээ хэвтэж байгаад унтчихаар нь би гэрээсээ хувцсаа аваад гараад найз Чаминцэцэгийн гэрт очсон. Өглөө нь Чаминцэцэг ээж рүү залгаад хэлчихсэн чинь ээж цагдаад мэдэгдсэн. ...Надад эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...Ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12-14, 15-16/,

Гэрч Б.Чаминцэцэгийн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал найз Г утсаар залгаад “гэрийн хаягаа заагаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд шөнө орж ирсэн. Цамцныхаа малгайг өмссөн байсан. “Аав зодоод” гэчихсэн уйлаад байсан. Өглөө босоод харсан чинь нүүр, бие нь хөхөрсөн байсан. Би ээжид нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

Гэрч Д.Базаргүрийн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой ...дүү бид хоёр гэртээ ирсэн чинь аав унтаж байсан. Би тухайн өдөр спорт зааланд тоглох байсан учраас гарсан бөгөөд гэрт манай аав дүү хоёр үлдсэн. ...Маргааш өглөө нь над руу цагдаагийн газраас залгаад “танай дүүг аав чинь зодсон байна” гэж хэлсэн. Дүү Ггийн нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Би дүүгээс юу болсон талаар асуухад “аав намайг зодсон” гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ дагуулж яваад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Сүүлд нь сонсоход манай дүү Г “гэрээсээ явна” гэж хэлсэн гэсэн. Тэгсэн чинь аав “миний охин гэртээ бай битгий яв” гэж хэлсэн гэсэн. Тэгээд л хоорондоо маргалдаад аав Гг зодсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-23-25/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.01.21-ний өдрийн 1586 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г-н биед дух, баруун дээд доод зовхи, баруун нүдний алимын салст, 2 хацар, эрүүний баруун зүүн булан хэсэг, баруун мөр, зүүн дал, сээр нуруу, баруун чихний дэлбээ, баруун хөхлөг сэртэнд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-36/,

Шүүгдэгч П.Дгийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр унтаж байгаад сэрсэн чинь охин Г ирчихсэн унтах гээд хэвтэж байсан. Би Ггаас “ах нь хаачсан юм бэ” гэж асуусан чинь “ах сагсан бөмбөг тоглохоор явсан” гэж хэлсэн. “Миний охин одоо гэртээ байх юм байгаа биз дээ” гэж хэлсэн чинь “үгүй, би маргааш өглөө явна” гэж хэлсэн. Би “чи ингэж яваад байж болохгүй, чи ээжтэйгээ, эмээтэйгээ таарахгүй байна гээд гэрээс нь явж байсан, ирээдүйд чи нөхөр, хүүхэдтэй болно, тэгээд чи байнга таарч, тохирохгүй байна гээд ингээд салж нийлээд байх юм уу” гэтэл “танд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд охинынхоо нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Мөн унинд хавчуулаастай байсан халуун тогооны хар өнгийн цахилгааны залгуур аваад ороолгож зодсон. Охин Г “ааваа больё” гэхээр нь би больсон. Тэгээд харсан чинь шанаа нь хөхөрсөн байсан. Би Гд “аавыгаа уучлаарай, чи үгэнд орохгүй ийм зүйл болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд гаднаас гялгар уутанд цас хийж авчраад хүйтэн жин тавьж өгсөн. Тэгээд би унтсан. Сэрсэн чинь Г гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-76-80/,

Гэрч П.Дашмөнхийн мэдүүлэг /хх-17-19/, гэрч П.Энхнарангийн мэдүүлэг /хх-20-22/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-39-47/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-48-49/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-50/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт /хх-58/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-65/, тэтгэвэр олголтын дэвтрийн хуулбар /хх-66/, хохирогчийн хүсэлт /84/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн тогооны залгуур зэргийг таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Д согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамж, 45 тоотод байрлах гэртээ өөрийн охин Д.Гг зодож, биед нь дух, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алимны салст, 2 хацар, эрүүний баруун зүүн булан хэсэг, баруун мөр, зүүн дал, сээр нуруу, баруун чихний дэлбээ, баруун хөхлөг сэртэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Ггийн “...аав миний толгой, шанаа руу гараараа 4 удаа цохисон. Миний үснээс татаж унагаад нүүр лүү гараараа олон удаа цохисон. Нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн чинь хоёр чих, мөр, толгой руу олон удаа гараараа цохисон. ...Ахиад намайг цохиод л байсан. Үснээс татаж босгоод унинд хавчуулсан байсан халуун тогооны цахилгааны утас аваад миний толгой, нуруу, гар хэсэг рүү олон удаа ороолгож зодсон. ...аав ахиж ирээд хөнжил хуулаад нөгөө халуун тогооны залгуураар ахиад миний нуруу руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-12-14, 15-16/, гэрч Д.Базаргүрийн “...Ггийн нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. ...“аав намайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23-25/, гэрч Б.Чаминцэцэгийн “...Г ...“аав зодоод” гэчихсэн уйлаад байсан. ...нүүр, бие нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/, шүүх эмнэлгийн 1586 дугаар “1.Г-н биед дух, баруун дээд доод зовхи, баруун нүдний алимын салст, 2 хацар, эрүүний баруун зүүн булан хэсэг, баруун мөр, зүүн дал, сээр нуруу, баруун чихний дэлбээ, баруун хөхлөг сэртэнд цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-36/, шүүгдэгч П.Дгийн яллагдагчаар өгсөн “...охинынхоо нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. ...халуун тогооны хар өнгийн цахилгааны залгуур аваад ороолгож зодсон. ...шанаа нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-76-80/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-39-47/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-48-49/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-50/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг тогооны залгуур зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Дгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Д.Ггийн толгой, нуруу, мөр хэсэгт нь олон удаагийн давтамжтайгаар гараараа, тогооны залгуур зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч П.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “......Надад эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-12-14, 15-16/, “...аав Дтай эвлэрсэн, ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-84/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, олдог орлого зэргийг нь үндэслээд 490 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч “Торгох ялын хэмжээг 450.000 төгрөг болгож, төлөх хугацааг 10 сар болгож өгнө үү. Хүүхдийг хүчирхийлэлгүй багаас нь зөв хүмүүжүүлэх хэрэгтэй байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, олон удаагийн үйлдлээр гараар цохих, халуун тогооны гэх залгуураар ороолгосон, үсдэж зодсон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл учирч, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /53 настай, “Түнхний артроз” оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 60 хувиар авсан, сар бүр 268.920 төгрөгийн тэтгэвэр авдаг/-ыг тус тус харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлгүй гэж, харин улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж тус тус дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд 490 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн орлого /тахир дутуугийн группийн мөнгө сар бүр 268.920 төгрөг авдаг/ олох боломжийг үндэслэн шүүгдэгч П.Дг 490.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн, 1 ширхэг халуун тогооны залгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Д урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Пүрэвийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дг 490 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дг торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн, 1 ширхэг халуун тогооны залгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Д урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР