| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2022/00761/И |
| Дугаар | 210/МА2024/02056 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/02056
2024 11 27 210/МА2024/02056
Ч.О ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03415 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.О ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.М т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,595,254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.М тэй 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,600 ам.долларыг 3 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3,700,000 төгрөгийг хугацаагүй, хүүгүй тус тус зээлдүүлсэн.
Гэвч хариуцагч Б.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрөө төлөөгүй. Гэрээнд заасан Б.М ийн хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч уг хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагч Б.М ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03347 дугаар, 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01714 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоосон байдаг.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хуагцаа нь 2017 оны 11 сарын 20-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдсан. 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан учир Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Б.М ээс 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 1,600 ам.долларыг, 36 сарын хүүгийн төлбөр 2,880 ам.доллар, алданги 800 ам.долларын хамт нийт 5280 ам.долларын буюу 15,045,254 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөр 3,700,000 төгрөг, алданги 1,850,000 төгрөгийн хамт 5,550,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой гарсан залдал болох эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөг буюу нийт 20,735,654 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие дээрх хоёр зээлийн гэрээг хуурамч гэрээ байна гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээнд бичигдсэн миний хаяг тухайн үед буюу 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болон 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр огт байхгүй байсан хаяг байна. Өөрөөр хэлбэл 2011 онд бүртгэлгүй байсан хаяг зээлийн гэрээнүүдэд бичигдсэн байна. Мөн тухайн үед гэрээ байгуулахдаа хүү, хугацаа тохироогүй юм. Гэвч 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээнд өөр өөр өнгийн балаар хүү, хугацаа тохиролцсон мэтээр бичсэн байна. Иймээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хариуцагч нь 2012 оны 01 дүгээр сарын 07, 02 дугаар сарын 06, 04 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд нийт 1,559 ам.доллар төлсөн ба энэ нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний төлбөрийг төлсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.М ээс нийт 10,317,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,417,854 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 261,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 180,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх зээлийн гэрээгээр талууд хүү, хугацаа тохироогүй гэж дүгнэсэн атлаа алдангийг хэдий хугацаанаас эхэлж бодсон, мөн төлбөрт төлсөн 2,140,000 төгрөгийг хасаж тооцохдоо нийт алданги, үнийн дүнг бодсоны дараа хасаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлсон. Хариуцагч Б.М 2,140,000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1,600 долларын зээлэндээ төлж дуусгасан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03415 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчаас 1600 ам.долларын төлөлтийг 2,140,000 төгрөгөөр төлсөн гэдэг. Хэрэгт авагдсан гүйлгээний баримтаас харвал Б.М , Ч.О гэсэн гүйлгээний утгатай төлбөр төлөгдсөн боловч уг төлбөр нь ам.долларын зээлийн төлөлт үү, эсвэл төгрөгийн зээлийн төлөлт үү гэдэг нь харагддагүй. Анхан шатны шүүх нийт үнийн дүнгээс тооцсон нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдол байхгүй. Б.М т мөнгө зээлдүүлснээс хойш Ч.О байнга зээлийн төлөлтийг шаардаж байсан. Б.М тухай бүрт хойшлуулж байсан. Удахгүй өгнө, сарын дараа өгнө, шүүхийн шийдвэр гарсан би төлнө гэдэг байсан. Аргагүй эрхэнд 2017 онд эрэн сурвалжллах шийдвэр гарсан. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 20,735,654 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигч 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ч.О нь 1,600 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, мөн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ч.О нь 3,700,000 төгрөгийг, хариуцагч Б.М т зээлдүүлэхээр харилцан тохиролцсон ба хариуцагч нь дээрх хоёр гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар зохигч хэн аль нь тайлбарласан байна. /1-р хх-ийн 6, 7, 248-р тал/
4. Нэхэмжлэгч Ч.О нь дээрх хоёр гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 20,735,654 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрөхдөө 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээнд хүү, хугацаа тохиролцоогүй, зээлийн төлбөрийг бүрэн төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.
5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн боловч алдангийн хэмжээг буруу тооцоолсон, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зарим заалтыг баримтлаагүй зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай.
Тодруулбал, шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлсөн төлбөрийг алданги тооцсон нийт дүнгээс хасаж тооцсон буюу хариуцагч нь 2012 оны 01 сараас 12 сарын хооронд 2,140,000 төгрөгийг төлсөн байхад энэ мөнгийг хоёр гэрээний нийт үүргээс хасаж тооцоогүй нь буруу болжээ.
Мөн, хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэж хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал шаардсан байхад уг шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 219 дүгээр зүлийн 219.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг залруулна.
Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх зөрчигдөх явдлын үндсэн нэг шалтгаан нь үүргийн зөрчил бөгөөд үүргийн хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан тохиолдолд тэрээр хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй ба хохирогч болон хохирол учруулагчийн хооронд үүргийн харилцаа үүссэн, хохирол учруулагч нь үүрэг зөрчсөн зэрэг урьдчилсан нөхцлүүд хангагджээ.
5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх талуудын тайлбар, зээлийн гэрээ, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас хүү тооцон нэхэмжлэх эрхээ алдсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
5.2. Талуудын байгуулсан хоёр зээлийн гэрээний 3-т зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож эхний гэрээний хувьд 800 ам.доллар буюу 2,279,584 төгрөг, хоёр дахь гэрээний хувьд 1,850,000 төгрөг, нийт 4,129,584 төгрөгийг нэхэмжилсэн.
5.3. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 285,000 төгрөг, 02 дугаар сарын 06-ны өдөр 285,000 төгрөг, 04 дүгээр сарын 20-ны өдөр 570,000 төгрөг, 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төрөгөөр нийт 2,140,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банк дахь Ч.О ийн дансны хуулгаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 59-60/
Хариуцагч дээрх төлбөрийг ам.долларын зээлийн үүрэгт төлсөн гэж тайлбарласан боловч Ч.О -Б.М гэсэн утгаар шилжүүлсэн байгаа нь аль гэрээний үүрэгт шилжүүлсэн эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Харин зээлийн гэрээний үүрэг, алдангийг нэмж нэгтгэсэн дүнгээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж тооцсон нь буруу гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
5.4. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,600 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкнаас зарласан ханшаар буюу 2849,48 төрөгөөр тооцоход 4,559,168 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,700,000 төгрөгийг нэмж нийт 8,259,168 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2,140,000 төгрөгийг хасахад нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу нийт 6,119,168 төгрөг төлөх үүрэгтэй байна. Үүнээс хууль болон гэрээнд заасны дагуу 50 хувийн алданги тооцоход 3,059,584 төгрөг болж болно. Иймээс хариуцагч Б.М ээс зээлийн гэрээний үүрэгт 9,178,752 /6,119,168+3,059,584/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О т олгох нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хоёр удаа эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ба ингэхдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Гэвч нэхэмжлэгч нь 70,200 төгрөгийн баримтыг хавтас хэрэгт гаргасан байх тул уг баримтад үндэслэн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв ба энэ хэсэгт дээр дурьдсанаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тогтоосон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцаан төлөх үүргийг хүлээнэ. Зээлдэгч буюу нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хаягийг олж тогтоосон болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээрийн хэлтсийн тодорхойлолтоор тогтоогджээ. Иймээс нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй. /1-р хх-ийн 13/
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03415 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М ээс 9,248,952 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О т олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,486,702 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтад ... 180,035 ... гэснийг 162,933 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ