Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

-

-

     2019           4           16                                         2019/ШЦТ/440         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогч О.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808042170284 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шаргалзуут овогт Алтанцэцэгийн Н /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Яллагдагч А.Н нь 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 2018 оны 8 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” худалдааны төвд байрлах иргэн О.Эын лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 4.128.583 төгрөгийн бараа материалыг дутагдуулж хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 08-нд ажлын зар уншаад 9-нд ажилд орсон. 11-нд тооллого хийж хүлээж авсан. 27 хүртэл ажилласан. Ажиллаж байхдаа 60.000 төгрөг авсан нь миний буруу. Өөрөө тооллого хийгээд хүлээгээд авчих гэсэн. Хүүхэд өвдчихсөн байсан болохоор би өөрөө очиж чадаагүй. Ийм их мөнгө би аваагүй. Хохирогчтой хувийн таарамжгүй харьцаа, маргаан байхгүй. 1.060.400 төгрөгийн бараа нэмээд бичсэн байна. Миний нэр, гарын үсэг биш байсан. Гэм буруугаа хүлээж байна. 2 хүүхдийг минь бодож нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 11-27-нд Н худалдагчаар ажиллаж байсан. Нэг өдөр ажил хаяад гэнэт алга болсон. Манай тооцооллоор 3,9 сая төгрөг, аудитын дүгнэлтээр 4,1 сая төгрөгийн хохирол гарсан. Үнийн болон тоо ширхгийн зөрүү гараад үнийн дүн зөрсөн. Адил нэртэй барааг нэрийг нь 1 бичээд үнийг бичсэн байгаа. Анх тоолж авахдаа ч ингэж бичиж авсан байдаг” гэв.

 

Эрүүгийн 1808042170284 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Эын: “Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхжин“ худалдааны төв дотор 40 дугаартай хүнсний лангуу буюу павилоныг түрээслэн ажиллуулдаг. Худалдагч нэг хүн, бараа материал зөөж, хураадаг туслах ажилтнаар нэг хүнийг авч ажиллуудаг болохоор Н гэх эмэгтэй “худалдагч ажилд авч ажиллуулна” гэсэн зарын дагуу ирэхэд нь авч ажиллуулахаар болоод 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр павилон дахь бүх бараагаа тооллого хийж Нд хүлээлгэн өгсөн. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Н худалдагчаар ажиллаж эхэлсэн. 17 хоног ажиллаад 2018 оны 8 дугаар сарын 27-ны орой 20 цагт ажлаа тараад павилоноо хааж цоожлоод, лацдаад явахдаа туслах охиндоо түлхүүрээ үлдээгээд “би маргааш өглөө эмнэлэг орчихоод 11 цаг өнгөрөөгөөд ирнэ” гэж хэлээд явсан байсан. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өглөө намайг 09 цагт ирэхэд Н ажилдаа ирээгүй, туслах ажилтан Нямаа ирсэн байхаар нь асуухад “Н эмнэлэг орчихоод 11 цагт ирнэ” гээд түлхүүрээ надад өгөөд явсан гэхээр нь 11 цаг өнгөртөл хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гар утас руу нь залгахад утсаа авахгүй болохоор нь мессеж бичихэд “би ажлаасаа гарлаа, очиж чадахгүй” гэсэн хариуг ирүүлэхэд нь “тэгвэл чи ирж бараагаа хүлээлгэж өг” гэхэд “надад тийм зав байхгүй” гэсэн хариу ирүүлсэн. “Тэгвэл би хэлдэг газарт нь хэлж шалгуулна” гэхэд “тэг тэг” гэсэн хариу ирүүлсэн. Ингээд би урьд нь худалдагчаар ажиллаж байсан Алтанцэцэгийг хэд хоног ажиллуулахаар ярилцаад дуудаж ирүүлээд тэр даруйдаа туслах ажилтан Нямаа болон Алтанцэцэг, эхнэр Пүрэвдулам нарыг байлцуулаад тооллого хийгээд Алтанцэцэгт барааг хүлээлгэж өгсөн. Тооллого хийхэд 3.900.000 төгрөгийн дутагдал гарсан тул цагдаад хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-12-15/,

Гэрч Э.Пүрэвдуламын: “...Н нь 17 хоног ажиллаад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа ирээгүй тул манай нөхөр Э Н руу залгахад утсаа авахгүй болохоор нь “хэзээ ажилдаа ирэх юм” гэхэд “би очиж чадахгүй, ажлаасаа гарлаа” гэсэн хариу ирүүлэхээр нь “чи тэгвэл ажлаа хүлээлгэж өг” гэхэд “та өөрөө тоол, нэг ч төгрөг аваагүй” гэхээр нь “бид өөрсдөө тооллого хийлээ шүү” гээд тэр өдөржингөө хүлээгээд ирээгүй тул урьд манайд худалдагчаар ажилладаг байсан Алтанцэцэг гэх эмэгтэйг дуудаж ирүүлээд Нямаа гэх туслах ажилтанг байлцуулж байгаад тооллого хийгээд Алтанцэцэгийг “түр хугацаагаар ажиллачих” гэж гуйгаад түүнд хүлээлгэж өгсөн. ...тооллого хийхэд 3.900.000 төгрөгийн дутагдал гарсан.” гэх мэдүүлэг /хх-20-22/,

Гэрч П.Алтанцэцэгийн: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Пүрэвдулам намайг утсаар дуудаад “манай худалдагч ажилдаа ирэхгүй алга болчихлоо, чи түр хугацаанд ажиллаж өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд очиход “павилон нь нээгээгүй, худалдагч нь ирдэггүй” гээд байж байсан. Намайг очиход туслах ажилтан Нямаа болон намайг байлцуулж байгаад павилоныг нээгээд Пүрэвдулам өөрөө тооллого хийгээд “3.900.000 төгрөгийн дутагдал гарч байна” гээд надад барааг хүлээлгэн өгснөөр би үргэлжлүүлэн худалдагчаар тэр өдрөөс хойш ажилласан...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.02.02-ны өдрийн 29 дүгээр дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Энхжин” худалдааны төвд байрлах иргэн О.Эын эзэмшлийн хүнсний 40 номерийн павилонд 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 27-ныг хүртэл хугацаанд худалдагчаар ажилласан А.Н нь ажилд орсон эхний өдөр буюу 8 дугаар сарын 11-ний өдөр 424 нэр төрлийн 10.037 ширхэг 24,918,385.0 төгрөгийн барааг хүлээн авсан байна. 2. ...О.Эын эзэмшлийн хүнсний 40 номерийн павилонд 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 27-ныг хүртэл хугацаанд худалдагчаар ажилласан А.Н нь 8 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд 268 нэр төрлийн 11.476 ширхэг 30,420,300.0 төгрөгийн барааг хүлээн авч орлогодсон байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд А.Н нь 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 27-ныг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллах хугацаандаа нэр төрлөөр ангилалгүй тухайн өдрийн нийт борлуулалтаа бичиж тэмдэглэсэн байна. Тухайн хугацаанд нийт 24,133,800.0 төгрөгийн барааны борлуулалт байна. Бараа борлуулалтын орлогоос А.Н нь өдрийн 5.000 төгрөгөөр тооцон 16 хоногт бүгд 80,000.0 төгрөгийг хоолны зардалд, 3,500 төгрөгийг скоч авахад зарцуулж, 24,050,300.0 төгрөгийг ...О.Эд бэлэн төгрөгөөр тушаасан байна... 4.Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд А.Н нь 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 27-ныг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллах хугацаандаа 4,128,583.0 төгрөгийн бараа материалыг дутагдуулсан байна. 5. “Мишээл Од аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр 4,128,583.0 төгрөгийн барааг дутагдуулсан байна гэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь “Мишээл Од аудит” ХХК-ны аудиторууд баримтыг нэр бүрчлэн тулгаж санхүүгийн анхан шатны тооцоо бүртгэлийг хөтлөн тэмдэглэсэн байна.

Дээрх тооцооллоос иргэн А.Н, О.Э нар нь Эхний үлдэгдэл болон орлогод авсан бараа материалын үнийн дүнгийн нийт нийлбэрийг тооцохдоо тооцооллын алдаа гарсан байна” гэжээ /хх-30-33, 34-49/,

“Мишээл-Од аудит” ХХК-ийн 2018.11.16-ны өдрийн аудитын дүгнэлтэд: “1. Ш.Н нь ажилд орсон эхний өдөр буюу 8 дугаар сарын 11-ний өдөр 585 нэр төрлийн 10,037 ширхэг 24,918,385 төгрөгийн барааг хүлээн авсан. 2. 2018 оны 8 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд 261 нэр төрлийн 11,476 ширхэг 30,420,300 төгрөгийн барааг хүлээн авч орлогодсон. 3. Ш.Н нь 2018 оны 8 дугаар сарын 11-27-ныг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллах хугацаандаа 24,133,800 төгрөгийн бараа борлуулснаас 80,000 төгрөгийг хоолны зардалд, 3,500 төгрөгийг скоч авахад зарцуулж, 24,050,300 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Энхжин худалдааны төвд байрлах 40 тоот павилоны эзэмшигч иргэн О.Эд бэлэн төгрөгөөр тушаасан байна. 4. Худалдагч Ш.Нгийн барааны үлдэгдэл 2018 оны 8 дугаар сарын 27-ны байдлаар 30,435,085 /24,918,385+30,420,300-80,000-3,500-24,050,300/ төгрөгийн үлдэгдэлтэй байхаар тооцоо хийгдсэн боловч 8 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор 26,306,502.50 төгрөгийн барааны үлдэгдэлтэй байгааг тогтоолоо. 5. Эндээс аудитын дүгнэлтээр 4,128,583 төгрөгийн барааг дутагдуулсан байна гэж үзлээ” /хх-52-55/,

Шинжээч Б.Цэрэндэжидийн: “...хохирогчийн нэхэмжилсэн 3.900.000 төгрөг дүгнэлтэд дурьдсан 4.128.583 төгрөгийн хоорондоо зөрүүтэй байгаа шалтгааныг дүгнэлтдээ тодорхой дурьдсан. Бараа материалын үнийг хүлээлгэн өгч байгаа болон хүлээн авч байгаа хоёр хүний хоорондын тооцооны алдаанаас болж үнийн дүн зөрүүтэй гарсан буюу нэгжийн үнэ, тоо ширхгийн үнийн нийлбэрийг гаргаагүйгээс нийт дүн тооцсоноос үүссэн...” гэх мэдүүлэг /хх-117-118/,

Шүүгдэгч А.Нгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Энхжин” худалдааны төвөөр явж байтал 40 тоот дугаартай хүнсний бараа зардаг лангуун дээр худалдагч авна гэсэн зар байхыг хараад ...2018 оны 8 дугаар сарын 10-ны орой лангуун дээрх бараануудад тооллого хийгээд надад бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэж өгсөн. Би 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс худалдагчаар ажилласан. Нийт 17 хоног ажиллаад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр түлхүүрээ туслах худалдагчид хүлээлгэж өгөөд “цалинтай ээжийн 50.000 төгрөгөө авчихаад ирнэ” гэж хэлж яваад очоогүй. ...Би ажиллаж байх хугацаандаа ойролцоо лангууны худалдагч охины төрсөн өдөр болоод гадуур гарахад худалдааны мөнгөнөөс 60.000 төгрөг авч хэрэглэсэн. Анх намайг ажилд ороход өмнө ажиллаж байсан худалдагч “бага сага өр гардаг шүү, чи зарж буй бараан дээрээ бага сага үнэ нэмж зарж байгаарай” гэхээр нь би бага сага үнэ нэмж зараад, тэгээд хааяа худалдааны мөнгөнөөс 5.000-10.000 төгрөг авчихдаг байсан. Одоо нийт хэдэн төгрөг авч байснаа сайн мэдэхгүй байна. Тэгээд ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дуусчихдаг байсан. Бараа бүтээгдэхүүн зээлээр өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-158-162/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн О.Эын мэдүүлэг /хх-8/, гэрч Б.Заяатогтохын мэдүүлэг /хх-25-26/, гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-27-28/, бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл /хх-58-100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-122/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2012 дугаар албан бичиг /хх-125/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-127/, дэвтрийн хуулбар /хх-141-150/, Сонгинохайрхан дүүрэг дэх Хөдөлмөр, халамжийн хэлтсийн тодорхойлолт /хх-151/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-152/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-157/, яллах дүгнэлт /хх-168-171/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлон баримтууд,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын гаргаж өгсөн тооцооны дэвтэр зэргийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах, хохиролд 4.128.583 төгрөг гаргуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “60.000 төгрөгийн эд материал авснаа хүлээн зөвшөөрч байна. Бусад үнийн дүнг зөвшөөрөхгүй байна. Тооллого, аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтэд тооцооллын алдаа байна гэж үзэж байна” гэж,

шүүгдэгч “60.000 төгрөг авснаа хүлээж байна. Гэм буруугаа ойлгож байна” тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Н нь 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 2018 оны 8 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Энхжин” худалдааны төвд байрлах иргэн О.Эын лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 4.128.583 төгрөгийн бараа материалыг дутагдуулж хөрөнгө завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Эын “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Н худалдагчаар ажиллаж эхэлсэн. ...Тооллого хийхэд 3.900.000 төгрөгийн дутагдал гарсан тул цагдаад өргөдөл гаргаж хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-12-15/, гэрч Э.Пүрэвдуламын “...Н нь 17 хоног ажиллаад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа ирээгүй. ...тооллого хийхэд 3.900.000 төгрөгийн дутагдал гарсан...” гэх мэдүүлэг /хх-20-22/, гэрч П.Алтанцэцэгийн “...Пүрэвдулам өөрөө тооллого хийгээд “3.900.000 төгрөгийн дутагдал гарч байна” гээд...” гэх мэдүүлэг /хх-23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 29 дүгээр “1. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Энхжин худалдааны төвд байрлах иргэн О.Эын эзэмшлийн хүнсний 40 номерийн павилонд 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 27-ныг хүртэл хугацаанд худалдагчаар ажилласан А.Н нь ...4,128,583.0 төгрөгийн бараа материалыг дутагдуулсан байна...” гэх дүгнэлт /хх-30-33, 34-49/, “Мишээл-Од аудит” ХХК-ийн аудитын “...5. Эндээс аудитын дүгнэлтээр 4,128,583 төгрөгийн барааг дутагдуулсан байна гэж үзлээ” гэх тайлан /хх-52-55/, бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл /хх-58-100/, шинжээч Б.Цэрэндэжидийн “...хохирогчийн нэхэмжилсэн 3.900.000 төгрөг дүгнэлтэд дурдсан 4.128.583 төгрөгийн хоорондоо зөрүүтэй байгаа шалтгааныг дүгнэлтдээ тодорхой дурдсан. Бараа материалын үнийг хүлээлгэн өгч байгаа болон хүлээн авч байгаа хоёр хүний хоорондын тооцооны алдаанаас болж үнийн дүн зөрүүтэй гарсан буюу нэгжийн үнэ, тоо ширхгийн үнийн нийлбэрийг гаргаагүйгээс нийт дүнг тооцсоноос үүссэн...” гэх мэдүүлэг /хх-117-118/, шүүгдэгч А.Нгийн яллагдагчаар өгсөн “...хааяа худалдааны мөнгөнөөс 5.000-10.000 төгрөг авчихдаг байсан. Одоо нийт хэдэн төгрөг авч байснаа сайн мэдэхгүй байна. Тэгээд ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дуусчихдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-158-162/, бараа материал хүлээлгэн өгсөн тухай дэвтрийн хуулбар /хх-142-150/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлон баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргаж өгсөн тооцооны дэвтэр зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Нгийн хохирогч О.Эын лангуунд худалдагчаар ажиллах явцдаа түүнд хариуцуулан хүлээлгэж өгсөн хөрөнгийг хувьдаа ашиглаж, завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Эд 4.128.583 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч А.Нгоос 4.128.583 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч О.Э /Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22-88 тоотод оршин суух, РД-АГ84100332/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд гэм буруу дээр маргасан, ял нь биелэгдэх шинжтэй байх ёстой. Хохирол төлөөгүй хүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай гарчээ. 60.000 төгрөг авснаа зөвшөөрч байгаа. Үүндээ гэм буруугаа хүлээж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул торгох ял оногдуулж өгнө үү”,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байна. 60.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. 4 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй. 2 хүүхдийг минь бодож нийтэд тустай ажил хийлгэх ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ гаргалаа. 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 4.128.583 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1 настай хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Н урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шаргалзуут овогт Алтанцэцэгийн Нг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нгоос 4.128.583  төгрөгийг гаргуулж, хохирогч О.Э / /-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР