Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 183/2024/03746/И |
Дугаар | 210/МА2024/02161 |
Огноо | 2024-12-13 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02161
2024 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2024/02161 |
,,,,,,,,, Улсын нийтийн өмчит ,,,,,,,,,,,,
компани (,,,,,,,,)-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04099 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,, Улсын нийтийн өмчит ,,,,,,,,,,,, компани (,,,,,,,,)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ,,,,,,,,, дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, ,,,,,,,,, бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Германы арбитраас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ,,,,,,,,,, ХХК-аас 85,350,466.08 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-д олгож, мөн зардал 856,450 еврог гаргуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7691 дугаартай захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгогдсон
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ,,,,,,,,,, ХХК нь 72,925,260 долларыг төлсөн боловч 13,000,000 орчим ам.доллар буюу 40,000,000,000 орчим төгрөг төлөгдөөгүй үлдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө тухайн арбитрын шийдвэрт заасан валютыг хууль буруу хэрэглэж, төгрөгт хувиргаад үүгээрээ барагдуулсан гэж ойлгох нь арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх заалттай зөрчилддөг.
Гүйцэтгэх хуудас дээр бичигдсэн дүн дандаа ам.доллар болон еврогоор бичигдсэн байдаг тул Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ,,,,,,,,, дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, ,,,,,,,,, бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107.5 дахь хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгчтэй хамтран батална гэж заасан. Тус журмын 2.5-т төлбөрийн мөнгийг шилжүүлэх, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкны зарласан ханшаар тодорхойлно гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тооцно гэж заасан.
Төлбөр төлөгчөөс 246,517,008,635 төгрөгийг төлснийг арбитрын шийдвэр гарсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзвэл тухайн шийдвэрийг бүрэн төлсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ,,,,,,,ын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ,,,,,,,,, дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ,,,,,,,,, бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь гадаад валютыг арбитрын шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож 246,517,008,635 төгрөгийг тус газрын дансанд төлсөн.
Төлбөрийн мөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гадаад гуйвуулгаар 40,567,542.35 ам доллар, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 32,357,718.14 ам долларыг төлбөр авагчаас ирүүлсэн данс руу шилжүүлсэн.
Төлбөр төлөгч ",,,,,,,,,," ХХК-д холбогдох бүртгэлийн ,,,,,,,,, дугаартай гүйцэтгэх баримт бичгийг хянаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ,,,,,,,,, дүгээр "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай" тогтоол гарсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт "Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно" гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, хариуцагчаас гаргасан тайлбар, нотлох баримтыг бүрэн гүйцэд дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Гүйцэтгэх хуудсанд бичигдсэн гадаад валют бүрэн төлөгдөж байж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох ёстой. Гэтэл төлбөр бүрэн төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй.
Иймд шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,, улсын нийтийн өмчит ,,,,,,,,,,,, компани (,,,,,,,) нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гүйцэтгэх хуудсанд бичигдсэн төлбөр бүрэн барагдаагүй, гадаад валютын ханшийг буруу тооцоолсон үндэслэлээр Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ,,,,,,,,, дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ,,,,,,,,, бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь төлбөр төлөгчийн төлсөн төлбөрийг хуульд заасны дагуу шийдвэр гарах үеийн валютын ханшаар тооцсоноор төлбөр бүрэн барагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Шүүхээс гарах шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг зохигчоос тодруулалгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.
3.1. Германы Арбитрын институтийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр ,,,,,,,,,, ХХК-иас зээлийн хугацаа хэтэрсэн болон төлөгдөөгүй төлбөрт 67.857.348,35 ам.доллар, төлөгдөөгүй хүүд 10.449.648,01 ам.доллар, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүд 6.612.524,43 ам.доллар, төлөгдөөгүй тогтсон нөхөн төлбөрт 430.946,01 ам.доллар, арбитрын зардалд 856.570,33 еврог тус тус гаргуулан ,,,,,,,,,,,, компани (,,,,,,,,)-д олгохоор шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/07691 дугаар захирамжаар дээрх арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудсыг олгосон.
3.2. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх хуудасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч ,,,,,,,,,, ХХК-иас 246,517,008,635 төгрөг төлснийг гадаад гуйвуулгаар 72,925,260.49 ам.долларт хөрвүүлж төлбөр авагч ,,,,,,,,,,,, компани (,,,,,,,,)-д шилжүүлсэн.
Улмаар дээрх төлбөрийг гадаад гуйвуулгаар шилжүүлсэн ажиллагаанд үндэслэн Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ,,,,,,,,, дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.
3.3. Нэхэмжлэгч нь ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг эс зөвшөөрч хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх нь төлбөр төлөгч ,,,,,,,,,, ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудал нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч талын эрх ашгийг шууд хөндөхөөр байна.
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар тэдгээрээс шүүхээс гарах шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг тодруулах үүрэгтэй.
3.5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04099 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ