| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2024/01019/И |
| Дугаар | 210/МА2024/02194 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/02194
| 2024 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2024/02194 |
,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/04238 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,-д холбогдох,
2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ,,,,,,,,,,,-тай зээлийн гэрээ байгуулж, 185,000,000 төгрөгийн зээл авахдаа Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо ,,,,,,, хотхон /13312/, Хүннү гудамж ,,,,, дүгээр байр ,,,,,,,,, тоот дах, 90.62 м.кв 4 өрөө орон сууц болон ,,,,,,,,,, дугаар байрны зоорины давхар, 44тоот 17.25 м.кв авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,696,000 төгрөгийг төлсөн.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал хөл хорионы улмаас манай компанийн үйл ажиллагаа саатаж, алдагдалтай ажиллаж санхүүгийн хүнд байдалд орж гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ үед ,,,,,,,,,,, нь элдвээр дарамт шахалт үзүүлж 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авсан. Зээлийн төлбөрөө 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж хөрөнгөө буцааж шилжүүлж авах хүсэлт гаргаж байсан.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд үл маргах журмаар барьцааны зүйлийг зээлдүүлэгч захиран зарцуулах эрхийг эдлэхгүй юм.
Мөн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн нэмэлт гэрээгээр барьцааны зүйлийг шүүхийн журмаар харилцан тохиролцож дуудлага худалдаагаар оруулж борлуулах талаар харилцан тохиролцсон. Гэтэл шүүхийн журмаар бус шууд худалдах худалдан авах гэрээ байгуулсан, мөн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүний үнээс зээлийн төлбөрийг төлүүлэх үйл ажиллагаа явуулах байтал өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн.
Иймд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлж өгнө үү.
Зээлийн үүрэгт 207,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн хуваарь удаа дараа зөрчигдөж байсан тул нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаад 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр барьцааны зүйлээ худалдаж авах хүсэлтийг гаргасан. Үүний дагуу талууд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан.
Гэрээгээр маргаан бүхий орон сууцыг 207,850,000 төгрөгөөр худалдан авч, энэ үүргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан талуудын хооронд авагдсан зээлийн гэрээний үүргээр дуусгавар болгохоор тохиролцсон.
,,,,,,,,,,ы хөрөнгөө буцаан авах хүсэлтийг харгалзан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,-ийн нарын хооронд байгуулсан 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,
Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204063529 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 26 хороо ,,,,,,, хотхоны Хүннү гудамж ,,,,, дугаар байр ,,,,,,,,, тоот хаягт байрлах, 90.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-,,,,,,,, дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 26 хороо ,,,,,,, хотхоны Хүннү гудамж ,,,,,,,,,, дугаар байр, зоорийн давхар 44 тоот хаягт байрлах, 17.25 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,ы өмчлөлд тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 1,197,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,-иас 1,197,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ, худалдах худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасан үндэслэл огт дурдагдаагүй бөгөөд талууд хуульд заасны дагуу, гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж болохоор заасан, хуулийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлж авсан.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт "хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно" , 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт "Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан шууд худалдах, 46 дугаар зүйлд заасан дуудлага худалдааны аль нэгийг хэрэглэнэ" гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээнд барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахыг зөвшөөрсөн бөгөөд үүнийгээ баталгаажуулж, зээлдэгч ,,,,,,,,,, нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхээ илэрхийлж, хүсэлт бичиж өгсөн.
Худалдах-худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулагдсан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг дүгнэн, өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчид худалдахаар харилцан тохиролцохдоо худалдах, худалдан авах гэрээний үнийг зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрөөр тооцож, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно гэж заасантай нийцсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч нь барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах ёстой байтал шууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн. Өмнөх гэрээний үүрэг дуусгавар болгосон нөхцөл байдал байхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,-д холбогдуулан хуульд заасан журмыг зөрчиж барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь өмнөх зээлийн гэрээний үүрэгт худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг тооцсон, гэрээ хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,д 185,000,000 төгрөгийг, сарын 2,7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон.
Энэ гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр байгуулсан барьцааны гэрээгээр ,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ,,,,,,, хотхон, Хүннү гудамж ,,,,, дугаар байр, ,,,,,,,,, тоот хаягт орших 90.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ,,,,,,, хотхон, Хүннү гудамж ,,,,,,,,,, дугаар байр, зоорийн давхар 44 тоотод орших, 17.25 м.кв авто зогсоолыг барьцаалж улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Мөн талууд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, энэхүү нэмэлт гэрээ нь урьд байгуулагдсан барьцааны гэрээний салшгүй хэсэг байхаар харилцан тохиролцсон байна.
3.1. 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн дээр дурдагдсан 4 өрөө орон сууц болон 17.25 м.кв авто зогсоолыг ,,,,,,,,,,,-д 207,850,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, үүний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр ,,,,,,,,,,, бүртгэгдсэн.
Үүний дараа ,,,,,,,,,, нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ,,,,,,,,,,,-д зээлийн төлбөрөө 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө буцааж авах хүсэлтийг гаргаж байжээ.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Талуудын маргаж буй худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаанд хамаарч байх боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байна.
4.1. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 185,000,000 төгрөг зээлээр олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарч байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
Хэргийн баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахад дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх ёстой мөнгөн төлбөрийн үүргийг худалдах, худалдан авах гэрээний худалдан авагчаас худалдагчид төлөх мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож сольсон үйл баримт тогтоогдоогүй.
Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болоогүй гэж зөв дүгнэсэн.
5. Талууд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар зохих шаардлагыг хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан.
Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хийгдсэн учир барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан худалдахаар заасан боловч энэ зохицуулалт хэрэгжээгүй.
Зохигчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний 3-т барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар худалдах талаар заасан.
5.1. Хариуцагчийн шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгийг худалдахаар тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно гэж заасан ч мөн хуулийн 11.3 дахь хэсэгт ийнхүү худалдах тохиолдолд гэрээнд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах аргын талаар нарийвчлан заасан байхаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, зохигч нь барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахаар болон үүнтэй холбоотой нарийвчилсан журмыг урьдчилж тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй.
Түүнчлэн шүүхээс гадуур барьцааг худалдах тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шууд худалдах, эсхүл дуудлага худалдааны аргын аль нэгийг талууд харилцан тохиролцож сонгосон үйл баримт тогтоогдоогүй.
5.2. Иймд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр худалдан борлуулах ёстой барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар хариуцагч нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцүүлэн зөв дүгнэжээ.
Улмаар шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 4 өрөө орон сууц болон 17.25 м.кв авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцсэн.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/04238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,197,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ