Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02025

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2024            11            25                                                210/МА2024/02025

 

 

 

Ч.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/03811 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Б ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Эт холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд, хариуцагч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие 2010 онд М.Этай танилцан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.М төрсөн.

1.2.Бид зан харилцааны таарамжгүй байдал, хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2023 оноос тусдаа амьдрах болсон тул гэрлэлтийг цуцалж, хүү Э.Мыг миний асрамжид үлдээж, М.Эаас тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хотхон, ***, 16 тоот хаягт байрлах, *** талбайтай, 3 өрөө орон сууцыг М.Эт үлдээж, уг орон сууцыг 160,000,000 төгрөгөөр тооцож, гэр бүлийн 3 гишүүнд хувааж, 2 хүнд ногдох хэсэг 106,666,666 төгрөг, Тоёота приус 20 маркийн, *** улсын дугаартай суудлын автомашиныг надад үлдээж, үүн дээр 200,000 төгрөгийг нэмж М.Э нийт 106,866,666 төгрөгийг надад төлөхөөр болж бид эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Бид 2010 онд танилцан 2020 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.М төрсөн. Бид зан харилцааны хувьд таарч тохирохгүй байсан тул 2023 оноос хойш тусдаа амьдарч байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Э.Мыг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг төлнө.

2.2.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд дараах байдлаар эвлэрсэн. Үүнд Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хотхон, ***, 16 тоот хаягт байрлах, *** талбайтай, 3 өрөө орон сууцыг надад үлдээж, уг орон сууцыг 160,000,000 төгрөгөөр тооцож, гэр бүлийн 3 гишүүнд хувааж 2 хүнд ногдох хэсэг 106,666,666 төгрөгийг Ч.Б од өгөх, Тоёота приус 20 маркийн *** улсын дугаартай суудлын автомашиныг Ч.Б од үлдээх, үүн дээр 200,000 төгрөгийг өгч, нийт 106,866,666 төгрөгийг Ч.Б од өгөхөөр эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч.Б , М.Э нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн 13 настай хүү Э.Мыг эх Ч.Б ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн 13 настай хүү Э.Мыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг эцэг М.Эаас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар баримтлан гэрлэгчдийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хотхон, 75/5 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, *** талбайтай, 3 өрөө орон сууцыг М.Э авч, уг орон сууцыг 160,000,000 төгрөгөөр тооцож, гэр бүлийн 3 гишүүнд хувааж 53,333,333 төгрөг, 2 хүнд ногдох хэсэг 106,666,666 төгрөгийг М.Э нь Ч.Б од төлөх, Тоёота приус 20 маркийн *** улсын дугаартай суудлын автомашиныг Ч.Б од өгөх, үүн дээр 200,000 төгрөгийг нэмж, нийт 106,866,666 төгрөгийг М.Э нь Ч.Б од төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б од олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа одоогийн миний амьдарч байгаа Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хотхон ***, 16 тоот хаягт байрлах, *** талбайтай, 3 өрөө орон сууцны сантехникийн холболт, сангийн ажил нь хэтэрхий чанар муутай доголдолтой хийгдсэнээс байсхийгээд л ус алддаг ихэнх айлуудын хана цууралттай байрыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр тооцон 106,666,666 төгрөг, Тоёота приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Б од үлдээн нийт 106,666,666 төгрөгийг Ч.Б од олгохоор шийдвэрлэсэн нь хариуцагч намайг хэтэрхий хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2.Миний бие аав, ээжийн бэлтгэж өгсөн 5 ханатай монгол гэрт Ч.Б той хамтран амьдарч байсан. 2020 онд Хилийн цэргийн удирдах газарт ирсэн орон сууцны 3 квотын 1-ийг ажил хөдөлмөрийн үр дүнг харгалзан надад өгсөн ба байрны урьдчилгаа төлбөрт хашаагаа 17,500,000 төгрөгөөр худалдаж, мөн ээж 3,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч, нийт 20,000,000 төгрөгийг төлж 500,000 төгрөгийг бусад зардалд хэрэглэсэн. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасан гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж ашиглаж захиран зарцуулах эрхтэй гэсэн заалтын дагуу болон банкны ипотекийн зээлийн гэрээний бодит үнэ болох 68,000,000 төгрөгөөс миний хуваарьт өмч болох 20,000,000 төгрөгийг хасч тооцон 48,000,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгээр нь тэнцүү хувааж өгнө үү. Би хууль зүйн ямар ч мэдлэггүйгээс болж холбогдох нотлох бичиг баримтуудыг бүрдүүлж чадаагүй. Миний насаараа хөдөлмөрлөж олсон 68,000,000 төгрөгийн бодит үнэтэй, ипотекийн зээл нь төлөгдөж дуусаагүй Төрийн банкны барьцаанд байгаа орон сууцыг дур мэдэн хийсвэрээр шунахай, санаатайгаар зах зээлийн ханш гэж өндрөөр үнэлүүлж байгаад гомдолтой байна. Миний нэр дээр байгаа ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 37,304,912 төгрөгийг хэн нь хэдэн төгрөг төлөхийг анхан шатны шүүхийн шийдвэрт заагаагүй орхигдуулсан тул би өмгөөлөгч авч хэрэгт холбогдолтой нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 48,000,000 төгрөгөөр хувааж өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Баянзүрх дүүрэгт байрлалтай, 70 гаруй м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өнөөдрийн байдлаар 160,000,000 төгрөгөөр худалдаж авах боломж байхгүй. Мөн нэхэмжлэгч орон сууцандаа хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн улмаас орон сууцаа өөрийн эзэмшилд авах боломжтой гэдгийг тайлбарлаж өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн орон сууцанд үлдээж, өөрөө хүүхдийн хамт эхийнхээ гэрт амьдарч байна. Орон сууцны үнэлгээ, эд хөрөнгө хуваах асуудлыг хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар талууд хоорондоо харилцан зөвшилцөж, дундын эд хөрөнгийг хуваах боломжтой учраас бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, талууд хоорондоо эвлэрсэн. Уг нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс баталгаажуулж, гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэсэн. Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хуульд заасны дагуу хуваарилах эрх хэмжээ олгогдоогүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын хэн аль нь харилцан тохиролцож, эд хөрөнгөө 3 тэнцүү хуваасан учраас ипотекийн зээлийг шүүхийн шийдвэртэй холбож, хэрхэн төлөхөө тохиролцохоор болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч М.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, эд хөрөнгөтэй холбоотой хэсэгт эвлэрэх байр суурь илэрхийлжээ.

 

3.Ч.Б , М.Э нар 2010 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.М төрсөн, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

4.Гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй талаар шүүхэд тайлбарласан, мөн тэдгээр нь эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн байх ба анхан шатны шүүх эдгээр нөхцөлийг харгалзан гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хүү Э.Мыг асрамждаа авч эцгээр нь тэжээн тэтгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна. Шүүх талуудын маргаангүй тайлбарыг үндэслэн, хүү Э.Мыг эх Ч.Б ын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар эцэг М.Эаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хотхон, ***, 16 тоот хаягт байрлах, *** талбайтай, 3 өрөө орон сууц болон Тоёота приус 20 маркийн, *** улсын дугаартай автомашинаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаарджээ.

5.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй, Тоёота приус 20 маркийн, *** улсын дугаартай автомашиныг “нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийн цалингийн зээлээр авсан” үндэслэлээр түүнд үлдээж, мөн зээл болон үнэлгээний зөрүү 200,000 төгрөгийг нэмж өгөхөөр талууд тохиролцжээ.

Энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

5.2.Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хотхон, ***, 16 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, *** талбайтай, 3 өрөө орон сууц нь хариуцагчийн өмчлөлд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан тул дээрх орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна.

а.Уг орон сууцанд “Төрийн банк” ХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй байх ба хариуцагчийн тайлбар, зээлийн төлбөрийн хуваариас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх үеийн байдлаар 47,800,000 төгрөгийн зээлээс 37,304,912 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

б.Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр орон сууцны зах зээлийн үнэ 182,880,000 төгрөг болох нь тогтоогджээ. Гэвч анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь орон сууцны үнийг 160,000,000 төгрөгөөр тооцох санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар буюу “орон сууцны үнийг ипотекийн зээлийн гэрээний бодит үнэ болох 68,000,000 төгрөгөөр тооцуулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

в.Зохигчид тус орон сууцны гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 53,333,333 төгрөгөөр (160,000,000/3) тодорхойлсон нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн боловч шүүх орон сууцны зээл бүрэн төлөгдөөгүй талаарх хариуцагчийн тайлбарыг анхаараагүй нь буруу байна. Гэрлэгчид орон сууцны зээлийн өр 37,304,912 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хариуцах тул хариуцагч нь 18,652,456 төгрөг (37,304,912/2) төлөхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Иймээс хариуцагчийн гаргасан “миний нэр дээр байгаа ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 37,304,912 төгрөгийг хэн хэрхэн төлөхийг анхан шатны шүүхийн шийдвэрт заагаагүй орхигдуулсан” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

г.Хариуцагч нь өөрийн өмчлөлийн хашаагаа 17,500,000 төгрөгөөр худалдаж, ээж 3,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч, нийт 20,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн гэж тайлбарласан нь баримтаар нотлогдоогүй байна. Хэргийн 190 дэх талд авагдсан дансны хуулгыг банк баталгаажуулаагүй, хэний эзэмшлийн ямар данс болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул шүүх үнэлэхгүй.

5.3.Дээрх үндэслэлээр орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 53,333,333 төгрөгөөс зээлийн өрийн ногдох хэсэг 18,652,456 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч эвлэрсэн талаар дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснийг тогтоох хэсэгт тусгах зохицуулалтад нийцээгүй тул залруулна.

Түүнчлэн шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахдаа хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоох асуудлыг хамт шийдвэрлэдэг учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөх учиртай. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн дүнгээс тооцон 102,156 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь буруу байна. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болжээ. Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр залруулан дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг хариуцагчийн өмчлөлд, автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагчаас орон сууцны хүүхдэд ногдох хэсэг 53,333,333 төгрөг, нэхэмжлэгчид ногдох хэсэг 34,680,877 төгрөг болон автомашины үнийн зөрүү 200,000 төгрөг, нийт 88,214,210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/03811 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хотхон, ***, 16 тоот хаягт байрлах, *** талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч М.Эын өмчлөлд, Тоёота приус 20 маркийн, *** улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Ч.Б ын өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч М.Эаас 88,214,210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б од олгосугай” гэж, 5 дахь заалтын “...57 дугаар зүйлийн 57.1...” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1” гэж тус тус өөрчилж, 6 дахь заалтыг хасч, 7 дахь заалтын дугаарлалтыг “6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ЦЭНД

                                                ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                         Д.ЗОЛЗАЯА