Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 76

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Б.Э ,

хохирогчийн өмгөөлөгч С.Намжилмаа,

шүүгдэгч Б.Эр , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эр ад холбогдох эрүүгийн 1815001630145 дугаартай, 163/2018/0168/Э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Булган аймгийн ... харуул ажилтай, Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Эр  .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Эр  нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ... өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Э тай маргалдах явцдаа түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эр  өгсөн мэдүүлэгтээ:  Хохирогчтой эвлэрч хэлэлцсэн. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э  өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгчтэй эвлэрсэн, хохиролд 6671005 төгрөгийг хүлээн авсан. Гэхдээ би насаараа хохирч үлдсэн, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

1815001630145 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

         Гэрч Д.Ц ийн өгсөн: “...2018 оны яг хэдэн сар гэдгийг нь санахгүй  байна. Б.Э  гэх хүн манай эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлж байсан санагдаж байна. Яг хэд хоног хэвтэн эмчлүүлсэн талаар санахгүй байна. ...Эхлээд надад “2 метр өндөр амбаар дээрээс унасан” гэж хэлж байснаа хэд хоногийн дараа дахин лавлаж асуутал “намайг хүн толгой дээрээс дарсан” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1 хх 37-38 тал/,

            Гэрч Ж.Б гийн өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Эр ынд өвөлжөөний дээврийн мод зүсүүлэх ажлаар эхнэрийн хамт
машинтай очсон. Тэгэхэд гэрт нь Б.Эр , Б.Э  2 байсан. Тэгээд модоо зүсүүлээд дуусах үед нь бид 2 ганц шил архи авч өгсөн. Бид 2-г тэднийд очиход Эр  эрүүл байсан ба архинаас нэг их уугаагүй. Орж гарч явсан болохоор 2-3 хундага уусан байх. Тэгээд модоо зүсүүлж дуусаад явах гэж байхад эхнэр нь авдарнаасаа шил архи гаргаж өгсөн. Тэр архийг бид нар бүгд сууж байгаад уусан. ...Эр , Э  нарыг маргалдсан талаар бол мэдэхгүй. Манай эхнэр гарч ирээд “эм дөхүүлээд өгөөч гэнээ Эр  маажуулчихсан байна” гэж л хэлсэн. Түүнээс өөр зүйл мэдэхгүй гэх мэдүүлэг /1 хх 39-40 тал/, 

           Гэрч Г.Д гийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эр ынд өвөлжөөний дээврийн мод зүсүүлэх ажлаар нөхөр Б гийн хамт машинтай очсон. Өвөлжөөгөө бариулахаар аймгаас найз Н ыг дуудсан байсан ба бид хоёрын араас тэднийд ирсэн. Модоо зүсүүлээд дуусахын өмнө бид хоёр ганц шил архи гаргасан ба тэрийгээ гэрт нь орж бид хэд уусан. Манай найз Н , Эр  хоёр мод зүсэж дуусаагүй байсан тул орж гараад нэг их уугаагүй, Эр , Э  нар эрүүл байсан, архинаас 2-3 хундага л уусан. Тэгээд модоо зүсүүлж дуусаад байхад эхнэр нь хоол хийж, 1 шил архи гаргаж ирсэн. Манай найз “машин барьж байгаа” гээд уугаагүй ба манай нөхөр, би, Э  бид 3 хувааж уугаад хоол идээд явсан. Энэ үед Эр  хувцастайгаа орон дээрээ унтаж байсан. Биднийг гарахад сэрээгүй үлдсэн. Маргааш өглөө нь найз Н тайгаа нөхөр бид 3 зүсүүлсэн банзаа авах гээд тэднийд очсон. Эр  гэрээсээ гарч ирж харчихаад буцаад гэрлүүгээ орчихсон. ...Би гэрт нь ороход Э  орон дээрээ нүүрээ бүтээчихсэн, Эр  нүүрээ маажуулчихсан байдалтай байсан ба “яачихваа та хоёр, залуу хүүхдүүд шиг” гэхэд Эр  юм дуугараагүй, Э  “бие өвдөөд хүзүү хөдөлж болохгүй байна, Бат балай дарчихсан” гэсэн ба “зодоон хийчихсэн юм уу хоёр хүүр чинь” гэхэд тэр хоёр юм дуугараагүй гэх мэдүүлэг /1 хх 41-42 тал/,

           Гэрч Б.Э ийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард би Буриадад байсан учраас яг юу болсон тухай сайн мэдэхгүй. Үүний дараахан би Булган аймагт ирсэн ба тэр үед ээж ирээд Эр  ахтай хамт бид гурав Орхон аймагт эмнэлгээр хамт явсан. Энэ жил амралтаараа ирээд Эр  ахыг хугалсан гэдгийг мэдсэн. Ээж тухайн үед Эр  ахыг хугалсан гэж хэлээгүй. Нуугаад байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 44-45 тал/,

            Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06
дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаартай:

            1. Б.Э гийн биед цээжний 3, 5 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

            4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1 хх 59-61 тал/,

            Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 258 дугаар:

            1.  Магадлуулагч Б.Э гийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрхи гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй гэмтэл байна.

            5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1хх 70-72 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 2-3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 09/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 63-64/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх 77-106/, иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон холбогдох баримтууд /хх 115-119, 125/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 120/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх 149-150, 2хх 130-131/, иргэний нэхэмжлэлийн баримтууд /хх 136-198/, хохирол төлсөн талаарх баримт /2хх 1-6/, эвлэрлийн гэрээ /2хх 124/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын тогтоол /2хх-н 122, 133 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эр  нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутагт өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Э тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа цээжний 3, 5 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

Шүүгдэгч Б.Эр ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа төдийгүй энэ гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, ...” хамаарна.

Иймд шүүгдэгч Б.Эр ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

        Шүүгдэгч Б.Эр  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч эмчилгээний зардалд 6671005 төгрөг төлж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний бодит зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Эр ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Эр  нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Эр ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эр ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эр ад сануулсугай.

 4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Эр  нь 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогч, шүүгдэгч нар иргэний нэхэмжлэл дээр эвлэрч   6671005 төгрөгийн хохирол төлөгдсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эр ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эр ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД