Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 356

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.Б,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн жинхэнэ албан хаагч Ө.Б намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу өөр ажил, албан тушаалд томилж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бололцооны дагуу төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилохыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт орон тооны бус нийгмийн даатгалын байцаагчаар томилогдож, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/42 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар тус хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилж ажиллуулсан. Ийнхүү үүрэгт ажлаа гүйцэтгэж байтал Баянзүрх дүүргийн Эрүүл, мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/149 дүгээр “шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 

Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө хуулийн хэлтсийн мэргэжилтэн дээрх албан тушаалд ажиллаж байсан ажилтан нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон тухай надад танилцуулсан. Төрийн жинхэнэ албан хаагч надад өөр ажил, албан тушаалд ажиллах боломж олгох талаар даргатай уулзаж амаар ярилцсан, мөн хуулийн зөвлөхтэй ярилцсан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр үүрэгт ажлаас минь чөлөөлсөнд гомдож Төрийн албаны зөвлөлд хандсан. 

Төрийн албаны зөвлөл миний гомдлын дагуу дүгнэлт гаргаж Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандаж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны 1291 тоот албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19/845 тоот албан бичгээр “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Бүтэц орон тоо батлах тухай” 2016 оны А/03 дугаар тушаал, Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай 2016 оны А/10 дугаар тушаалын дагуу бүтэц орон тоо өөрчлөгдсөн бөгөөд тус хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар батлагдсан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно. Иргэн Ө.Б нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, өөр ажилд орох хүсэлт гаргаагүй ба тус хэлтэст өөр орон тоо байхгүй” гэсэн хариу Төрийн албаны зөвлөлд өгснийг олж танилцаад эс зөвшөөрч байна. Төрийн албаны зүгээс ажилд нь буцааж ав гэсэн хариу өгсөн. Төрийн албаны зөвлөлийн хариуг аваад хэлтсийн даргатай уулзах гэтэл хүлээж аваагүй. 

Төрийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан нийгмийн баталгааг хангахаас татгалзаж, тэр энэ намын үед ажилд орсон гэх мэт шалтгаанаар хэт туульширч, үндэслэлгүйгээр ажиллах боломжоор хангахаас татгалзаж байгаа нь энэ нийгмийн эмгэнэл болоод байгааг дурьдах нь зүйтэй. Би иргэн хүний хувьд шударгаар бүх шалгалт, шаардлагыг хангаж ажилд томилогдож, ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн.

Би тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул төрийн захиргааны албан тушаалд бололцооны дагуу томилуулах, ажилгүй байсан энэ хугацаанд өмнө эрхэлж байсан албан тушаалын цалингийн шатлалаар цалин олговрыг гаргуулахыг хүсч байна.

Иймд Төрийн жинхэнэ албан хаагч Ө.Б намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу өөр ажил, албан тушаалд томилж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бололцооны дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Нэхэмжлэгч Ө.Б-н хувьд төрийн жинхэнэ албан хаагч юм. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/149 дугаартай тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөх бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар бололцооны дагуу өөр ажил албан тушаалд томилж ажиллуулах нийгмийн баталгааг хангах үүрэгтэй байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь хууль зүйн үндэслэлгүйгээр ажилд аваагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Ө.Б-н хувийн байдлын тухайд даатгалын эдийн засагч чиглэлээр мэргэшсэн, гадаадад боловсрол дээшлүүлсэн, ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гэдэг нь тогтоогдож байна. Ажлын байранд заагдсан ажил үүргийг  90,5 хувь гүйцэтгэж үр дүнгийн гэрээний биелэлт нь “А” дүгнэгдсэн байсан гэдэг нь тогтоогдож байна. 

Сул орон тоо байхгүй, бичгийн хэлбэрээр өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр ажилд авах боломжгүй гэж татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сая хуралдааны явцад нэхэмжлэгч амаар хүсэлт гаргаж байсан тухай хэлсэн тухайгаа тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амаар хүсэлтээ гаргасныг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл уг хүсэлтийг хүлээн аваагүй гэдэг нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авсан байсан. Одоогоор ажилгүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай байгааг хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс анхаарч үзэхгүй байгаа нь хууль бус байна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.5 дахь хэсэгт зааснаар  гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Ө.Б-д 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 813 шийдвэрийг танилцуулсан байгаа. Тус шийдвэрээр Ц.Х-г буцааж ажилд нь томилсон. Шүүхийн шийдвэр танилцуулсан бичиг нь байгаа. Хэлтсийн даргатай Ө.Б уулзсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс өөр ажилд томилж өгөөч гэж надад хэлж байсан бөгөөд би хүсэлтийг нь хэлтсийн даргад дамжуулж хэлсэн, мөн нэхэмжлэгчийг бололцооны өөр ажилд томилох нь зүйтэй гэдэг талаар хэлтсийн даргад танилцуулсан, дарга өөр ажилд томилохгүй гэсэн. Ө.Б өөр ажилд томилуулах хүсэлтээ бичгээр гаргаагүй. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Бүтэц орон тоо батлах тухай” 2016 оны А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралт, Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай 2016 оны А/10 дугаар тушаалын дагуу бүтэц орон тоо өөрчлөгдсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/19 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар тус хэлтсийн албан тушаал орон тоог 61 байхаар баталсан ч орон тоо хэтрэлттэй байгаа. Санхүү, бүртгэл судалгааны тасагт сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар батлагдсан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, Ц.Х-г томилсон болно. Орон тооны хэтрэлттэй, сул орон тоо байхгүй тул Ө.Б-г өөр ажлаар хангах боломжгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр “өөр ажил, албан тушаалд томилж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бололцооны дагуу төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилохыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай Ө.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэсэн заалтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Ө.Б-г сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

Ө.Б нь  2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт орон тооны бус нийгмийн даатгалын байцаагчаар томилогдож, 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын лавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс түүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын мэдээллийн цахим сан хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлж байжээ.   

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар тус хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилж ажиллуулжээ.

Өөрөөр хэлбэл тэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд түүний төрийн алба хашихтай холбоотой эрх зүйн байдлыг мөн зүйлийн 11.4-т зааснаар Төрийн албаны тухай хуулиар, уг хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн бусад харилцааг 11.6-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангах ба тодорхой хязгаарлалтын хүрээнд төрд жинхэнэ алба хааж буйн хувьд хуулиар тогтоосон нэмэгдэл баталгаа болох хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгааны цаана мөн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгаа хангагдана. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.3, 23.4, 24 дүгээр зүйлээр төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг тодорхой зохицуулсан, эдгээрээс бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй. 

Төрийн албаны тухай хуульд ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байсан албан хаагчийг хэрхэх талаар зохицуулаагүй тул энэ талаарх харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэсэн заалтаар түүнийг ажлаас чөлөөлсөн бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч Ө.Б-г ажлаар хангах үүрэгтэй байжээ. 

Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй шалтгаанаа “сул орон тоо байхгүй”, “өөр ажилд томилуулах хүсэлтээ гаргаагүй” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. 

Сул орон тоо байхгүй гэх үндэслэлийн тухайд: “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралт, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/19 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар тус хэлтсийн албан тушаалын орон тоог 61 байхаар баталсан ч орон тоо хэтрэлттэй байгаа. Сургалт  сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар батлагдсан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж Ц.Х-г томилсон болно. Орон тооны хэтрэлттэй, сул орон тоо байхгүй тул Ө.Б-г өөр ажлаар хангах боломжгүй” гэж хариуцагч тайлбарлах хэдий ч Ө.Б-г чөлөөлөх үед 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б/145 дугаар тушаалаар Э.Х-г тэтгэврийн байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ТЗ-4-3 шатлалаар, Ө.Болортуяаг ажлаас чөлөөлснөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б/152 дугаар тушаалаар Б.З-г хамралт, орлогын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ТЗ-4-3 шатлалаар, мөн өдөр Б/153 дугаар тушаалаар М.Х-г архив хариуцсан ажилтнаар ТҮ-6-3 шатлалаар, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/175 дугаар тушаалаар Ц.Б-г эрүүл мэндийн даатгалын орлого, хамралтын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ТЗ-4-4 шатлалаар, мөн өдөр Б/176 дугаар тушаалаар Э.Х-г архив хариуцсан ажилтнаар ТҮ-6-3 шатлалаар, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б/183 дугаар тушаалаар Э.Ц-г тэтгэврийн байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ТЗ-4-3 шатлалаар, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Б/03 дугаар тушаалаар О.Т-г хамралт, орлого бүрдүүлэлтийн тасгийн сайн дурын даатгалын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ТЗ-4-3 шатлалаар, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б/20 дугаар тушаалаар Э.Х-г тэтгэврийн байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ТЗ-4-3 шатлалаар цалинжуулан тус тус томилон ажиллуулсан байна. 

Ө.Б нь даатгалын эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй,  төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, ТЗ-4-3 шатлалаар цалинжин, үр дүнгийн гэрээгээр 90.5 хувь буюу “А” үнэлэгдэн ажиллаж байсан бөгөөд түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш тухайн ТЗ-4-3 шатлалаар төрийн албанд өмнө нь ажиллаж байгаагүй, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй иргэдийг гаднаас томилсон нь хариуцагчаас ирүүлсэн тэдгээрийн хувийн хэргээс тогтоогдож байна. 

Ийнхүү төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй иргэдийг төрийн захиргааны албан тушаалд томилсон атлаа сул орон тоо байхгүй хэмээн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаар хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Өөр ажилд томилуулах хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон нэхэмжлэгчийн тайлбараар Ө.Б нь ажлаас чөлөөлөх шийдвэрийг танилцуулахад болон Төрийн албаны зөвлөлөөс түүний гомдлын дагуу “өөр ажилд томилж ажиллуулах” талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст албан бичиг хүргүүлсний дагуу  тус хэлтсийн даргатай уулзаж өөр ажилд томилуулах хүсэлтээ амаар гаргаж байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.   

Түүнчлэн Ө.Б-г чөлөөлөх үндэслэл болгосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 813 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанаар Ц.Х нь эрүүл мэндийн улмаас авсан 1 жилийн чөлөөний хугацаа дуусгавар болоод 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орохоор хүсэлтээ гаргасан, өөрөөр хэлбэл Ц.Х-г ажилд буцаж томилогдох үндэслэл үүссэнээс хойш жилийн дараа 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ө.Б уг албан тушаалд томилогдсон, Ц.Х ажилдаа буцаж томилогдохоор маргаж байх явцад Ө.Б-г Нийгмийн даатгалын ерөнхий газраас чөлөөлж, Ц.Х-н ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилчихоод шүүхийн шийдвэрээр өмнө нь ажиллаж байсан албан хаагч ажилдаа буцаж томилогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг чөлөөлснийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.  

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгөх” үүргээ хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байх тул “өөр ажил, албан тушаалд томилж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бололцооны дагуу төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилохыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Өөр ажил, албан тушаалд томилж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу ажил албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэж байх тул Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулиар 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчаас ирүүлсэн цалингийн картаар сургалт, сурталчилгааны мэргэжилтэнээр ТЗ-4-3 шатлалаар Ө.Б нь үндсэн цалин 547.105 төгрөг, нэмэгдэл 63.000 төгрөг буюу сарын 610.105 төгрөгийн цалинтай ажиллаж байсан тул  ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл 6 сараар тооцон, нийт 3.660.630 /гурван сая зургаан зуун жаран мянга зургаан зуун гуч/ төгрөгийг /үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилгүй байсан дээрх хугацаанд  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өөр ажил, албан тушаалд томилж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Ө.Б-г бололцооны дагуу төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилохыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл 6 сар ажилгүй байсан хугацааны цалин 3.660.630 /гурван сая зургаан зуун жаран мянга зургаан зуун гуч/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА