Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 204/МА2024/00031

 

2024 оны 12 сарын 09-ний өдөр     Дугаар 204/МА2024/00031            Өвөрхангай аймаг

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ц-д холбогдох,

Хүний сэтгэцэд учирсан хор уршиг нийт 7,144,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, хариуцагч С.Ц, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 40 минутын үед Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн шүүх хуралдаанаас эхнэртэйгээ гараад явж байхад шүүхийн гадна С.Ц, С.Ц, А.Ц, нөхөр М.Г, У нар намайг отож зогсож байгаад С.Ц, С.Ц, А.Ц нар намайг зодсон.

Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа дуудаад эмнэлэгт үзүүлэхэд тархи доргилт, толгой зүүн тийшээ эргэхгүй татсан, баруун хацар хөхөрсөн, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар гэсэн гэмтэл тогтоогдсон. Тухайн үед манай эхнэр цагдаад дуудлага өгчихсөн байсан.

Миний биеийн байдлын хувьд тархины манаралтай, аймхай болсон. Шүүх дээр намайг ингээд зодчихож байгаа юм чинь энэ тэнд явж байхад намайг цохиод унагачих байх гэж айж, чичрэлтийн байдалтай явдаг. Толгой тархи, дагзны хэсэгт хаван, хавдар үүссэн. Одоо хүртэл хавдартай байгаа. Хэсэг газар үс ургахаа больсон. Би эмчлүүлмээр байна.

С.Ц-ийн зарим үйлдлүүд нь тухайн үед камерт бичигдээгүй. Шүүхийн камерыг цагдаа нь харалгүй прокурорын камерт бичигдсэн үйлдлээр шийдсэн.  Тухайн үед прокурорын жижүүр нь гарч ирээд хаалгаараа таглачихсан. Тэгээд тэр хаалганы цаана болсон асуудал бичигдээгүй үлдсэн. Прокурорын байрны буланд намайг шахаж байгаад зодсон. Мөн миний утсыг эвдсэн. Тэрийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд С.Ц-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Ц-ийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 7,144,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч нь тухайн гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлд, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр суурь алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэрэг амьдралын чанар муудсаныг ойлгох бөгөөд үүнийг сэтгэцийн эмгэгтэй болох гэж ойлгодог.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоохоор заасан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар гэмт хэргийн хохирогчдод хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо эрх бүхий байгууллагаас баталсан сэтгэцийн өвчний оношийг тодорхойлох гарын авлага, өвчний ангилал, сэтгэцийн үйл ажиллагааны чадамж, ангилал, түүнчлэн тодорхой судалгаанд үндэслэсэн хүлээн зөвшөөрөгдөхүйц оношилгоонд тулгуурлан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартад нийцсэн, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалжид үндэслэн тогтоохоор заасан.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.1-д сэтгэцийн эрүүл мэнд гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг ойлгоно гэж заажээ. Гэтэл Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт нь дээрх шаардлагуудыг хангахгүй, сэтгэцэд нь ямар өөрчлөлт орсон, ямар хохирол учирсан буюу амьдралын чанар нь яаж муудсан талаарх дүгнэлт огт хийгдээгүй байна гэж үзэж байна.

8 дугаар сарын 01-ний өдөр С.А, Г.Б нар шүүх хуралд орж байсан. Би С.А-ийн болон өмгөөлөгчийнх нь утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд шүүхийн гадна очоод хүлээж байхад Г.Б гарч ирэхээр нь хажуугаар нь зөрөх гэхэд над руу биеийн хэлэмж, харцаараа муухай харж, намайг ёжилсон байдалтай харсан. Тэгээд би яагаад ингэдэг юм бэ чи хүн бай гэж хэлсэн.

Би энэ хүний сэтгэл санаанд тийм хэмжээний хохирол учиртал алгадаж зодоогүй. С.Ц намайг олон удаа цохисон, би бариа засал хийлгэсэн гэж ярьж байна. Тэр камерын бичлэг дээр харагдаж байгаа. Би хацар руу нь 2-3-н удаа алгадсан. Тэр үед ямар ч цагдаа, ямар ч хүн байгаагүй. Гэтэл араас нь н.У нь гарч ирээд утсаараа бичлэг хийж намайг тавласан. Тэр үед намайг утас эвдэлсэн гэж гүтгэсэн. Би дахиж шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна гэхэд миний хүсэлтийг ерөөсөө хүлээж аваагүй.

Ямар ч хүн дүүгийнхээ амьдралаар тоглуулсан бол зүгээр байхгүй байх. Дээрээс нь намайг тавлаж инээгээд, бичлэг хийгээд байсан. Тэгэхэд миний дагуулж гарсан дүү нэг ч үг амнаасаа гаргаагүй байхад шүхрээр зодсон гэж гүтгэсэн. Мөн миний ээжийг хүртэл хамт зодсон гэж гүтгэсэн. Үүнийг прокурор шүүж үзээд тийм зүйл байхгүй, С.Ц халдаагүй байна гэсэн.

Би энэ хүний биед тийм гэмтэл учрахаар цохиогүй. Бас тэр өдөр гар утас нь унасан зүйл болоогүй. Энэ хүн намайг санаатайгаар бичлэг хийж байгаад хэрэгт унагаасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол авсан хүн нь би. Учир нь дүүгийнхээ амьдралаар тоглуулчихсан, гэр бүлээрээ гүтгүүлсэн. Та бүхэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч С.Ц-аас 1375000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5769500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Ц-аас 36950 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Г.Б-ийн давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2023 оны 8 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчим аймгийн
шүүхийн байрнаас би нэхэмжлэгч С.Ц-ийн төрсөн дүү болох С.А-т зодуулж, эд хөрөнгөө эвдүүлсэн зөрчлийн хэргийн хохирогчоор оролцож шүүх хуралдаанаас гарч иртэл С.Ц, ээж А.Ц, дүү С.Ц нар нь бүлэглэн намайг хэл амаар доромжилж хүч хэрэглэн зодож, олон нийтийн газар танхайрсан ба харуулын цагдаа салгаж намайг шүүхийн байранд оруулж хамгаалсан. С.Ц нь миний нүүр, толгой хэсэгт гараараа олон удаа алгадаж, цохиж, хөл рүү өшиглөж, тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулан зодож гэмтээсэн нь шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр тогтоогдсон. Намайг зодож байгаа үйлдэл зөвхөн прокурорын газрын камерт бичигдсэн байдаг. Байшингийн буланд шахагдаж зодуулсан бусад үйлдэл камерт ороогүй байсан.

С.Ц-ийн гэмт үйлдлийг Цагдаагийн байгууллагаас шалгаж шүүхээс гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. /Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор/ Энэ өдөр С.Ц-ийн ээж А.Ц нь над руу дайрч, хэл амаар доромжилж, олон нийтийн газар танхайрсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээсэн.

Одоо дагаж мөрдөж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл
мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268.А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл хамаарна. Мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан
“Тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр надад учирсан гэм хор 2-р зэрэглэлтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

С.Ц-д зодуулснаар миний тархи толгой байнга өвдөж, эм тарианы болон бариа заслын эмчилгээ нэлээд хийлгэсэн. Сэтгэл санааны зовуурь, тавгүй байдал арилаагүй. Зодуулж байгааг харсан хүмүүс болон сонссон хүмүүс мэнд мэдэхийн оронд С.Ц та хоёрын зодоон юу болсон гэдэг гэх мэт хувь хүний нийгмийн байр суурь зэрэгт сөрөг нөлөөлөл маш их байна.

Анх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр /659 дүгээр захирамжтай/ шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг анх хэлэлцэхэд түүнээс надад “Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийг тогтоолгох” хүсэлт гаргасныг хангаж хуралдаан хойшлогдож гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлтэйг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нараас баталгаажуулан тогтоосон.

Шүүх С.Ц-д холбогдох хэргийг дахин шийдвэрлэхэд прокуророос
хохирогч миний гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн
зэрэглэлийн талаарх баримтыг шүүхэд ирүүлэхдээ сэтгэцэд учирсан хор
уршгийн зэрэглэл тогтоолгохоор шинжилгээний байгууллагад хүргүүлсэн
мөрдөгчийн албан тоотоо хавсаргаж ирүүлээгүйгээс хохирлын нөхөн төлбөрийг хэлэлцэлгүй орхиж энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Миний бие бүрдүүлэх шаардлагатай баримт болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга хошууч
Э.Ө-ийн хохирогч Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох тухай Шүүх шинжилгээний ерөнхий газарт явуулсан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43г/203 албан тоотын хуулбарыг тус Цагдаагийн газраас авч нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн.

Гэмт хэрэг гарахад хохирогч миний зүгээс С.Ц-д хандсан зүй бус
болоод буруутай үйлдэл, үг яриа огт гаргаагүй зүгээр явж байхад С.Ц нь
шүүхийн гадна олон түмний нүдэн дээр бүдүүлэг авирлаж намайг зодож гэмтээсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан.

Надад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг
буруутай этгээдээс тогтоогдсон хэмжээгээр гаргуулах үндэслэл бүхий байхад шүүх эрүүгийн хэргийн тогтоогдсон нөхцөл байдалтай нийцээгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй уг хэрэгт хамааралгүй, хэрэгт хохирлын хэмжээ гарахад түүний үйлдэл нөлөөлсөн эрүүгийн болон зөрчлийн хэргээр /би нэг ч удаа зөрчлийн шийтгэл аваагүй, харин С.А бид нарт халдаж зөрчлөөр 3, эрүүгээр 1 удаа, ээж нь 2 удаа зөрчлийн шийтгэл хүлээсэн/ удаа дараа шийтгэгдсэн” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж хууль журамд заагаагүй заалтаар нөхөн төлбөрийн хэмжээг 50-н хувь багасган гаргуулах нь зөв гэж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэж хохирогчийн эрхийг ноцтой хохироосон гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч С.Ц давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Сайнзаяа овогтой Ц миний бие 2023 оны 8 дугаар сарын 01-нд шүүхийн гадаа дүүгээ хүлээж сууж байгаад Г.Б-той таараад дүүгээ гарч ирэх болж байна уу гэж асуутал Г.Б биеийн хэлэмж, үг үйлдлээрээ тавлаж намайг доромжилсон. Г.Б нь миний дүү С.А-тэй гэр бүл болж 5-н жил амьдраад гэр бүлээс гадуурх харилцаа 2, 3-н жил үүсгэж салсан. Намайг шүүхийн гадаа таарах үед мэндийн зөрөөгүй инээж, тавлаж доромжилж байсан тул миний бие Г.Б-ийг 2, 3-н удаа алгадсан. Толгой, хацарт гэмтэл учиртал цохиж зодоогүй. Камерын бичлэгт тод харагдана. Энэхүү асуудлыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж шийтгэлээ төлж дуусгасан. Мөн Г.Б нь миний болон манай гэр бүлийг удаа дараа гүтгэж доромжилж, өс санаж ирсэн.

Иймд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолдоо бүгдийг бичсэн. 7,144,500 төгрөгөө гаргуулмаар байна. Өөр зүйлгүй гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Г.Б-ийг С.Ц нь 2, 3-н удаа алгадсан гэдэг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. С.Ц-ийн буруутай үйлдлээс болж Г.Б-ийн сэтгэцэд учирсан хохирол дүгнэлтийн зэрэглэл хоёрдугаар зэргээр тогтоогдсон. Энэ дүгнэлтүүдийг үндэслэн хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх дээр эрүүгийн хэргийн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Энэ баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь алдаа болсон. Г.Б С.Ц нарын хооронд болсон асуудлаас Г.Б-д ямар хохирол учирсан гэдгийг дүгнэж хохирлын асуудлыг шийдвэрлэх ёстой.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

8. Хариуцагч С.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг Монгол Улсын Дээд Шүүх шийдвэрлэж чадаагүйд гайхаж байна. Г.Б сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулах гэж улайраад байгаа хүн. Давж заалдах шатны шүүх хуралдаан болоод дууссаных нь дараагаар би ажил дээр байхад намайг 11 цагаас оройн 7-н цаг хүртэл над руу утсаар залгаж мөнгөө авмаар байна гичий, нохой, пизда гэж хараалын үг хэлж дарамталсан. Би энэ талаар бичлэг хийж цагдаагийн байгууллагад хандсан. Үүнийг одоо болтол шийдвэрлэж өгөөгүй. Ямар танил талаараа ингээд байдаг юм. Би хоёр жилийн хугацаанд шүүх цагдаагаас салахаа байлаа. Намайг дарамталдаг. Үүнийг манай өмгөөлөгч ч мэдэж байгаа. Би тэр бичлэгийг диск дээр хуулж авсан.

Би энэ хүнд ийм мөнгө өгөх хэмжээний хохирол учруулаагүй. Г.Б одоо зүгээр ажлаа хийгээд л явж байгаа. Чи миний дүүгийн амьдралаар тоглож гэмгүй хүмүүсийг гүжирдсэн. Одоогоороо би тайван ажлаа хийж чадахгүй явж байна. Би үнэхээр их гомдолтой байна гэв.31

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

1. Г.Б нь С.Ц-д холбогдуулан миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, үүний улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоогдсон гэсэн үндэслэлээр хүний сэтгэцэд учирсан хор уршиг нийт 7,144,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг С.Ц эс зөвшөөрч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт нь шаардлага хангаагүй, сэтгэцэд нь ямар өөрчлөлт орсон, ямар хохирол учирсан буюу амьдралын чанар яаж муудсан талаар дүгнэлт огт хийгдээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх-ийн 01, 02, 29, 30, 77, 78/

2. Анхан шатны шүүх хэргийн зарим үйл баримтыг буруу тогтоож, алдаатай дүгнэлт хийснээр шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Г.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолоор С.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43г/203 дугаар албан бичиг Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хүргүүлэн, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон /хх-ийн 50, 07-22, 06, 04/ талаар үйл баримтууд тогтоогджээ.

4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2023 он/-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2,750,000 төгрөгөөр тооцох ... Г.Б нь хариуцагчийн төрсөн дүүтэй таван жил амьдарсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн тэдний дунд үл ойлголцол үүссэн, мөн эрүү болон зөрчлийн хэргээр удаа дараа шийтгэгдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул ... нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ гарахад түүний үйлдэл нөлөөлсөн гэж үзэн нөхөн төлбөрийн хэмжээг 50 хувь багасган 1,375,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.Ц-аас 1,375,000 төгрөг гаргуулан Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.1 Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан журмаар, хүснэгтийн дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно. Харин Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно.

Гэхдээ зөвхөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон баримтыг үндэслэн шүүх нөхөн төлбөрийн хэмжээг шууд тогтоох боломжгүй байна.

Учир нь Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д зааснаар шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээс гадна хохирлын хэмжээнд нөлөөлж болох дээрх дурдсан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа талаар дүгнэлт хийсний үндсэн дээр нөхөн төлбөр олгох эсэхийг шүүх шийдвэрлэхээр байна.

4.2 Гэтэл анхан шатны шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх харгалзан үзэх бүх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Г.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан, сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон гэсэн баримтыг үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээг 2,750,000 төгрөг гэж шууд тогтоосон /хх-ийн 82/ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэл болжээ.

Г.Б хувьд тархины манаралтай, аймхай болж, чичрэлтийн байдалтай явдаг, тархи, дагзны хэсэгт одоо хүртэл хавдартай, үс ургахаа байчихсан гэж гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагаврын талаар тайлбарлан /хх-ийн 62, 77/ нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход харгалзан үзэх нөхцөлд байдлуудын талаар тайлбар гаргасан байх боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.Б-ийн нэхэмжлэлтэй С.Ц-д холбогдох хүний сэтгэцэд учирсан хор уршиг нийт 7,144,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Г.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.Б-ийн нэхэмжлэлтэй С.Ц-д холбогдох хүний сэтгэцэд учирсан хор уршиг нийт 7,144,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

          ШҮҮГЧИД                             Н.ЭНХМАА

                                                                                    Л.НЯМДОРЖ