| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0410/Э |
| Дугаар | 441 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 441
-
-
2019 4 12 2019/ШЦТ/441
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч Ц.Гансүлд,
иргэдийн төлөөлөгч С.Наранцацрал,
хохирогч Ц.,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгариг, Б.Чинбат,
шүүгдэгч П.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Зг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808056981605 дугаар 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүд, хадам ах, эгч нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алтан хангайт овогт Пүрэвдоржийн З /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч П.З нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангайн 4 дүгээр гудамжны 9 тоотын гадна талд иргэн Ц.ын эзэмшлийн 76-74 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар хүргүүлж ирээд, улмаар иргэн Ц.ын хүзүүн тус газар хутгаар хатгаж “хүзүүний зүүн хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх гүрээний дотор хураагаар судасны бүрэн тасрал, зүүн мөрний сүлжээний дээд хэсэгчилсэн аксональ гэмтэл, зүүн гарын хоёр болон гурван толгойт булчингийн хатингаршил, зүүн мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдалт” бүхий гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр үед ийм юм болно гэж бодоогүй. Айлгаж мөнгө авъя гэж бодоод болисон. Алъя гэсэн санаа зорилго байгаагүй. Ахуйн хэрэглээнд хэрэглэх зорилгоор хутгыг худалдаж авсан. Архангай аймгаас мах ирсэн гэдэг нь худлаа. Хаана нь хутгалснаа мэдээгүй. Тэр хавьд таньдаг айл байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйя. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хохирогч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 13-нд таксинд явж байсан. Энэ залуу 34-н араар гүүрээр гараад зүүн, баруун тийшээ явахаа мэдэхгүй байсан. Их явсан. Мухар айл руу орсон. Буцаад гарсан. “Ах ингээд зогсчих” гээд зогсох гэтэл хутга шаагаад эргүүлсэн. Арай ядан машинаа зогсоосон. З зугтаад явсан. Сая групп тогтоолгосон. Байнгын эмчилгээтэй байх юм шиг байна лээ. Зүүн талын хөлс гарахаа болисон. Цаашид эмчлүүлмээр байна. Бараг 2 цаг гаруй айл хайж явсан. Машинд маргалдсан зүйл болоогүй. Гэмтлийн эмч хутгаа эргүүлсэн байна, хүзүүний ясанд тулсан байна гэж байсан...” гэв.
Эрүүгийн 1808056981605 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.ын: “2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гадуур таксинд явж байгаад ...Цамбагаравын автобусны буудал дээр очиход хөхдүү куртиктэй, 30 гаран насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь суулгасан. Хаа хүрэх талаар асуухад “Цамбагаравын арын дэнж оръё, өвлийн идэш ирчихсэн авах хэрэгтэй байна” гэсэн. ...Тэгээд 34-ийн гүүрээр гараад 30 дугаар хорооны зам руу салаад шороон замаар өгсөөд явж байх замдаа бид 2 юм яриад танилцсан. Идэш авах айлаа хайгаад олохгүй байсан. ...Тэгээд аргаа бараад буцъя гээд 30 дугаар цэцэрлэгийн зогсоолд зогссон чинь “дахиад нэг хайя ахаа” гэхээр нь дахиад хайсан. Тэгээд аргаа бараад 23 дугаар хороонд байрлах Эрчим төвийн урд талын гудамжинд байх эгчийнхээс нь таксины мөнгө авахаар явсан. Машинаас буугаад үзснээ “эгч алга, одоо манай өөр нэг эгчийнд очно” гээд намайг хутгалсан гудамж руу ороод “за энд зогсчих” гээд хэлсэн. Машинаа зогсооход ямар ч үг хэлэлгүй шууд хүзүүнд хутгалчихаад гараад гүйсэн. Би хаалгаа онгойлгон буугаад урд талын айлын хаалга нүдсэн. Нэг эгчтэй таараад 103 дуудсан. Хутга тулгаж, сүрдүүлсэн, айлгасан зүйл байхгүй. Ямар ч хэрүүл маргаан болоогүй...
...Намайг шалтгаангүйгээр алах санаа зорилготой байсан гэж бодож байна.1.584.795 төгрөг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-55-57, 58-59/,
Гэрч Ө.Мөнхцэцэгийн: “Би өнөөдөр орой 21 цагийн үед ажлаа тараад гэр лүүгээ алхаад явж байтал миний хажуугаар саарал өнгийн Приус-20 маркийн машин өнгөрсөн. Би хашааныхаа хаалгыг түгжээд цааш эргэтэл манай хашааны хаалганы төмрийг хүн нүдээд байхаар нь хэн юм бол гээд хаалгаа нээхэд 25-30 орчим насны залуугийн хүзүүнээс цус гарсан байдалтай “эгчээ туслаарай, би хутгалуулчихлаа” гэхээр нь сандраад 103-т дуудлага өгөөд удалгүй 103 ирсэн. ...Намайг яг гэртээ ирэхэд булангийн хашааны хажуугаар нэг залуу хар хурдаараа гүйгээд өнгөрсөн. Харанхуй байсан учир тэр залууг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-60-61/,
Гэрч Б.Энхтуяагийн: “Би Хархорин захын 2 давхарт байрлах 2-150 тоот лангуу түрээслэж гэр ахуйн бараа зардаг. Энэ З гэж үл таних залуу 2-3 хоногийн өмнө манай лангуунаас 1000 төгрөгийн үнэтэй хутга худалдан авсан. ...Миний санаж байгаагаар үдээс хойш энэ залуу над дээр ирээд “1000 төгрөгийн хутга байна уу” гэж асуухаар нь би 1000 төгрөгийн 2-3 хутга үзүүлэхэд энэ залуу богино хутга болох бор иштэй хутга худалдаж аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-62-63/,
Хэргийн задгай материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.13-ны өдрийн 220 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.ын биед хүзүүний зүүн хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, гүрээний дотор хураагуур /vein/ судасны бүрэн тасрал /Internal jugularis vein/, зүүн мөрний сүлжээний дээд хэсгийн хэсэгчилсэн аксональ гэмтэл, зүүн гарын хоёр болон гурван толгойт булчингийн хатингаршил, зүүн мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдалт, судас залгах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн 785 тоот шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тухайн дүгнэлтийг ГССҮТ-н 16148 тоот өвчний түүхийг үндэслэн гаргасан байна. Ц. нь 2019.01.15-ны өдөр дээд мөчдийн судасны өнгөт хэт авиан оношилгоо, 2019.01.31-ний өдөр мэдрэлийн электронейрографи электромиографи шинжилгээнүүдийг хийлгэсэн тул дээрх шинжилгээнүүдийг үнэлэх, дүгнэлтэнд тусгах боломжгүй байжээ. 3.Хохирогчийн хүзүүний зүүн хэсэгт гүрээний дотор хураагуур судас бүрэн тасалж, зүүн мөрний сүлжээний дээд хэсгийн хэсэгчилсэн гэмтэл үүсгэсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Хөндийт эрхтэнд үүссэн шархыг нэвтэрсэн, нэвтрээгүй гэж ангилах ба энэ нь хүзүүний шарханд хамаарахгүй ойлголт болно. 4.Дээрх хүзүүний зүүн хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, гүрээний дотос хураагуур судасны бүрэн тасрал, зүүн мөрний сүлжээний дээд хэсгийн хэсэгчилсэн аксональ гэмтэл, зүүн гарын хоёр болон гурван толгойт булчингийн хатингаршил, зүүн мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Зүүн мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдалт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 15.66.3 зааснаар ерөнхий хөдөлмөрийг чадварыг тогтонги 25% алдагдуулна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-109-113/,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.17-ны өдрийн 298 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.ын биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн 785 болон 220 дугаартай дүгнэлтүүд аль аль нь үндэслэлтэй байна. 2. 785 дугаартай дүгнэлтийг гаргах үед Ц.-д ГССҮТ-д хийгдсэн хагалгаагаар чухам ямар судас гэмтсэнийг тодорхойлоогүй, мөрний сүлжээний гэмтэл оношлогдоогүй, өвчний явц тавилан тодорхойгүй байсан тул цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гээд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоожээ. Энэ нь уг гэмтлийн зэрэг өөрчлөгдөж болно гэсэн утгатай байдаг. Тиймээс уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. 3. 220 дугаартай дүгнэлтийг гаргахад Ц.-д нэмэлт шинжилгээнүүд хийгдэж, “хүзүүний зүүн хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, гүрээний дотор хураагуур /vein/ судасны бүрэн тасрал /Internal jugularis vein/, зүүн мөрний сүлжээний дээд хэсгийн хэсэгчилсэн аксональ гэмтэл, зүүн гарын хоёр болон гурван толгойт булчингийн хатингаршил, зүүн мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдалт” бүхий шинэ нөхцөл байдлууд илрэн гэмтлийн явц тавилан тодорхой болсон тул тэдгээрийг үндэслэн уг гэмтлийг хүнд зэрэгт хамааруулан дүгнэсэн нь зөв байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-117-120/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.01.04-ний өдрийн 125 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хадаастай 9,8 см бор өнгийн модон иштэй 21,3 см урттай хутган дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-79/,
Шүүгдэгч П.Згийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 13-нд 19 цагийн үед Саппорогийн автобусны буудлаас Приус-20 маркийн таксинд суугаад “айлд очно” гээд 34 дүгээр байрны арын гүүрээр хойшоо гэр хороолол руу гараад засмал замаараа баруун салаад 2 км газар яваад зүүн гар тийшээ шороон замаар салаад хойшоо зөндөө явсан. Жолооч тэр үед “6.000 гарсан, чи мөнгө өг” гэж надаас нэхсэн. Би “танд би мөнгөө өгнө, Нокиа маркийн гар утсаа барьцаанд нь өгнө” гээд жолоочийн дунд хайрцаг дээр тавьсан. Би жолоочид “буцаад явъя” гээд засмал замаараа уруудаад 34-н гүүрний зүүн гар тийш салдаг замаар хэсэг явуулаад баруун эргүүлээд чигээр нь шулуун замаар явуулаад харанхуй мухар гудамжинд очсон. Тэгэж явахдаа жолоочид “энд миний таньдаг айл байдаг юм” гэж худал хэлж зугтаах санаатай явсан. Машин зогсоход жолооч надаас 10.000 төгрөг нэхсэн. Надад мөнгө байхгүй байсан болохоор би жолоочийн арын суудлын гол хэсэгт сууж куртикний баруун карманд байсан хутгаа баруун гараараа аваад жолоочийн зүүн мөр эгэм орчим руу нэг удаа хутгалах үед жолооч “яаая” гэж хэлээд миний хутгатай гарнаас хоёр гараараа бариад авахаар нь би хоёр гараараа хутганы ишин дээр хөнгөн дараад хутгаа үлдээгээд машинаас гараад гүйсэн. Би гэртээ унтаж байхад шөнө цагдаа ирээд баривчлаад цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. ...Би хутга гаргаж айлгах гэсэн боловч жолооч надаас өндөр биетэй хүчтэй юм шиг болохоор нь би мөнгө нэхэж айлгаж сүрдүүлэхээ болиод хутгалаад зугтаая гэж бодсон.
...Таксины жолоочтой маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Эхэндээ хутга зэхэж бэлдээд мөнгөтэй таксины жолооч дээрэмдээд мөнгөтэй болох санаатай байсан. Тэгээд дээрэмдэх гэхээр цаг үе нь бүрдэхгүй би өндөр биерхүү сүртэй харагдахаар нь айгаад дээрэмдэх үйлдлээ хэрэгжүүлээгүй.
...Тухайн үед би хүнийг ална гэсэн санаа зорилго байгаагүй. Айлгаж мөнгө авъя гэсэн бодолтой байсан. Явж байхад танилцаад таньдаг хүнээ асуухад таньж басйан. Тэгээд би тэр хүнийг айлгаж мөнгө авахаа больсон. Таксины мөнгө байхгүй учир тухайн өдөх зах дээрээс авсан хутгаараа хутгалчихаад зугтаая гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-148-149, 150-153, 246-247/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.01.08-ны өдрийн 214 дүгээр дүгнэлтэд: “1. П.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. П.З нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. П.З нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан, мэдүүлэх чадвартай байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-102-103/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /1 дүгээр хавтас, хх-3-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-17-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-19-22, 23-28/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-29-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-181/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-182/, хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-199-203/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгаригийн гаргаж өгсөн хохирол төлсөн 7 хуудас баримт, хохирогчийн гаргаж өгсөн хохирлын 9 хуудас буюу 49 ширхэг баримтуудыг тус тус уншиж,
мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг оролцогчдоор таниулж тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.З Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна. Дээрэмдэх гэмт хэргээсээ татгалзсан байдаг. Хохирогчийн амин тус газар буюу хүзүүнд нь хутгалсан тул хүнийг алахыг завдсан гэж үзэж байгаа. Хохирлын баримтуудаас памперсийг хасах саналтай. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “Гэм буруу дээр маргаангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгаа. Дээрэмдэх гэмт хэргээсээ татгалзсан байдаг. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгариг “Шүүгдэгч 3 удаа мэдүүлэг өгсөн. Таксины мөнгө байхгүй байсан учраас хутгалаад зугтсан үйлдэл тогтоогдсон. Мөнгө авах үйлдлээсээ сайн дураараа татгалзсан гэж үзэж байна. Хохирол төлөгдсөн” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бага ял өгнө үү” гэж,
иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.З нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамж, 9 тоот хашааны гадна талбайд 76-74 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Ц.ын хүзүүн тус газар хутгалж алахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.ын “...Машинаа зогсооход ямар ч үг хэлэлгүй шууд миний хүзүүнд хутгалсан. Хутгалчихаад гараад гүйсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-55-57, 58-59/, гэрч Ө.Мөнхцэцэгийн “...25-30 орчим насны залуугийн хүзүүнээс цус гарсан байдалтай “эгчээ туслаарай, би хутгалуулчихлаа” гэхээр нь би 103-т дуудлага өгөөд... Намайг яг гэртээ ирэхэд булангийн хашааны хажуугаар нэг залуу хар хурдаараа гүйгээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-60-61/, гэрч Б.Энхтуяагийн “...энэ З гэх залуу 2-3 хоногийн өмнө манай лангуунаас 1000 төгрөгийн үнэтэй хутга худалдан авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-62-63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 125 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хадаастай 9,8 см бор өнгийн модон иштэй 21,3 см урттай хутга дээр цус илэрсэн...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-79/, шүүх эмнэлгийн 220 дугаар “1. Ц.ын биед хүзүүний зүүн хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх гүрээний дотор хураагуур /vein/ судасны бүрэн тасрал /Internal jugularis vein/ зүүн мөрний сүлжээний дээд хэсгийн хэсэгчилсэн аксональ гэмтэл, зүүн гарын хоёр болон гурван толгойт булчингийн хатингаршил, зүүн мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдалт, судас залгах мэс заслын дараах байдаг тогтоогдлоо. 4. Дээрх хүзүүний зүүн хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, гүрээний дотос хураагуур судасны бүрэн тасрал, зүүн мөрний сүлжээний дээд хэсгийн хэсэгчилсэн аксональ гэмтэл, зүүн гарын хоёр болон гурван толгойт булчингийн хатингаршил, зүүн мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-109-113/, шүүх эмнэлгийн 298 дугаар “1. Ц.ын биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн 785 болон 220 дугаартай дүгнэлтүүд аль аль нь үндэслэлтэй байна. 2. 785 дугаартай дүгнэлтийг гаргах үед Ц.-д ГССҮТ-д хийгдсэн хагалгаагаар чухам ямар судас гэмтсэнийг тодорхойлооогүй, мөрний сүлжээний гэмтэл оношлогдоогүй, өвчний явц тавилан тодорхойгүй байсан тул цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гээд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоожээ. Энэ нь уг гэмтлийн зэрэг өөрчлөгдөж болно гэсэн утгатай байдаг. Тиймээс уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. 3. 220 дугаартай дүгнэлтийг гаргахад Ц.-д нэмэлт шинжилгээнүүд хийгдэж, “хүзүүний зүүн хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, гүрээний дотор хураагуур /vein/ судасны бүрэн тасрал /Internal jugularis vein/, зүүн мөрний сүлжээний дээд хэсгийн хэсэгчилсэн аксональ гэмтэл, зүүн гарын хоёр болон гурван толгойт булчингийн хатингаршил, зүүн мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдалт” бүхий шинэ нөхцөл байдлууд илрэн гэмтлийн явц тавилан тодорхой болсон тул тэдгээрийг үндэслэн уг гэмтлийг хүнд зэрэгт хамааруулан дүгнэсэн нь зөв байна” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-117-120/, шүүгдэгч П.Згийн яллагдагчаар өгсөн “...Надад мөнгө байхгүй байсан болохоор би жолоочийн арын суудлын гол хэсэгт сууж куртикний баруун карманд байсан хутгаа баруун гараараа аваад жолоочийн зүүн мөр эгэм орчим руу нэг удаа хутгалах үед жолооч “яаая” гэж хэлээд миний хутгатай гарнаас хоёр гараараа бариад авахаар нь би хоёр гараараа хутганы ишин дээр хөнгөн дараад хутгаа үлдээгээд машинаас гараад гүйсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-148-149, 150-153, 246-247/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /1 дүгээр хавтас, хх-3-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-17-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-19-22, 23-28/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-29-32/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1 ширхэг хутга зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Згийн хохирогч Ц.ын хүзүүнд хутгалж алахыг завдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь тус гэмтлээс шалтгаалан мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.584.795 төгрөг нэхэмжилж, шүүхийн хэлэлцүүлэгт 732.114 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.
Түүнчлэн хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтуудаас “Памперс авсан гэх 41.525 төгрөг”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэрэгт хамааралгүй буюу хохирогчийн эмчилгээнд зориулагдсан зүйл биш байна гэж үзэн хэрэгсэхгүй болголоо.
Харин хохирогч “Гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа төдийгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэснийг харгалзан эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зд 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгах саналтай байна. Шунахайн сэдэлттэйгээр бусдын эд зүйлийг дээрэмдэх зорилгоор “идэш авна” гэж худлаа хэлэн 2 цаг гаруй явж дээрэмдэх зорилгоосоо татгалзан, хохирогчийн хүзүүнд хутгалж зугтсан. Хохирогч гэрчтэй таарч түргэн тусламж авсан, 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группт орсон. Зүүн гар хатингаршиж, саажилттай болсон тул зэргийг харгалзан 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөцөл байдал тогтоогдоогүй. Тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Мөн хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул 5 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгариг “Хохирол бүрэн төлсөн. Өмгөөлөгч Чинбатын саналыг дэмжиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан боломж байгаа. Тиймээс 5-аас доош жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйя. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Харин шүүгдэгч П.Згийн урьдчилан хутга худалдан авч, таксины төлбөр төлөх мөнгөгүй, мөн “идэш авна, эгчийнхээс очиж мөнгө авна” гэх зэргээр хохирогчид худал хэлэн гэмт хэрэг үйлдэх тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлсний дараа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан бэлтгэж, зэвсэг хэрэглэж хүний эрх чөлөөнд халдаж, хохирогчийн амь насанд нь аюул учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гүрээний дотор хураагуур судасны бүрэн тасрал гэмтэл учирсан, улмаар зүүн гарын хоёр болон гурван толгойт булчингийн хатингаршил өвчтэй болсон, бүрэн эдгэрээгүй байгаа, нэхэмжилсэн төлбөр төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа/ зэргийг харгалзан шүүгдэгч П.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлээр уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Згийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-127-128, 131, 133-134, 135-136, 138, 222/.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алтан хангайт овогт Пүрэвдоржийн Зг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Згийн урьдчилан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Ц.ын нэхэмжлэлээс “Памперсний үнэ 41.525 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Згийн эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
Г.МӨНХЗУЛ