Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

-

 

     2019           4           05                                         2019/ШЦТ/386         

 

-                                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Цолмон,

хохирогч Б.З,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808021410191 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтанхуягийн Х /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч А.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт дахь Цагдаагийн тасгийн байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа Б.Зийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, улмаар хамран тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хянга, баруун хажуу хана зөрөөтэй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. “Хогоо ав” гэхээр нь цагдаатай маргалдсан. Хохирогчид мөнгө өгсөн. Гэм буруугаа хүлээж байна. Уучлалт гуйя. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт дахь хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан. “Нөхөр агсам тавьж байна” гэхээр нь очиж авсан. Тамхины хог гаргаад хаяад байхаар нь “боль” гэж шаардлага тавиад цохиулсан. Нэхэмжлэх зүйлгүй. Хохирлыг барагдуулсан. 1.350.000 төгрөг авсан” гэв.

 

Эрүүгийн 1808021410191 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Зийн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Толгойт дахь цагдаагийн тасагт жүжүүрийн албан үүргээ гүйцэтгэж байтал 14 цагийн үед “нөхөр агсам тавиад байна” гэсэн дуудлага ирсэн. Х гэгч нь согтуугаар гэртээ агсам тавьж байсныг авч гарах гэтэл “өөрийнх нь хүүхдийг хамт аваад яв, миний хүүхэд биш” гэж дуудлага өгсөн эмэгтэй хандсаны дагуу Хийг 7-8 орчим насны хүүгийнх нь хамт тасаг дээр авчирсан. Х хүргэн Ганзоригийг дуудаж хүүхдээ өгч явуулаад арга хэмжээ аваад байж байтал Х агсам тавьж тасагт хог хаяад байхаар нь “хогоо авчих” гэсэн чинь “чадахгүй, би хог түүдэг хүн биш” гээд өөдөөс агсраад байхаар нь очоод шаардлага тавьсан чинь “чи миний хүүхдийн дэргэд намайг загнадаг хэн бэ” гээд шууд гараа атгаж байгаад хамарт нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гараад ...“хамар хугарсан байна” гэсэн. ...Х надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Эмчилгээнд 1.350.000 төгрөгийг өгсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-19-21/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.05.02-ны өдрийн 5436 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Зийн биед баруун хацар ясны далд хугарал, хамрын ясны хянга, баруун хажуу хана зөрөөтэй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/,

Шинжээч Б.Даваасүрэнгийн: “...Б.Зийн баруун хацар ясны далд хугарал нь дангаараа хүндэвтэр гэмтэл, бусад хамрын ясны хянга, баруун хажуу хана зөрөөтэй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь нийлээд хөнгөн гэмтэлд хамаарна...” гэх мэдүүлэг /хх-28-29/,  

Шүүгдэгч А.Хийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 23-ны ...14 цагийн орчим харих замдаа дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн архи аваад гэртээ очсон чинь эхнэр Орхонсэлэнгэ байсан. Архиа ганцаараа уугаад сууж байсан чинь эхнэр намайг “чи наад архиа боль” гээд хэл амаар доромжлоод байсан. Бид 2 маргалдсан чинь эхнэр цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би Толгойт хэсэг дээр өөрийн хүү Дөлгөөнтэй хамт очсон. Дөлгөөнийг хүргэн Ганзоригт өгөөд явуулсан. Толгойт тасаг дээр байхдаа дэд ахлагч Зтэй маргалдаж байгаад хамар луу нь 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-51-54/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, дансны хуулга /хх-63-65/, “Дугант бар” ХХК-ийн тодорхойлолт /хх-66/ зэрэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Х согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт дахь Цагдаагийн тасгийн байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа Б.Зийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зодож, биед нь хамрын ясны хянга, баруун хажуу хана зөрөөтэй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Зийн “...Х ...гараа атгаж байгаад хамарт нэг удаа цохисон. Миний хамраас цус гараад “хамар хугарсан байна” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-19-21/, шүүх эмнэлгийн 5436 дугаар “1. Б.Зийн биед ...хамрын ясны хянга, баруун хажуу хана зөрөөтэй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-26/, шинжээч Б.Даваасүрэнгийн “...Б.Зийн ...хамрын ясны хянга, баруун хажуу хана зөрөөтэй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь нийлээд хөнгөн гэмтэлд хамаарна...” гэх мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч А.Хийн яллагдагчаар өгсөн “...Зтэй маргалдаж байгаад хамар луу нь 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-51-54/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Хийн хууль сахиулагч болох цагдаагийн албан хаагч Б.Зийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч А.Хийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Х уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Эмчилгээнд зориулж 1.350.000 төгрөг өгсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-19-21/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэхэмжлэх зүйлгүй, 1.350.000 төгрөг хохиролд авсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогчид төлөх төлбөргүй. Шүүгдэгч согтуурсан, хүмүүжилгүй, биеэ авч явах байдал, ёс суртахуун нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт торгох ялыг хэмжээг 3.300.000 төгрөгөөр тогтоож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Анхнаасаа гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү”,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчоос уучлалт гуйя. Хөнгөн ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ хохирогчийн зүй ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эрх чөлөөнд нь халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1.350.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн тухайн зүйл, хэсгүүдэд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч А.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 3.150.000 төгрөгөөр тогтоов.  

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс /сарын 750.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч А.Хийг 3.150.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанхуягийн Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, А.Хийн эдлэх нийт торгох ялын хэмжээг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хийг 3.150.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР