| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2023/04341/И |
| Дугаар | 210/МА2024/02010 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02010
2024 11 22 210/МА2024/02010
М ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/03428 дугаар шийдвэртэй,
М ХК-ийн нэхэмжлэлтэй,
НШШГГ т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/01216 дугаар тогтоолоор М ХК-иас 2,089,655,000 төгрөг гаргуулж М ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8/306 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор М ХК-ийн өмчлөлийн Ү-220301**** дугаартай конторын зориулалттай 2,676 м.кв үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн А-220300**** дугаартай нэгж талбарын 146020**** дугаар бүхий 2,486 м.кв газрын үнэлгээг тогтоох шинжээчээр Дамно ХХК-ийн шинжээч Ц.Т ийг томилж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор үнэлгээг гаргаж ирүүлэхийг даалгасан. Шинжээч нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүгнэлтээ ирүүлсэн.
Хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох хууль болон Үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй, тайланд уг конторын барилга болон газар нь хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцов гэж дүгнэсэн атлаа үнэлгээчин нь өртгийн, орлогын, хандлагын 3 аргаас зах зээлийн хандлагын аргыг сонгох болсон шалтгаан үндэслэл, тооцооллыг огт хийгээгүй байдаг. Түүнчлэн төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулаагүй, зах зээлийн үнээс хэт багаар үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний тайлангийн 24 дүгээр хуудаснаас үзэхэд шинжээч нь үнэлж буй хөрөнгийг хаана байрлах, хэдэн м.кв, ямар хөрөнгөтэй харьцуулсан нь тодорхой бус, харьцуулсан эд хөрөнгүүдийн мэдээллийг үнэлгээнд нэг бүрчлэн тусгаагүй зөвхөн www.unegui.mn цахим мэдээллийн эх сурвалжийг заасан нь үнэлгээ хийх ажиллагааны журмыг зөрчсөн.
Оффисын зориулалттай 2,676 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ доод тал нь 65 тэрбум төгрөг байхад шинжээч уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэнд гомдолтой байна.
Шинжээч нь 2,486 м.кв газрыг бүхэлд нь үнэлээгүй буюу зөвхөн 1,743 м.кв газрыг үнэлсэн нь ойлгомжгүй, үнэлж буй газрыг хаана байрлах, хэдэн м.кв, ямар газартай харьцуулсан нь тодорхой бус, харьцуулсан газруудын мэдээллийг үнэлгээнд нэг бүрчлэн тусгаагүй зөвхөн www.unegui.mn цахим мэдээллийн эх сурвалжийг заасан нь үнэлгээ хийх ажиллагааны журмыг зөрчсөн.
Эд хөрөнгийг хураахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, уг ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр М ХК-ийн ажилтан С.А, О.Т нарыг оролцуулсан нь хөрөнгийг үнэлэх үйл ажиллагаа анхнаасаа хууль бус явагдсаныг харуулж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шинжээч Ц.Т ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №Ш23-31 дугаартай тайланг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаартай шийдвэрээр М ХК-иас 2,100,261,225 төгрөгийг гаргуулж М ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 32 хаягт байршилтай төлбөр төлөгч М ХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй, 2,486 м.кв талбай бүхий газар болон 2,676 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилж үнэлүүлсэн. Шинжээчийн тогтоосон үнэ 276,222,712 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад 2023 оны 4-154/17151, 4-154/17152 дугаар албан бичгээр мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн.
Эд хөрөнгийг хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрчүүдэд эрх, үүргийг тайлбарлан өгч тэмдэглэл үйлдсэн. Нэр дурдсан хүмүүсийг ийнхүү байлцуулсан явдал нь хөрөнгийг үнэлэх ажиллагаатай хамааралгүй. Нэхэмжлэлд Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах талаар дурдаагүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжпэгч М ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-32 хаягт байршилтай 2,676 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, нэгж талбарын 146020**** дугаар бүхий 2,486 м.кв талбайтай газрын хамт үнэлсэн Дамно ХХК /үнэлгээчин Ц.Т /-ийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №Ш23-31 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн М ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Шинжээч мэргэшсэн үнэлгээчин Л.Т нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа тухайн хөрөнгийн байдалтай танилцаж ажлын нөхцөл, зорилгод тохируулан холбогдох мэдээллийг авсны үндсэн дээр зах зээлийн судалгааг хийж, хөрөнгийн үнэлгээний өртгийн хандлага, газрын дуудлага худалдааны анхны үнэ тооцох аргачлал, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг сонгон ашиглаж, олон улсын ба үндэсний стандарт бүхий эрх зүйн актуудад нийцүүлэн тодорхойлсон талаар тайландаа тусгасан нь шүүхийн шийдвэр гүйцэтггэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.9, 8.3.10-т заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Гэвч хөрөнгийн үнэлгээний тайланд, уг конторын барилга болон газар нь хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцов гэж дүгнэсэн атлаа үнэлгээчний өртгийн хандлага, орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 аргаас зах зээлийн хандлагын аргаар тооцоолсон үнэлгээ нь бусад аргуудаасаа ямар үзүүлэлтийн хувьд илүү байсан, уг аргыг сонгох болсон шалтгаан үндэслэл, тооцооллыг огт тусгаагүй. Мөн шинжээч нь 2486 м.кв талбайтай газрын 1743 м.кв талбайтай газрыг үнэлсэн нь ойлгомжгүй, Харьцуулсан газруудын мэдээллийг үнэлгээнд нэг бүрчлэн тусгаагүй, ганцхан үнэгүй.мн сайтыг эх сурвалжаа болгон ашиглаж үнэлгээ хийсэн нь хөрөнгийн үнэлгээний журмыг, аргачлалыг зөрчсөн.
4.б. Сүхбаатар дүүргийн 5 хороо буюу хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай үйлчилгээний зориулалттай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн одоогийн ханш 65 тэрбумаас дээш үнэлгээтэй байхад 16,071,287,798 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэж үзэж байна.
4.в. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч М ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийн дагуу түүний өмчлөлийн эд хөрөнгөд холбогдох ажиллагааа явуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-32 хаягт байршилтай 2,676 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн А-220300**** дугаарт бүртгэгдсэн нэгж талбарын 146020**** дугаар бүхий 2,486 м.кв талбайтай газрын хамт 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23420295/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23420295/04 дугаар тогтоолоор хураасан байна гэж хүчин төгөлдөр бус тогтоолыг үндэслэсэн байна. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23420295/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолд М ХК-ийн ажилтан болох С.А, О.Т нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулчихсан байдаг. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг.
Дээрхээс үзэхэд ахлах шийдвэр гүйцэтгэч хураах тогтоолыг хүчингүй болгон ажиллагааг зөвтгөн явуулах ёстой байтал үргэлжлүүлэн явуулсан нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23420295/04 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдсэнээс хойш 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8306 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд хүчин төгөлдөр бус, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шинжээч Л.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилсон. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д дурдсаны дагуу үнэлгээ хийхдээ зах зээлийн судалгаа сайтар хийж, өртгийн хандлага болон газрын анхны дуудлага худалдааны үнэ тооцох аргачлал, орлогын болон зах зээлийн хандлага зэрэг олон талаар үнэлгээ хийсэн. Хөрөнгийг битүүмжлэн хураасан асуудлын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураан авах ажиллагаанд М ХК-ийн ажилтныг хөндлөнгийн гэрчээр оруулсан гэдгийг мэдсээр байж явуулсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримттай танилцахад эд хөрөнгө хураан авах ажиллагаанд М ХК-ийн ажилтныг оролцуулсан гэх үйл баримтыг мэдсэн. Иймд, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан байна. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан гомдлыг хянан хэлэлцэх харьяаллын талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
3.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/01216 дугаар тогтоолоор М ХК-иас 2,089,655,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 62-90-р тал/
3.б. Төлбөр төлөгч М ХК нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч М ТӨХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 181/ГХ2023/00269 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 61-р тал/
3.в. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч М ХК-ийн хүсэлтийн дагуу түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 32 тоот хаягт байрлах 2676 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон ашиглах эрхтэй, нэгж талбарын 146020**** дугаартай 2486 м.кв газрыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 99,100,103,111-р тал/
3.г. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнэлгээнд тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 113-115, 118, 119-р тал/
3.д. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь хураагдсан хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 32 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 146020**** дугаартай 2486 м.кв газрыг нийт 16,071,287,798 төгрөгөөр үнэлж, хариуцагч НШШГГ нь дээрх үнэлгээг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр талуудад мэдэгдсэн болох нь үнэлгээний мэдэгдэлд гарын үсэг зурсан байдлаар тогтоогджээ. /хх-ийн 161,162-р тал/.
4. Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
4.а. Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Т нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга, аргачлалын дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө болон газрыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн ба www.unegui.mn цахим сайтын мэдээллийг ашиглан, үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төстэй үзүүлэлт бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгө, 2 газрыг сонгож, зах зээлийн судалгаа, тохируулга, харьцуулалт хийсний үндсэн дээр үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн хандлагыг ашиглан үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлж, үүнээс зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцон сонгон авсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Түүнчлэн, шинжээч газрын үнэлгээг тогтоохдоо барилгын сууриас илүү гарсан газрын хэсгийг 2,350,956,776 төгрөгөөр, харин конторын барилгыг суурьт ноогдох газрын хамт 13,444,108,310 төрөгөөр тус тус үнэлсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул 2,486 м.кв газрыг үнэлээгүй, зөвхөн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. /хх-ийн 132-160-р тал/
4.б. Мөн нэхэмжлэгч М ХК нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
4.г. Иймээс үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй, зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, газрын зарим хэсгийг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
4.д. Түүнчлэн, хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн буюу эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч М ХК-ийн ажилтнуудыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан тул үнэлгээ тогтоох ажиллагаа хууль бус болсон гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй боловч нэхэмжлэгч нь тухайн үед гомдол гаргаагүй байна. Харин эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаанд дээрх гомдол хамааралгүй байх тул М ХК-ийн ажилтнуудыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан гомдлыг мөн хангахгүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/03428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 122 дугаар зүйлийн 122.5 ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ