| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0396/Э |
| Дугаар | 404 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 404
2019 4 08
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч, хохирогч Х.Б, С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Б, С.Ж нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908011360416 дугаар хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ви Си” ноосны үйлдвэрт угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Далив овогт Хатанбаатарын Б /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Сайнбуянгийн Ж /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Х.Б нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Жтай маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч С.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Бтай маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч, хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Эмчилгээ хийлгээгүй тул зардал гараагүй. Нэхэмжлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч, хохирогч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Нэхэмжлэх зүйлгүй. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1908011360416 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.Бийн: “2019 оны 02 дугаар сарын 17-ны 22 цагийн орчимд найз Мөнхбаярын гэрт очтол Мөнхбаяр, Ж, Алтангэрэл гурав 0,75 литрийн хэмжээтэй архи уугаад сууж байсан. Би 2,5 литрийн хэмжээтэй пиво аваад бид 4 хувааж ууцгаачихаад ...караокед ороод хүний 2 шил пиво уучихаад ...Мөнхбаярын гэрт дахиад 2,5 литрийн хэмжээтэй пиво 2-ыг аваад очсон. Сүүлд авсан пивоо авч уучихаад би Алтангэрэлд “гар утсаа ломбарданд тавьчих” гэсэн чинь “тавихгүй” гэхээр нь Жыг “тавьчих” гэсэн чинь “үгүй, маргааш урагшаа явна” гэж хэлээд Алтангэрэл Ж 2 гараад явчихсан. Мөнхбаяр бид 2 араас нь гараад “та 2 яагаад байгаа юм, явах гээд байгаа юм уу” гээд жаахан маргах шиг болсон. Би Жд үг хаяад “хоёулаа ийшлээд гудам оръё” гээд гудам руу авч ороод би нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Ж намайг газар унагаад нүүр лүү өшиглөсөн. Би хөлийг нь барьж аваад таттал Ж газар унаад бид 2 босоод салаад байж байтал Мөнхбаяр бид 2-ыг хараад зодолдож байна гэж ойлгоод Жг татаж унагаахаар нь би Жг гараараа нэг удаа нүүр лүү нь цохитол хамаатны дүү Данзанням бид хэдийг салгаад гэрт оруулсан...” гэх мэдүүлэг /хх-7-9/,
Хохирогч С.Жы: “2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найзууд Мөнхбаяр, Алтангэрэл хоёртой хамт архи ууж байтал нэг нутгийн танил Б ирээд том пиво 2 ширхгийг авч өгөөд хувааж ууцгаасан. Тэндээсээ ...Од караоке бааранд орж нэг нэг шил пиво ууцгаагаад Мөнхбаярын гэрт очоод дахиад юм авах гэтэл мөнгө байхгүй байсан чинь Б, Мөнхбаяр хоёр Алтангэрэл бид хоёрыг “гар утсаа ломбарданд тавьчих” гээд байсан. Бид хоёр “тавихгүй” гээд Алтангэрэл бид хоёр гараад алхаж байтал Б араас гүйж гарч ирээд бид хоёрыг цохиж авах үед Мөнхбаяр гарч ирээд Алтангэрэл рүү дайраад Б намайг дагуулж гудамжинд орох үед “чи их том болжээ” гээд цохиод авахаар нь би зөрүүлж гараараа түүний шанаанд 1-2 удаа цохиод намайг татаж, бид хоёр газар хамт унаад ноцолдох үед Алтангэрэл салгасан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12/,
Гэрч З.Данзаннямын: “...Б ах Жтай гараад явчихаар нь гартал хоорондоо зодолдож байхаар нь би салгаад Жыг аваад Мөнхбаярын гэрт оруултал Б ах “чи намайг аймаар зодчихлоо шүү дээ” гээд хэрүүл өдөөд байхаар нь би өөрийн виза картаа Б ахад өгөөд “та Мөнхбаяр ахтай явж байгаад ир” гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-19/,
Гэрч Б.Мөнхбаярын: “...пиво ууж байгаад Б, Ж хоёр маргалдаж байгаад гарчихаар нь Алтангэрэл, Данзанням бид гурав гартал гудамжинд Б, Ж хоёр зодолдож байхаар нь би Жыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.19-ний өдрийн 2542 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Х.Бийн биед баруун шанаа, ар нуруунд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэжээ /хх-25/,
Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.03.07-ны өдрийн 332 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Ж-н биед тархи доргилт, цээжний цус хуралт, сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-31-32/,
Шүүгдэгч С.Жы яллагдагчаар өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Мөнхбаяр, Алтангэрэл хоёртой архи хувааж уугаад байж байтал нэг нутгийн танил Б ирээд том пиво 2 ширхгийг бид нарт авч өгөөд хувааж ууцгаасан. ...Мөнхбаярын гэрт очоод дахиад юм авах гэтэл мөнгө байхгүй байсан чинь Б, Мөнхбаяр хоёр Алтангэрэл бид хоёрыг “гар утсаа ломбарданд тавьчих” гээд бид хоёр тавихгүй гээд гараад алхаж байтал Б араас гүйж гарч ирээд бид хоёрыг цохиж авах үед араас Мөнхбаяр гарч ирээд Алтангэрэл рүү дайраад Б намайг дагуулж гудамжинд орох үед “чи их том болжээ” гээд цохиод авахаар нь би зөрүүлж гараараа түүний шанаанд 1-2 удаа цохих үед намайг татаж бид хоёр газар хамт унасан. Б цээж нүцгэн байсан болохоор Бийн нуруу шалбарсан байх.” гэх мэдүүлэг /хх-43-44/,
Шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 17-ны 22 цагийн үед найз Мөнхбаярын амьдардаг ...байранд очиход Ж, Алтангэрэл нар архи уугаад сууж байхаар нь би том савтай пиво 2 ширхгийг авч өгөөд хувааж ууцгаасан. ...Мөнхбаярын гэрт очоод авсан пивоо ууж байгаад би мөнгөгүй болчихоор нь Жд “миний найз утсаа ломбарданд тавьчих” гэтэл зөвшөөрөөгүй. Ж, Алтангэрэл хоёр “явлаа” гээд гараад явчихаар нь би араас нь гарч Жыг тэвэрч аваад “хоёулаа уулзъя” гэж хэлээд түүнтэй хамт гудамжинд ороод “утсаа тавьчихаач дээ” гээд хэлтэл “үгүй” гээд байхаар нь би гараараа нэг удаа түүнийг шанаадсан чинь зөрүүлээд намайг гараараа шанаадсан. Бид хоёр ноцолдож Ж хөлнөөс татаж чирэх үед дүү Данзанням ирж салгаад...” гэх мэдүүлэг /хх-48-49/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн С.Жы өргөдөл /хх-3/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52, 53/, томографийн оношлогоо /хх-54, 55/, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-58/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-59/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-60/, “Ви Си” ХХК-ийн тодорхойлолт /хх-72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73, 74/, прокурорын тогтоол /хх-75/, эвлэрлийн баталгаа /хх-82, 83/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүхэд гаргаж өгсөн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Засаг даргын тодорхойлолтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Б согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Жыг зодож, тархи доргилт, цээжний цус хуралт, сарвууны арьсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл,
шүүгдэгч С.Ж согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Бийг зодож, баруун шанаа, ар нуруунд шалбаралтууд бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Бийн “...Ж намайг газар унагаад нүүр лүү өшиглөсөн. ...гараараа нэг удаа нүүр лүү нь цохитол...” гэх мэдүүлэг /хх-7-9/, хохирогч С.Жы “...би зөрүүлж гараараа түүний шанаанд 1-2 удаа цохих...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч З.Данзаннямын “...Б ах Жтай гараад ...зодолдож байхаар нь би очиж салгаад ...Б ах “чи намайг аймаар зодчихлоо шүү дээ” гээд хэрүүл өдөөд байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Б.Мөнхбаярын “...Б, Ж хоёр зодолдож байхаар нь би Жыг татаж салгасан...” гэх мэдүүлэг /хх-22/, шүүх эмнэлгийн 2542 дугаар “1.Х.Бийн биед баруун шанаа, ар нуруунд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжилгээ /хх-25/, шүүх эмнэлгийн 332 дугаар “1. С.Ж-н биед тархи доргилт, цээжний цус хуралт, сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-31-32/, шүүгдэгч С.Жы яллагдагчаар өгсөн “...би зөрүүлж гараараа түүний шанаанд 1-2 удаа цохих үед намайг татаж бид хоёр газар хамт унасан. Б цээж нүцгэн байсан болохоор Бийн нуруу шалбарсан байх.” гэх мэдүүлэг /хх-43-44/, шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн “...Жыг ...би гараараа нэг удаа түүнийг шанаадсан чинь зөрүүлээд намайг гараараа шанаадаж цохисон. Бид хоёр хоорондоо ноцолдож Ж хөлнөөс татаж чирэх үед дүү Данзанням ирж салгаад...” гэх мэдүүлэг /хх-48-49/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн С.Жы өргөдөл /хх-3/, томографийн оношлогоо /хх-54, 55/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б, С.Ж нарын харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б, С.Ж нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдний “...бид хоорондоо эвлэрсэн, хохирлын талаар маргаангүй болсон...” гэх баталгаа /хх-82, 83/, шүүх хуралдаанд өгсөн “бие биедээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Х.Б нь тодорхой ажилтай тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлгүй. С.Ж нь ажил эрхэлдэггүй ч өөрийн мал хөрөнгөтэй тул торгох ял оногдуулах санал гаргасан. Иймд шүүгдэгч тус бүрд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,
шүүгдэгч Х.Б “Зөвшөөрч байна” гэж,
шүүгдэгч С.Ж “Торгох ялыг зөвшөөрч байна. Иргэний үнэмлэхээ гээсэн тул ажил хийх боломжгүй байгаа. Тэтгэвэрт гарсан эцэг, эх 2-тойгоо мал малладагийг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг, шүүгдэгч С.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нар согтуурсан байсан, хохирогч Х.Бийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хөнгөн хохирол учирсан, хохирогч нар харилцан “Гомдолгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Х.Бт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч С.Жд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Бийн архи нэмж уух гэсэн зорилгоор “Гар утсаа ломбарданд тавьчих” гэх зүй бус шаардлагыг үл зөвшөөрсөн хохирогчийн эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл болон шүүгдэгч С.Жы хохирогч Х.Бийн зүй бус үйлдэлд хариу үйлдэл үзүүлэн хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлагыг адилхан оногдуулах нь тухайн хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэн шүүгдэгч нарт ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Х.Бийг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд, шүүгдэгч С.Жыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б, С.Ж нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Далив овогт Хатанбаатарын Б, Боржгон овогт Сайнбуянгийн Ж тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч С.Жыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд, шүүгдэгч С.Жыг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, С.Ж нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б, С.Ж нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б, С.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л. БААТАР