Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

-

-

     2019           4           09                                         2019/ШЦТ/405         

 

-                                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Шг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908000000431 дүгээр хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Цэвээнсүрэнгийн Ш /РД:/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 103 дугаар байрны 10-01 тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө өөрийн эхнэр Б.Тын нүүр болон далан тус газарт цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед дух, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, эрүү, хүзүү, баруун сарвуу, зүүн дал, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул зулгаралт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1908000000431 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Тын: “2019 оны 3 дугаар сарын 09-ний орой гэртээ унтаж байхад нөхөр унтахгүй гал тогооны өрөөнд ганцаараа виски уугаад суугаад байхаар нь би очоод “юу болсон бэ, яагаад унтахгүй байгаа юм бэ” гээд асуухад “чи өөр хүнтэй болчихож” гээд хаа байсан Египет улсад амьдардаг Египет улсын иргэнтэй хардаад хэрүүл маргаан хийсэн. Би 2017 онд БНХАУ-д сургалтанд сууж байхдаа энэ залуутай танилцаж байсан. Манай нөхөр энэ залуутай хардаад байхаар нь би одоогоос 1 жилийн өмнөөс чаат бичихээ болиод фэйсбүүк хаягийг нь устгасан юм. Тэрнээс хойш нөхөр миний өмнөөс өөрөө фэйсбүүк хаяг нээгээд тэр гадаад залуутай миний өмнөөс чаат бичиж харьцаад хэрүүл маргаан хийдэг юм. Нөхөр хэрүүл маргаан хийгээд болохгүй байхаар нь би 04 цагийн үед хажуу талд байдаг ээжийнхээ гэрт орж амрах гээд хувцсаа өмсөхөд нөхөр гаргахгүй гээд надтай маргалдаж байгаад миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод, толгой руу хэд хэдэн удаа цохиод баруун чихний арын хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэр үед манай том охин Мөнхнаран сэрээд ааваа загнаад, бид хоёрыг салгаад, би өрөөндөө орж амарсан. ...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.12-ны өдрийн 3222 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Т-н биед дух, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, эрүү, хүзүү, баруун сарвуу, зүүн дал, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Зүүн зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-33/,

Шүүгдэгч Ц.Шгийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ...03 цагийн үед босоод том өрөөнд байсан архийг аваад ганцаараа гал тогооны өрөөнд уугаад сууж байхад эхнэр босож ирээд “надад нэг архинаасаа хийгээд өг” гэхээр нь би эхнэртээ уурлаад “чам шиг банзалтай архи хувааж уухгүй” гээд өөрөө уугаад дуусгасан. Эхнэр үүрээр гадуур хувцсаа өмсөөд гарах гэхээр нь би “харанхуй шөнө хаачих гээд байгаа юм” гээд үснээс нь татаад, гараараа баруун талын нүд рүү нь нэг удаа цохиод авахад том охин Мөнхнаран босож ирээд “боль” гээд намайг загнахаар нь гал тогооны өрөөний буйдан дээр унтсан...” гэх мэдүүлэг /хх-42-45/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан иргэн Б.Тын өргөдөл /хх-2/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-9-17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-59/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-60/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-61, 62/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-63/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-64/, дансны хуулга /хх-65, 66/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-67, 68/, эвлэрлийн баталгаа /хх-72, 73/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Ш согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 103 дугаар байрны 10-01 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Тыг зодож, дух, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, эрүү, хүзүү, баруун сарвуу, зүүн дал, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Тын “...нөхөр ...миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод, толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод, баруун чихний арын хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-23-24/, шүүх эмнэлгийн 3222 дугаар “1. Б.Т-н биед дух, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, эрүү, хүзүү, баруун сарвуу, зүүн дал, баруун хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Зүүн зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжилгээ /хх-33/, шүүгдэгч Ц.Шгийн яллагдагчаар өгсөн “эхнэр ...гарах гэхээр нь ...үснээс нь татаад, гараараа баруун талын нүд рүү нь нэг удаа цохиод авахад...” гэх мэдүүлэг /хх-42-45/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-9-17/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Шгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Тыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул Ц.Шг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-23-24/, “...нөхөр Ц.Шд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх эвлэрлийн баталгаа /хх-72/-г тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Ш бусдад төлөх төлбөргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ял болоод хугацааг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

 Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ хардалтаас шалтгаалан хохирогч болох эхнэрийнхээ эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /46 настай, торгох ялыг биелүүлэх боломжтой болох нь эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, дансны хуулга зэргээр тогтоогдсон/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна. Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу согтуурсан үедээ хохирогчийг хардан эрх чөлөөнд нь халдаж зодсон үйлдэлд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн орлого /дансны хуулгаас дүгнэхэд/ олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ц.Шг 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ш урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Цэвээнсүрэнгийн Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Шг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Шг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ш торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Ш урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР