Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 204/МА2024/00029

 

2024 оны 11 сарын 27-ны өдөр        Дугаар 204/МА2024/00029           Өвөрхангай аймаг

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 145/ШШ2024/00404 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ц-д холбогдох,

Нийт 38,917,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Ц-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ц.Ц 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ээжтэй танилцаад Байгаль орчны яам, Англи улсын элчин сайдын яамтай хамтарсан Англи улсын тусламжийн сангаар санхүүжилт нь орж ирдэг төсөлтэй холбож өгсөн.

Тэгээд нөхрийнх нь дүү Английн дэд консулд, дүү нь Байгаль орчны яаманд ажилладаг тул найдвартай төсөл, өөрөө *** суманд газар аваад төслөө хэрэгжүүлж мод тариад явж байгаа гэж хэлсэн.

Манай ээж намайг их дээд сургууль төгссөн учир энэ төслийг хэрэгжүүлж чадна гэж итгээд тэр төсөлд оруулахаар болоход 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ц-аас энэ зарах гээд байгаа төсөл бүтэн жил хэрэгжээд батлагдчихсан. Харин авах гэж байгаа хүн нь үнэлгээний мөнгийг төлж чадахгүй байгаа учраас оронд нь чамайг оруулна гэж хэлээд хурлаар орох гэж байгаа учраас яаралтай мөнгөө шилжүүл гэсэн шаардлагыг надад тавьсан.

Тэгэхээр нь надад ямар ч мэдээлэл байхгүй учир би өөрийнхөө эрсдэлийг тооцож тантай гэрээ хиймээр байна гэж хэлэхэд Ц.Ц зөвшөөрч нотариат дээр очиж хоёр сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулан 17,480,000 төгрөг өгсөн. Үүний дараа хурлаар ороод чиний нэр гараад ирсэн шүү гэж хэлсэн. Тэгээд Хаан өвс гэж нэрлэдэг ургамлын төсөл над руу явуулсан. Дараа нь би гүүглээс хайж үзэхэд тэр төсөл өөр хүний нэр дээр патентлагдсан байхаар нь Ц.Ц-д хэлэхэд энэ төслөө өөрчлөөд мод тарих төсөл болгоё гэж хэлсэн.

 Үүнээс хойш маш олон удаа ямар нэг шалтаг хэлж төслийн санхүүжилт орж ирэх хугацаа хойшилсоор байсан учир  миний бие эрсдэлийг тооцон гурван шатны шүүхээр явах хүсэлгүй үндсэн мөнгө болон гэрээнд заасан 0,5 хувийн алданги буцааж авах хүсэлтэй байсан тул 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусах Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан санхүүжилт орж ирэх хугацааг дахин нэг сар хүлээхээр тохиролцсон. Гэтэл санхүүжилт орж ирээгүй тул Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын Байгаль орчны газар, яамнаас энэ төслийн талаар тодруулахад ямар ч мэдээлэл олдоогүй.

Ц.Ц-аас мөнгөө авахаар хэд хэдэн удаа оролдсон. Мөн нотариатаас мэдэгдэх хуудас ирж авах хүсэлтийн гурван удаа тавьсан боловч ирээгүй.

Иймд нийт 38,917,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Ц-ийн татгалзал, тайлбарын агуулга: Би Б.Т-ын ээжийн дэлгүүрт орж худалдаа хийдэг учир танилууд болсон. Нэг орой дэлгүүрт нь юм яриад сууж байхад төслийн хүн залгаж таарахад ээж нь ямар төсөл юм бэ? гээд сонирхоод байхаар нь тайлбарлаж хэлэхэд дахиад хүн оруулж болох уу? гэж асуухаар нь би асууж үзье гэж хэлсэн. Тэгээд төсөл хариуцсан хүнээс дахиад нэг хүн оруулах боломжтой юу? гэхэд хүн дүүрчихсэн байгаа, гэхдээ нэг хүн үнэлгээ орчуулгынхаа мөнгийг өгч чадахгүй гацчихсан. Энэ хүн мөнгөө өгөхгүй бол оруулаад өгье гэж хэлсэн. Үүнийг нэхэмжлэгчийн ээжид хэлэхэд би охиноо оруулъя, охин ажилгүй байгаа гэж хэлээд нэхэмжлэгчтэй холбогдсон.

Ингээд төслөө танилцуулаад мод тарих төслөөс гадна ийм ургамлын нэг төсөл байна. Үүнийгээ зарна гэж байгаа гээд нэхэмжлэгч рүү ургамлын төсөл явуулахад патентлагдсан төсөл байна, хүний нэр дээр гарчихсан байгаа болохоор дэмий байх гэж хэлсэн. Тэгвэл мод тарих төсөл байна. Энэ нь нийтийн эзэмшлийн газарт мод тарих, газар аваад мод тарих гэсэн 2 янз байгаа юм байна. Чи тэр төсөлд нь орвол яасан юм гэхэд мод тарихад нь оръё, та нар ямар баталгаа өгөх вэ? гэхэд нь төслийг чам руу явуулъя гэж хэлсэн. Тэгээд нэхэмжлэгч мөнгөтэй холбоотой асуудал юм чинь тантай гэрээ хиймээр байна гэхэд нь зөвшөөрсөн. Манай дүү намайг энэ төсөлд оруулж өгсөн, найдвартай гэж хэлээд бид хоёр нотариат дээр очиж гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчээс төсөл хэрэгжихгүй удаад байсан гэж яриад байна. Яамны санхүүжилт нь удаад хугацаа их орчихсон юм байна. Тэгээд санхүүжилт нь батлагдаад ороод ирсэн чинь сонгуулийн үе таараад энэ төслийн гол хүн нь нэр дэвшиж байгаа тул мөнгө тараах боломжгүй болсон, жижиг төслүүддээ өгнө гэсэн хэмжээгээр нь биш бага хэмжээгээр өгч байгаа гэж хэлсэн. Би өөрөө авсан. Энэ санхүүжилт нь хавар, намар хоёрт хуваагдаж орж ирдэг гэсэн. Тэгээд намар санхүүжилт нь орж ирэхээр өгнө гэж байна гэж хэлсэн чинь нэхэмжлэгч би хүлээж чадахгүй нь ээ, ажилгүй хэцүү байна, тийм учраас төслөө заръя, та зараад өг гэж хэлсэн.

Тэгээд би хүмүүст төсөл зарах талаар хэлээд явж байтал Сэлэнгэ аймгийн нэг залуу үнэхээр бодитой төсөл бол би оръё, бодитой төсөл биш бол би орохгүй ээ, хүмүүстэй нь та намайг холбож өг гэхээр нь холбож өгсөн. Сэлэнгэ аймгийн залуу Улаанбаатар хот руу явж төслийн хүмүүстэй нь уулзаад, бүх бичиг баримт, гэрчилгээ, төсөлтэй нь танилцаад орохоор болсон гэдгээ надад хэлсэн. Төслийг 50,000,000 төгрөгөөр зарах болсноо нэхэмжлэгчид хэлсэн. Тэгээд нэхэмжлэгчийг хүсэлтээ бичиж өг, тэгж байж шийдэгдэх юм байна гэж хэлсэн. Компаниас 15,400,000 мөнгийг шийдэж өгөх боломжтой, 2,400,000 төгрөг нь нөхрийнх нь нэр дээр өөр төсөл дээр явж байгаа юм байна гэж компаниас хэлээд хүсэлтээ гаргаж өг гэхэд Б.Т 15,400,000 төгрөг авна гэж хүсэлтээ бичээд өгчихсөн. Тэгээд хурлаар ороод төслийг нь авах гээд байгаа н.А гэдэг залуугийн нэр дээр батлагдсан юм байна.

Компаниас санхүүжилт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орох учраас тэр үед Б.Т-ын мөнгийг шилжүүлнэ гэсэн. Төслийг авах гээд байгаа залуу ч гэсэн компаниас 15,000,000 төгрөгийг нь өгчихвөл би 35,000,000 төгрөгийг өгнө гэж тохирсон байсан. Энэ дээр нь тэр залуу удаад байгаа. Энэ төсөл худлаа зүйл биш, нэхэмжлэгчийн хохирлыг компаниас гаргуулж өгнө. Би өөрөөсөө гаргах зүйл байхгүй. Үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсье гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц-аас 26,220,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,697,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Ц-аас 289,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,537 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ц.Ц-ийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Б.Т-тай холбоотой 15,400,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн алданги 8,740,000 төгрөгийг би өөрөө аваагүй. Цааш дамжуулж өгсөн, дансанд нь хийсэн. Төслийн “***” компаниар гаргуулан өгөх гэсэн боловч компанийн удирдлагууд Б.Т өөрийн хүсэлтээр төслөө авахгүй оруулсан мөнгөө авна гэсэн боловч одоо мөнгө нэхэх шаардлагагүй бид нартай алданги тооцож гэрээ хийгээгүй. Санхүүжилт орж ирэхээр 15,000,000 төгрөгийг өөрийн дансанд нь хийнэ гэж хэлсэн.

Би дунд нь зуучилж өгсөн өөрөө хохирч байгаа. Мөн энэ мөнгийг өгөх ямар ч боломжгүй тул надад оногдуулсан 8,740,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ц өмнө нь манай ээжтэй танил байсан. Ээжийн ажил дээр орж ирээд Англи улсаас санхүүжилттэй төсөл явагдаж байгаа, манай дүү Англи улсын дэд консул болохоор төслийг мэддэг. Би ойр дотны хүмүүсээ бүгдийг нь оруулж өгсөн гэж хэлсэн байсан. Ц.Ц өөрөө болохоор Өвөрхангай аймгийн *** суманд 1,600,000,000 төгрөгийн төсөл авч мод тарьж байгаа гэж ээжид хэлсэн байсан. Анхнаасаа ингэж ээжид итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор орж ирсэн гэж боддог.

Тэгээд нэг хүн нь үнэлгээний мөнгөө өгч чадахгүй байгаа, тэр хүний оронд танайхыг оруулж өгч болно гэхээр нь ээж би мод тарьж чадахгүй, харин охиноо оруулж болох уу гэсэн байсан. Ингээд манай ээж намайг холбож өгсөн. Хариуцагч хаан хүнс гээд ургамал 600-н жил үргэлжлэх ийм төсөл байгаа. Тэрбум гурван зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ ургамлаа тарьчих юм бол био түлш үйлдвэрлэж болно гэж хэлсэн. Ингээд хурлаар орох гээд чи хурдан мөнгөө хий гэж гэсэн.

Би шалгаад үзсэн чинь өөр хүний нэр дээр цуцлагдсан, ийм компани байгаагүй. Би эгчээ мөнгөө авъя гэсэн чинь чи тэгвэл модны төсөлд орчих гээд байсан гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

1. Б.Т нь Ц.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөр нийт 38,917,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Ц.Ц эс зөвшөөрч би “***” гэж төслийн компанид 17,480,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тул өөрөөсөө гаргах зүйл байхгүй компаниас мөнгийг гаргуулж өгнө гэж маргажээ.

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ц-аас 26,220,000 төгрөг гаргуулан Б.Т-д олгож, нэхэмжлэлээс 12,697,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Энэ шийдвэрт Ц.Ц “... ***” гэж төслийн компаниас мөнгийг гаргуулан өгөх гэсэн боловч компанийн удирдлагууд Б.Т алданги тооцож гэрээ хийгээгүй. Санхүүжилт орж ирэхээр 15,000,000 төгрөгийг дансанд нь хийнэ гэж хэлсэн. Би дунд нь зуучилж өгөөд хохирч байгаа тул надад оногдуулсан 8,740,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

4. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Ц.Ц нь Англи улсаас 1,300,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх “***” нэртэй ургамал тарих төсөлд Б.Т-ыг оруулахаар “***” компанитай холбон өгч, төслийн үнийн дүнгийн нэг хувь буюу 13,000,000 төгрөгийн хөлс, тухайн төслийн үнэлгээ болон орчуулгын төлбөр 17,480,000 төгрөг тус тус авахаар зохигч амаар харилцан тохиролцсон.

Ингээд Б.Т 17,480,000 төгрөгийг Ц.Ц-д өгөхдөө 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 02 сарын хугацаатай зээлийн гэрээ бичгээр байгуулсан. Үүний дараа “***” нэртэй ургамал тарих төсөл өөр хүний нэр дээр батлагдсан гэх шалтгаанаар Б.Т-ыг мод тарих өөр төсөлд оруулахаар ***” компанитай холбон өгөхөөр тохиролцон, улмаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй байна.

Харин Ц.Ц гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс төслийн үнэлгээ болон орчуулгын төлбөрт шилжүүлсэн 17,480,000 төгрөг, алданги 21,437,500 төгрөг, нийт 38,917,500 төгрөг Ц.Ц-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Ц.Ц 17,480,000 төгрөгийг цааш нь дамжуулан өгсөн, алданги тооцохоор гэрээ хийгээгүй учир алданги төлөхгүй гэснээр зохигчийн хооронд маргаан үүсжээ.

5. Хэдийгээр Б.Т зээлийн гэрээний төлбөр нийт 38,917,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, мөн зээлийн гэрээ бичгээр байгуулсан байх боловч анхан шатны шүүх зохигчийн хооронд мөнгө зээлэх хүсэл зориг байхгүй байсан талаар дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх боловч Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан гэж зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

Тодруулбал, Б.Т-ыг мод тарих төсөлд оруулах үүргийг гуравдагч этгээд хүлээсэн болох нь Ц.Ц-ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “... дахиад хүн оруулж болох уу? гэж асуухаар нь би асууж үзье гэж хэлсэн. Тэгээд төсөл хариуцсан хүнээс дахиад нэг хүн оруулах боломжтой юу? гэхэд хүн дүүрчихсэн байгаа, гэхдээ нэг хүн үнэлгээ, орчуулгынхаа мөнгийг өгч чадахгүй гацчихсан. Энэ хүн мөнгөө өгөхгүй бол оруулаад өгье гэж хэлсэн...” гэх тайлбараар нотлогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй байна.

Тиймээс Ц.Ц нь Б.Т-ыг мод тарих төсөлд оруулах даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэж дүгнэх боломжгүй. Харин Б.Т-ыг мод тарих төсөлд оруулах гуравдагч этгээдтэй холбож өгснөөр Ц.Ц-ийн үүрэг дуусгавар болох агуулгатай байна. Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд дээрх байдлаар гуравласан харилцаа үүсэх агуулгатай байх тул Иргэний хуулийн 410 дүгээр зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, мөн зуучлах онцгой эрхийн гэрээ болон зээлийн гэрээ байгуулахад зуучлахаас бусад тохиолдолд энэ гэрээг бичгээр хийх шаардлага тавигдахгүй тул зуучлалын гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

Дээрх гэрээний дагуу Ц.Ц нь Б.Т-ыг мод тарих төсөлд оруулах “***” компанитай холбон өгөх буюу Б.Т, “***” компанийг даалгаврын гэрээ байгуулахад зуучлах, Б.Т нь төслийн үнийн дүнгийн нэг хувь буюу 13,000,000 төгрөгийн хөлс төлөх үндсэн үүрэг болон зуучлалын гэрээний дагуу төслийн үнэлгээ болон орчуулгын төлбөр 17,480,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нэмэлт үүрэг тус тус хүлээжээ.

Хэдийгээр Б.Т нь 17,480,000 төгрөг төлөхдөө зээлийн гэрээ давхар байгуулсан боловч энэ нь бодит байдал дээр зуучлалын гэрээний үндсэн дээр төслийн үнэлгээ болон орчуулгын төлбөр төлөхөөр харилцан тохиролцож төлсөн гэрээний нэмэлт үүрэг байх тул үүнийг зуучлалын гэрээнээс тусдаа гэрээний харилцаа үүссэн, эсхүл гэрээний үүрэг үүсээгүй байхад төлбөр шилжүүлсэн гэрээний бус үүргийн харилцаа гэж дүгнэх үндэслэлгүй болж байна.

6. Ц.Ц нь Б.Т-ыг мод тарих төсөлд оруулах “***” компанитай холбон өгөх үүргээ зөрчсөнөөс Б.Т үнэлгээ болон орчуулгын төлбөрт шилжүүлсэн 17,480,000 төгрөг, алданги 21,437,500 төгрөг, нийт 38,917,500 төгрөг гаргуулах шүүхэд нэхэмжлэл гаргасныг хоёр талын гэрээнд үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан үйлдэл гэж дүгнэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ. Учир нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан үйлдлийг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. Мөн зуучлагч нь зуучлуулагчийг гэрээ байгуулах гуравдагч этгээдтэй холбож өгснөөр зуучлалын гэрээ дуусгавар болох тул гэрээ дуусгавар болоогүй байна.

Б.Т гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц 17,480,000 төгрөгийг Б.Тад буцаан өгөх үүрэг үүсжээ.

Учир нь Ц.Ц 17,480,000 төгрөгийг цааш нь дамжуулж өгсөн гэж маргах боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нөгөө талаас Ц.Ц-аас 17,480,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй.

Мөн Б.Т болон гуравдагч этгээдийн хооронд үндсэн гэрээ буюу даалгаврын гэрээ байгуулагдаагүй тул Ц.Ц-аас 17,480,000 төгрөг гаргуулан Б.Т-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байгаа боловч холбогдох хуулийн заалтыг буруу баримтлан хэргийг шийдвэрлэсэн алдааг дээрх байдлаар залруулна.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээгээр алданги төлөх үүрэг хүлээсэн болохоо хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангийн хэмжээг 17,480,000 төгрөгийн 50 хувь буюу 8,740,000 төгрөг гэж тогтоолоо” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээ гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан даалгаврын гэрээ юм уу, хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ юм уу гэдэг нь ойлгомжгүй. Дээр нь алданги тооцоход эхлээд үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг тодорхойлон үүнээс хойших хугацааг хугацаа хэтэрсэн гэж дүгнэх ёстой боловч анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг хэрхэн тооцоод гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцон гаргахад хугацаа хэтрүүлсэн тал алданги төлөх талаар эхлээд хууль буюу гэрээнд заасан байх урьдчилсан нөхцөл тавигдсан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу алданги тооцох бол энэ талаарх гэрээг бичгээр байгуулсан байх ёстой.

Харин Б.Т алданги 21,437,500 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасан боловч Ц.Ц, Б.Т нар зуучлалын гэрээг бичгээр байгуулаагүй учир энэ гэрээний дагуу алданги тооцох үндэслэлгүй. Мөн зээлийн гэрээг бичгээр байгуулан алданги тооцохоор тохиролцсон боловч энэ гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул алданги тооцох үндэслэлгүй болжээ.

Иймээс хариуцагч Ц.Ц алданги тооцож гэрээ хийгээгүй тул алданги 8,740,000 төгрөг төлөхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Ц.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Ц.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахад түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,790 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 145/ШШ2024/404 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн:

а/. 1 дэх заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-аас 17,480,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлээс 21,437,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

б/. 2 дахь заалтын “... 289,050 төгрөг” гэснийг “... 245,350 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,790 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

           ШҮҮГЧИД                            Н.ЭНХМАА

                                                                                    Л.НЯМДОРЖ