Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/02118

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/02118

 

 

,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/03834 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,, ХХК-д холбогдох,

13,563,837төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээний үүрэгт 800 евро буюу 2,878,760 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Бид нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд Чех улсад ажиллаж амьдрах зорилгоор ,,,,,,,, ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөө хүн нэг бүрийн 820 евро буюу нийт 1,640 евро төлсөн. Үүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөн хүн нэг бүрийн 800 евро буюу нийт 1,600 евро төлсөн ба ийнхүү гэрээний дагуу нийт 3,240 евро төлсөн.

Гэвч хариуцагч нь Чех улсын хөдөлмөрийн гэрээг үйлчлүүлэгчид олж өгөх, визэнд орох цаг, өдрийг товлож өгөх, визэнд орох материалыг бүрдүүлж өгөх, БНЧУ-ын даатгал хийлгэж өгөх, шаардлагатай орчуулгуудыг хийж өгөх ажлаа хийлгүй 1 жил өнгөрсөн тул мөнгөө буцааж авахыг хүсэж хариуцагчид бичгээр мэдэгдэл өгсөн.

Мөн шүүхэд хандаж буйтай холбоотойгоор нэмэлтээр хуульчийн зардалд 1,230,000 төгрөг төлсөн.

Иймд 3240 евро буюу 12,333,837 төгрөг, хуульчийн зардал 1,230,000 төгрөг, нийт 13,563,837 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Гэрээнд аливаа мэдээллийг бичгээр эсвэл харилцан баталгаат шуудангаар мэдэгдэж байна гэж заасан. Гэрээ байгуулсан 1 жилийн хугацаанд хариуцагч байгууллагаас 1 л удаа холбогдохдоо гэрээний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн.

Хариуцагч нарын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авсны дараа Чех улсаас гэрээ ирсэн гэдэг мэдээлэл өгсөн ба гэрээ хүчинтэй байх хугацаанд огт мэдэгдэл өгөөгүй. Иймд гэрээний хугацаанд үр дүн гараагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Нэхэмжлэгч нар нь гэрээний заалт болон үйлчилгээний процессын хугацаатай бүрэн танилцаж гэрээ байгуулсан. Гэрээний 1.4-т гэрээний цаг товлогдох хугацаа 9-12 сар хүртэл гэсэн боловч шаардлагатай нөхцөлд уг хугацааг 3-6 хүртэлх сараар үйлчилгээ үзүүлэгч нь сунгана гэж заасан.

Визэнд орох цагийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр орой ирж 25-ны өдөр нэхэмжлэгч нарт танилцуулсан тул манай байгууллага гэрээний хугацааг хэтэрсэн гэж үзэхгүй байна.

Уг гэрээ энгийн аяллын виз биш хөдөлмөрийн гэрээгээр очиж үйлдвэрт ажиллах гэрээ ба Чех улсын Хөдөлмөрийн яамаар дамжигдан батлагдаж, Монгол улс дахь элчингээс цаг товлолтын зөвшөөрлийг өгдөг тул манай байгууллагаас хугацааг тодруулан боломжгүй.

Нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний 2.2, 2.1.1, 2.1.2-т заасныг үндэслэн нэхэмжилсэн төлбөрийг буцаан олгох боломжгүй бөгөөд 2.5-т нэхэмжлэгч нар өөрсдөө сайн дураараа татгалзах нөхцөлд 2.1.3-д заасан үлдэгдэл төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид нөхөн төлөх ёстой. Гэрээнээс татгалзахад 2 болон түүнээс дээш удаа мэдэгдэх ёстой. Нэхэмжлэгч 1 удаа мэдэгдсэн гэдэг боловч энэ талаарх нотлох баримт байдаггүй.

Мөн нэхэмжлэлд нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэх нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан учир нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байна.

2.2. ,,,,,,,, ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.2-т заасан үйлчилгээг бүрэн үзүүлсэн.

БНЧУ-ын элчингийн цагийг эртнээс төлөвлөж авдаг тул 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагт авсан тухай ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарт 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн.

,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нар нь өмгөөлөгч авсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул элчингийн ярилцлагад очихгүй болсон тухайгаа сар орчмын дараа мэдэгдсэн. Энэ нь үйлчилгээ үзүүлж буй манай байгууллагад хамааралгүй, хувь хүний өөрийн сонголт.

Улмаар Чех улсад амьдрах байрны түрээсийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэг бүх материал 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирсэн бөгөөд хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж байсан. Гэрээний 2.1.3-т зааснаар визэнд орох цаг товлож хөдөлмөрийн гэрээ болон амьдрах байрны бичиг ирэх үед үлдэгдэл гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 400 еврог төлнө.

Мөн гэрээний 2.5-д үйлчлүүлэгч гэрээ байгуулснаас хойш ямар ч тохиолдолд 2.1-д заасан төлбөр буцаагдахгүй, хэрэв уг гэрээнээс үйлчлүүлэгч сайн дураараа татгалзах, болих, буцаах нөхцөлд уг гэрээний 2.1.2, 2.1.3-т заасан төлбөрийг үйлчилгээ үзүүлэгч талд нөхөн төлөхөөр заасан.

Иймд ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нараас төлбөл зохих нийт 800 евро буюу 2,878,760 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,, ХХК-аас 12,305,131.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,258,705.8 төгрөг болон хариуцагч ,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нараас 2,878,760 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,770 төгрөг, хариуцагч ,,,,,,,, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос хариуцагч ,,,,,,,, ХХК-ийн илүү төлсөн 310 төгрөгийг гаргуулж, хариуцагч ,,,,,,,, ХХК-д олгож, хариуцагч ,,,,,,,, ХХК-аас 211,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарт олгож, хариуцагч ,,,,,,,, ХХК-аас 480,000 төгрөгийг гаргуулж орчуулагч ,,,,,,,,, ХХК /Элит орчуулгын товчоо/-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Чех Улсын хөдөлмөрийн гэрээ бусад бичиг баримт Чехийн холбогдох яамаар дамжиж хугацаа шаардлагатай байдаг тул гэрээний 1.4-т зааснаар гэрээний цаг товлогдох хугацаа 9-12 сар хүртэл, шаардлагатай тохиолдолд гэрээний хугацааг 3-6 сараар үйлчилгээ үзүүлэгч нь сунгаж болохоор талууд тохиролцсон.

Гэрээний 2.2-т зааснаар гэрээний урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр энэ гэрээний 4.2-т заасан үйлчилгээг үзүүлж эхэлсэн байх тул гэрээний 2.5-д зааснаас бусад тохиолдолд төлбөрийг буцаахгүй. Хэрэв үйлчлүүлэгч гэрээнээс сайн дураар татгалзсан тохиолдолд гэрээний дээрх 2.1.2-т заасан төлбөрийг үйлчилгээ үзүүлэгч тал төлөхөөр гэрээнд заасан.

Гэрээ байгуулснаас хойш хийсэн ажил нь үйлчлүүлэгч нарын материалыг хүлээн авч, орчуулж, гэрээний 3.2.7-д зааснаар БНЧУ-ын ажиллах газарт илгээн үйлчлүүлэгчийн ажлын байрыг баталгаажуулан, гэрээний 2.1.2-т зааснаар гэрээг байгуулсан өдрөөс хойш 21-30 хоногийн дотор Чех улс руу гэрээ болон байрны төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 800 еврог нэхэмжлэгч тус бүрт төлж шилжүүлсэн.

Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журам огт хэрэгжээгүй, үүргийн хугацаа хэтрэлт байгаагүй, 2 удаа мэдэгдэл өгөх ёстой байхад нэг ч удаа өгөөгүй, гэрээнээс аливаа хэлбэрээр татгалзаагүй. Гэрээний 6.1.1-т зааснаар үйлчлүүлэгч талд мэдэгдэл хүргүүлэхтэй холбоотой мэдээллийг ",,,,,,,," ХХК Чингэлтэй дүүрэг, Тэнгис кинотеатрын урд ,,,,, товер 1408 тоот, ,,,,,,, хаягаар тус тус хүргүүлэхээр заасан.

Чех улсаас албан ёсны ажиллах хөдөлмөрийн гэрээ 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдаж, амьдрах байрны гэрээний хамт эх хувиараа 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн болохыг үйлчлүүлэгчид удаа дараа мэдэгдсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нар нь үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж хариуцагч ,,,,,,,, ХХК-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 12,333,837 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1,230,000 төгрөг, нийт 13,563,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээ хэвийн үргэлжилж байсан, үүргийн зөрчил үүсээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 2,878,760 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,, ХХК нь Чех улсын хөдөлмөрийн гэрээний материал бүрдүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг үйлчлүүлэгчид олж өгөх, визэнд орох цаг, өдрийг товлож өгөх, визэнд орох материалыг бүрдүүлж өгөх /зөвхөн үйлчилгээ үзүүлэгч талаас гарах материал/, даатгал хийлгэж өгөх, шаардлагатай орчуулгуудыг хийх цогц зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд туслахаар, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нар нь 4,040 еврогийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож, улмаар гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагчид 3,240 еврог төлжээ.

 

3.1. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгч нарт Чех улсад хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай гэрээг байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай этгээдтэй холбож өгөх, нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хөлс төлөх үүргийг хүлээсэн шинжээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Энэ талаар анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

3.2. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Гэрээний 1.4-т зааснаар хариуцагч нь Чех улсад хөдөлмөр эрхлэхэд гэрээ байгуулснаас хойш 9-12 сарын дотор зуучилж, үр дүнг бий болгох ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Мөн уг хугацааг 3-6 хүртэлх сараар сунгасан буюу зохигч энэ талаар харилцан тохиролцсон, эсхүл гэрээ анх байгуулсан хэлбэрээр хугацааг сунгасан баримт хэрэгт авагдаагүй. Зохигчийн байгуулсан гэрээ нь хоёр талын гэрээ учраас зөвхөн хариуцагч дангаараа гэрээний хугацааг сунгах ёсгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд хариуцагчаас хөдөлмөрийн болон түрээсийн гэрээ ирүүлснийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж тооцохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон.

 

3.3. Гэрээгээр тохиролцсон зуучлал гүйцэтгэх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон, гэрээнд заасан үүргийг урьд шаардаж байсан учир нэхэмжлэгч нар үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт нийцсэн.

Гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхийг нэхэмжлэгч тал шаардаж байсан, гэрээний хугацаа дуусгавар болсон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзах талаар мэдэгдэлгүйгээр шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж тооцно.

 

3.4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагчийн гэрээний 2.2-т зааснаар гэрээний урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр гэрээний 4.2-т заасан үйлчилгээг үзүүлж эхэлсэн тул гэрээний 2.5-д зааснаас бусад тохиолдолд төлбөрийг буцаахгүй гэх татгалзал үндэслэлгүй. Учир нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй зөрчлөөс шалтгаалж нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул гэрээний дээрх зохицуулалт үйлчлэхгүй юм.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зуучлалын хөлсөд хүлээн авсан 3,240 евро буюу 12,305,131.2 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүхээс гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэн.

 

3.5. Нэхэмжлэлээс хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1,230,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

4. 2,878,760 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн.

Хариуцагч нь зуучлалын үйл ажиллагааны явцад бодитоор зардал гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Мөн хариуцагч нь гэрээ хэрэгжиж байх үед зуучлалыг бодитоор хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Э.Амарбатаас гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасныг зөрчсөн тул түүний мэдүүлгийг үнэлэхгүй.

Харин уг алдаа нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх ноцтой зөрчилд хамаарахгүй болохыг дурдвал зохино.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/03834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 359 дүгээр зүйлийн 359.1, 225 дугаар зүйлийн 225.1, гэснийг 410 дугаар зүйлийн 410.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,833 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ