Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 914

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Хохирогч Л.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Б д холбогдох эрүүгийн 1906 01988 0915 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гутлын эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ч.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ч.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 564 дугаартай захирамж, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 890 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 91 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны Эмнэлэг 6-25 тоот буюу өөрийн гэртээ эхнэр Л.Алтанцэцэгийг согтууруулах ундаа хэрэглэж байсан гэх этгээдтай хардан улмаар гөлөг, гуйлагчин гэж хэл амаар доромжлон байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнөүү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Ч.Б  нь надтайбайнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Б.Мягмарын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-25/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-60-68/, Зөрчил шийтгэл оногдуулах тухайн шүүгчийн захирамж /хх-37-38, 39-40, 41-42/, Ч.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-17-18/, шүүгдэгч Ч.Б гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-23/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Ч.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 564 дугаартай захирамж, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 890 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 91 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны Эмнэлэг 6-25 тоот буюу өөрийн гэртээ эхнэр Л.Алтанцэцэгийг согтууруулах ундаа хэрэглэж байсан гэх этгээдтай хардан улмаар гөлөг, гуйлагчин гэж хэл амаар доромжлон байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Алтанцэцэгийн өгсөн: “...2019 оны 3 дугаар 25-ны өдөр би ээлжийнхээ амралтыг авчихсан гэртээ нөхөр Ч.Б тай хамт амарч байхад нэг таньдаг хүн манай гэрт нэг шил архитай орж ирээд бид гурав хамт тэр архийг уусан юм. Би архи ууж чаддаггүй болохоор 2-3 хундага уугаад л согтчихсон. Тэгтэл Ч.Б  намайг тэр эрэгтэйтэй хардаад байхаар нь би хөнжил доогуураа шургаж байгаад Ч.Б гаас нууцаар 102 руу залгаад “нөхөр агсам тавиад байна” гэж дуудлага өгсөн юм. Ч.Б  архи уухаараа намайг хүнтэй хардаад “гөлөг, гуйлгачин” гэх мэтээр хараадаг. Нэг уухаараа 3-4 хоног үргэлжлүүлэн уудаг.” /хх-7-8/ гэх мэдүүлэг, 

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мягмарын өгсөн: “...Ч.Б  нь манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаа, архаг архичдын судалгаанд хамрагдсан байгаа. Ч.Б  нь байнга архи ууж “Шархад”-ны эцэс дээр архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүн байдаг.” /хх-12/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б гийн яллагдагчаар өгсөн: “...Би  архи уухаараа эхнэрээ хэл амаар доромжилдог нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-18/,  

 

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-25-26/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 91, 564, 890 дугаартай шийтгэвэрүүдийн хуулбар /хх-37-42/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-45-49/,

Шүүгдэгч Ч.Б гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-23/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Б гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 564 дугаартай захирамж, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 890 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 91 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны Эмнэлэг 6-25 тоот буюу өөрийн гэртээ эхнэр Л.Алтанцэцэгийг согтууруулах ундаа хэрэглэж байсан гэх этгээдтай хардан улмаар гөлөг, гуйлагчин гэж хэл амаар доромжлон байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасан 3 ба түүүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгоно. Тухайлбал хүний амь нас, эрүү мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэх зэргийг ойлгоно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэхдээ харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Л.Алтанцэцэг нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Ч.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Ч.Б д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ч.Б г Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэхдээ харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Ч.Б  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ч.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС