Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/01420

 

Н.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00866 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1460 дугаар магадлалтай,

           Н.Ггийн нэхэмжлэлтэй,

           “МИАТ” ТӨХК-д холбогдох           

         ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Аэропорт менежерийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.И гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “МИАТ” ТӨХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газар 1999 оноос хойш Ерөнхий төлөөлөгч билет бичигч, аерпорт менежер зэрэг албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2015 онд Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын бүтцийн дагуу Европын бүсийн төлөөлөгчөөр томилогдсон. Нийт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гүйцэтгэх захирлын  2015-09-01-ний өдрийн Б/553 дугаар тушаалаар Европын бүсийн төлөөлөгчийн албан тушаалаас гүйцэтгэх ажил үүрэг, хариуцлагыг харгалзан Берлин хот дахь төлөөлөгчийн газарт аерпорт менежерээр шилжүүлэн түр томилсон. Гэтэл “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны Б/11 дугаар  тушаалаар  хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж ажлаас чөлөөлсөн. Тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 24.1, зөрчсөн. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2017-01-02 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/11 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Н.Г надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах харилцааг зохицуулаагүй хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон, Мөн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх үндэслэлийг баримталж байгаа нь зохих хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хууль бус гэж үзэж байна. Мөн нөгөө талаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/553 дугаар тушаалаар намайг Европын бүсийн төлөөлөгчийн албан тушаалаас Берлин хот дахь төлөөлөгчийн газарт аэропорт менежерээр 2015.09.01-ний өдрөөс 2015.12.31-ний өдрийг хүртэлх хугацаагаар түр шилжүүлэн ажиллуулсан бөгөөд шилжүүлэн ажиллуулах хугацаа 2015.12.31-ний өдөр дууссан боловч ажилтан ажил олгогч нар хэн аль нь санал гаргаагүй, уг ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан. Учир нь ажил олгогч, ажилтантай зөвшилцсөний үндсэн дээр өөр ажилд шилжүүлсэн бол хугацаа дуусмагц хуучин ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хуучин ажлын байр нь хэвээр хадгалагдах үүрэгтэй. Иймд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирын 2017 оны 01 дүгээр сарны 02-ны өдрийн Б/11 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү  гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхоролын гаргасан тайлбарт: “МИАТ” ТӨХК-ийн хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар гүйцэтгэх захирал орон тоог баталсан нь хууль зөрчсөн. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар 4 орон тоо гэж баталсан байсан. Энэ бүтцэд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй хууль зөрчсөн. Одоо ч Берлиний төлөөлөгчийн газрын орон тоо хасагдаагүй байгаа. Түр шилжүүлэн ажиллуулж байсан аэрпорт менежер гэх орон тооноос нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Гүйцэтгэх захирлын гаргаагүй, хүчин төгөлдөр болоогүй байгаа тушаалыг үндэслэн Н.Гг ажлаас нь халсан нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа. Н.Гд мэдэгдэх хуудсыг 2016.12.01-ний өдөр хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, Н.Гтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан боловч сунгагдаагүй. Энэ бол түр ажлын байр биш байнгын ажлын байр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг. Иймд Н.Гг ажлаас халсан нь үндэслэлгүй гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/12 тоот тогтоолын 02 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчдийн газруудыг шинэчлэн байгуулж, орон тоог баталсан. Берлин хот дахь төлөөлөгчийн газрыг 4 орон тоотой байхаар баталж, Аэрпорт менежер болон техник үйлчилгээний орон тоог нэгтгэж гүйцэтгэх захирлын 2012-12-24-ний өдрийн Б/1162 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Түүнээс хойш Н.Г нь тус төлөөлөгчийн газрын суудал захиалагч-билет бичигч Н.Булганыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд, мөн “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015-09- 01-ний өдрийн Б/553 тоот тушаалаар тус төлөөлөгчийн газрын Аэрпорт менежер Н.Эрдэнэцогт болон Европын бүсийн төлөөлөгч Н.Г нарыг 2015-12- 31-ний өдрийг хүртэл түр шилжүүлэн томилж, 2 тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд ажлын ачаалал болон Зам тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байсантай холбоотой 2016-12-31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан байдаг. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ нь дээрх хугацаанд дуусгавар болсон. Н.Ггийн ажиллаж байсан орон тоо нь үндсэн орон тоо биш, түүнтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016-10-13-ны өдрийн удирдамжийн дагуу “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2016-11- 11-ний өдрийн Б/03 тоот тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц орон тоог баталсан бөгөөд Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Берлин хот дахь төлөөлөгчийн газрыг 4 орон тоотой, бүсийн төлөөлөгчийн орон тоо байхгүй гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00866 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Гг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МИАТ” ТӨХК-иас 31 781 817 төгрөг гаргуулан Н.Гд олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “МИАТ” ТӨХК-иас 316 859 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 28-ны өдрийн 1460 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Н.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И хяналтын гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн судалж шийдвэрээ гаргадаг зарчимтай боловч давж заалдах шатны шүүх хэргийг зарчмынхаа дагуу шийдвэрлэсэнгүй. Учир нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ дууссан байна. Нийслэлийн шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “...хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа мөн 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохыг нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэн, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Н.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцэж байна” гэж дүгнэсэн байгаа нь хөдөлмөрийн маргааны хамгийн гол үйл баримт болох ажлаас чөлөөлж буй тушаалыг бүхэлд нь хянаж үзэлгүй тус тушаалын зөвхөн нэг үндэслэлийг хуульд нийцсэн эсэхийг шалгасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Н.Гг ажлаас чөлөөлж буй тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 болон 38-р зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг давхар барьсан байх ба энэ нь нэг талаас ажил олгогч санаачилж гэрээг цуцалж байгаа нь харагдаж байгаа юм. Иймд Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33-р тогтоолын 15-д “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргана” гэснийг зөрчиж 40 дүгээр зүйлийг баримтлахгүйгээр ажлаас халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар заасан. Үүнийг Дээд шүүх тайлбарлахдаа ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй байхыг шаарддаг. Мөн Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зөвлөмжид “ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан эсэхэд шүүх анхаарах учиртай” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх уг асуудлыг анхааралгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1460 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Н.Г 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр МИАТ ТӨХК-д холбогдуулан  нэхэмжлэл гаргаж, ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Хэрэгт авагдсан баримтаар зохигчид хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т нийцсэн  тул магадлалын дүгнэлтийг буруутгах боломжгүй . 

       Гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон талаар ажилтанд мэдэгдэж, хариуцагч Н.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-г зөрчөөгүй байна.    

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

       Харин давж заалдах шатны шүүх магадлалын “хянавал” хэсэгт хариуцагч байгууллагын оноосон нэрийг буруу бичсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүйгээс гадна Н.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг дутуу бичсэн зэрэг нь дутагдалтай байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1460 дугаар магадлалын “хянавал” хэсэгт “...хариуцагч Төрийн банк ХХК-д....” гэснийг “...хариуцагч МИАТ ТӨХК-д...”  гэж., “...ажил олгогч Төрийн банк ХХК...” гэснийг “...ажил олгогч МИАТ ТӨХК...” гэж, “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...хүчингүй болгож, хариуцагч МИАТ ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Н.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1-д заасныг баримтлан ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй  тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай МИАТ ТӨХК-д холбогдох Н.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,  2 дахь заалтын “... буцаан олгосугай...” гэснийг “... МИАТ ТӨХК-д буцаан олгосугай...” гэж., 3  дахь заалтын “...119.7...” гэснийг “...119.7, 167 дугаар зүйлийн 167.4 ...” гэж., “...шүүх хуралдааны оролцогч талууд ...” гэснийг “...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ...” гэж тус тус өөрчлөн магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.И гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ