Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 204/МА2024/00030

 

2024 оны 12 сарын 09-ний өдөр         Дугаар 204/МА2024/00030        Өвөрхангай аймаг

 

Б.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2024/00452 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Г-д холбогдох,

Зээлийн төлбөр нийт 4,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.Г, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын хооронд Э.Г-д үйл ажиллагаа явуулах гэж байгаа эргүүлээд өгнө гэхээр нь дансаар нь олон удаа мөнгө зээлүүлж байсан. Тэр мөнгийг нэхэмжилсэн. Гэхдээ энэ хүний ярьж байгаагаар дансанд оруулж өөрөө хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн үед энэ хүнд гаргаж өгөхдөө аппликэйшиний зээл болон ажлын газрын хүмүүсээс зээл авч өгсөн зүйл байгаа. Эргээд энэ хүн хугацаа заагаад зарим мөнгийг нь өсгөн. Хэрвээ баримтаа гаргаж өгөх юм бол тэрнээс хасуулна гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан. Өгсөн мөнгөнөөс он сараа тавиад хүү гээд шилжүүлсэн. Ер нь аппликэйшинээс авсан мөнгөний хүүг өгнө гэж ярьсан боловч нэг удаагийн мөнгөн дээр хүү тооцож над руу шилжүүлсэн. Иймд Э.Г-ээс 4,560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн мөнгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4 сая гаран төгрөгийг 2 сая гаран төгрөгийг зээлж авсан нь үнэн. Бусад нэхэмжлээд байгаа мөнгө нь өөрийнх нь хэрэглэсэн мөнгө юм. Тухайн үед өөрийнхөө эгчийг Улаанбаатар хотод бөөрний хагалгаанд ороход надтай хамт явж тухайн мөнгийг захиран зарцуулсан. Бид 2 тухайн үед гэр бүлээс гадуурх харилцаатай хүмүүс байсан. Надаас мөнгө авах гэж очсон өдөр ах дүү нар маань зодож нүдэж мөнгө өгөхгүй мэтээр бусдад ойлгуулсан хариу тайлбар гаргасан байсан. Түүн дээр тийм зүйл байхгүй. 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд гэр бүлээс гадуурх харилцаа илрээд тухайн үед Б.Ж гэдэг хүн ирээд манай эхнэртэй очиж хэрэлдэж маргалдах зорилготой, намайг ах дүү, хадмуудад нь бүх хүний өмнө нүдний булайг нь дэлгэнэ гэж айлган сүрдүүлж очсон. Тухайн нэхэмжлэл гаргаад байгаа 4 сая гаран төгрөгөөс буцааж өгөх ёстой мөнгөө буцааж өгч зөрүү нь гарч байгаа мөнгийг тухайн үед иргэн Б.Ж өөрөө захиран зарцуулсан нь үнэн гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Э.Г-ээс 1,660,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 2,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 41,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,910 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Э.Г-ийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 145/ШШ2024/00452 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шүүхийн шийдвэрээр надаас Б.Ж-д 1,660,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхэд уг асуудлын талаар мэдэх гэрчүүдийг асуулгах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч миний хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг нотлох баримтыг үндэслэсэн шийдвэр болсон.

1,660,000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх, энэ тухай мэдэх гэрчүүдийг асуулгах тухай хүсэлтийг гаргасан боловч миний хүсэлтийг хангалгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа учир 145/ШШ2024/00452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Ж давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Э.Г гэх хүн анхан шатны шүүхийн шийдвэр бичигдсэнээр надтай гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэж миний нэр хүндэд санаатай халдаж өөрийн хууль бус үйлдлээ хаацайлж байна. Надтай эр эмийн харилцаатай байсан тухай хэлсэн байдаг. Би энэ хүнтэй сайн дураар өөрөө хүсэж нэг ч удаа уулзаж байгаагүй. Энэ хүн надад хүч хэрэглэж, сүрдүүлж, зүй бус хандаж гэр бүл, ээж, дүү, хадам талтайгаа нийлж зодож, доромжилж, миний нэр хүндийг унагааж, зориуд яриа тарааж байна. Энэ тухай холбогдох байгууллагад гомдол гаргаад явж байгаа.

Энэ хүн буудал болон дэлгүүрт өөрийн эзэмшдэг картыг уншуулж хэрэглэснийгээ намайг хэрэглэсэн мэт гэрч асуулгах хүсэлт гаргаад байгаа нь надад хамааралгүй. Би энэ хүний картыг ашиглаж нэг ч гүйлгээ хийж байгаагүй. Энэ хүн ямар хүмүүстэй яриад байгаа буудал, дэлгүүр орсныг би мэдэхгүй.

Миний банкны картыг мэдээгүй байхад миний эд зүйлээс авч дүү гэж нэрлэдэг Д гэх хүнтэй 2024 оны 02 дугаар сарын 16-аас 19-ний хооронд хэрэглэсэн асуудал байдаг. Тухайн үед миний дансанд 690,000 төгрөг байсан. Одоо болтол өгнө гээд өгөөгүй.

Би ямар хүмүүсээр гэрч асуулгах гээд байгааг мэдэхгүй. Учир нь Э.Г-д мөнгө зээлүүлж байхад бид хоёрын хажууд хүн байгаагүй. Мөнгөний асуудал ярихад нэг ч хүний зүс царайг хараагүй, хажууд хараад, оролцоод байж байсан хүн байгаагүй. 2024 оны 3 дугаар сарын 17-нд өрнөөсөө авах гэж очиход эхнэр, ээж, ах гэх мэт хүмүүс гарч ирж над руу дайрч, цохиж зодсон, мөнгө өгөхгүй гэх утгатай зүйл ярьсан. Энэ хүн надаас авсан мөнгө, өгсөн мөнгөний үлдэгдэл дансны хуулгаар нотлогдож анхан шатны шүүх 1,660,000 төгрөг надад олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү.

Би давж заалдах шатны шүүх хуралдаанд суухгүй. Учир нь Э.Г гэх хүн анхан шатны шүүхийн гадаа харааж зүхсэн. Энэ хүнтэй хамааралтай хүмүүс хаана ч таарсан ийм үйлдэл гаргаж байдаг. Өөрийн аюулгүй байдалдаа санаа зовж, үргэлж айдастай, сэтгэл зүйн дарамтад байна гэжээ.

6. Хариуцагч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс над руу залгаж нэхэмжлэл гардуулахад гэрч асуулгамаар байна гэхэд шүүгч Д.Мөнхтуяа эхний хэдэн асуултад хариулж би шүүн таслах ажиллагаа явуулдаг болохоор тайлбар тавиад сууж байх зав байхгүй гэж уцаарлангуй хариулж өрөөнөөсөө гаргасан. Би хариу тайлбар гаргахдаа дахин гэрчээ хэзээ асуулгах талаар шүүгчийн туслахаас асуухад таныг дуудна гэж хэлсэн. Шүүхийн тов гарсан гээд өмнөх 2 хүнээс өөр хүн намайг дуудаж гарын үсэг зуруулсан. Би дахин гэрчээ хэзээ асуулгах талаар асуухад таныг шүүхээс дуудах байх гэж хэлээд намайг гаргасан. Би гэрч асуулгахаар шүүхэд биеэр хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй.

550,000 төгрөгийг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар тайлбарлаагүй. Энэ нь Б.Ж-ийн дансанд орсон мөнгө. Банкны хуулгаас харахад дансны дугааргүй гарч ирсэн болохоор хүчингүй болгосон байх гэж бодсон. Шүүхэд өгсөн дансны хуулга дотор 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Ж-ийн данснаас миний данс руу орсон 40,000 төгрөгийн замын зардлыг буцаан нэхэмжилсэн байна. Иргэн Б.Ж-ийн надаас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг эсэргүүцэж байна.

2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.Ж Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж намайг одоо болтол мөнгө өгөхгүй байна гэсэн байсан. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 57 минутад над руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Би буцаагаад 03 цаг 57 минутад шилжүүлсэн байгаа. Бид хоёр энэ үед гэр бүлээс гадуурх харилцаатай байсан.

Энэ үед иргэн Б.Ж Богд суманд томилолтоор явж байхдаа бензиний мөнгө шилжүүлье хүрээд ир гэж намайг дарамталсан. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М гэдэг хүний торгуулийг би төлсөн байгаа. Намайг торгууль төлдөг төрийн албаны данс руу хийгээд өгөөч гэсэн. Чи өөрөө хийж болдоггүй юм уу гэхэд би төрийн албан хаагч учраас мөнгө хийж болохгүй гэж хэлсэн. Би энэ үед иргэн Б.Ж-аас мөнгө зээлээгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 90,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Ж-аас миний данс руу 1,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.

Б.Ж-ийн эгч нь Улаанбаатар хотод бөөрний хагалгаанд орох гээд намайг авч явах гээд манай ажил дээр ирсэн. Би тухайн үед явахаас татгалзсан. Би энэ мөнгийг үрчихнэ гэж хэлээд миний дансанд хийсэн мөнгө байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор 2,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Би 10 сараас хойш мөнгө зээлж аваагүй. Намайг мөнгө огт өгөхгүй байгаа гэж худал нэхэмжлэл гаргасан байна. Би буцааж 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг Б.Ж-ийн дансанд шилжүүлсэн. Надаар машинаа янзлуулсан мөнгөө нэхэмжилж байна. Мөн 120,000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн байсан энэ мөнгөө надаас нэхэмжилж байна.

2024 оны 02 дугаар 17-ны өдөр 800,000 төгрөг орсон байгаа. Би энэ мөнгийг зээлж авсан нь үнэн. Б.Ж энэ 800,000 төгрөгийг ажлын газрынхаа Е гэдэг хүнээс зээлж шилжүүлсэн гэсэн. Би Иргэн Б.Ж-аас  2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс мөнгө зээлж эхэлсэн. Бусад нь бол худлаа байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Э.Г-д холбогдуулан зээлийн төлбөр нийт 4,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2024/00452 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Г-ээс 1,660,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 2,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4. Энэ шийдвэрт хариуцагч Э.Г “... анхан шатны шүүх надаас Б.Ж-д 1,660,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхэд уг асуудлын талаар мэдэх гэрчүүдийг асуулгах ... 1,660,000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч миний хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

5. Хариуцагч Э.Г нь 2024 оны оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Ж миний дансанд 1,000,000 төгрөг хийсэн. Энэ мөнгийг би зээлж аваагүй. Харин 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Б.Ж миний картыг ашиглан Улаанбаатар хотод өөрөө зарцуулсан гэж маргасан.

Нөгөө талаас нэхэмжлэгч Б.Ж үүнийг үгүйсгэн Э.Г-ийн картыг би ашиглаж байгаагүй гэжээ.

5.1 Хариуцагч Э.Г-ийн дансанд 1,000,000 төгрөгийн орлого орж, дээр дурдсан өдрүүдэд зарлага гарсныг тодруулагчаар тодруулан тэмдэглэсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 39/ нотлогдсон боловч хариуцагч Э.Г, нэхэмжлэгч Б.Ж нарын хэн тухайн данснаас зарлага гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, энэ талаар зохигч маргасан байна.

5.2 Хариуцагч Э.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа “...тухайн үед биднийг Улаанбаатар хотод очсоныг гэрчлэх хүмүүс байгаа эдгээр хүмүүсээс асуулгах ... хүсэлтэй байна” /хх-ийн 25/ гэж тухайн хэргийн маргааны зүйл болсон асуудлыг тодруулах агуулгаар гэрчээс мэдүүлэг авах хүсэлт гаргасан байсныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул хариуцагч Э.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан. Харин энэ хуулийн 38.6 дахь хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.7-д заажээ.

5.3 Харин хариуцагч Э.Г шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гэрч асуулгах хүсэлт гараагүй шүүх хуралдааны явцад “ ...Б.Ж бид хоёрыг хот орсон гэдгийг нотлох хүн байна уу гэвэл байгаа...энэ мөнгийг чиний дансанд байршуулж байгаад чиний картаас төлбөр тооцоо хийгээд явъя гэдэг шийдэлд хүрээд тухайн шөнө миний данс руу шилжүүлсэн. Энийг нь бас тухайн үед миний ажлын байранд байсан манай үеэл гэрчилнэ...” гэж тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 59, 62/-ээр нотлогдсон, мөн анхан шатны шүүх эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй гэх боловч 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эрх, үүрэг тайлбарласан тухай баримт дээр гарын үсэг зурсан байгааг тус тус дурдав.

6. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг зөвтгөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахад хариуцагч Э.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2024/00452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Э.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                             Ч.БАЯРЦЭНГЭЛ