Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 145

 

   Д.Т холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Ж.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,  нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06ы өдрийн 73 дугаар магадлалтай, Д.Т холбогдох 2125001340121 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 28ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22ы өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Т.

 

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-4-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг Кимганг-Уул ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын цонхны хаалт төмрийг эвдэн орж иргэдийн барьцаанд тавьсан эд зүйл болон 1.400.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 15.669.902 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгдэгч Д.Тийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Тийг 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 35 хоногийг  эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төөс 14.367.902 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ст 12.867.902 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Жд 1.500.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Боржигон овгийн Дүгэрийн Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төөс 14.547.902 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ст 13.047.902 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Жд 1.500.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж,

7 дахь заалтыг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ж.Сын давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

 

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Т гаргасан гомдолдоо “...... миний бие “Могул минерал” ХХК-д гагнуурчнаар ажилладаг бөгөөд уг хэрэгт шалгагдаж байх үед буюу 2022 оны 1 дүгээр сард тус компани “Covid-19” цар тахлын улмаас түр зогсолт зарласан, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн миний бие өнөөг хүртэл цагдан хоригдсон шалтгаанаар хохирогч Ж.С, иргэний нэрэмжлэгч О.Ж нарт учруулсан хохирлоо төлж барагдуулах, бодитоор илэрхийлэх боломж гараагүй юм. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үеэр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг хохирлыг бүрэн барагдуулахаа амаар болон бичгээр илэрхийлсэн. Шүүгдэгч миний бие эхнэр Б.Дэлгэрмөрөн болон охин 2 настай Т.Азжаргал нарын хамт амьдардаг бөгөөд 5 жилийн хорих ял буюу удаан хугацаагаар хоригдсон тохиолдолд гэр бүл салах, хүүхдийн минь эрх ашиг надаас болж хохирох эрсдэл үүсээд байна. Бусдын эд зүйлийг хулгайлж иргэдэд бодит болон гэм хорын хохирол учруулсан энэхүү үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Цаашид бусдад учруулсан хохирлоо богино хугацаанд барагдуулж үнэнч шударгаар ажиллаж гэр бүлдээ өөрийн үүргийг гүйцэтгэж амьдрах хэрэгтэй байдаг юм. Иймээс миний гэм буруугаа ойлгож, хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн шалтгаан, гэр бүл, хүүхдийн эрх ашиг зэргийг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой гэж үзэж байгаа тул хяналтын гомдол гаргаж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

 

Мөн шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Ж.Сын өмгөөлөгч Б.Долгорсүрэн хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх Б.Төгөлдөрөөс 14.367.902 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөв гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Төгөлдөр хохирлыг огт төлөөгүй, төлөх санаачилга гаргаагүй учир хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй” гэв.

 

Мөн шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Ж.С хэлсэн саналдаа “... Б.Төгөлдөр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ямар ч хохирлыг барагдуулаагүй. Учир нь Өршөөлийн хуульд хамрагдана гээд хохирлыг төлөх хүсэлгүй байх шиг байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүхээс 3 удаа эрэн сурвалжилж олж авсан. Хохирлыг төлөх ямар ч сэтгэл байхгүй. Өршөөлд хамрагдаж суллагдахаараа Турк руу зугтана гэж найздаа ярьсан гэсэн” гэв.

 

 Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө барьцаалан зээлдүүлэх газрын цонхны хаалтыг эвдэж, нэвтрэн орж, иргэдийн барьцаанд тавьсан алт, мөнгө эд зүйл болон бэлэн мөнгийг хулгайлж, бусдад 15.700.000 орчим төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Шүүгдэгч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх “шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй болон төлөхөө илэрхийлсэн нь бодитой биш” гэсэн үндэслэлээр Өршөөлийн хуульд хамруулаагүй нь хууль буруу хэрэглэсэн байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн зүйлчлэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хорих ялыг зорих хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор зохицуулагдсан. Гэвч шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн ерөнхий нөхцөл буюу 4.1, 5.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг баримтлан тус хуульд хамруулан шийдвэрлээгүй нь буруу байх тул шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн сольсон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэхийг хянуулахаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг үндэслэн Д.Тхолбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-4 дүгээр байрны 1 тоотод үйл ажиллагаа эрхэлдэг барьцаалан зээлдүүлэх газрын цонхны төмөр хаалтыг эвдлэн нэвтэрч иргэдийн барьцаалсан алт, монетон эдлэл болон бэлэн 1.400.000 төгрөгийг хулгайлж 15.669.902 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

 

Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш ба хүнийг ямарваа нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж үл болно гэж дотоодын хууль тогтоомж болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхой зааж тунхагласан бөгөөд хуулийг алагчлахгүй хэрэглэх үүрэг шүүхэд ногддог болно.

 

Шүүгдэгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр баталгаажиж нотлогдсон байна.

 

Шүүх хуралдааны тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баримтат мэдээлэл буюу нотлох баримт мөн байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэхүү нөхцөл байдлыг эс хайхран хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй явдал нь хууль хэрэглээний ноцтой алдаа тул хяналтын шатны шүүхээс засч залруулах замаар хүний эрхийн ноцтой зөрчлөөс сэргийлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн “эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэл нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхэд хамаарах ойлголт юм.

 

Шүүгдэгч Д.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь түүхт, тэмдэглэлт ойнууд болон цар тахал өвчний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, ялын төрлийг солих зорилготой 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд бүрэн хамаарч байхад анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй бол давж заалдах шатны шүүх “... хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй” гэсэн үндэслэлээр хэрэглэвэл зохих хууль буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй байна.

 

2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болон уг зүйлд зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхийг хориглосон боловч нийт хүн төрөлхтөн, улс орныг хамарсан цар тахлын хор аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан болон эдэлж буй хорих ялын үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтын дагуу буюу уг хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөх баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэв.

 

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, түүний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

  1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06ы өдрийн 73 дугаар магадлалд:

1.1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Д.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.”

1.2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын  нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Тийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ                                             Ч.ХОСБАЯР

                                   ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                                                Б.БАТЦЭРЭН

                                       Б.ЦОГТ

                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН