| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0518/Э |
| Дугаар | 563 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 10.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 563
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Р.Очирсүрэн,
иргэдийн төлөөлөгч П.Бямбажав,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайхан,
Шинжээч эмч О.Болороо,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар Ажын арван хүү овогт Ганбаатарын Батхүрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808058571639 дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ажын арван хүү овогт Г Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Дундговь аймаг Эрдэнэдалай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “Дорнод петро Транс” ХХК-д операторч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн 53 дугаар байр 201 тоотод ахындаа байдаг гэх, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлтгүй,
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.Бнь 2018 оны 12 дугаар сарын 22-ны орой 21-23 цагийн хооронд иргэн Б.Цэцэгмааг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” пабын доор байрлах подвол руу тэвэрч орон түүнд “зүүн лябда заадалны хугарал, дух дэлбэнгийн доод гадаргуу, духны зүүн дэлбэнгийн няцрал, хоёр чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цус хуралт, дагзны хуйхны цус хуралт” бүхий гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бмэдүүлэхдээ:
2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа чөлөө авсан. Саппорогийн ард сууж байхад нэг эмэгтэй ирээд явах уу гэхээр нь би хэд вэ гэхэд 50.000 төгрөг гэхээр нь үнэтэй байна гэхэд 30.000 төгрөг гэсэн. Тэр эмэгтэй бид хоёр цуг яваад дэлгүүрээс архи ундаа аваад буудалд орж бэлгийн харьцаанд ороод тэр эмэгтэй гараад явсан. Би үлдээд архи уусан, нилээн байж байгаад буцаад гарсан. Тэгээд ажил руугаа явах гэж байгаад талийгаачтай тааралдсан. 30.000 төгрөгөөр явах уу гэхэд зөвшөөрч бид хоёр нэг буудалд орох гэхэд тэр буудлын ресешпн оруулахгүй гээд зөвшөөрөөгүй. Бид хоёр буудлаас гараад явсан, замд тэр эмэгтэй унаад байсан. Би босгоод яваад байсан. Би тэр эмэгтэйг хоёр гараараа өргөж хашаа руу орсон, доошоо буусан шат байхаар нь эмэгтэйгээ буулгасан. Тэгээд мөнгөө өгсөн юм чинь хурьцал үйлдэх гээд тэр эмэгтэйн өмдний товчийг тайлахад тэр эмэгтэй хэрэггүй, энд хүйтэн байна гэхээр нь больсон. Тэр эмэгтэй босоод хувцас хунараа янзалж байгаад тэнцвэрээ алдаад зүүн гарын мөрнөөс бариад авахаар нь би гараа хойшоо ёвортол тэр эмэгтэй ар дагзаараа газар унасан. Би тэр чигт орхиод яваад өгсөн. Талийгаачийг цохиж нүдээд алсан асуудал байхгүй, гараа татаж автал тэр хүн унасан, нас барчихна гэж бодоогүй, их харамсаж байна. Хохирогчоос уучлалт хүсч байна. Би 5 сар хоригдлоо, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бмэдүүлэхдээ:
Талийгаач нь миний төрсөн дүү байсан. Энэ хүний гарт амиа алдсанд бид гомдолтой байна. Бидэнтэй нэг ч удаа харьцаагүй, оршуулгын зардалд юу ч нэмэрлэсэнгүй. Оршуулгын зардалд 3.500.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ:
Талийгаачид гавал тархины битүү гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасан. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйчлэлийн улмаас авсан гэмтэл нь үхэлд хүргэнэ. Гадны хүч үйчлэх гэдэг нь өндрөөс унахад үүсч болно. Дагзны яс, чамархай яс хоёрын уулзвар хэсгийг лябда заадас гэж хэлдэг. Талийгаач нь нас барахаас 5 хоногоос дээш авсан гэмтэл нь гавал тархины битүү гэмтэл авч нас барсантай шалтгаант холбоо байхгүй. Лябда заадалны хугарал нь хүний гараар цохих үед үүсэх боломжгүй, авсан гэмтлийг нь харахад унах үйлдлийн улмаас үүссэн байх боломжтой юм. Биеийн хүчтэй доргилтын улмаас зүүн уушигны няцрал үүссэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...манай нөхрийн дүү Содномбаатар хотод явж байгаад Улаанбаатар зочид буудлын үүдэнд Цэцэгмаа эгчтэй таарлаа биеэ үнэлдэг юм байна гэж хэлсэн байсан. Ингээд бид нар биеэ үнэлдэг гэдгийг нь мэдсэн. Түүний дараагаар 2011 онд бид нар засаж авах гээд Эрдэнэт хотод авчирахад нэг хэсэг байж байгаад гэнэт яваад өгсөн. Ер нь бол нилээд архины хамааралтай болчихсон байсан бөгөөд цүнхэнд нь тал шил архи ч юм уу, хундага зэрэг зүйл байнга байсан. Намайг хэлэхээр огт тоодоггүй байсан. Талийгаачтай хамгийн сүүлд 2015 оны 5 сард Улаанбаатар хотод ирээд автобусанд явж байгаад таарсан...Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо хорооноос хойш байрлах Ногоон дэлгүүрийн тэр хавьд Пүрэвбаатар гэх хүнтэй хамтран амьдарч байсан гэсэн. Би 2015 онд очиж уулзах гээд хайгаад олоогүй юм. Тэрнээс хойш хайж уулзах гэхээр зугтаагаад байдаг байсан...Цэцэгмаад Улаанбаатар хотод очих газар байхгүй, тэнэмэл маягаар явдаг байсан...гэжээ. /1хх-121-126/,
Гэрч Д.Чанцалдулам мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийт 10 хүн үйлчлүүлсэн...19-20 цагийн орчимд 30-35 орчим насны, 170-175 см орчим өндөртэй, махлаг биетэй, боровтор өнгийн царайтай, барзгар нүүртэй нэг залуу орж ирээд “Би 1 цагаар өрөө авъя! Хоёулаа явж байна” гэж хэлээд, хаалгаар шагайгаад “Ороод ир!” гэж гадна байгаа нэг хүнийг дуудаад оруулаад ирсэн. Тэр гаднаас орж ирсэн хүн нь Наташа гэх нэртэй Саппоро үйлчилгээний төв орчмоор согтууруулах ундаа хэрэглэн, биеэ үнэлээд явж байдаг 40-45 орчим насны эмэгтэй байхаар нь би “Та нарыг оруулахгүй, хүлээж авахгүй” гэж хэлээд хөөгөөд гаргах гэтэл “Та оруулчих л даа, та эмэгтэй хүн биз дээ” гэж хэлээд орох гээд зүтгээд байхаар нь би эсэргүүцэж байгаад, уг залууг Наташагийн хамт хөөгөөд гаргасан. Тэрнээс хойш тухайн залуу болон Наташа орж ирээгүй... гэжээ. /1хх-136-144/,
Гэрч Н.Юмжиршарав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би хувираа “Эрдэнэ” нэртэй пабыг ажиллуулдаг юм. Урд шөнө 01 цаг 45 минутын үед паб-саа гараад доошоо подвол руу буух гэхэд хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь 102-т дуудлага өгсөн. Гадна талынхаа камерыг цагдаа нартай хамт шүүж үзэхэд уг эмэгтэйг дээгүүрээ хөх куртиктэй, дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн залуу өргөөд подвол руу ордог хашаа руу орж байсан...Зүүн талаас ирээд манай пабын урд зогсож байгаад хашаа руу орж байгаа бичлэг байсан. Гэхдээ подвол руу орж байгаа бичлэг болохоор байхгүй...Би хяналтын камерийн бичлэгт бичигдсэн байсан эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг урьд нь харж байгаагүй танихгүй хүмүүс байсан...Хяналтын камерын бичлэгийг харахад эмэгтэй нь нилээн согтолттой хөл дээрээ тогтож чадахгүй байгаа харагдаж байсан.Харин хамт явсан залуугийнх нь тухайд нилээн согтуу харагдаж байсан. Пабын баруун талын подвол руу надаас өөр хүн орж гардаггүй ээ. Харин манай пабын тогооч Нараа гэх хүн орой ажлаа 21 цагт тараад явахдаа подволын хаалгаар гарч явдаг юм аа. 2018 оны 12 дугаар сарын 22-ны орой манай тогооч 21 цагт ажлаа тараад подволын хаалгаар гарч явсан байсан. Ингээд маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тогооч Нарааг ажил дээр ирэхээр нь таныг явахад подволын үүдэнд хүн байсан уу гэж асуухад “үгүй, хүн байгаагүй” гэж хэлж байсан. Манай пабын баруун талын подволын хэсэг рүү хүмүүс орж гараад байдаггүй юм аа. Мөн тухайн өдөр цагдаатай хамт камер шүүж үзэхэд би шөнө пабаа 01 цаг 40 минутад хаагаад подволын хэсэг рүү гараад сараалжин хашаагаар орж байгаа бичлэг байсан. Ингээд уг бичлэгээс урагш хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд гаднаас хүн амьтан подвол руу орох гэж төмөр сараалжин хашаа руу орсон гарсан зүйл байгаагүй ээ...Ер нь бол төмөр сараалжин хашааг түгждэг. Тухайн өдөр төмөр сараалжин хашааг түгжээгүй онгорхой байсан юм аа. Мөн манай пабын баруун талын подволын хэсэг рүү уг төмөр сараалжин хашаанаас өөр бусад газраар ордоггүй байх гэж бодож байна...гэжээ. /1хх-127-134/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 124 дүгнэлтэд:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1. Гавал тархины гэмтэл: Зүүн лябда заадалны хугарал. Дух дэлбэнгийн доод гадаргуу, духны зүүн дэлбэнгийн няцрал, хоёр чамархайн аалзан хальсан доорх цус харвалт. Баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт. Дагзны хуйхны цус хуралт.
2. Тархи дарагдал, шахагдал.
3. Дух ясны шугаман хугарал, суман заадалын салалт. Тархины орой хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт /5-7 хоног/. Зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн цус хуралт. Нүүрний зулгаралт, цус хуралт. Цээж, зүүн хөх, зүүн далны цус хуралт. Уушгины завсрын эдийн хатгалгаа. Бөөрний завсрын эдийн үрэвсэл. Элэгний өөхлөлт.
ДҮГНЭЛТ
1.2.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн лябда заадалны хугарал, дух дэлбэнгийн доод гадаргуу, духны зүүн дэлбэнгийн няцрал, хоёр чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, дагзны хуйхны цус хуралт, зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн цус хуралт, цээж, зүүн хөх далны цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд. Дух ясны шугаман хугарал, суман заадалын салалт, тархины орой хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, нүүрний зулгаралт, цус хуралт гэмтэл нь нас барахаас 5 хоногоос дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
З. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Талийгаач нь уушгины завсрын эдийн хатгалгаа, бөөрний завсрын эдийн үрэвсэл, элэгний өөхлөлттэй байжээ. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно.
5. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.
6. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэсний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй болно.
7. Талийгаач нь АВО системээр 0/1/ бүлгийн цустай байна.
8. Талийгаач нь дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно гэжээ. /1хх-186-192/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 124 дугаар дүгнэлтэд:
1. Г.Бнь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Г.Бнь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна.
2. Г.Бнь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Г.Бнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Г.Бнь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Батхүрэлийг албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна гэжээ. /1хх-195-197/,
Шинжээч О.Болороо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...зүүн лябда заадалны хугарал гэмтэлтэй хамт дух дэлбэнгийн доод гадаргуу, духны зүүн дэлбэнгийн няцрал, 2 чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, дагзны хуйхны цус хуралт гэмтлүүд нь нэг үйлчлэлээр үүсч байгаа...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин цээжний зүүн хөх, далны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс харахад амь хохирогчийн биед гэмт хэрэг үйлдэгдэх үед учирсан байх боломжтой гэх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой гэмтэл юм аа. Тэгэхээр гавал тархины гэмтэл уналтаас үүсэх боломжтой. Зүүн лябда заадалны хугарал, дух дэлбэнгийн доод гадаргуу, духны зүүн дэлбэнгийн няцрал, 2 чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, дагзны хуйхны цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй ба энэ гэмтлийг авсан даруйдаа ухаан алдана. Амь насыг аврах боломжгүй гэмтэл. Дух ясны шугаман хугарал, суман заадлын салалт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины орой хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, нүүрний зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух ясны шугаман хугарал, суман заадлын салалт, тархины орой хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал уналт болон цохих, цохигдох хүчний үйлчлэлийн аль аль тохиолдлоор үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүдийг авсан хүн толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч байгаад амьдрах боломжтой. Ер нь бол амь наснаас холуур үхэлд хүргэхгүй гэмтэл. Уг гэмтлүүдийг авсан хүн идэвхтэй үйл хөдлөл хийх боломжтой юм аа. Тухайн гэмтлүүдийн цусан хурааны шинж байдлаас үндэслэж дээрх гэмтлүүдийг 5 хоногоос дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэдгийг тогтоосон...гэжээ. /1хх-182-187/,
Шүүгдэгч Г.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12-13 цагийн орчим би өөрийн ажилладаг Петро трансс ХХК-наас чөлөө аваад Саппоро руу явсан юм...Саппорогийн автобусны буудлын ард сууж байхад танихгүй 30 орчим настай эмэгтэй хүн ирээд...30.000 төгрөгөөр явъя гэж хэлэхээр нь би уг хүүхнийг дагуулаад Саппорогийн автобусны буудлаас баруун зүгт явах замд байх зочид буудал руу явсан юм. Уг буудал руу явах замаараа дэлгүүрээс 0,75 литрийн Экс гэдэг нэртэй архи аваад...зочид буудал руу...би 10.000 төгрөг өгөөд 1 цаг аваад буудлын өрөөнд орсон юм...уг хүүхэнтэй бэлгийн харьцаанд 1 удаа орсон ба нөгөө хүүхэн надаас 30.000 төгрөгөө аваад гараад явсан юм.
Ингээд би ганцаараа үлдсэн ба буудлын ресепшнд хэлж өрөөний цагийг 18 цаг хүртэл сунгасан ба үлдэгдэл архиа ганцаараа ууж дуусгасан юм. Тэгээд дахин дэлгүүр рүү гарч 0.5 литрийн архи аваад буцаж буудлын өрөөнд уг архинаас ууж байгаад үлдээсэн санагдаж байна. Орой 17 цаг өнгөрч байхад буудлаас гарсан ба Саппорогоос Цамба руу явдаг явган хүний замаар ганцаараа алхаж байтал хохирогч гээд байгаа хүнтэй таарч танилцсан ба би уг хүүхнийг явах уу, буудал орох уу гэж асуухад тэгье гэж хэлэхээр нь би 30.000 төгрөг өгье гэж хэлээд өгсөн юм. Ингээд нөгөө хүүхэнтэй дахин өөр, нэрийг нь мэдэхгүй байна, зочид буудал руу ороход буудлын ресепшн намайг болон надтай хамт явсан хүүхнийг буудал руу оруулахгуй гээд орилоод хөөгөөд байсан юм .Миний бодлоор тэр хүүхнийг таньдаг юм шиг байна лээ. Тэгэхээр нь би тэр хүүхнийг дагуулаад уг зочид буудлаас гарсан ба нөгөө хүүхэн нилээн согтуу байсан ба газар унаж ойчоод байхаар нь би түлхэж босгож явж байгаад угаасаа мөнгө төгрөгийг нь өгчихсөн юм чинь гэж бодоод нэг подвол шиг юм руу шатаар доош уруудаж орсон юм...одоо миний санаж байгаагаар би талийгаач хүүхнийг дагуулаад подвал руу орсон юм. Ингээд нэгэнт мөнгийг нь өгчихсөн юм чинь бэлгийн харьцаанд оръё гэж бодоод нөгөө хүүхний өмссөн байсан жинсэн өмдний товчнуудыг нь тайлсан юмаа. Товчийг нь тайлж байтал нөгөө хүүхэн хоёулаа буудал оръё, энд аймар хүйтэн байна, яаж энд бэлгийн ажил хийх юм бэ гэж хэлэхээр нь за за гэж хэлээд дээшээ боссон юм. Тэгсэн чинь нөгөө хүүхэн газар хэвтэж байгаад миний зүүн талын бугалганы орчим газраас куртикнээс дээш татаж босох гэж байгаа бололтой дээшээ өндийж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гарыг татаад авчихсан чинь нөгөө хүүхэн хойшоо саваад уначихсан юм. Би тэр хүүхнийг үлдээгээд шууд гараад явчихсан...гэжээ. /1хх-236-250/,
Камерын бичлэг ... Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал:
Бичлэгийг эхлүүлэхэд тус камер нь байшингийн дээд буланд байрлуулсан байв. Камерын дүрсэнд тус байшингийн улаан өнгийн дээвэр, цэнхэр өнгийн хаалга нь онгорхой төмөр хашаа, улаан өнгийн тоосгон байшингийн үзүүр хэсэг, хашааны гадна талын талбай харагдаж байв. Бичлэг нь бичлэгийн он, cap, өдөр, цагаар 2018-12-22 21:49:32 цагт эхэлж байв. Бичлэгийг эхлүүлэхэд:
Бичлэгийн 21:49:38 цагт яллагдагч хөх өнгийн курткатай, куртканы дотуур саарал өнгийн малгайтай ноосон цамц өмссөн, богино халимаг хар өнгийн үстэй байх ба хар хөх өнгийн урт курткатай, баруун талдаа шигтгээтэй хар өнгийн зузаан малгай өмссөн, хөх өнгийн өмдтэй, цагаан саарал өнгийн үстэй гутал өмссөн, цэнхэр цүнх барьсан амь хохирогчийг зүүн талдаа сугадан гарч ирэв.
Бичлэгийн 21:49:45 цагт амь хохирогч толгойгоо хашаа тал руу харуулан газар унахад яллагдагч амь хохирогчийн баруун гараас хоёр гараараа татан суулгаж нуруунаас нь тэвэрч дээш босгов.
Амь хохирогч баруун гартаа цэнхэр өнгийн цүнх барьсан байх ба дээш босч зогсоход яллагдагч түүнийг түшсэн хэвээр байх ба хажуугаар нь хар өнгийн хувцастай хүн өнгөрөв. Энэ үед амь хохирогч цүнхийг зүүн гартаа шилжүүлэн барив.
Яллагдагч удалгүй амь хохирогчийн зүүн гартаа барьсан цүнхийг салган авч өөрийн зүүн гартаа барин, хохирогчийн зүүн гарыг яллагдагч баруун гараараа хөтлөв.
Бичлэгийн 21:50:28 цагт амь хохирогч газар унах гэж буй дүрс үзэгдэж, камерын дүрснээс гарч явав. 3 минутын дараа бичлэгийн 21:53:43 цагт яллагдагч босч зогсон камерын дүрсэнд гарч ирэв. Яллагдагч амь хохирогчийг ойролцоогоор 10 секунд харж, амь хохирогч газар суусан байдалтай камерын дүрсэнд тал харагдах ба яллагдагч гараа халаасандаа хийсэн байдалтай зогсож байснаа амь хохирогчийн баруун гараас хөтлөн дээш татаж эхлэв.
Бичлэгийн 21:54:28 цагт амь хохирогч дээш босч чадалгүй цэнхэр хашааны нэг хаалгыг өшиглөн хаалгыг урагш түлхэв. Бичлэгийн 21:55:47 цагт амь хохирогч хашаан дотроос мөлхөж гарч ирэв. Амь хохирогч мөлхсөөр камерын дүрсэнд харагдаж буй цэнхэр хашааны голд ирэн суув. 15 секундын дараа яллагдагч амь хохирогчийн куртканы цээж хэсгээс татаж дээш босгохоор оролдов. Амь хохирогч босохгүй байсан тул урд талаас нь хоёр гарны доогуур яллагдагч хоёр гараа оруулж дээш өргөв. Амь хохирогч буцаж доош унаж яллагдагч дээш татан босгох гэж оролдоод босохгүй 2 минут орчим хугацаа өнгөрөв. Амь хохирогч огт босч чадахгүй суусаар байсан тул яллагдагч амь хохирогчийг цээж болон хөлний өвдөг хэсгээр дээш тэвэрч өргөв.
Камерын бичлэгт үзэгдэж буй дүрсэнд яллагдагч амь хохирогчийг хөл болон нуруу хэсгээс нь өргөж цэнхэр өнгийн хашаа руу орж байгаа байдал.
Бичлэгийн цагаар 21:58:29 цагт тус бичлэг дуусав.
Цааш “гараад явж байгаа бичлэг” нэртэй камерын бичлэгийг нээж үзлэгийг үргэлжлүүлэв. Бичлэгийн цагаар 22:37:22 цагт буюу хашаа руу орсон цагаас камерын бичлэгийн цагаар 38 минут 40 секундын дараа яллагдагч цэнхэр өнгийн хашаанаас гараад явж байв.
Яллагдагч курткээ доош татаж хувцасаа янзлан, гараа халаасандаа хийж камерын дүрсэнд харагдаж буй улаан дээвэрний зүгт алхаж камерны дүрснээс бичлэгийн цагаар 22:37:28 цагт гарав.
Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдолтой зүйл байгаагүй тул үзлэгийн тэмдэглэлийг 11:40 минутад дуусгаж оролцогч нарт танилцуулахад гаргах санал хүсэлтгүй гэв гэжээ. /1хх-71-77/,/1хх-79-99/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-40/, гомдол хүлээн авсан тэмдэглэл /1хх-41/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-44/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл, схем зураг /1хх-8-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42-43/, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-47-70/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-195/, шинжээчийн дүгнэлт №124, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-34/ гэх зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, ялллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тухайн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Батхүрэлд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Батхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулахаар,
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Батхүрэлийн өмгөөлөгч Д.Гомбо шүүгдэгч нь эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэгт байгаа болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгдөг, шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг зэргээр Г.Бсанаатай алсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Гараа татаж авах үйлдэл нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх талаар дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Бнь талийгаач Б.Цэцэгмааг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” пабын доор байрлах подвол руу тэвэрч орон түүнд гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйчлэлийн улмаас үүсэх ба үхэлд хүргэнэ. Лябда заадалны хугарал нь хүний гараар цохих үед үүсэх боломжгүй, авсан гэмтлийг нь харахад унах үйлдлийн улмаас үүссэн байх боломжтой юм гэж шинжээч эмч мэдүүлсэн, шүүгдэгч нь “тэр эмэгтэй босоод хувцас хунараа янзалж байгаад тэнцвэрээ алдаад зүүн гарын мөрнөөс бариад авахаар нь би гараа хойшоо ёвортол тэр эмэгтэй ар дагзаараа газар унасан...” гэж мэдүүлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар авагдаж ирсэн камерын бичлэгээс болон прокуророос үйлдэн ирүүлсэн яллах дүгнэлтээс талийгаач Цэцэгмаад гавал тархины битүү гэмтлийг шүүгдэгч Г.Бяаж учруулсан болох нь тодорхойгүй тул Г.Батхүрэлийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэж үзэх боломжгүй юм. Иймд өмгөөлөгчийн энэ талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Батхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Бнь 2018 оны 12 дугаар сарын 22-ны орой 21-23 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” пабын доор байрлах подвол руу талийгаач Б.Цэцэгмааг тэвэрч оржээ. Улмаар шүүгдэгч нь түүнтэй тухайн орчинд бэлгийн харьцаанд орох оролдлого хийсэн байх боловч амь хохирогч нь татгалзсан байна. Энэ үед шүүгдэгч нь амь хохирогчтой бэлгийн харьцаанд орох боломжгүй болохоо мэдэн тухайн газраас явахаар босон шатаар өгсөх үед амь хохирогч нь түүний гарнаас татсан боловч шүүгдэгч нь гараа угз татсан болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогч тэнцвэрээ алдан шатнаас хальтарч, подволын шат руу унаж “Зүүн лябда заадалны хугарал, дух дэлбэнгийн доод гадаргуу, духны зүүн дэлбэнгийн няцрал, хоёр чамирхайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цус хуралт, дагзны хуйхны цус хуралт” бүхий гавал тархины битүү гэмтлийн улмаас амь хохирсон болох нь
Гэрч Н.Юмжиршаравын өгсөн “...Урд шөнө 01 цаг 45 минутын үед пабаасаа гараад доошоо подвол руу буух гэхэд хүн хэвтэж байсан...Гадна талынхаа камерыг цагдаа нартай хамт шүүж үзэхэд уг эмэгтэйг дээгүүрээ хөх куртиктэй, дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн залуу өргөөд подвол руу ордог хашаа руу орж байсан...” гэх мэдүүлэг /1хх-127-134/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бичлэгийн 21:49:38 цагт яллагдагч хөх өнгийн курткатай, куртканы дотуур саарал өнгийн малгайтай ноосон цамц өмссөн, богино халимаг хар өнгийн үстэй байх ба хар хөх өнгийн урт курткатай, баруун талдаа шигтгээтэй хар өнгийн зузаан малгай өмссөн, хөх өнгийн өмдтэй, цагаан саарал өнгийн үстэй гутал өмссөн, цэнхэр цүнх барьсан амь хохирогчийг зүүн талдаа сугадан гарч ирж байгаа,...бичлэгийн 21:49:45 цагт амь хохирогч толгойгоо хашаа тал руу харуулан газар унахад яллагдагч амь хохирогчийн баруун гараас хоёр гараараа татан суулгаж нуруунаас нь тэвэрч дээш босгож байгаа,...амь хохирогч буцаж доош унаж яллагдагч дээш татан босгох гэж оролдоод босохгүй 2 минут орчим хугацаа өнгөрөхөд яллагдагч амь хохирогчийг цээж болон хөлний өвдөг хэсгээр дээш тэвэрч өргөөд...цэнхэр өнгийн хашаа руу орж...22:37:22 цагт буюу хашаа руу орсон цагаас камерын бичлэгийн цагаар 38 минут 40 секундын дараа яллагдагч цэнхэр өнгийн хашаанаас гараад явж буй...” гэх дүрс бичлэг бүхий баримт /1хх-71-77/,/1хх-79-99/
Шүүгдэгч Г.Батхүрэлийн өгсөн “...одоо миний санаж байгаагаар би талийгаач хүүхнийг дагуулаад подвал руу орсон юм. Ингээд нэгэнт мөнгийг нь өгчихсөн юм чинь бэлгийн харьцаанд оръё гэж бодоод нөгөө хүүхний өмссөн байсан жинсэн өмдний товчнуудыг нь тайлсан юмаа. Товчийг нь тайлж байтал нөгөө хүүхэн хоёулаа буудал оръё, энд аймар хүйтэн байна, яаж энд бэлгийн ажил хийх юм бэ гэж хэлэхээр нь за за гэж хэлээд дээшээ боссон юм. Тэгсэн чинь нөгөө хүүхэн газар хэвтэж байгаад миний зүүн талын бугалганы орчим газраас куртикнээс дээш татаж босох гэж байгаа бололтой дээшээ өндийж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гарыг татаад авчихсан чинь нөгөө хүүхэн хойшоо саваад уначихсан юм...” гэх мэдүүлэг /1хх-236-250/,
Шинжээч О.Болороогийн өгсөн “...Гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...амь хохирогчийн биед гэмт хэрэг үйлдэгдэх үед учирсан байх боломжтой гэх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой гэмтэл юм...” гэх мэдүүлэг /1хх-182-187/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд
Г.Бнь хохирогчийг их хэмжээний согтолттой, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гараа татсаны улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ббаримт гарган нийт 4.354.677 төгрөг нэхэмжилж байгаа боловч хуулийн шаардлага хангасан 2.810.582 төгрөгий хохирлыг шүүгдэгч Г.Ббүрэн төлж барагдуулсан болно.
Хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн дүнгээс хуулийн шаардлага хангаагүй, зарим баримт нь уншигдахгүй байгаа 1.544.095 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Батхүрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож ялаас хасах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Батхүрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Батхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүхээс хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 литрийн савтай хөлдөөсөн 2 ширхэг шөлийг устгаж, хохирогчийн өмсөж явсан хар өнгийн куртик, хөх өнгийн цамц, хар өнгийн өмд, эрээн өнгийн судалтай ноосон цамц, цагаан саарал өнгийн хагас түрүүтэй өвлийн гутал, саарал өнгийн хос оймс зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярсайханд, Г.Батхүрэлийн саарал өнгийн юүдэнтэй цамц, хар хөх өнгийн богино куртик, Е2041776 дугаартай гадаад паспорт зэргийг шүүгдэгч Г.Батхүрэлд тус тус буцаан олгож, камерын бичлэг бүхий 3 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Батхүрэлийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 150 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.