Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02055

 

 

 

 

 

 

 

 

2024 11 27 210/МА2024/02055

 

 

 

Ө.Б , Г.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03957 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Б , Г.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХХК-д холбогдох,

57,507,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ө.Б , Г.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б ХХК-тай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Грийн хөүм хотхоны М-3 тоот 52,61 м.кв талбай бүхий 3 өрөө амины эко хаусыг 142,047,000 төгрөг, мөн GМ-3 байршилд байрлах 12м2 бүхий автомашины зогсоолыг 20,000,000 төгрөг, нийт 162,047,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Уг гэрээгээр захиалагч нь гэрээний 3.3.2-т заасны дагуу үнийн дүнгийн 18.54% буюу 30,047,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 130,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Хуваарийн дагуу нэхэмжлэгч нар нь 2023 оны 06, 07 дугаар саруудын төлбөр, нийт 22,000,000 төгрөгийг төлсөн.

Гүйцэтгэгч Б ХХК нь гэрээний 4.1-т зааснаар амины орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүйн улмаас төлбөрийг 08 сараас зогсоосон. Нэгэнт барилга баригдахгүй болсон нь тодорхой болсон тул нэхэмжлэгч нарын зүгээс гэрээг цуцалж, төлсөн нийт 52,047,00 төгрөгийг буцаан авахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Талууд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, нийт 52,047,000 төгрөг төлөгдсөн болохыг баталгаажуулсан.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК нь барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч нар гэрээг цуцалж, урьдчилан төлсөн 52,047,000 төгрөгийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар алданги тооцож 5,460,000 төгрөгийн хамт нийт 57,0507,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулахаар шаардсан.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ГХ-03 дугаар захиалгын гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр хариуцагч нь 2023 оны 4 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч захиалагч нар нь 2023 оны 08 дугаар сард гэрээг цуцалсан. Иймд манай компанийн хувьд гэрээний 6.3-т зааснаар 10 хувийг суутгаж, үлдэгдэл төлбөрийг мөн зүйлд зааснаар дараагийн захиалагчтай байгуулсан гэрээний гүйцэтгэлээр төлөхөө мэдэгдсэн ба 46,842,300 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Б ХХК-иас үндсэн төлбөр 52,047,000 төгрөг, алданги 5,460,000 төгрөг, нийт 57,507,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Б , Г.О нарт олгуулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн төлсөн 446,485 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б ХХК-иас 446,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б , Г.О нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Гэрээ байгуулагдсанаас хойш талууд үүргээ гүйцэтгэж байх явцад 2023 оны 09 дүгээр сард гэрээг цуцлах мэдэгдлийг захиалагч талаас ирүүлсэн. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтоож дүгнэсэн боловч хууль хэрэглээний хувьд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. Б ХХК-ийн хувьд гэрээнд заасан хугацааны дотор захиалгын дагуу ажлыг гүйцэтгэж байхад ямар нотлох баримтыг үндэслэж ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай ойлголтыг адилтгаж, үндэслэх хэсэгтээ гэрээг цуцалсан байна, гэрээнээс татгалзах эрхтэй байна гэж дурдаж байгаа нь ойлгомжгүй болсон.

Захиалагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг 2023 оны 07 дугаар сараас зогсоосноос гадна, гэрээг цуцлахаар 2023 оны 08 дугаар сард мэдэгдэж, 2023 оны 09 дүгээр сард бичгээр ирүүлсэн. Үүний дагуу манай компани тус захиалгын байрны ажлыг зогсоосон болно.

Хуульд заасны дагуу захиалагч нь гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч цуцалснаас гарах үр дагаварыг арилгах, цуцлах хүртэлх гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд төлбөрийн 10 хувийг суутгахаар тусгасан байдаг. Энэхүү гэрээний зохицуулалт нь Иргэний хуульд харшлаагүй, гүйцэтгэгч компанийн эрх ашгийг хамгаалсан заалт юм. Өөрөөр хэлбэл талууд хуульд харшлаагүй аливаа хэлцлийг байгуулах боломжийг гэрээний тэгш байдлын зарчмаар олгосон.

Анхан шатны шүүх хуулийн заалтуудыг тайлбарлаж хэрэглэсэн боловч хууль зөрчөөгүй гэрээний заалтанд дүгнэлт хийгээгүй тул хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Манай компанийн хувьд гэрээний үүргийн зөрчил гаргаагүй бөгөөд ямар зөрчил гаргасан талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Гэрээний хугацаанд барилгын ажлын үндсэн дэд бүтцийн ажлууд болон суурийн ажлыг гүйцэтгээд байсан.

Гэрээгээр тохиролцсон хугацааны дотор захиалагч гэрээг цуцалж байгаа үед гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Мөн гэрээг цуцалснаас хойш гэрээний үйлчлэл зогсдог бөгөөд үүнээс хойш гэрээнд заасны дагуу алданги тооцох боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10,664,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Хариуцагч компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээнд заасан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нь тогтоогдсон. 2023 оны 05 дугаар сард гэрээ байгуулсан ба гэрээгээр тохирсон эцсийн хугацаа 2023 оны 4 дүгээр улирал. 05 дугаар сард гэрээ байгуулснаас хойш 2 төлөлт хийсэн. Ганцхан нэхэмжлэгч нарын хаусыг барих биш бүтэц бүхий олон хаус барих байсан. Улмаар тус барилга баригдаж байгаа газар 2023 оны 07-09 дүгээр сард суурийн ажлаас өөр ажил хийгдээгүй байсан тул нэхэмжлэгч нарын зүгээс нэмэлт хугацаа тогтоосон, ингээд 09 дүгээр сард бичгээр мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч нар 06 дугаар сард тооцоо нийлсэн акт үйлдсэн. Акт үйлдсэнтэй холбогдуулан гэрээнээс татгалзах мэдэгдлээ бичгээр өгсөн. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Хуульд зааснаар гэрээнд алдангийн заалтыг тусгасны дагуу алданги шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэгэнт үүргийн зөрчилтэй байж нэхэмжлэгч нарыг үүргээ зөрчсөн мэт тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд, хариуцагчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ө.Б , Г.О нар нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээ цуцалж, гэрээний дагуу төлсөн 52,047,000 төгрөг, алданги 5,460,000 төгрөг, нийт 57,507,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч Б ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Грийн хөүм хотхоны М байршил, 3 тоот, 52,61 м.кв талбай бүхий 3 өрөө амины орон сууцыг тус хотхоны GM байршил, 12 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт барьж гүйцэтгэн 2023 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч Ө.Б , Г.О нар нь ажлын хөлс нийт 162,047,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 1, 6-11, 30/

 

4. Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу 2023 оны 5 сарын 8-ны өдөр 23,000,000 төгрөг, 5 сарын 9-ний өдөр 7,047,000 төгрөг, 6 сарын 28-ны өдөр 11,000,000 төгрөг, 7 сарын 27-ны өдөр 11,000,000 төгрөг нийт 52,047,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, тооцоо нийлсэн акт, Хаан банк дахь нэхэмжлэгч Ө.Б ы дансны хуулгаар тус тус тогтоогджээ. /хх-ийн 15, 17-20/

 

5. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Б ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилга барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 52,047,000 төгрөгийг, алданги 5,460,000 төгрөгийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарласан.

Хариуцагч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад захиалагч тал гэрээгээ цуцалсан тул алданги шаардах эрхгүй, түүнчлэн гэрээгээр тохиролцсоны дагуу үйл ажиллагааны зардалд төлбөрийн 10 хувийг суутгана гэж татгалзжээ.

 

6. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр болох талаар зөв дүгнэжээ. Харин хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Түүнчлэн, гэрээнээс татгалзах журам болон үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзахтай холбоотой Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан бөгөөд гэрээний хугацааг буруу тодорхойлжээ. Тодруулбал, хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийг гэрээг цуцлах, мөн гэрээний дагуу алданги шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулна.

 

6.1. Талуудын байгуулсан гэрээний 4.1-т гүйцэтгэгч нь амины орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар суурийн ажлыг гүйцэтгэсэн байсан талаар зохигч хэн аль нь тайлбарласан. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч тал хариуцагч Б ХХК-ийн захиралд хандан, гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд уг амины орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэж үзэн гэрээгээ цуцалж, урьдчилгаа төлбөрөө буцаан авах хүсэлтээ илэрхийлснээр хариуцагч нь барилгын ажлыг зогсоосон байна.

 

6.2. Дээрхээс үзэхэд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөх байсан боловч энэ хугацаа болоогүй байхад нэхэмжлэгч нь өөрөө гэрээнээс татгалзсан байдлыг хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн гэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний зүйл болдог ба нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ хариуцагчийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг ноцтой зөрчсөн, гэрээг цуцлах, учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

6.3. Хуульд зааснаар гэрээнээс татгалзах эрх, үүргийн гүйцэтгэлийг зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах журам үйлчилнэ. Иргэний хуулийн 225-227 дугаар зүйл нь гэрээний нэг тал хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүсэх үр дагаварыг зохицуулсан онцгой зохицуулалт юм. Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагчийг гэрээний үүргийн зөрчил гаргасан, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал 2023 оны 9 сарын 4-ний өдөр гэрээнээс татгалзсан хүсэлтээ хариуцагч талд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн байна. /хх-ийн 14-р тал/ Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч мөн гэрээнээс татгалзсан, хоёр тал харилцан тохиролцсон гэх үндэстэй байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгазлсаны үр дагавар буюу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 52,047,000 төгрөгөө хариуцагчаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

6.4. Харин гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Иймээс нэхэмжлэгч нар гэрээний 4.3-т зааснаар алданги 5,460,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлтэй.

 

6.5. Гэрээний 6.3-т захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрийн нийт үнийн дүнгээс 10 хувийг гүйцэтгэгч талын үйл ажиллагааны зардалд суутгахаар талууд тохиролцжээ. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх гэрээний дагуу хичнээн хэмжээний ажил хийсэн, ямар хэмжээний зардал гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Иймээс захиалагчийн төлсөн төлбөрийн 10 хувийг суутгана гэх хариуцагч талын татгалзал болон гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03957 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 52,047,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б , Г.О нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2 гэж, ... хариуцагч Б ХХК-иас 446,485 төгрөгийг гаргуулж ... гэснийг хариуцагч Б ХХК-иас 418,185 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,586 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ