Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 389

 

 

       

 

 

-

 

     2019           4           05                                         2019/ШЦТ/389         

 

-                                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808018920392 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Амардэлгэрийн М /РД:.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.М 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Бэтэй маргалдан гэдсэн тус газар нь жийж шатны уруу унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 200.000 төгрөг өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч хэл амаар доромжилсон. Намайг цохисон. Дахин хэрэг хийхгүй. Хохирогчоос уучлалт гуйя” гэв.

 

Эрүүгийн 1808018920392 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Бийн: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт өртөөний “Жаст ойл” ШТС-ийн агуулахын 3 дугаар постон дээр үүрэг гүйцэтгэсэн. ...19-20 цагийн орчим төвөөс “Отгонбаатарыг архи уусан” гэж ээлж солихоор М ирсэн. М намайг “чи буугаад гэртээ харь” гэхээр нь би “согтоогүй эрүүл байна” гэж маргалдсан. Бид хоёр хамт постноос гарах үед М намайг хөлөөрөө жийх үед би шатаас босоод ирэхэд духнаас цус гараад баруун шагай эвгүй болчихсон байсан. Түүнээс М миний толгойг хана, шатны бариул мөргүүлж хөлөн дээр дэвсээгүй. Би уурандаа мэдүүлэгтээ зодсон гэж өгсөн. Шатнаас унах үед толгойгоо хагалж, хөлөө гэмтээсэн байсан. ...М надаас уучлалт гуйж эмчилгээний зардал барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч Ж.Отгонбаатарын: “2019 оны 4 дүгээр сарын 09-нд ...манай хамгаалалтын албаны шуурхай бүлэг буюу М жолоочийн хамт ирсэн. Харуулын байранд орж ирээд “юу гэж архи уугаад байгаа юм” гэж хэлээд миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн. М Бэ 2 гуравдугаар пост дээр хамт очих болоод гарсан. Хэсэг хугацааны дараа Бэ нүүр тохой хэсэг шалбарчихсан, хувцасных нь урд хэсэг бөөн шороо болчихсон орж ирсэн. “Намайг М зодчихлоо” гэхээр нь “яагаад чамайг зоддог юм” гээд байж байтал араас нь М орж ирээд “наадах чинь урдаас салаавч өгөөд намайг цохиод зугтаачихлаа шүү дээ” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-26/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.10-ны 4757 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Бийн биед баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, духанд шарх, ооч, эрүү, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэжээ /хх-29/,

Шинжээч Ц.Нандинцэцэгийн: “...Баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духанд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ооч, эрүү, хэвлийд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх хоёр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цохих, цохигдох, дэвсэх, унах зэргийн аль алинд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Шүүгдэгч А.Мгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 09-ний орой гэртээ амарч байтал ажлын газраас оператор Чулуунцэцэг утсаар залгаад “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Жаст ойл” ХХК-ийн хамгаалалтын ажилтан Отгонбаатар ажлын байрандаа архидан согтуурсан байна, та оронд нь гарах шаардлагатай байна” гэсний дагуу би орой 20:40 цагийн үед Отгонбаатарын ажиллаж байсан 2 дугаар постон дээр очиход Отгонбаатар, Бэ хоёр нийлээд архи уугаад сууж байхаар нь би “ингэж болохгүй” гэж шаардлага тавих үед Бэ над руу салаавч гаргаад, хэл амаар доромжлоод “би уугаагүй байна” гээд агсраад байхаар нь би “чи постондоо оч, эндээс яв” гэтэл “явахгүй” гэж өөдөөс цохих гээд байхаар нь би хаалгаар гаргаад хөлөөрөө түүнийг жийчихсэн чинь шатны уруу ойчоод босож ирэхдээ толгой нь хагараад цус гарчихсан байсан. Тэгсэн ёолоод хөл гээд орилсон. Баруун шагайгаа бариад “хөндүүртэй болчихлоо, чи намайг түлхлээ” гэж орилоод эхнэрээ дуудаж намайг цагдаад өгч саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/,

илтгэх хуудас /хх-16/, хохирогчийн гэрэл зураг /хх-60-62/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-48/, “Цагаан бар секьюрити сервис” ХХК-ийн тодорхойлолт /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, утсаар ярьсан тэмдэглэл /хх-90/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.М нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бийг жийж унаган биед нь баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, духанд шарх, ооч, эрүү, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Бийн “...М ...миний гэдсэн тус газарт хөлөөрөө жийгээд шатны уруу унагаасан...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Ж.Отгонбаатарын “...М Бэ 2 хамт гарсан. Хэсэг хугацааны дараа Бэ нүүр тохой хэсэг шалбарчихсан, хувцасных нь урд хэсэг бөөн шороо болчихсон орж ирсэн. “Намайг М зодчихлоо” гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шүүх эмнэлгийн 4757 дугаар “1.Ц.Бийн биед баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, духанд шарх, ооч, эрүү, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, шинжээч Ц.Нандинцэцэгийн “...Баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духанд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ооч, эрүү, хэвлийд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-36-37/, шүүгдэгч А.Мгийн яллагдагчаар өгсөн “...Бэ ...агсраад байхаар нь ...хөлөөрөө түүнийг жийчихсэн чинь шатны уруу ойчоод босож ирэхдээ толгой нь хагараад цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/, илтгэх хуудас /хх-16/, хохирогчийн гэрэл зураг /хх-60-62/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Мгийн хохирогч Ц.Бийг жийж унаган зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 187.800 төгрөгийн эмчилгээний баримт /хх-63-65/ гаргаж өгсөн боловч түүний “...М надаас уучлалт гуйж эмчилгээний зардал бүрэн барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-20/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Хохирогч согтуурсан байсан, хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан, хохирогчийн зүгээс ээлж солих гэж ирсэн хүмүүстэй маргалдсан. Улмаар гэмт хэргийн хор уршиг арилсан. Иймд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд торгох ялын хэмжээг 450.000 төгрөг болгож багасгаж өгнө үү”

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Хохирогчоос уучлалт гуйя” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүйл бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч ажлын байранд согтуурсан, улмаар зүй бус авирласан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирол брагдуулсан гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж буй буюу үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс /сарын тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг/ олох боломжийг үндэслэн шүүгдэгч А.Мг 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Амардэлгэрийн Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 900.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

          

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР